Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2022/0356

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С  нар

Нэхэмжлэгч: “Э” ХХК

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 250013018 дугаар актыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 256 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С, хариуцагч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2020/0851/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 250013018 дугаар актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 256 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 11 дүгээр зүйлийн 11.3.2, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 35 дугаар зүйлийн 35.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 14 дүгээр зүйлийн 14.3, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг тус тус баримтлан “Э” ХХК-аас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 250013018 дугаар актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

3.1. Шүүх нэг талыг баримтлан ажилласан.

3.2. Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1524 дүгээр тогтоол, хяналт шалгалт хийх 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн томилолт, Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасныг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд “Э” ХХК-ийн 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны хяналт шалгалтыг хийж 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Татварын улсын байцаагчийн 250013018 дугаар актаар 224,139,480.18 төгрөгийн зөрчилд ногдуулсан 22,537,324.60 төгрөгийн нөхөн татвар, 46,266.20 төгрөгийн торгууль, 77,110 төгрөгийн алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн захиргааны шийдвэр нь хуульд үндэслэсэн, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулж, татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хохироосон гэж үзэж байна.

 

п


3.2.1. 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Татварын улсын байцаагчийн 250013018 дугаар актаар 224,139,480.18 төгрөгийн зөрчилд ногдуулсан 22,537,324.60 төгрөгийн нөхөн татвар, 46,266.20 төгрөгийн торгууль, 77,110 төгрөгийн алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй тооцоолол буруу хийсэн байна. Татварын улсын байцаагчийн актад тусгасан “Э” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд 2012 онд 222,597,272.18 төгрөгийн худалдан авалтын хасалт хийж төсөвт төлөх албан татварыг бууруулсан гэх зөрчлийн дүн, нөхөн татварын дүн зөрүүтэй байна. Нийт 194,051,365 төгрөгийн зөрчилд 19,405,136.1 төгрөгийн нөхөн төлбөр төлөхөөр байна. Өөрөөр хэлбэл зөрчлийн дүн 28,545,907.18 төгрөгөөр, нөхөн төлбөр 2,854,590.9 төгрөгийн дүнгээр зөрж байна. Энэ зөрчлийн дүн хаанаас гаргаж тавьсныг тогтоох ба зөрчлийн дүн болон нөхөн төлбөрийн дүн зөрүүтэй байгаа учраас хүү алдангийн тооцоо хүртэл буруу гарч байгаа тул тооцооллыг дахин хийлгүүлэх шаардлагатай.

 

3.2.2. Нэмэгдсэн өртгийн албан татварын хөөн хэлэлцэх хугацааг шинэчлэн найруулсан 2008 оны Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.2-т тайланг сар, улирал бүр гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн татварын тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс тоолж эхлэхээр заасан. Татварын улсын байцаагчийн актад дурьдагдсан “Э” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд 2012 онд 222,597,272.18 төгрөгийн худалдан авалтын хасалт хийж төсөвт төлөх албан татварыг бууруулсан гэх зөрчлөөс “Э” ХХК-ийн “Ж” ХХК-аас 2012 оны 3 дугаар сарын 30-нд 10294276 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 84,116,363.00 төгрөгийн ажил үйлчилгээ гүйцэтгүүлсэн ажлын татвар 8,411,636.40 төгрөгийн төлөх хугацаа хуульд зааснаар 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс эхэлж хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Э” ХХК-ийн “Д” ХХК-аас 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 10079502 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 28,345,454.55 төгрөгийн ажил үйлчилгээ гүйцэтгүүлсэн ажлын татвар 2,834,545.50 төгрөгийн төлөх хугацаа хуульд зааснаар 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхэлж хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Э” ХХК-ийн “Д” ХХК-аас 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 10079550 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 38,850,454.54 төгрөгийн ажил үйлчилгээ гүйцэтгүүлсэн ажпын татвар 3,885,045.50 төгрөгийн төлөх хугацаа хуульд зааснаар 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхэлж хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тус тус 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Татварын улсын байцаагчийн 250013018 дугаар акт үйлдэгдэхээс өмнө дууссан байх тул актын дүнгээс 151,312,272.09 төгрөгийн зөрчлийн дүнтэй нөхөн татвар 15,131,227.4 төгрөгийг шинэчлэн найруулсан 2008 оны Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11 дүгээр зүйлийн 3.2-т зааснаар хасч тооцож өгнө үү.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1 дүгээр зүйлийн 121.1.4-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх буцааж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч талаас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. “Э” ХХК-аас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 250013018 дугаар актыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд болон захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1524 дүгээр прокурорын тогтоолоор ”Э” ХХК-ийг гэм буруугаа хүлээж 22,259,727 төгрөгийн төлбөрийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар татвараа тайлагнасан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол хүчинтэй байхад 2015 оны Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг зөрчиж нөхөн татварыг ногдуулсан нь үндэслэлгүй”, мөн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо “...зөрчил гаргасан хугацаанаас тооцоход нөхөн татвар, торгууль, алданги тооцох хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэсэн үндэслэлээр л маргах бөгөөд харин “Ж” ХХК-ийн регистрийн дугаар бүхий 10294276 тоот падаанаар 84,116,363 төгрөгийн, “Д” ХХК-ийн регистрийн дугаар бүхий 10079502 тоот падаанаар 28,345,454.55 төгрөгийн, 10079550 тоот падаанаар 38,850,454.54 төгрөгийн, 11435823 тоот падаанаар 28,620,909 төгрөгийн, 12241548 тоот падаанаар 28,545,909 төгрөгийн, 12975064 тоот падаанаар 14,118,182 төгрөгийн нийт 222,597,272.18 төгрөгийн бараа, материалыг нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн үнээр худалдан авсан мэтээр хий бичилт хийлгэж, улмаар 22,259,727.20 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчлийг үгүйсгээгүй байна.

3. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн болох нь дараах байдлаар тогтоогдов.

4. “Ж” болон “Д” ХХК-уудаас нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн үнээр авсан гэх дээрх худалдан авалтыг 2012 онд хийсэн мэтээр нэхэмжлэгчээс нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгасан байсныг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 250051 дүгээр дүгнэлтээр анх илрүүлж, улмаар Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шилжүүлсэн байна.

5. Эндээс дүгнэхэд 2012 онд гаргасан татварын зөрчилд 2013 онд дүгнэлт бичигдсэнээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын үндэслэл болсон “татварын хөөн хэлэлцэх хугацаа” тасалдана.

6. Өөрөөр хэлбэл 2012 онд гаргасан зөрчлийг 2017 оны шийтгэлийн хуудсаар илрүүлсэн гэж үзэхгүй.

7. Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1524 дүгээр тогтоолоор “Э” ХХК-ийн дээрх нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар татвараа тайлагнасан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон ч, энэ нь хуулиар хүлээсэн татвар төлөх үүргээс нэхэмжлэгчийг чөлөөлөх үндэслэл болохгүй.

8. Нэгэнт нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан ашиглаж, албан татвар төлөхөөс зайлсхийсэн нь татварын улсын байцаагчийн дүгнэлт болон прокурорын тогтоолоор тогтоогдсон, мөн зохих төлбөрийг төлөөгүй байх тул нэхэмжлэгчийн хуулийн дагуу төлөх үүрэг бүхий татварыг нөхөн төлүүлэхийн тулд шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн төдийгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

9. Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

10. Мөн шүүхээс “...Нэхэмжлэгчээс Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг нөхөн гаргаж, татварын албанд хүргүүлсэн хэдий ч “Э” ХХК-ийн 22,537,324.60 төгрөгийн төгрөгийн хий бичилттэй падаантай холбоотой зөрчлийг холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны хяналт шалгалтаар тогтоосон тул Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамруулах үндэслэлгүй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрийн тэрхүү хэсэгт гомдол гаргаагүй байх тул энэ талаар дүгнэлт өгөөгүй болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 256 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

             ЕРӨНХИЙ     ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

    

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