Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/68

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга  П.Энхбат,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Э-н Т холбогдох эрүүгийн 2017001300073 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 10-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Г аймгийн С сумын2 дугаар баг, Ө-н ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сум дундын 6 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоож байсан гэх Б овогт Э-н Т /РД:ЕЙ/,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Э.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 15-ны шөнө Сүмбэр сумын 2 дугаар баг, Өлзийтийн 402-02 тоот гэртээ хамтран амьдрагч Ж.Б-гийн үснээс нь зулгаах, нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч Э.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 15-ны шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Өлзийтийн 402-02 тоот гэртээ хамтран амьдрагч буюу хохирогч Ж.Б-гийн үснээс нь зулгаах, нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас мэдүүлэг өгөхгүй гэв.

 

1.2. Шүүгдэгч Э.Т мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би эхнэр Б-гийн биед хөнгөн гэмтэл учруулсан асуудлаар Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр би гэртээ эхнэр Бгийн хамт байж байтал оройн 18 цагийн орчим манай эхнэрийн ажлын хүмүүс “танай гэрт очиж ямаа шарж идээд жаахан сууцгааж байгаад явъя” гэж ярьсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд “тэг тэг хүрээд ир” гэж хэлсэн. Манай гэр Сүмбэр сумын 2 дугаар баг Өлзийтийн 402-2 тоотод байдаг юм. Манай гэрт эхнэртэй хамт ажилладаг менежер Н болон түүний нөхөр Ч, ачигч Э, Д /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ А, мөн шинээр орсон нэрийг нь сайн мэдэхгүй ачигч гэх залуу зэрэг нийт 6 хүн ирсэн. Эд нар ирэхдээ 2.5 литрийн савлагаатай Сэрүүн гэдэг нэртэй 2 ширхэг пиво болон нэг ямааны туламласан махтай ирсэн. Тэгээд ямааны туламаар нь боодог хийх хоорондоо авчирсан 2 ширхэг пивийг нь тэнд байсан хүмүүс бүгд хувааж уусан. Авчирсан 2 пиво нь дуусахад манай эхнэр Б гадагшаа гарч 2.5 литрийн савлагаатай Сэрүүн гэдэг нэртэй 2 ширхэг пиво 0.75 литрийн Эдэн нэртэй 1 шил архи авч ирсэн. Энэ архи пивийг тэнд байсан хүмүүс бүгд хувааж ууцгаасан. Тэр архи пиво ууцгааж байх үед манай эхнэр менежер Н-тай нийлээд шинээр ажилд орсон ачигч залуугийн эхнэрийг муулаад яриад байсан. Тухайн ачигч гэх залуу бидэнтэй хамт байсан нэрийг нь мэдэхгүй байна. Би тухайн үед дотроо хүний амьдрал ямар хамаа байна гэж бодож байсан юм. Тэгээд архи пиво дуусаад манай гэрт байсан хүмүүс тарцгаасан. Н нөхөртэйгээ хамт манай гэрт хонохоор болоод Хонхороос 3 хүүхдээ авч ирээд унтахаар болоод шөнийн 2 цагийн орчим орондоо орцгоосон. Тухайн үед би нилээн согтсон байсан. Тэгээд би эхнэртэйгээ хамт ороод орондоо ороод хэвтэж байхдаа эхнэртэй хандан хүний амьдрал чи бид хоёрт ямар хамаатай юм бэ, тэр хүмүүс л хоорондоо болж байвал бид хоёрт хамаагүй гэж хэлснээс болж эхнэр бид хоёрын хооронд маргаан болсон. Би тухайн үед архи уусан байсан болохоор уур хүрээд эхнэрийнхээ үснээс зулгааж байгаад толгой хэсэг рүү нь 2 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл Н дундуур орж ирээд салгасан. Тэрнээс өөр зүйл болоогүй. Удаагүй байж байтал цагдаа нар хүрч ирээд намайг авч явж эрүүлжүүлсэн. Маргааш нь эхнэртэйгээ уулзахад баруун нүд нь хавдаад хөхөрсөн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/

 

1.3. Хохирогч Ж.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр нөхөр Т-гийн хамт гэртээ байж байтал орой 18 цагийн үед манай ажлын менежер Н-гийн нөхөр Ч миний утас руу залгаж тухайн үед би толгойгоо угааж байсан болохоор манай нөхөр Т миний гар утсыг аваад Чтай ярьсан. Манай нөхөр Т утсаар ярьж дуусаад надад хэлэхдээ танай ажлын хүмүүс Хаялага явах гэтэл оройтчихлоо, танай гэрт очиж жаахан сууцгааж байгаад явъя гэж ярьж байна. Би тэг гээд хэлчихлээ гэж байсан. Тэгээд манай гэр Сүмбэр сумын 2 дугаар баг, Өлзийтийн 402-02 тоотод манай ажлын хамт олон болон менежер Н, түүний нөхөр Ч, ачигч Ц, Э, шинээр орсон нэрийг нь сайн мэдэхгүй 2 ачигч залуу нар ирсэн. Тэд нар ирээд 2.5 литрийн лавлагаатай Сэрүүн нэртэй 2 ширхэг шар айраг авчирсан байсныг бид нар бүгдээрээ хувааж ууцгаасан. Мөн нэг ямааны тулам авчирсан. Тэрийг боож идсэн. Манайд хүмүүс ирсэн байсан болохоор бид гадагшаа гарч 2.5 литрийн лавлагаатай Сэрүүн гэдэг нэртэй 2 ширхэг шар айраг 0.75 литрийн савлагаатай Эдэн нэртэй 1 ширхэг архи авч ирээд ууцгаасан. Тэр архи, шар айргаа ууцгааж байх үедээ манай менежер Н шинээр орсон ачигч залуутай маргалдаад байсан. Яг юуны тухай маргалдаад байсныг мэдэхгүй байна. Тэр үед нь манай нөхөр дуугуй суугаад байсан. Тэгээд архи шар айргаа уугаад манай гэрт байсан хүмүүс тарж яваад манай менежер Н нөхөртэйгээ хамт манай гэрт хонохоор болоод Хонхороос 3 хүүхдээ авч ирээд унтахаар болоод хэвтэцгээсэн. Тэгээд гэрлээ унтраагаад би нөхөртэйгээ хамт орондоо ортол манай нөхөр Т энэ хүмүүсийн хэрүүл чамд хамаатай юу гэж хэлээд миний зүүн талын гуя хэсэгт хөлөөрөө 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд би гэрлээ асаагаарай гэж хэлэхэд манай менежер гэрэл асаагаад манай нөхөр Тд хандан эгчийн дүү унтаарай яасан бэ гэж хэлтэл манай нөхөр толгой дээгүүрээ хөнжилөө нөмрөөд хэвтчихсэн. Тэгээд дахиад гэрлээ унтраагаад хэвтэж байтал манай нөхөр Т босч ирээд намайг гичий янхан гэх мэтээр доромжлоод миний үснээс зулгааж байгаад миний нүүр хэсэг рүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Тэр үед Н гэрэл асаагаад босч ирээд салгах гэтэл Т миний үснээс зулгаасан чигээрээ нүүр миний толгой нүүр хэсэг рүү дахин хэд хэдэн удаа өшиглөсөн. Бид хоёрыг Н салгахаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн асуудал болоход 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн шөнийн 02 цагийн үед болсон. Нгийн нөхөр тасраад унтсан байсан. Энэ асуудал болох үед Нгийн нөхөр сэрээгүй.

...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

 

