Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 626

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Чулуунцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/07070 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Чулуунцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Алдармаад холбогдох,

 

450 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: А.Чулуунцэцэг

Хариуцагч: Л.Алдармаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Алдармаа нь надаас 2014 оны 11 дүгээр сард 32 инчийн телевизор авсан. Хайрцаг савтай, бичиг баримттай нь 499 999 төгрөгөөр “БСБ” дэлгүүрээс худалдаж аваад, илүү байсан учраас Л.Алдармаад худалдсан.

Л.Алдармаагаас телевизорын үнийг нэхэхэд элдэв шалтаг шалтгаан тоочоод өгнө гээд өнөөдрийг хүртэл өгөхгүй байна. Одоо Л.Алдармаа нь телевизорыг хэрэглэж байгаа болно. Иймээс 450 000 төгрөгийг Л.Алдармаагаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би А.Чулуунцэцэгт ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй. 32 инчийн телевизорыг А.Чулуунцэцэгийн хамаатан, миний нөхөр байсан Б.Даваасүрэн авсан. Б.Даваасүрэн өөрөө мөнгийг нь хувааж, бага багаар өгнө, өгөөд дууссан гэж хэлж байсан. Одоо болохоор энэ хоёр нийлж надаар хамаг өр ширээ даруулах гээд худлаа арга зохиож байна.

Б.Даваасүрэнгийн хүү Д.Насандэлгэр нь 2 дугаар анги, над дээр өсөж байгаа, би тэтгэлэг, тэтгэмж юу ч авдаггүй. Б.Даваасүрэнгээс зурагтынх нь мөнгийг өөрөөр нь төлүүлж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Л.Алдармаагаас 444 900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Чулуунцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 200 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч А.Чулуунцэцэгт буцаан олгож, хариуцагч Л.Алдармаагаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 13 997 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Чулуунцэцэгт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Би А.Чулуунцэцэгт зурагтны мөнгийг төлөх үндэслэлгүй.

Б.Даваасүрэн нь зурагтыг хүүдээ авчирч өгч байна гэж өгсөн. Түүнээс биш би А.Чулуунцэцэгээс очиж аваагүй. Шүүх хуралдаан дээр хоёулаа нийлж худлаа ярьж, намайг гуйж авсан гэж худал хэлж байна. Б.Даваасүрэнгийн хүү Д.Насандэлгэр нь одоо 8 настай, бид хоёр салаад 1 жил болж байна. Би хүүхдийн тэтгэмж авдаггүй. Гэтэл өөрийнхөө өрийг надаар даруулах гэж худал ярьж байна.

Б.Даваасүрэн нь шүүх хуралдаанд “...хувааж төлнө гэсэн...” гэж ярьж байхад намайг төлөх ёстой гэж шийдвэр гаргаж байгаад нь гомдолтой байна. Би 4 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй, сар болгон сард 1 400 000 төгрөгийн зээл төлдөг. Зурагтны төлбөрийг миний нөхөр болох Б.Даваасүрэн хариуцах ёстой гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч А.Чулуунцэцэг нь хариуцагч Л.Алдармаад холбогдуулан 32 инчийн телевизорын үнэ 450 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч Л.Алдармаад 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн нэг хувийг гардуулж, хариу тайлбар ирүүлэх хугацааг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өдрөөр тогтоосон атлаа тайлбар гаргах хуульд заасан хугацаа дуусаагүй байхад 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасан шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагааг хангаагүй байна.

 

Түүнчлэн зохигчдыг хуульд заасан эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломжоор хангах нь шүүхийн үүрэг бөгөөд шүүх энэхүү үүргээ бүрэн биелүүлээгүйгээс хариуцагч Л.Алдармаа нь мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхээ эдлэх, үүргээ биелүүлэх боломж олгоогүйн улмаас мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3 дахь хэсэгт хамаарч байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/07070 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Алдармаагаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧИД                                                          С.ЭНХТӨР

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА