Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/69

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Ш.Батсүх,

гэрч Б.Ц, М.Н, Я.А,

шүүгдэгч, хохирогч Э.Д, түүний өмгөөлөгч Б.Батчимэг,

шүүгдэгч, хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Э.Сайханаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Э-н Д, Б-н овогт Б-ны Б нарт холбогдох эрүүгийн 1917001410081 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 24-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Политехникийн коллежид оюутан, ам бүл 5, ээж, дүү нарын хамт Г аймгийн С сумын  дугаар баг,  дүгээр байрны  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Х овогт Э-н Д /РД: /

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 26-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монгол Улсын их сургуулийн оюутан, ам бүл 6, аав, ээж, ах дүү нарын хамт Г аймгийн С сумын -р баг,  дүгээр байрны  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Б-ны Б /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Э.Д нь 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Сет баарны гадаа иргэн Б.Б-тай маргалдан түүний нүүр, толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч Б.Б нь 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Сет баарны гадаа иргэн Э.Д-тэй маргалдан түүнийг үстэх, хашлага мөргүүлэх зэргээр цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Э.Д нь 2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Сет баарны гадаа хохирогч Б.Б-тай маргалдан түүний нүүр, толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Сет баарны гадаа хохирогч Э.Д-тэй маргалдан түүнийг үстэх, хашлага мөргүүлэх зэргээр цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө энэ үйл явдал болсон. Би 08 дугаар сарын 12-ний өглөө гэр бүлээрээ хот явах байсан. Бааранд ажилладаг Я.А гэх охинд утас зарсан мөнгөө аваагүй байсан. Ажил дээр нь очиж авъя гэж бодоод бааранд ороод Я.А-той уулзах гэхэд ганц, хоёр ая тавиад гаръя гэсэн. Би суугаад тэр хавийг ажиглаж байсан. Тэр үед Б согтуу ширээн дээрээс юм уугаад явж байсан. Я.А боллоо гээд цуг гарахад араас Р гарч ирсэн. Тэгээд бид гурав юм яриад зогсож байхад Б найзтайгаа гарч ирээд хоорондоо маргалдаад байсан. Б над руу муухай харж байснаа ууж байсан пивоо шидэж хувцасыг минь муухай болгосон. Тэгэхээр нь яаж байгаан бэ цэвэрлэ гэхэд над руу уурлаад байсан. Би юм хэлээгүй байхад Б намайг элдэв янзаар доромжилж эцэг эх рүү чинь ярих уу гээд байхаар нь би Бг хөгшин хүн байна гэж бодсон. Тэгээд орох гэхэд Б намайг хөөе гичий минь хүн давхраа оёулахаараа ийм их зантай болчихдог юм уу гээд орилоод байсан. Чи надтай үзэх үү барах уу гээд орилоод байсан. Н гэх цагдааг авчраад уулз гээд түлхээд байсан. Хажуугаар нь гарах гэхэд гаргахгүй шахаад байсан. Б-аас зайгаа барих гээд түлхээд хажуугаар нь гарахад Б миний араас найз болох Нтэй цуг үснээс зулгаагаад багана мөргүүлээд хашлага дээр унагаасан. Би тавиач гэж зөндөө хэлсэн боловч согтолтын хэмжээ нь их байсан учраас миний ярьж байгааг ойлгохгүй над руу аймар дайраад байсан. Миний нүүрийг аймар ураад байсан болохоор би газар тайвшруулах гээд дарж хэвтүүлээд байж байхад Р баар луу ороё гээд тэгээд баар орсон гэв.

 

1.2. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Дахиж мэдүүлэг өгөхгүй гэв.

 

1.3. Хохирогч Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө энэ үйл явдал болсон. Би 2019 оны 08 дугаар сарын 12-ний өглөө гэр бүлээрээ хот явах байсан. Бааранд ажилладаг Я.А гэх охинд утас зарсан мөнгөө аваагүй байсан. Утасны мөнгөө ажил дээр нь очиж авъя гэж бодоод 12 цагийн үед ажил дээр нь очсон. Бааранд ороод Я.Атой уулзах гэхэд ганц, хоёр ая тавиад гаръя гэсэн. Би суугаад тэр хавийг ажиглаж байсан. Тэр үед  Б согтуу ширээн дээрээс юм уугаад явж байсан. Я.А боллоо гээд цуг гарахад араас Р гарч ирсэн. Тэгээд бид гурав юм яриад зогсож байхад Бы найз нь гарч ирээд Б араас нь гарч ирсэн. Б над руу муухай харж байснаа ууж байсан пиво шидэж хувцасыг минь муухай болгосон. Тэгэхээр нь яаж байгаан бэ цэвэрлэ гэхэд над руу уурлаад байсан. Би юм хэлээгүй байхад Б намайг элдэв янзаар доромжилж эцэг эх рүү чинь ярих уу гээд байхаар нь би Бг хөгшин хүн байна гэж бодсон. Тэгээд орох гэхэд Б намайг хөөе гичий минь хүн давхраа оёулахаараа ийм их зантай болчихдог юм уу гээд орилоод байсан. Би өөрөө эрүүл байсан болохоор аль болох зай барихыг хичээж байсан. Б чи надтай үзэх үү барах уу гээд орилоод байсан. Н гэх цагдааг авчраад уулз гээд түлхээд байсан. Хажуугаар нь гарах гэхэд гаргахгүй шахаад байсан. Баас зайгаа барих гээд түлхээд хажуугаар нь гарахад Б миний араас найз болох Нтэй цуг үснээс зулгаагаад багана мөргүүлээд хашлага дээр унагаасан. Би тавиач гэж зөндөө хэлсэн боловч согтолтын хэмжээ нь их байсан учраас миний яриж байгааг ойлгохгүй над руу аймар дайраад байсан. Бы найзыг нь манай найз А аваад цаашаа явсан. Миний нүүрийг аймар ураад байсан болохоор би газар тайвшруулах гээд дарж хэвтүүлээд байж байхад Р баар луу ороё гээд тэгээд баар орсон. Бааранд орсон байхад Б наад гичийгээ гаргаад ир гээд хашгираад байсан. Би гэртээ харих гэхэд Р чи ганцаараа явах юм бол наад 2 чинь дахиад чамтай муудалцана гээд байсан. Би ар талынх нь цонхоор хойд талынх нь хашаанд нь гараад Ргийн ажил тарахыг хүлээж байгаад тарахаар нь цуг явсан. Р намайг гэрт оруулж өгөөд явсан гэв.

 

1.4. Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2019 оны 08 дугаар сарын 11-нд бид нар ажлаараа Хаялага дээр байж байгаад орой нь Сэт бааранд орж бүжиглэсэн. 12 цаг өнгөрч байхад Н баарнаас түрүүлж гараад намайг гадаа хүлээж байсан. Намайг гарахад Д, А, Р 3 байсан. Би Сэт бааранд бүжиглэж байгаад гарахдаа тэкнээс нь 1 шилтэй пиво авч гарсан. Нтэй юм яриж байгаад хашлаганд нь цохиод хагалчихсан. Д намайг цэвэрлэ гэхээр нь чадахгүй гэж хэлсэн. Дахиад цэвэрлэ гэхээр нь би хүн давхраа оёулахаараа ийм болчихдог юм уу гэж хэлэхэд Д намайг ирээд 2 удаа мангасдсан. Эргээд харахад Н гээд цагдаа байхаар нь Н ахаа энэ намайг зодно гэнээ гэж хэлэхэд Н ах харчихаад яваад өгсөн. Нтэй хамт явах гэхэд Дөө миний үснээс татаад цемент дээр ар дагзаар унагаасан. Тэгээд миний дээр гараад зодсон. Цемент дээр хэвтэж байхад Н намайг явъя гээд бид 2 таксинд суугаад явсан. Эхлээд би гэртээ буугаад Н гэр лүүгээ явсан гэв.

 

1.5. Хохирогч Э.Д, Б.Б нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг:

Хохирогч Б.Б: Д эхэлж намайг үстсэн. Би баарнаас барьж гарч ирсэн пивоо шидсэн чинь төмөрт оногдоод шил хагарсан. Д ө надад хандаад цэвэрлэ гэж хэлсэн. Юуг цэвэрлэ гэж хэлж байгаа нь тодорхой бус байсан. Би өөдөөс нь чадахгүй гэж хэлсэн. Дө надад хандаад цэвэрлэ гэж байна чамайг гээд дахиад хэлсэн. Би Дий өөдөөс харж байгаад хүн давхраа оёулахаараа ийм болчихдог юм уу Дөө гэж хэлсэн. Д миний өөдөөс  дайраад байсан. Найз Р нь тэврээд зогссон. Д над руу ирээд нүүр лүү мангасдаад түлхэхээр нь би эргээд харсан чинь Н ах байхаар нь Н ахад хандаад энэ намайг зодно гэнээ гэж хэлсэн. Н ах ирээд харчихаад яваад өгсөн. Дөө намайг мангасдахаар нь би баар луу орох гээд эргээд алхаж байтал Дөө миний ар хэсгээс үстээд газар цементэн дээр унагаасан. Дөө миний нүүр лүү нүд рүү цохиод байсан. Миний толгой дүүрээд байсан. Н найзыгаа очиж аваач гэсэн чинь А наад хоёрыгоо битгий хорь улам асаад байна гээд байсан. Н ирээд Дөөг татаад дийлэхгүй болохоор нь үстэж татаад салгасан гэсэн. Р Дөөг салгаж аваад явсан. Н чи яагаад найз зодоод давраад байгаа юм бэ гэсэн чинь Дөө өөдөөс нь салаавч өгөөд та нарыг мэдэх ч гүй юм байна гэж хэлсэн гэсэн. Миний биед баруун гарын тохойн хэсэгт маажсан. Нуруун дээр зугаралт гэхээр зүйл үүссэн байсан. Зүүн нүд хөхөрч хавдсан байсан. Зүүн хөлний шилбэний ар талд хөхөрсөн байсан. Тархи хөдөлсөн байсан.