1.4. Гэрч Э.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хамт ажилладаг Б-гийн гэрт манай ажлын хүмүүс болох Ц, Э, А бид нар ямаа боож идэхээр очсон юм. Бгийн гэрт нь нөхөр Т, мөн 1 хүүхдийг нь хардаг гээд нэг эмээ байсан. Бид нар Бгийн гэрт очоод 2.5 литрийн савлагаатай Сэрүүн гэдэг нэртэй 2 ширхэг пиво болон 1 ямааны махтай очсон. Тэгээд ямааны туламаар боодог хийхдээ авчирсан 2 ширхэг пивийн тэнд байсан хүмүүс бүгд хувааж уусан. Авчирсан 2 пиво дуусахад Б 2.5 литрийн савлагаатай Сэрүүн гэдэг нэртэй 2 ширхэг пиво, 0.75 литрийн савлагаатай 1 ширхэг архи аваад ирсэн. Нэг шил архи, пивийг тэнд байсан хүмүүс бүгд хувааж ууцгаасан. Тэгээд архи, шар айраг дуусаад тэнд байсан хүмүүс тарцгаасан. Манай нөхөр Ч унтаад өгөхөөр нь би Тгийн гэрт хонохоор болоод гэр лүү яваад хүүхдүүдээ авчирсан. Тэгээд унтахаар нь орондоо орцгоогоод гэрлээ унтраагаад хэвтэх гэтэл Б надад хандаад Н эгч гэрлээ асаа энэ намайг зодоод байна гэж хэлсэн. Би гэрийнх нь гэрлийг асаагаад Тд хандаад яагаад байгаа юм бэ чи гэсэн чинь Т толгойн дээгүүрээ хөнжлөө нөмрөөд хэвээд өгсөн. Тэгээд гэрлээ унтраагаад буцаад унтах гээд хэвтэж байтал Б дахиад Н эгчээ гэрлээ асаагаарай, энэ намайг зодоод байна гэсэн.  Би гэрэл асаахад Т Бгийн үснээс гараараа үстсэн байж байсан. Би очоод салгасан. Тэгээд Б цагдаа дуудсан. Цагдаа ирээд Тг аваад явсан. Т эхнэрээ юунаас болж яагаад зодоод байсан талаар мэдэхгүй байна. Бид нарыг байх хугацаанд Т эхнэртэйгээ маргалдаж муудалцсан зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/

 

1.5. Гэрч Г.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Тгийн гэрт хүүхдийг нь хардаг юм. 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Тгийн эхнэр Бгийн ажлын хүмүүс Тгийн гэрт ирээд ууж идээд байцгааж байгаад зарим нэг нь яваад өгсөн. Бгийн ажлын газрын эхнэр нөхөр 2 үлдээд Бгийн гэрт унтсан. Шөнө унтаж байтал Б намайг зодоод байна, цагдаа дууд гэж хашгирсан. Би сэрээд харахад Бгийн баруун нүд хөхөрсөн байсан. Б ярихдаа нөхөр Тгээ өшиглөж зодсон гэж байсан. Тэгээд удаагүй цагдаа ирээд Тг аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

 

1.6. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 206 дугаартай дүгнэлтэд:

- Ж.Б-гийн биед баруун нүдний зовхинд, баруун хацарт, баруун бугалганд, зүүн мөрөнд, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 26 дугаар хуудас/

 

1.7. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Э.Т-гийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Э.Т нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч Э.Т архи согтууруулах ундааны зүйлийг зохистой хэрэглээгүйгээс үүдэн гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Э.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Э.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Э.Т-гийн хувьд төлөв даруу зантай, үг дуу цөөтэй, ажилдаа сайн, ажлын хамт олон болон найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай. Өөрийн хариуцсан ажлыг сайн хийдэг, багаар хамтран ажиллах чадвартай, ер нь элдэв янзын ааш зан байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/
 

2.2. Гэрч О.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Э.Т-гийн хувьд төлөв даруу зантай, үг дуу цөөтэй, элдэв янзын ааш зан байхгүй. Өөрийн хариуцсан ажлаа сайн хийдэг. Хамт олныхоо дунд нэр хүнд сайтай. Ер нь амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй залуу байдаг /хх-ийн 23 дугаар хуудас/

 

2.3. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/,

 

2.4. Сум дундын шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 54-56 дүгээр хуудас/,

 

2.5. Хохирогч Ж.Бгийн Говьсүмбэр аймгийн Прокурорын газар  гаргасан хүсэлт /хх-ийн 51 дүгээр хуудас/

 

2.6. Шүүгдэгч Э.Тгийн Говьсүмбэр аймгийн Прокурорын газар  гаргасан хүсэлт /хх-ийн 51 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Э.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Иймд шүүгдэгч Э.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч Э.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

         

          Шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.

         

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Э-н Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-д оногдуулсан 500 / таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Э.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ЭНХМАНДАХ