| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07459/И |
| Дугаар | 102/ШШ2017/00025 |
| Огноо | 2016-12-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2017/00025
2016 оны 12 сарын 23 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00025 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15-р хороо, үйлдвэр, үйлдвэр-хд гудамж 69а байр 66 тоотод оршин суух, регистр ЙС78091213, Монгол овогт Раднаасэдийн Хурхарцагын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 7-р хороо, 105-р байр, 95 тоотод оршин суух, регистр ИЭ59070219, Авга овогт Батын Туваанжавд холбогдох 3 864 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Туваанжав нь уг мөнгийг өгнө гэдэг боловч өгөлгүй өдийг хүрсэн. Шүүхэд нэхэмжлэл өгсөнөөр хойш дуудсан боловч ирэлгүй байсаар албадах захирамжаар ирүүлсэн. Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг төлнө гэсэн хугацааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэв.
Хариуцагч Б.Туваанжав нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Р.Хурхарцагын нэхэмжлэлтэй танилцлаа. Миний Б.Туваанжав нь Р.Хурхарцагаас 2 300 000 төгрөгийг авсан нь үнэн болно. Эхний авсан 2 300 000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 15-нд өгнө. Үлдсэн 1 564 000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны дотор өгч дуусгавар болгоно. Гаднаас барилгын гүйцэтгэлийн мөнгө орж ирэх юм гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Хурхарцага нь Б.Туваанжавт холбогдуулан 3 864 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх шатанд хариуцагч Б.Туваанжав нь нэхэмжлэлийн шаардлага 3 864 000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 15-нд 2 300 000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1 564 000 төгрөгийг тус тус төлж
барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Р.Хурхарцагын нэхэмжлэлийн шаардлага 3 864 000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 2 300 000 төгрөг, 1 564 000 төгрөгийг 2017 оны 3-р сарын 20-ны өдрийн дотор тус тус төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч Б.Туваанжавын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 774 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.Туваанжаваас 38 387 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА