Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 31

 

 

 

      

 

 

 

2020          04            02                                        2020/ШЦТ/31

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Тэгшдүүрэн

Улсын яллагчаар хяналтын  прокурор Ө.Мөнхнавч

Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ю.Нямсүрэн

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөр өмгөөлөгч Т.Урангоо

Шүүгдэгч Б.Б, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Б, Д овогт Б.Б нарт холбогдох эрүүгийн 2019000460027 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж дүү нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд сум, 3 дугаар баг, Мааньзавын 4-28 тоотод оршин суух, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сар хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Б овогт Б.Б, регистрийн дугаар ЕЙ7310****,

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дорноговь аймаг Сайншанд сум, 8 дугаар баг, Үзүүрийн 2 дугаар гудамжны 269 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д овогт Б.Б, регистрийн дугаар ЕЙ7907****   ,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б, Б.Б нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын гудамжны 4-28 тоотод оршин суух иргэн Ц.Д-н гэрт болон Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Петровис” шатахуун түгээх станцын орчимд “гэрт ирж согтуугаар агсан тавьсан” гэх шалтгаанаар иргэн Х.О-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би хохирогчийг танихгүй, ... ах ээжид хүн агсан тавиад байна гэхээр нь ээжийн гэр лүү орсон, ... Петровис шатахуун түгээх станцын урьд талын жалганд байхад нь очоод нэг удаа цохьсон, ...Аймгийн нэгдсэн эмнэлгээс нэхэмжилсэн мөнгийг ажил хийдэггүй болохоор төлөх бололцоогүй байна, …гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...хохирогчийг танина, ...хохирогчийг хоёр өшиглөсөн, түүнийг гэрээс гарах үед дүү ирсэн, ...одоогийн байдлаар мөнгөний боломжгүй байгаа тул нэхэмжилсэн мөнгийг төлөөгүй байгаа, ... гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч Аймгийн нэгдсэн эмнэлгийг төлөөлж Ю.Нямсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Иргэн Х.О нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бусдад зодуулсны улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авч хэвтэн эмчлүүлсэн. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 тоот тушаалаар баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, өртгийн жин”-д тухайн оношид харгалзах эмнэлгийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлыг тооцон гаргуулахаар заасан. Даатгуулагч Х.О үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь SO6 буюу “эд эрхтэн өнгөц бэртэх, ил шарх, мэдрэл, судас, шөрмөс бэртэх гэсэн оношийн бүлэгт хамаарах ба оношийн харгалзах хувьсах зардал нь 312,420 төгрөг байхаар, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/36 дугаартай “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, журам батлах тухай” тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан компьютер, томографийн оношилгооны төлбөр  120000 төгрөг, нийт 432420 төгрөг болж байна. Иймд иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж заасан байх тул Х.О-д эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын 432420 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулахаар нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Х.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гадуур явж хүмүүстэй архи ууж байгаад шөнө 00:00 цагийн орчимд санаж байна  Д гэж эмээгийн гэрт очсон юм. Би урьд нь архи уусан үедээ хэд хэдэн удаа очиж, унтаж амарч байсан. Би Д эмээгийн гэрт нь очоод унтаж амрах гэж байтал гэнэт хүү Б нь босож ирээд уурлаад намайг хөөгөөд нуруун тус газар луу өшиглөсөн. Б намайг зодох гээд байхаар нь би гэрээс гараад зугтаатал араас Б дүү Б-н хамтаар хөөсөн. Би зугтааж байгаад Петровис шатахуун түгээх станцын зам хөндлөн гараад газар бүдэрч, унатал эхлээд Б ахаасаа түрүүлж гүйж ирээд миний толгой руу өшиглөж, зодсон араас нь ах Б нь гүйж ирээд төмөр юмуу хатуу зүйлээр толгой нүүр лүү цохиж зодоод байсан. Би Б, Б нарт зодуулж байгаад босож зугтаагаад урагшаа гүйж, танил айл болох Я-н гэрт нь ортол Я “шөнө орой цусаа гоожуулаад гэрт ирлээ” гээд намайг гэрээсээ хөөж гаргасан ба шөнө Я-н гэрээс гараад Петровис шатахуун түгээх.станц дээр ирээд жижүүрээр нь цагдаа дуудуулсан... Намайг согтуу ирж гэрт унтлаа гэж л Б уурлаж, намайг эхлээд зодсон. Би тухайн үед архи уучихсан нэлээд согтуу байсан юм...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би хэргийн материалтай танилцахгүй байх хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19дүгээр хуудас/

 

Гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө байсан санаж байна. Намайг Петровис шатахуун түгээх станц дээр ээлжинд гарч  байхад шөнө 01:00 цагийн орчимд хүнд зодуулсан бололтой нүүр ам нь нэлэнхийдээ цус болчихсон хүн ирээд хаалга цохиод байсан. Би хаалга нээж өгөлгүй яах гэж байгаа юм бэ? гэж асуухад хаалганы цаанаас цагдаа дуудаад өгөөч хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. мэдүүлэг/хх-ийн 28 дугаар хуудас/ 

 

Гэрч Б.Я-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө 01:00 цаг өнгөрч байсан санаж байна. Намайг гэртээ унтаж байтал Х.О шөнө согтуу ирээд манайд орсон. Би сэрээд гэрэл асаагаад хартал нүүр ам нь нэлэнхийдээ цус болчихсон согтуу зогсож байсан. Тухайн үед О надад хэлэхдээ хүнд зодуулчихлаа гэж хэлж, би О-д шөнө орой айл амьтан унтаж байхад цусаа гаргачихсан айлд орж ирээд явж эмнэлэгт үзүүл гэж хэлээд гаргаж явуулсан... Нүүр ам нь нэлэнхийдээ цус болчихсон л байсан... Архи уусан нэлээн согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