Хохирогч Э.Д: Б гар маажсан гэж хэлж байна. Би гелин хумстай учраас хүнийг маажих боломж байхгүй. Б намайг эхэлж үстсэн. Б согтуу байсан учраас андуурч яриад байна. Быг би түлхчихээд хажуугаар нь гарах гэтэл пизда минь гээд миний араас ирээд үстсэн. Ныг явсан гэж яриад байна. Б бид хоёрыг зууралдаж байхад Н хараад зогсож байсан. Би Быг цохиж зодоогүй. Санаатай биед нь ямар нэгэн гэмтэл учруулаагүй биеэ хамгаалсан.

Хохирогч Б.Б: Н бид хоёр Дөөг нийлж үстээгүй. Дөө намайг зодож байхад Н ирж Дий үснээс татаж салгасан гэсэн. Н салгаагүй бол би энэнээс илүү гэмтэл авахыг үгүйсгэхгүй шүү дээ.

Хохирогч Э.Д: Н намайг үстэж салгасан гэдэг нь худлаа. Анхнаасаа Н энэ хоёр нийлж үстсэн. Н нь Бд хандаад наадахаа зодуулчихаач гээд байсан. Б намайг үстэнгүүт Н санаатайгаар нийлж үстэж газар унагаасан байх. Н рүү салаавч гаргаж та нарыг мэдэх ч үгүй юм байна гэж хэлсэн нь худлаа. Р намайг татангуут салаад баар луу гүйгээд ороод явсан. Н цагдаа, Б нар согтуу байсан. Б болсон явдлыг худлаа мэдүүлэг өгөөд байна. Н цагдаатай дээр тааралдаад уулзсан чинь ах нь сайн мэдэхгүй байна, согтуу байсан. Ямар ч байсан 2 охин зууралдаад байсан, хурдан болоод өнгөрсөн, сүртэй зүйл болоогүй ш дээ гэж хэлж байсан. Надад учруулсан гэмтлүүдийг Б учруулсан. Би өөртөө гэмтэл учруулах боломжгүй.

Хохирогч Б.Б: Би мэдүүлгүүдээ үнэн зөвөөр өгсөн. Надад худал мэдүүлэг өгсөн зүйл нэг ч байхгүй. Д надад энэ гэмтлийг учруулаагүй гээд байгаа нь сонин санагдаад байна. Би өөрөө гэмтэл учруулаад гараа маажаад нүдээ ясыг нь хугартал цохиод байж байх уу. Би Дөөд ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Би болсон бүх зүйлээ өргөдөлдөө хүртэл үнэнээр бичсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

1.6. Гэрч Б.Р мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Сет бааранд барменаар ажилладаг юм. 2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад манай найз Д Улаанбаатар хот руу явлаа гээд над дээр ирээд юм яриад сууж байсан. Мөн араас удаагүй Б, Н нар орж ирсэн. Б, Н нар нэг нэг цэвэр ус авсан. Тэр хоёр архи уусан байдалтай согтуу байсан. Б ярихдаа ажил дээрээ уусан гэж байсан. Б ТБЦентрт бармен хийдэг юм. Тэгээд 01 цагийн үед Д, А бид нар тамхи татахаар гарсан. Б, Н нар араас гарч ирсэн. Б гарч ирэхдээ шилтэй пиво барьсан гарч ирсэн. Н Бд хандаад явъя гээд байхад чинь пиздаа чинь гэж хэлсэн чинь Б барьж явсан пивоо газар луу шидсэн. Тэр пиво нь Дий хөлийн хажууд унасан. Өмсөж явсан цагаан пүүзийг нь нил пиво болгосон. Тэгсэн Дөө уурлаад чи яаж байгаа юм бэ, энийг цэвэрлэ гэсэн. Тэгсэн Б чи давхраа оёулчихаад их зантай болчихжээ Дөө гичий гэсэн. Дөө би чамайг танихгүй юм байна шүү гэж хэлсэн. Б цаана Н гэх залуутай уулзаад зогсоод байсан. Тэгснээ Наа энэ гичий намайг зодно гэнээ очоод уулз гээд байсан. Дөө А бид нар баар луу орох гээд явж байхад Дөө Быг гараараа түлхсэн. Тэгтэл Б араас ирээд Дөөг үстээд бариад авсан. Дөө эргэж хараад Быг үстээд бариад авсан. Б газар унасан. Дөө Бы нүүр хавьд гараараа нэг удаа цохисон. Дөөг А бид хоёр салгаж аваад баар луу аваад орсон. Б нар гадаа үлдсэн. Би жоохон байж байгаад хүнээс тооцоо авах гээд баарнаас гарахад Б Дөөг дуудаад гаргаад ир гээд байсан. Би буцаад орсон. Баараа хаагаад гараад ирэхэд Б яваад өгсөн байсан. Дөө үүрийн суудлаар Улаанбаатар хот руу явсан. Шүдээ үзүүлнэ гээд Улаанбаатар хот руу явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

...Би урд өгсөн мэдүүлэгтээ Н гээд нэрийг буруу хэлсэн байна. Б, Д хоёр газар унасан байхад Н араас нь очоод Дөөг үсдээд татаад байсан. А очоод болиоч гээд Н-г салгаж авсан.

Би Дөөг аваад буцаад баар луу орох гэтэл Б Дийг эхлээд үсдээд барьж аваад хойш нь татсан. Д миний урд талд явж байсан. Бы гар миний зүүн мөрөн дээгүүр орж ирээд Дөөг үсдсэн. Тэгээд зууралдаж байгаад газар унасан. Дөө дээр нь Б доор нь унасан.

Б үстээд арагш татахдаа Дтэй хамт хашлага дээр унасан. Хашлага дээрээс газар цементен дээр унасан. Газар унаад Дөө Б дээр байхад нь Н араас Дөөгийн үснээс татсан. Б үснээс арагш татаад унахдаа Дөөг хашлага мөргүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

1.7. Гэрч Я.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Сет бааранд дижи хийдэг юм. 2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Манай найз Дөө Улаанбаатар хот явлаа гээд Р бид хоёртой уулзах гээд Сет бааранд ирсэн. Би цаана Дижи дээр суудаг болохоор дотор ямар хүмүүс орж ирсэн талаар анзаарч хараагүй. Нэг ажлынхаа завсраар гадаа гарч тамхи татахаар Д, Р нартай гарсан. Гадаа гараад байж байтал Н гарч ирээд тамхи асуугаад бид нартай тамхилсан. Араас нь Б шилтэй пиво бариад гарч ирсэн. Б Нтэй юм яриад байсан. Б Дөө рүү муухай хараад байсан. Б барьж явсан шилтэй пиво Дөөгийн хөл рүү шидсэн. Тэр пиво нь газар унаад хагарахдаа Дөөгийн цагаан пүүзийг нь нил пиво болгосон. Дөө Бд хандаад чи яаж байгаа юм бэ энийгээ цэвэрлэ гэсэн чинь Б чадахгүй, давхраа хийлгэчихээд их зантай болчихжээ гичий чинь гээд Дөөг хараагаад байсан. Б Д хоёр жоохон маргалдаж байгаад цаашаа яваад Б, Н гэдэг ахыг дагуулж ирээд энэ гичий намайг зодно гэнээ, чи уулзаадахдаа гээд байсан. Б Дөөд хандаад гичий минь нааш ир одоо уулзаадах гээд байсан. Дөө Бы хажуугаар гарахдаа гараараа түлхсэн. Б Дөөгийн араас үстээд бариад авсан. Б Дөөг нуруугаар нь хашлага дээр дарчихаад байсан. Бы найз Н мөн Дийг үснээс бариад авсан байхаар чи болиоч гэсэн чинь Н үсийг нь тавьсан. Дөө Б нар дээр доороо зодолдоод эхэлсэн. Р бид хоёр Дөөг салгаж аваад баар луу аваад орсон. Б нар гадаа үлдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

Б эхлээд үснээс зулгаагаад арагш татаад хашлага дээр нуруугаар нь унагаасан. Д доошоо унахдаа гулсаад толгойгоо цохисон. Газар унаад Дөө эргээд Бы дээр гарсан. Би Н-г салгаж аваад цаашаа явж байгаад эргээд хартал Б, Д нар салсан байсан. Дийг Р аваад баар луу орж байсан.

Б Дийг үстээд арагш нь татахдаа Дтэй хамт хашлага дээр унасан. Хашлага дээр унасан байхад нь Н Дий үснээс бариад татаад байхаар нь би боль гээд салгасан. Н үсийг нь тавихад Бы үснээс татаад Д доошоо гулгаад төмөр хашлага толгойгоороо мөргөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

 

1.8. Гэрч М.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би ТБЦентрт зөөгчөөр ажилладаг байсан юм. 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ажлынхаа хүмүүстэй Хаялага нуур очиж байгаад орой 22 цагийн үед санагдаж байна. Чойрын төв орж ирээд Сет бааранд Бы хамт орсон. Б бид хоёр Сет бааранд ороод 2 ус нэг шилтэй пиво аваад суусан. Тэгээд Сет бааранд бүжиглэж байгаад би явахаар баарнаас түрүүлээд гарсан. Тэгээд баарны ертөнцийн зүгээр хаалганы хойд талд Сет баарны баруун хойд булан хэсэгт А, Р, одоо энэ Дөө гэх зүс мэдэх охин нар зогсож байсан. Би тэр хэд дээр очоод Атой юм яриад зогсож байсан. Араас Б удаагүй гарч ирсэн. Би Бд хандаад яачихдаг юм бэ, явъя гээд инээсэн. Б барьж гарч ирсэн пивоо газар унагаасан. Тэр пивоны шил нь хагарсан. Тухайн үед Дөө миний баруун гар талд зогсож байсан. Б миний өөдөөс хараад зогсож байсан. Би баарны явган хашааны хойд талд хойшоо хараад хашаан дээр сууж байсан. Тэр пиво нь Д бид хоёрын гол хэсэгт газар унаад хагарсан. Тэгсэн Дөө Бд хандаад ууртай захирангуйгаар энийгээ цэвэрлэ гэж хэлсэн. Б Дий өөдөөс чадахгүй гэж хэлсэн. Тэгсэн тэр хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Дөө Быг мангасдаад түлхсэн. Тухайн үед баарнаас Н гэдэг ах гарч ирсэн. Б Н ахад хандаад энэ намайг зодно гэнээ гэж хэлсэн. Н ах ирээд та нарын зодолддог нас бишээ гэр орондоо хариач гэж хэлсэн. Тэгтэл Дөө ахиад мангасдаад түлхсэн. Б явах гэтэл Дөө Бы үснээс барьж аваад Быг дээш харуулж унагаагаад нүүр лүү нь цохиод байсан. Би Ад найзыгаа салгаач гэсэн наад хоёрыг зодолчуулчих гээд байхаар нь угаасаа муудалцаад байгаад байна гэж хэлсэн. Би Дий араас татсан дийлдэхгүй байсан. Би Дд наадахаа тавиач, хүүхэд аллаа гэж хэлсэн. Р ирээд Дөө боль гээд салгаж аваад баар луу явсан. Дөө баар луу орох гэж байхдаа над руу салаавч гаргаад май, та нарыг мэдэхгүй юм байна шүү гэж хэлсэн. Б газар хэвтээд босохгүй байсан. Н ах байхгүй явсан байсан. Быг миний найз бос гэсэн чинь толгой өвдөөд байна гээд босохгүй байсан. Б надад Дөө найзынх нүд рүү цохисон юм шиг байсан. Нүд өвдөөд байна гэж хэлж байсан. Тэгээд Быг босгож аваад Быг замаараа гэрт нь хүргэж өгөөд би гэртээ орсон... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

1.9. Гэрч Б.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Тухайн үед би ээлжийн амралттай байсан юм. Тухайн өдөр Сет бааранд найз нарынхаа хамт сууж байгаад гадаа гараад утсаар яриад зогсож байтал жижиг биетэй нэг охин гүйж ирээд ахаа та намайг таньж байна уу ТБЦентрт ажилладаг байсан ш дээ гэж хэлсэн. Тухайн охиныг харж байгаагүй охин байсан. Би яасан ахын дүү гэсэн чинь та байж байгаач гэсэн. Гайхаад учрыг олоогүй байж байтал цаанаас нэг охин хүрээд ирсэн. Тэр жижиг биетэй охин гэнэт нэг охинтой зууралдаад газар унаад өгсөн. Тэгэхээр нь би салгах гээд очтол Сет баарны бармен Ц /Р/ гэдэг охин ирээд тэр хоёрыг салгасан. Би цаашаа баар луу буцаад орсон. Хэн нь дээр унасан, хэн нь доор унасан талаар мэдэхгүй байна. Би тухайн үед архи уусан байсан болохоор анзаарч хараагүй. Тухайн үед сүртэй зодоон болоогүй шиг санагдаж байна. Тэр хоёрыг хажууд нь байсан Ц хурдан салгасан. Юунаас болж маргалдаж муудалцсан талаар мэдэхгүй байна. Би эмэгтэй хүүхдүүд байж больцгоо гэж хэлсэн. Өөр мэдэх зүйл байхгүй. Намайг баарнаас гарахад тэр хэд байхгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

 

