| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2020/0063/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/67 |
| Огноо | 2020-08-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 2020/ШЦТ/67
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,
улсын яллагч Ш.Батсүх,
шүүгдэгч Ш.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч И-т овогт Ш-н Н-т холбогдох эрүүгийн 2017001070070 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 29-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын дасгалжуулагч мэргэжилтэй, Биеийн тамир спортын газар дасгалжуулагч ажилтай, ам бүл 1, Г аймгийн С сумын дугаар баг, Л тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 60 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор /1986 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 80 000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан гэх И овогт Ш-н Н /РД: ЕЙ/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ш.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Мухар гэх газар иргэн Ж.М-тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар өшиглөж хамрын ясны хугарал, баруун зүүн зовхинд цус хуралт, зүүн доод зовхинд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Ш.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Мухар гэх газар хохирогч Ж.М-тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар өшиглөж хамрын ясны хугарал, баруун зүүн зовхинд цус хуралт, зүүн доод зовхинд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч Ш.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
1.2. Шүүгдэгч Ш.Н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
Би Ж.Мын биед хөнгөн хохирол учруулсан хэрэгт шалгагдаж байна. 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр би хөдөө адуун дээр очсон юм. Манай адуу Сүмбэр сумын 5 дугаар баг, Мухар гэх газар нутаглаж байгаа О гэх айлд байдаг юм. Би Оын гэрт өглөө 09 цагийн үед өөрийнхөө эзэмшлийн Приус маркийн машинтай очсон. Оын саахалт айлын хүн болох М Оын гэрээр ирж очоод яваад байсан. О Мтай танилц гэсэн. Тухайн үед М битүү баг өмссөн байсан. Би Мт хандаад чи багаа авчих би чамайг хэнийг мэдэхгүй яаж танилцах юм бэ гэсэн чинь М би багаа авдаггүй хүнтэй танилцдаг гээд байсан. Тухайн үед танилцаагүй. Би өдөр нь муудсан адуундаа дусал хийж сэргээх гэж байхад М хажууд ирчихээд адууг ийм болгох гэж дээ гээд байсан. Тухайн үед би юм хэлээгүй. М хажуунаас янз бүрээр үгээр идээд байсан. Би авч очсон 2 шил архиа гаргаад О, М 2-той хувааж уугаад Мтай танилцсан. Тэгээд адуу малтай ноцолдож байгаад орой Оын гэрт орцгоосон. Тэгээд юм ярьж байхад М намайг үгээр идээд байсан. Тэгээд орой болоод Оын гэрт унтахаар ороо засаж байтал М миний ор засах газар суучихаад босохгүй байхаар нь би бос гэж хэлсэн. Би босохгүй, явахгүй, би хэнд ч дийлдэхгүй, хэнээс ч айхгүй гээд байхаар нь би очоод татаад босгох гэтэл намайг заамдаад барьж аваад тавихгүй байхаар заамдсан гарыг нь тавиулах гээд нүүр хавьд нь 2 удаа гараараа цохисон. Мын хамраас цус гараад өөдөөс цусаа үсчүүлээд дайрч байгаад Оын гэрээс гараад явсан. Ийм л асуудал болсон. Би маргааш нь очоод уучлалт гуйгаад эмнэлэг орж үзүүлье гэж хэлсэн. М Улаанбаатар хот руу яваад эмнэлэгт үзүүлчихээд ирье гээд явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/
1.3. Хохирогч Ж.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас отор хийгээд малтайгаа хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар баг, Мухар гэх газарт нутаглаж байгаа юм. Огийнх гэдэг айлыг бараадаад буусан юм. Өчигдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 17-18 цагийн үед Огын гадаа адууг нь хураалцаад байж байтал Чойрын төвөөс цагаан өнгийн Приус-20 маркийн машинтай өөрийгөө Б гэх залуу ирсэн. Тэр залуу архи уусан байдалтай халамцуу байсан. Машинаа өөрөө бариад машиндаа ганцаараа ирсэн. Тэгээд хурааж байсан адуун дээр ирсэн. Би тухайн үед нимгэн даавуун баг өмссөн байсан. Тэгтэл Б надад хандаад пиздаа чинь маскаа авчихгүй хэн бэ гэсэн. Тэгэхээр нь би маскаа авсан. Тэгээд гадаа морь малаа барьчихаад Огийн гэрт орсон. Б надад хандаад чи хаанахых вэ гэхээр нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумынх гэж хэлсэн. Б намайг хэзээ буцах вэ гэхээр нь нутагт бороо орвол буцна даа гэсэн. Тэгтэл Б та нар энэдээ шингэчихдэг биз дээ гэж орилж босож ирээд зүүн талын нүд орчим руу 1 удаа өшиглөсөн. Мөн шүд хавьд нэг удаа өшиглөсөн. Би нүүрээ дараад доошоо суусан чин зүүн хавирга орчимд 1 удаа өшиглөсөн. Б буцаад суунгуут нь Огийн гэрээс гарсан. Тэгтэл манай эхнэр өөдөөс хүрээд ирсэн. Миний зүүн талын нүдний зовхи язарсан цус гарч байсан. Манай эхнэр Чойр луу дүү рүү ярьсан. Дүү Отгонсүрэн цагдаа дуудсан байсан.
...Зүүн хавирга орчимд хөндүүртэй хатгаж өвдөж байна. Өчигдөр Чойрын эмнэлэгт үзүүлэхэд 2 хавирга хугарсан байна гэж хэлсэн. Мөн зүүн талын нүдний доод зовхи язарсан. Тэрэнд нь эмч 2-3 оёдол тавьсан. Хэдэн оёдол тавьсныг мэдэхгүй байна. Мөн хамрын яс хугарсан байна гэсэн. Мөн зүүн талын шанаа хавдсан байна. Мөн баруун талын дээд шүд, араа хөндүүртэй юм зууж идэж болохгүй байна. Хэдэн оёдол тавьсныг мэдэхгүй байна. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлнэ. Урд нь надад ямар нэгэн гэмтэл байгаагүй.
...Зүгээр байж байгаад зодуулсанд гомдолтой байна. Би эмчилгээнд гарсан зардлаа нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/
...Нтай сайн дураараа эвлэрсэн. Хохирлын тал дээр маргаангүй болсон. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.....гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/
1.4. Гэрч Б.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 21 цагийн үед санагдаж байна. Тухайн өдөр хонь малаа хотлуулчихаад манай гэрээс урагш байдаг О гэх айлаас нөхөр Ж.Мыг авахаар машинаас асаагаад явж байтал манай нөхөр Ж.Мын нүүр нь нил цус болсон өөдөөс ирж байсан. Би яасан талаар асуухад Огийнд байсанд хүнд зодуулчихаад ирлээ гэсэн. Манай нөхөр Ж.М хэлэхдээ дээд талын шүднүүд хөдөлсөн, хамар гэмтсэн, цээжний зүүн талаар хөндүүртэй байна гэж хэлсэн. Мөн зүүн нүднийх нь доод талын зовхи нь язарсан байсан. Тэгээд Чойр луу Мын дүү О рүү ярьж хэлсэн. О цагдаад мэдэгдсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/
1.5. Гэрч О.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр манай тэнд отор хийж явсан М манай гэрт ирсэн. М бид хоёр 2 шил 0.5 литрийн архи хувааж уусан. М манай гэрт адуу мал барилцаад байж байтал манайд Н ирсэн. Н өөрийнхөө жижиг машинтайгаа ирсэн. М бид хоёр машинд нь орсон. М толгойдоо баг угалсан байсан юм. Би Нт Эрдэнэдалай сумаас отор хийж яваа хүн байгаа юм танилц гэж хэлсэн. Н би багтай хүнтэй яаж танилцах юм бэ багаа авчихаж болдоггүй юм уу гэсэн. М би багаа авдаггүй гэж хэлсэн. Тэгээд гадуур мал хөөцөлдөж явж байгаад орой гэрт ирээд 1 шил 0.75 литрийн архийг М, Н бид гурав хувааж уусан. М манай гэрийн баруун хойно суучихсан байсан. М нилээн халсан байдалтай би хэнээс ч айдаггүй, би том биетэй хүнээс ч айхгүй гээд байсан. Н Мыг харьж унт гэж хэлсэн тоохгүй суугаад байсан. Тэгтэл Н Мыг нэг удаа нүүр хавьд нь цохиод авсан. Би өөрөө согтуу байсан болохоор хэд цохисон гэдгийг сайн мэдэхгүй байна. М гэрээс гараад яваад өгсөн. М маргааш Улаанбаатар хот руу эмнэлэгт үзүүлнэ гээд яваад өгсөн байсан. Дараа нь Мтай таарахад зүүн талынх нь нүдний доод зовхи хэсэгт нь сорив байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/
