Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сандагдоржийн Төмөрбат |
Хэргийн индекс | 128/2018/0136/З |
Дугаар | 458 |
Огноо | 2018-07-24 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 458
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд нээлттэй хийж, “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/902 тоот “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий НЗД-д холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/902 тоот захирамжийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн Газрын албанаас утсаар мэдэгдсэнээр 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч мэдсэн.
Маргаан бүхий газрыг Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 239 тоот захирамжаар 300 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаад Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 21-ний 177 тоот захирамжаар 420 м.кв газрыг дуудлага худалдааны үнийг төлж үйлчилгээний чиглэлээр эзэмшиж байсан.
2015 онд Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газартай зөвшилцөн Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү орц, гарцын газрыг чөлөөлж 420 м.кв газрын хэмжээг багасган 250 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” А/80 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатай хууль ёсны дагуу эзэмшиж байсан. Тус захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 40.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан үндэслэлээр гарсан.
Гэтэл манай компани газрын дуудлага худалдааны үнийг 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 1.056.000 төгрөг, 2014 онд 12 дугаар сарын 26-ны өдөр 3.960.000 төгрөгийг төлж, тооцоо нийлсэн акт үйлдэж байсан.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хашаа руу орох 2 урсгал бүхий зам барих ерөнхий төлөвлөгөө 2017 оны 05 дугаар сард Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгээс зорчих хэсэг нь 7м өргөнтэй, 3м явган хүний зорчих хэсэгтэй нийт 10м зам барих зураг батлагдсан байдаг. Уг зургийн дагуу 2017 оны 11 дүгээр сард тухайн зам баригдаж ашиглалтад орсон.
Улмаар 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н” ХХК-ийн эзэмшлийн газарт эзэн нь тодорхойгүй ТҮЦ байршуулсан байна. Энэхүү ТҮЦ-ийг буулгаж газрыг чөлөөлж өгнө үү” гэх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч эзэмшиж буй газрыг чөлөөлж өгөлгүй байсаар 2017 оны 10 сард албадан чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гэмтэл согог судлалын үндэсний төвийн баруун хойд талд үйлчилгээний зориулалтаар “Н” ХХК-нд Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 177 дугаар захирамжаар 250 м.кв талбай бүхий газар эзэмшүүлэх эрх олгосон байдаг.
Улмаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/180 тоот захирамжаар үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай газар эзэмших, ашиглах эрх нь шинээр баталгаажуулсан.
“Н” ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, мөн хуулийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хүчингүй болгосон байна.
Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай мэдэгдлийг Нийслэлийн Газрын албаны даргын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 03/3621 тоот албан бичгээр хандсан албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.
Иймд НЗД- хуульд нийцүүлэн өөрийн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн байх тул “Н” ХХК-ийн хуулиар олгогдсон эрх ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх “Н” ХХК-ийн НЗД-д холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/902 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Анх “Н” ХХК нь Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 239 дүгээр захирамжаар тус дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн баруун хойд талд, үйлчилгээний зориулалтаар 300 м.кв газрыг эзэмшсэн бөгөөд 2010 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 177 дугаар захирамжаар 420 м.кв газар болгон 120 м.кв газрыг нэмж эзэмшүүлсэн байна.
2015 онд Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн тохижилтын ажлын Ерөнхий төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/180 дугаар захирамжаар “Н” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 250 м.кв болгон баталгаажуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.
Харин НЗД- маргаан бүхий захиргааны акт болох 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/902 дугаар захирамжаараа “Н” ХХК-ийн эзэмшиж буй газрын төлбөрөө зохих хугацаанд бүрэн төлөөгүй, эзэмшил газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан хуулийн зохицуулалтыг хариуцагч дараах байдлаар буруугаар тайлбарлан хэрэглэж “Н” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж шүүх дүгнэлээ.
Нэг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “Н” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцөл байдал бүрдсэнтэй холбогдуулан сонсох ажиллагаа хийгдсэний дараагаар нэхэмжлэгч нь газрын төлбөр төлсөн гэж мэтгэлцсэн.
Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохтой холбогдуулан тайлбар, санал тодруулга авахаар Нийслэлийн Газрын алба нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 03/3621 дүгээр албан бичгээр мэдэгдэл хүргүүлсний дагуу 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр сонсох ажиллагаа явуулж зохих тэмдэглэлийг үйлджээ.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/902 дугаар захирамж гарах цаг үед нэхэмжлэгч “Н” ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 31.... дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байсан маргаан бүхий газрын төлбөрийн үлдэгдэлгүй байсан болох нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үйлдэгдсэн 020150293 дугаар газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, Нийслэлийн Газрын албаны “У х б” ХХК-ийн 2611...... дугаар дансанд шилжүүлсэн төлбөрийн баримтаас тус тус харагдаж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу хүн, хуулийн этгээдэд сөрөг үйлчлэл бүхий захиргааны акт гаргах нөхцөл бүрдсэн тохиолдолд уг этгээдээс ямар нөхцөл байдлын улмаас хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй талаар тайлбар авч, үүссэн нөхцөл байдлыг арилгах боломж байгаа эсэх талаар санал авахаар хуульчилсан байна.
Гэтэл хариуцагч нь сонсох ажиллагаа хийгдсэн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болон 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/902 дугаар захирамж гарах цаг хугацаанд нэхэмжлэгч “Н*******” ХХК нь газрын төлбөрийн үлдэгдэлгүй байсан нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан байх тул бодит нөхцөлд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй.
Мөн Нийслэлийн Өмчийн харилцааны газар болон “Н” ХХК-ийн хооронд 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 4.6-д “Төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хувиар хоног тутам алданги төлөх” гэж заасны дагуу хариуцагч нь “Н” ХХК-д 2017 оны 1,2,3 дугаар улирлын газрын төлбөр болох 82,500 төгрөгт ногдох алданги тооцох зохицуулалттай байгааг дурдах нь зүйтэй.
Хоёр. “Н” ХХК-ийн захиалгаар “Т” ХХК-ийн 2013 онд хийж гүйцэтгэсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувилал, эмнэлэг, нөхөн сэргээх төвийн эскиз зураг, ажлын зураг ёсоор Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 177 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 420 м.кв газарт барилга барихаар төлөвлөж байсан байна. Үүнээс хойш 2015, 2017 онуудад удаа дараа Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн тохижилтын ажлыг шинээр төлөвлөж, нэхэмжлэгчийн эзэмшил газрын зарим хэсэгт Гэмтэл, согог судлалын үндэсний төв рүү орж, гарах автомашины зам төлөвлөгдөж байснаас шалтгаалан “Н” ХХК нь төлөвлөсөн барилгаа барих боломжгүй болж, шинээр эскиз зураг, ажлын зураг гаргуулах шаардлагатай болсон байна.
Иймээс Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн тохижилтын ажилтай холбогдуулан “Н” ХХК нь өөрийн эзэмшил газарт дээр ямар нэгэн барилга төлөвлөх боломжгүй байсан тул Газрын тухай хуулийн 40.1.6 дахь хэсэгт заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” ашиглаагүй гэж үзэх боломжгүй болно.
Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд, хариуцагч нь зохицуулалт бүхий хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж маргаан бүхий захиргааны акт гаргасны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь нотлогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд хангах үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааний ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Н” ХХК-ийн НЗД-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/902 тоот захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч НЗД-ас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэхь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