1.10. Гэрч Д.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай охин Б ТБЦентерт ажилладаг юм. Би 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр сургууль дээр жижүүртэй байсан. Б ажлынхаа хүмүүстэй Хаялага нуур луу явлаа гэж хэлсэн. Би эрт ирээрэй гэж хэлсэн. Тэр шөнөдөө сургууль дээр жижүүртэй хоносон. Маргааш өглөө нь ажлаасаа буугаад гэртээ иртэл Бы зүүн нүд хөхөрсөн байхаар нь наад нүдээ яасан юм бэ гэсэн чинь надад хэлэхгүй юманд цохисон юм аа гээд байсан. Би Баас шалгааж байгаад асуусан чинь та уурлахгүй биз дээ, би таниас айгаад байна гэсэн. Би Б-ы дүү О-с эгчийнх нь талаар асуухад шөнө 00 цаг өнгөрч байхад орж ирсэн. Тэгээд толгой өвдөөд байна гээд байсан. Толгой дээрээ хүйтэн жин тавиад унтсан гэж хэлсэн. Тэгээд Б-аас шалгаасаар байгаад асуусан чинь Хаялага нуур дээр байж байгаад ирээд Сет бааранд ороод нэг пиво аваад уух гэсэн тэрийгээ барахгүй болохоор нь авч гараад асгах гэсэн гарнаас хальтраад газар унаад шил нь хагарсан. Пиво нь үсрээд хажууд нь байсан хүүхдийн гутал руу цацарсан гэсэн. Тэгээд тэр хүүхэдтэйгээ маргалдаж байгаад зодуулсан гэж хэлсэн. Быг харахад зүүн нүд хавдаад хөхөрсөн, баруун гарын тохой хэсэгт маажуулсан. Нуруун дээрээ нидрэгдсэн гэхээр шарх байсан. Мөн толгойныхоо орой хэсэгт хуйх нь овойсон байсан. Б толгой өвдөөд байна гэж байсан. Тэгээд би Дөө гэдэг хүүхдийнх нь ээж А-х нь утсыг олоод болсон зүйлийн талаар хэлсэн. Тэгтэл Азаа ямар сонин юм бэ, хүүхэдтэйгээ ярьчихаад эргээд таньтай холбогдъё гэж хэлсэн. Тэгээд байж байтал удаагүй Азаа над руу залгаад танай хүүхэд өөрөө шал согтуу манай хүүхдийг доромжилсон юм байна гэхээр нь би давхраа оёулчихаад ийм болдог юм гэж хэлсэн гэсэн. Камерыг нь шалгуулмаар байна гэж хэлсэн. Би камерыг шалгахаар охинтойгоо очиж үзсэн.  Камер нь эсрэг талдаа байдаг юм байна. Зодуулсан газар нь камер байхгүй юм байна лээ гэж хэлсэн. Дий ээж манай хүүхдийг буруутгаад байхаар нь хоёулаа учраа олохгүй юм байна, шийддэг газраар нь шийдүүлье гэж хэлээд утсаа салгасан. Д-гийн ээжтэй цагдаагаас гараад явж байгаад Онцгой байдлын хажууд тааралдсан. А охин Д-ийн хамт ирээд таньтай  уулзъя гэж хэлсэн. Би яасан гэж хэлсэн. Тэгтэл А та баар саваар хүүхдээ ажиллуулаад ийм болгосон юм байна даа гэж хэлээд манай хүүхдийг чи баар саваар ажиллаад ийм болсон юм байна ш дээ гээд загнаад байсан. Тэгэхээр би хажуунаас чи яагаад өөрөө хүүхэдгүй юм шиг миний охиныг ингэж доромжлоод байгаа юм бэ гэж хэлсэн. Манай охин хажуунаас ээж явъя хуулийн байгууллага шийдээд өгөх байлгүй дээ гэсэн чинь чи угаасаа ингээд сурсан юм байна ш дээ гэж байсан. Би А-д хандаад чи яагаад хүн доромжлоод байгаа юм бэ цагдаа руу явъя гэж хэлсэн чинь явахгүй байсан. А мөн надад хандаад хүүхэд цемент мөргүүлсэн гээд байсан зүгээр явж байна ш дээ, сүртэй нь аргагүй алах гэж байна гээд байсан гэхээр нь би өөдөөс нь юун зүгээр гэж энэ хүүхэд 2 удаа ухаан алдаж унасан байна гэж хэлсэн. А наад хүүхэд чинь юунаас болж унаад байгааг гаргаад ирээч гэж хэлсэн. Томографикийн зураг авахуул гэсэн, мөнгө төгрөгийн бололцоо байхгүй байна гэсэн чинь А хийнэ гэхээр салаад явсан. Манай хүүхэд худлаа ярихгүй, өөрийн буруу байсан ч үнэнээ хэлж байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

1.11. Гэрч А.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө манай ангийн хүүхдүүд болох Э, Л нар хамт гадуур явж байсан. Тэгтэл шөнө цагийг нь нарийн сайн санахгүй байна. 01-02 цагийн үед байх. Манай ангийн хүүхэд Б Э руу залгаад найз нь хүнд зодуулчихлаа толгой өвдөөд байна гэж ярьсан. Тухайн үед бид нар Бы гэртээ оройхон явж байсан болохоор гараад ир гэсэн. Б гэрээс гарч ирээд Сет баарны гадаа Р-гийн найзууд зодчихлоо, толгой өвдөөд байна гэж хэлсэн. Тэгээд ямар хүнд зодуулсан талаар асуухаар Ргийн гэрт очсон. Р-гийн гэр нь Сет баарны хашаанд байдаг юм. Р-гээс Б-ыг зодсон гэх охины дугаарыг аваад ярих гэсэн чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгээд Ргээс шилтэй 10 ширхэг пиво аваад манай гэрт ирсэн. Б пиво уухгүй гээд толгойны эм уучихаад Э-оор хүргүүлэх гээд гарсан. Бы зүүн нүдний доод зовхи нь хөх туяа ороод хавдах шинжтэй болсон байсан. Э Быг хүргэж өгчихөөд ирлээ гээд удаагүй манай гэрт ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

1.12. Гэрч Х.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө манай ангийн хүүхдүүд болох Х, Л нарын хамт гадуур явж байсан. Тэгтэл шөнө цагийг нь нарийн сайн санахгүй байна. 01 цаг өнгөрч байсан байх. Би ангийнхаа охин Бы утас руу дохисон. Б над руу эргүүлж залгахаар нь юу хийж байна гээд асуусан. Б Ргийн найз охинд зодуулчихлаа, чи хаана байна гэхээр нь танай гэрийн хажууд ойрхон явж байна гэж хэлсэн. Б гараад очъё гээд гараад ирсэн. Р мөн манай ангийн хүүхэд байгаа юм. Тэгээд зодуулсан хүнийх нь утасны дугаарыг нь асуухаар Ргийн гэрт очсон. Ргийн гэр нь Сет баарны хашаанд байдаг юм. Ргээс Быг зодсон гэх охины утасны дугаарыг аваад ярих гэтэл утас нь холбогдохгүй байсан. Тэгээд Ргээс шилтэй 10 ширхэг пиво аваад Хы гэрт очсон. Б пиво уухгүй гээд толгойны эм уучихаад надаар гэртээ хүргүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

 

1.13. Гэрч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 08 дугаар сарын 10-ны үед санагдаж байна. Намайг өрхийн эмнэлэгт уламжлалтын эмчээр ажиллаж байхад хүнд зодуулсан гэлүү нэг зүйл хэлээд надад үзүүлж байсан. Дий үзүүлсэн өдрийг нарийн сайн санахгүй байна. Би тухайн үед “Энх тус дэм” өрхийн эмнэлэгт ажиллаж байсан. Би 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаасаа гарсан байгаа. Эмчийн үзлэгийн журнал дээр бүртгэгдсэн байгаа. Би танд хуулбарлаж өгье. Тухайн үед Дий тархи доргисон байсан. Мөн нэг талын гарын тохой нь шархалсан байсан. Одоо аль тохой гэдгийг нь санахгүй байна. Надаар толгойдоо бариа хийлгэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

 

1.14. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 243 дугаартай дүгнэлтэд:

- Б.Б-ы биед тархи доргилт, зүүн нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт, зүүн нүдний ухархай ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 33 дугаар хуудас/,

 

1.15. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 255 дугаартай дүгнэлтэд:

- Э.Д-ий биед тархи доргилт, зүүн тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 37 дугаар хуудас/,

 

1.16. Шүүгдэгч Б.Б-ы амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 94-97 дугаар хуудас/,

 

1.17. Шүүгдэгч Э.Д-ий эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 99-100 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Э.Д нь хохирогч Б.Б-тай маргалдан түүний нүүр, толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Б нь хохирогч Э.Дтэй маргалдан түүнийг үстэх, хашлага мөргүүлэх зэргээр цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь гэрч Б.Р, Я.А, М.Н, Б.Н, Б.Ц нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Э.Д, Б.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох” саналыг,

 

Шүүгдэгч Э.Д-ий өмгөөлөгч Б.Батчимэг гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Э.Д нь Б.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдохгүй байгаа. Учир нь Б.Б нь тухайн үед баарнаас гараад гэртээ харилгүй гадуур явсан болох нь гэрч А.Х, Х.Э нарын мэдүүлгээр тогтоогддог. Б.Б нь уг гэмтлийг гадуур явсан байх хугацаандаа авсан байх боломжтой. Гэрч Б.Р, Я.А нар нь уг үйл явдлыг маш богино хугацаанд болоод өнгөрсөн талаар мэдүүлдэг. Б.Бы биед учирсан олон тооны гэмтэл нь хурдан хугацаанд учрах боломжгүй гэмтлүүд байна. Мөн гэрч М.Н-н хувьд шүүгдэгч Б.Бтай найзууд учир найзыгаа хэт хамгаалсан байдалтай мэдүүлэг өгч байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж Э.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх саналыг,

 

Шүүгдэгч Б.Б өмгөөлөгч Э.Сайханаа гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Б.Б нь Э.Дийг зодож хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдохгүй байгаа. Уг хэрэг юунаас болж гарсан бэ гэхээр Б пивоны шил хагалаад пиво нь Д-ий өмсөж явсан гутал руу асгарснаас болж маргаан эхэлсэн байдаг. Улмаар Д нь Б-тай маргалдаж түүнийг мангасдаж үснээс нь зулгааж газар унагааж зодсон болох нь гэрч М.Н, Б.Р нарын мэдүүлгээр тогтоогддог. Харин Б.Б нь Д-ийг зодсон гэх үйлдлийн хувьд тогтоогдохгүй байна. Нотлох баримт нь өөр хоорондоо түшиж босож ирэх ёстой байдаг. Гэтэл хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй байдаг. Иймд шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Д, Б.Б нарын өмгөөлөгч Б.Батчимэг, Э.Сайханаа нараас гарсан саналыг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Учир нь:

Шүүгдэгч Э.Д нь хохирогч Б.Б-ы эрүүл мэндэд тархи доргилт, зүүн нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт, зүүн нүдний ухархай ясны хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

хохирогч Б.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгтэл Дөө намайг ирээд үсдээд бариад авсан. Тэгээд намайг баарны гадаа цементэн дээр унагаад нүүр лүү нилээн хэдэн удаа цохисон. Тухайн үед миний толгойг манартал цохисон...” гэх мэдүүлэг,

гэрч Б.Р-гийн “...Дөө Б-ы нүүр хавьд гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг,

гэрч М.Н-н “...Б явах гэтэл Дөө Б-ы үснээс барьж аваад Б-ыг дээш харуулж унагаагаад нүүр лүү нь цохиод байсан...” гэх мэдүүлэг,

Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 243 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,

Харин шүүгдэгч Б.Б нь хохирогч Э.Дий эрүүл мэндэд тархи доргилт, зүүн тохойнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

          хохирогч Э.Д-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгээд намайг баарны гадна төмөр хашлага толгойн баруун хэсгээр мөргүүлээд унагаасан. Би газар унахдаа зүүн гарынхаа тохойг шалбалаад урсан...” гэх мэдүүлэг,

          гэрч Б.Ргийн “...Б үсдээд арагш татахдаа Дтэй хамт хашлага дээр унасан. Хашлага дээрээс газар цементен дээр унасан. Газар унаад Д-өө Б дээр байхад нь Н араас Дөөгийн үснээс татсан. Б үснээс арагш татаад унахдаа Дөөг хашлага мөргүүлсэн...” гэх мэдүүлэг,

          гэрч Я.А-ын “...Б Д-ийг үсдээд арагш нь татахдаа Д-тэй хамт хашлага дээр унасан. Хашлага дээр унасан байхад нь Н Д-ий үснээс бариад татаад байхаар нь би боль гээд салгасан. Н үсийг тавихад Б-ы үснээс татаад Д доошоо гулгаад төмөр хашлага толгойгоороо мөргөсөн...” гэх мэдүүлэг,

          Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 255 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байх тул өмгөөлөгч нарын гаргасан саналыг хүлээн авах боломжгүй байна.

          Мөн өмгөөлөгч Б.Батчимэг нь “...Б.Б нь тухайн үед баарнаас гараад гэртээ харилгүй гадуур явсан болох нь гэрч А.Х, Х.Э нарын мэдүүлгээд тогтоогддог. Б.Б нь уг гэмтлийг гадуур явсан байх хугацаандаа авсан байх боломжтой...” гэж санал гаргасан боловч энэ нь гэрч А.Хы “...Б пиво уухгүй гээд толгойны эм уучихаад Эоор хүргүүлэх гээд гарсан...” гэх мэдүүлэг, гэрч Х.Эын “...Б пиво уухгүй гээд толгойны эм уучихаад надаар гэртээ хүргүүлсэн...” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

Уг гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нь шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааг зөв зохистой хэрэглээгүй, шар айрагны шил хагалж улмаар Э.Д-тэй хэрүүл маргаан үүсгэснээс болж уг гэмт хэрэг гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Б.Б, Э.Д нарын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Э.Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Б.Б, Э.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч Б.Р мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Д нь хүнтэй эвсэг харилцаатай, ер нь муу зан байхгүй. Найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай. Ямарваа нэгэн зүйлд хүлээцтэй ханддаг. Политехникийн коллежид нэг ангид сурч байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

2.2. Гэрч Я.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Дий хувьд даруухан зантай. Хүнтэй муудалцаад байдаггүй. Нийтэч зантай. Уурлаж байхыг нь бараг хараагүй. Байнга инээгээд явж байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

 

2.3. Гэрч Д.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Бы хувьд дөлгөөхөн томоотой зантай. Хүнтэй эвсэг найрсаг харилцаатай. Буруу зөрүү үг хэлэхгүй. Аав ээжийнхээ үгнээс гарахгүй. Шударга зантай. Яаран хүний түрүүнд дуугарахгүй, зуныхаа амралтаар төлбөрөө олох гээд ажил хийдэг. Ер нь аав ээждээ тус нэмэр ихтэй хүүхэд байгаа юм. Аль болохоор өөрийгөө болгох гээд байдаг. Хөдөлмөрч зантай хүүхэд байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

 

2.4. Гэрч А.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Бы хувьд хүнтэй мэндтэй явдаг. Миний мэдэхээр элдэв янзын ааш зан байхгүй. Бы хувьд хөгжилтэй зантай. Бтай нээх нийлээд байдаггүй болохоор нэмж хэлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

2.5. Гэрч Х.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Бтай ангийнхаа хүүхдүүдээс арай илүү уулзаж ярилцдаг. Бы хувьд хүнд их тусар хуу, нөхөрсөг зантай. 10 жилийн сургуульд байхад хичээлдээ хичээнгүй хүүхэд байсан. Хүнтэй маргалдаж муудалцаж байхыг харж байгагаүй. Зан аашийн хувьд эвсэг, нийтэч харилцаатай. Ер нь хөгжилтэй зантай... гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

 

2.6. Шүүгдэгч Э.Д-ий гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, /хх-ийн 64 дүгээр хуудас/,

 

2.7. Шүүгдэгч Э.Д-ий ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 дүгээр хуудас/,

 

2.8. Шүүгдэгч Б.Б-ы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 дугаар хуудас/,

 

2.9. Говьсүмбэр аймаг дахь Уул уурхайн жишиг Политехникийн коллежийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 102 дугаар хуудас/,

 

2.10. Монгол Улсын Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 104-106 дугаар хуудас/,

 

2.11. Шүүгдэгч Б.Б-ы 2010-2016 оны шагнал урамшууллын жагсаалт /хх-ийн 108-115 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Э.Д, Б.Б нарын өмгөөлөгч Б.Батчимэг, Э.Сайханаа нар нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;” гэж заасан байдаг. Шүүгдэгч Э.Д, Б.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө үйлдэгдсэн, гэмт хэрэг гарснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх санал гаргасныг шүүхээс хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Учир нь:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1 жил байхаар зохицуулсан ба энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр дууссан гэж үзэхээр байх боловч 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “...мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй.” гэж заасан байх тул шүүгдэгч нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзэх боломжгүй болсон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Д, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

          Иймд шүүгдэгч Э.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, 

          шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тэдний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тус бүр 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоов.

Шүүгдэгч Э.Д, Б.Б нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

          Шүүгдэгч Э.Д, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасаныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х овогт Э-н Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б-н овогт Б-ны Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

2. Шүүгдэгч Э.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус бүр 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

4. Шүүгдэгч Э.Д, Б.Б нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч Э.Д, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ЭНХМАНДАХ