 

Гэрч Ц.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө би гэртээ Б, хүүгийн найз Б нарын хамтаар унтаж байтал 00 цагийн орчимд санаж байна согтуу хүн хаалга тогшиж байгаад хаалганы цоож мулт татаад ороод ирсэн. Гэрэл асаагаад хартал О согтуу ороод ирчихсэн байж байсан. О-г хаалганы цоож мулт татаж, орж ирэхэд манай гэрийн үүдний унь мултраад унасан байсан. О согтуу орж ирээд агсам тавиад байсан тэгтэл манай хүү Б унтаж байгаад босож ирсэн дараа нь удалгүй хажуу гэрээс манай хүү Б ороод ирсэн тэгээд манай хүү Б, Б хоёр чи ээжид агсан тавьдаг хэн бэ гэж хэлтэл О гэрээс гараад зугтаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/

 

Шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 02/039 дугаартай: “...Х.О-н биед дагз, зулай, чамархай, духны шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/

 

Шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 970 дугаартай: "... Шинжилгээнд ирүүлсэн Х.О гэсэн хаягтай цусны дээж спиртийн зүйл тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Х.О гэсэн хаягтай цусанд 2.6 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд 2.6 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 45-47 дугаар хуудас/

Шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 968 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн Б гэсэн хаягтай цусны дээж спиртийн зүйл тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Б гэсэн хаягтай цусанд 1.0 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд 1.0 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 60-62 дугаар хуудас/

 

 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6 дугаар хуудас/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 68 дүгээр тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Б.Б, Б.Б нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын гудамжны 4-28 тоотод оршин суух  Ц.Д-н гэрт болон Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Петровис” шатахуун түгээх станцын орчимд “гэрт ирж согтуугаар агсан тавьсан” гэх шалтгаанаар иргэн Х.О-г зодож, дагз, зулай, чамархай, духны шарх гэмтэл учруулан  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Х.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би Д эмээгийн гэрт нь очоод унтаж амрах гэж байтал гэнэт хүү Б нь босож ирээд уурлаад намайг хөөгөөд нуруун тус газар луу өшиглөсөн. ...Би зугтааж байгаад Петровис шатахуун түгээх станцын зам хөндлөн гараад газар бүдэрч, унатал эхлээд Б ахаасаа түрүүлж гүйж ирээд миний толгой руу өшиглөж, зодсон араас нь ах Б нь гүйж ирээд төмөр юмуу хатуу зүйлээр толгой нүүр лүү цохиж зодоод байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө байсан санаж байна. Намайг Петровис шатахуун түгээх станц дээр ээлжинд гарч  байхад шөнө 01:00 цагийн орчимд хүнд зодуулсан бололтой нүүр ам нь  цус болчихсон хүн ирээд хаалга цохиод байсан. хаалганы цаанаас цагдаа дуудаад өгөөч хүнд зодуулчихлаа гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Я-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 сарын 30-ны өдрөөс 31-нд шөнө 01:00 цаг өнгөрч байсан санаж байна. Намайг гэртээ унтаж байтал Х.О шөнө согтуу манайд ирсэн. ...гэрэл асаагаад хартал нүүр ам нь нэлэнхийдээ цус болчихсон согтуу зогсож байсан. Тухайн үед О надад хэлэхдээ хүнд зодуулчихлаа гэж хэлсэн... Архи уусан нэлээн согтуу байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө ...О-г хаалганы цоож мулт татаж орж ирэхэд манай гэрийн үүдний унь мултраад унасан байсан. О согтуу орж ирээд агсам тавиад байсан ...манай хүү Б, Б хоёр чи ээжид агсан тавьдаг хэн бэ гэж хэлтэл О гэрээс гараад зугтаасан...” гэсэн мэдүүлэг, Шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 02/039 дүгээр дүгнэлт,  11-ний өдрийн 970, 968  дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нар нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Б, Б.Б нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

          

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б овогт Б.Б, Д овогт Б.Б нар нь бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч нарын хувийн байдал, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурор,өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Б нарт тус бүр 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Б нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Хохирогч Х.О нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн ба хохирогч нь Аймгийн нэгдсэн эмнэлэгт 2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 3 хоног хэвтэж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөр 432420 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.Б, Б.Б нар төлөөгүй байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “...гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б, Б.Б нараас хохирлыг гаргуулан иргэний нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б, Б.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэрийн унины хугархайг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгав.

 

Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь, шүүгдэгч  Б.Б нь Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сар хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 47-68 дугаар хуудас/ тогтоогдож байна.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

  1.Шүүгдэгч Б овогт Б.Б, Д овогт Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Б нарт тус бүр 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял  шийтгэсүгэй.

 

       3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Б нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

 

           4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн  4-т зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Б нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

 

           5.Шүүгдэгч Б.Б, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгөтэй гэрийн уньны хугархайг зохих журмын дагуу устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Б нараас тус бүр 216210 төгрөгийг гаргуулж Аймгийн нэгдсэн эмнэлэгт олгосугай.

 

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Б.Б, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

       8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4,38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АДЪЯАСҮРЭН