1.6. Гэрч Д.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Тухайн өдөр амралтын өдөр байсан. 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 02 цагт ирж үзүүлсэн байна. Ж.М яаралтай тусламжийн хуудсанд бичүүлэхдээ хүнд зодуулсан гэж хэлсэн байна. Өөрийн хэлснээр толгой өвдөнө, цээжээр хөндүүрлэнэ, мөн зүүн нүдний доод зовхинд язарсан шарх байсан байна. 20 цагийн үед хөдөө хүнд зодуулсан гэж байна. Ж.Мын биед үзлэг хийхэд толгой өвдөнө, хамар хөндүүртэй, хамрын таславч хэсэгт хавантай эмзэглэлтэй, зүүн хацар хэсэгт язарч урагдсан шархтай байсан байна. Миний урьдчилсан оношоор хамрын таславчийн хугарал, зүүн хацар хэсэгт язарсан шарх, зүүн талын 7, 8 дугаар хавирганы хугарал гэсэн урьдчилсан онош тавьсан байна. Зүүн хацрын шарханд цэгцэлт хийгээд оёдол тавьсан... гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/
1.7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 6563 дугаартай дүгнэлтэд:
- Ж.Мын биед хамар ясны хугарал, баруун, зүүн зовхинд цус хуралт, зүүн доод зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
- Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч О.Болороо гэжээ. /хх-ийн 18-20 дугаар хуудас/ зэрэг болно.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ш.Нын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Ш.Н нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч Ш.Н, хохирогч Ж.М нар нь архи согтууруулах ундааны зүйлийг зохистой хэрэглээгүйгээс үүдэн гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ш.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Ш.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Ш.Нын хувьд их дөлгөөн тайван зантай. Хүнтэй нийтэч, зөв боловсон харьцдаг. Ш.Нын хувьд аймгийн арслан цолтой бөх учраас гүндүүгүй хээгүй зантай хүн байдаг. Миний хувьд муу хэлээд байхаар зүйл байхгүй. Ер нь Говьсүмбэр аймгийн ард түмэнд хүндлэгдсэн хүн байдаг. Хүн ялгахгүй харьцдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/
2.2. Гэрч Н.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Ш.Нын хувьд гүндүүгүй, хээгүй зантай. Хэнтэй ч хамаагүй ярьж хөөрч байдаг. Нийтэч зантай. Их тайван соёлтой харьцаатай. Хараалын үг хэлээд байдаггүй. Инээсэн л залуу явж байдаг. Хаа таарсан газартаа мэнд устай явдаг. Ер нь муу хэлэхээр зан ааш байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/
2.3. Шүүгдэгч Ш.Н-ын гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 34 дүгээр хуудас/
2.4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/,
2.5. Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 60 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 47-59 дүгээр хуудас/,
2.6. Хохирогч Ж.М-ын Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хх-ийн 51 дүгээр хуудас/
2.7. 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хохирол төлсөн Хаан банкны орлогын баримт /хх-ийн 52 дугаар хуудас/
2.8. Шүүгдэгч Ш.Н-ын Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 57 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ш.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч Ш.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Ш.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.Н нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Ш-н Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ш.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ш.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ш.Н нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