| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2020/0035/Э |
| Дугаар | 34 |
| Огноо | 2020-04-09 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Тэгшдүүрэн,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ю.Нямсүрэн
Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Н.Э-т холбогдох эрүүгийн 1919004120004 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н.Э,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 01 дүгээр сард Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар баг, 25 дугаар зөрлөгт байх өөрийн хашаанд иргэн Н.Н-н итгэмжлэн хариуцуулж өгсөн 66-39 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн банкинд байсан 700 литр түлшийг завшиж 1652000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар сард Даланжаргалан сумын 25 дугаар зөрлөгт байх Жоншны хашаанд манаач хийж байсан юм. Тэгээд манаач хийж байсан хашаанд хоёр машин тавья гэхээр нь тавиулсан юм. Дараа нь тухайн тээврийн хэрэгслийн түлш нь хулгайд алдагдсан байсныг 3 хоногийн дараа би мэдсэн. Хүний юмыг хулгайд алдсан юм чинь төлж өгнө гэж хохирогчид хэлсэн.Уг 2 машиныг би хариуцаж байсан нь үнэн ...гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг.
Хохирогч М.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “...2019 оны 01 дүгээр сарын сүүлээр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар баг 25 дугаар зөрлөгт байдаг Э гэх хүний хашаанд Хово маркийн 66-39 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслээ төлбөртэй хашаанд тавиад Ховд аймагт нутагтаа ирсэн... Би 2019 оны 02 дугаар сарын 26-нд Ховд аймгаас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар баг 25 дугаар зөрлөгт очоод машиныхаа банкийг шалгатал 2 банк хоосон нийт 700 литр түлш алга болсон байсан... Хамгаалагч Э гэх хүнээс асуусан хамаг түлш алга болсон байна гэж хэлэхэд ах нь төлж өгнө. Түлшийг хэн авсан бэ гэж асуухад ах нь хохирлыг бүрэн барагдуулж өгнө битгий цагдаад өгөөрэй гэж гуйхаар нь өгөөгүй..." гэсэн мэдүүлэг/хх-ийн 20-21 дүгээр хуудас/
Тээврийн хэрэгсэлд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 98-100 дугаар хуудас/
Хас үнэлгээ ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 373 дугаартай дүгнэлт /хх- ийн 102 дугаар хуудас/
Гэрч, хохирогч нарыг мөрдөн шалгах ажиллагаанд нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /хх-ийн 105-108 дугаар хуудас/
Гэрч М.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дуудлагаас хойш Э-г хотоос ирсэн үед Даланжаргалан сумын цагдаагийн байранд байхад “Би М.Н-н ачааны машины банкнаас түлш авсан юм аа би өөрөө хохирлоо барагдуулна цагаан сарын баяр болоод мөнгөгүй болоод авсан юм “ гэж хэлснийг сонссон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/
Гэрч А.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 сард Н-н хамт бид хоёр Хово барьж нүүрсэнд явдаг байсан. Бид хоёр өөрсдийн 2 Хово машиныг Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар баг 25 дугаар зөрлөгт байдаг Э гэх хүний хашаанд тавиад Ховд аймаг руу буцсан юм. Би Ховд аймгаас түрүүлээд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар баг 25 дугаар зөрлөгт байдаг хашаанаас машинаа авах гэтэл Н-н машины банк онгорхой түлшгүй байсан. Нөгөө талын банк нь хаалттай байсан. Би тухайн үед Н рүү залгаад машинаас чинь түлш алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд манаач Э-с түлш алга болсон байна гэж асуухад би төлөөд өгнө гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийхэд шүүгдэгч Н.Э нь 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар баг, Чулуун овоо зөрлөгт жоншны манаачаар ажиллаж байхдаа иргэн Н.Н-н итгэмжлэн хариуцуулж өгсөн 66-39 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн банкинд байсан 700 литр түлшийг завшиж 1652000 төгрөгний хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.
Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас шүүгдэгч Н.Э-т холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Н.Э нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох нь хохирогч М.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2019 оны 02 дугаар сарын 26-нд Ховд аймгаас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар баг 25 дугаар зөрлөгт очоод машиныхаа банкийг шалгатал 2 банк хоосон нийт 700 литр түлш алга болсон байсан...”гэсэн мэдүүлэг, гэрч М.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Даланжаргалан сумын цагдаагийн байранд байхад Э “Би М.Н-н ачааны машины банкнаас түлш авсан юм аа би өөрөө хохирлоо барагдуулна цагаан сарын баяр болоод мөнгөгүй болоод авсан юм “ гэж хэлснийг сонссон...” гэсэн мэдүүлэг,гэрч А.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Наранхүүгийн машины банк онгорхой түлшгүй байсан. Нөгөө талын банк нь хаалттай байсан. Би тухайн үед Н рүү залгаад машинаас чинь түлш алга болсон байна гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Ц хохирогч М.Н нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг болон тээврийн хэрэгсэлд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, Хас үнэлгээ ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 373 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч Н.Э-т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.Э-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-т 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хохирогч М.Н нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хүсэлтдээ: “...миний бие Ховд аймгийн Жаргалант суманд оршин суудаг, ... санхүү, мөнгөний төлбөр өндөр гардаг учраас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, ... 2 удаа Ховд аймгаас Улаанбаатар хот, Улаанбаатар хотоос Сайншанд сум, Сайншанд сумаас Улаанбаатар хот, Улаанбаатар хотоос Ховд аймаг руу явсан тул нийт 800 000 төгрөг нэхэмжилж байна. ... мөн алдагдсан 700 литр түлшний үнэ 1650 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн байх тул шүүгдэгч Н.Э-с “Хас”үнэлгээ ХХК-ний 700 литр түлшний үнэлгээ тогтоосон 1652000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Н-д олгож, замын зардал нэхэмжилсэн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Шүүгдэгч Н.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Э нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 52-р тал/ тогтоогдож байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Н.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-т 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Э-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч М.Н-н 2450000 төгрөгийн нэхэмжлэлээс шүүгдэгч Н.Э-с 1652000 төгрөгийг гаргуулан олгож, 798000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4,38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН