Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 35

 

 

 

 

      

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Тэгшдүүрэн

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар

Шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Н.Н-д холбогдох эрүүгийн 2019000130031 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Н.Н,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 12 дугаар сарын 27-ноос 28-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Айраг сумын 2 дугаар баг Ламт гэх газраас алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж иргэн Д.Г-н 6 тооны үхрийг завшиж 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:         

 

          Шүүгдэгч Н.Н-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн, ...гэм буруугийн талаар маргахгүй, ... хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, дахиж алдаа гаргахгүй...” гэсэн мэдүүлэг ,

 

          Хохирогч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр миний 19, Б-н 6, Б.Ц-н 16 нийт 41 тооны үхрийг Иххэт сумын Өлзийт булаг гэх газраас алдсан ба тухайн үед манай хүүхдүүд үхэр алга болсон өдрөөс хойш 27-ны өдрийг хүртэл хайж яваад олоогүй ...2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 2 дугаар баг, Ламт гэх газар өвөлжиж байсан Н.Н гэх айлын гадаа ирэхэд Н.Н гэх хүн хорооныхоо хажууд ганцаараа 1 үхрийн мах хучаад зогсож байхаар нь өөрийн алга болсон үхрээ сураглаж асуухад тэр хүн өөрийн гэрээсээ урагш зүгт заагаад “хэдэн бөөр алаг үхэр тэнд байгаа” гэхээр нь үхэр дээрээ очиж үхрээ бүртгээд тоолоход нийт 41 үхрээс 22 үхэр дутуу байхаар нь эргэж очоод Н.Н-н хурааж байсан махыг нь очиж үзье гээд өвөлжөөн дээр нь иртэл анх намайг очиход 1 үхрийн мах байсан чинь нэлээд хэдэн үхрийн мах болчихсон байсан ба Н.Наранбаяр гэх хүн хар өнгийн суудлын машинаас бууж ирээд “ах нь чиний 6 үхрийг хэрэглэчихсэн, махаа авах уу?” гэхээр би махаа авахгүй гэхэд “битгий цагдаад хэлээрэй, би үхрийг чинь тоогоор нь төлье”, гэхэд нь хэрэв чи төлөхөөр бол би нугалж төлүүлнэ гэхэд нөгөө хүн “Надад хугацаа өгчих, нугалж төлье” гэхээр нь миний дутсан 16 үхрийг олоод ир гэж хэлэхэд танай дутсан 16 үхэр ойрхон байгаа, машиндаа бинзен хийж ирээд хайгаад олоод ирье гэж яваад ирээгүй тэр чигтээ алга болсон... Манай үхэрнүүд бүгд зөв талын чих урдаасаа эрхэм имтэй ба түүнд дунд 2 чих нь цуулбар имтэй, хүрэн бөөр алаг үхэр байсан. Манай дутсан 6 үхэрнээс эрхэм имтэй, улаан халзан үнээ 1, мухар улаан үнээ 1, мухар тарлан гунж 1, улаан гунж 1, сарман гунж 1, 2 чих нь цуулбар имтэй, бөөр алаг үнээ тус бүр 1 байсан одоо байхгүй байна. Н.Н нь өөрөө манай үхэрнүүдийг нядалсан гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

 

              Гэрч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Б.Ц, Д.Г бид гурав нөгөө айл дээр яваад очиход айлын эзэн гэх Н.Н нөгөө хар машинаас буугаад гэртээ орж байсан. Тэгээд очоод уулзахад манай үхэр дутуу байна гэж түүнд хэлэхэд Н.Н гэх хүн “би танай 6 үхрийг нядалчихсан та нарын хэлсэн амаар төлж өгнө, ийш тийшээ мэдэгдээд яахав, хэдүүлээ сайхан ярилцая 8 хоногийн өмнө урдаас их цангасан үхэрнүүд орж ирэхээр нь би тэд нарыг услахад энүүгээр тогтоод байхаар нь би өөрөө өөртөө гай болчихлоо” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/

 

                 Гэрч Б.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.Н нь саравч руу намайг дагуулж яваад  энэ бярууны махыг аваад яв гэж надад хэлэхээр нь би машин руугаа ачих гээд очиход цаад саравчинд нь өшөө олон малын мах байхаар нь би “наадах чинь болохгүй юм бишүү” гэж хэлтэл Н.Н хариуд нь “наадах чинь алдуул мал юм шиг байна манай энд ирээд ус уучихаад манай хонийг үргээгээд бууцан дээр нь хэвтээд байгаа үхэрнүүд байгаа юм эзэнгүй 20 гаран хоног болсон юм. 6 үхрийг нь хөгшин нь нядалчихсан юм чи эндээс нэг бярууг нь аваад явчих нөгөө 500.000 төгрөгийн өрнийхөө оронд энэ нэг бярууг аваад явчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би хариуд нь наадах чинь дэмий юм бишүү, гэж хэлтэл Н.Н хариуд нь “энэ алдуул байгаа юм эзэн нь ирвэл би учраа олоод хэл амаа олчихно гэж надад хэлсэн” ...Н.Н намайг ирж бяруу ав гэж хэлсэн тэгээд би дуудахаар нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас ирсэн... Үхрийг өвөлжөөн дотор нядалсан юм шиг байна лээ. Намайг 2019 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 8 цаг өнгөрч байхад нядалчихсан өвөлжөөний бууц цус болчихсон өвөлжөөний хашааны зүүн хойд тал, саравчны гадна талд дэлгээд хураачихсан давхарлаад тавьчихсан мөн 24-27 ДГО улсын дугаартай Ниссан вингроад маркийн машин дотор үхрийн мах ачаастай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-50 дугаар хуудас/

 

              Гэрч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 2 дугаар баг Ламт гэх газраас Г, Б ах бид гурав машинтай хайж яваад Н.Н гэх айлынд очиж түүнээс алдсан үхэрнүүдээ асуухад ....Н.Н “Хэдэн үхэр дутаж байна” гэхэд нь энд байгаагаас 6 үхэр, миний 16 тооны үхэр дутуу байна гэхэд “Ах нь наана байгаа үхэрнээс чинь 6 үхэр хэрэглэсэн байгаа, үлдсэн үхэрнүүдийг нь олоод өгье” гэж хэлээд гэрийнх нь гадаа байсан хар өнгийн машинтай хүний машинд сууж яваад ирээгүй алга болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/

 

              Гэрч Ш.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ламтад 2019 оны 12 дугаар сарын 13-ны орчимд өөрийн тэмээгээ хайгаад явж байхад Ламтын худаг дээр эвэр дээрээ цэнхэр өнгийн будагтай 30 гаран тооны үхэр худаг руу хойд зүгээс ирж яваа харагдсан... Ламт гэх газар нэг худаг байдаг ба Ламтын малчид Н.Н-н өвөлжөөний урд байрлах худагнаас малаа усалдаг... “гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/

 

              Гэрч Х.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг Н-н өвөлжөөнд өвөлжиж байхад 12 дугаар сарын дундуур худаг дээр эвэр нь цэнхэр өнгийн будагтай үхэрнүүд худаг дээр ирсэн байсан. Тухайн үхэрнүүд мөөрөлдөж байсан ба мөөрөх чимээ нь өвөлжөөнөөс сонсогдож байсан. Тэгээд би үхэрнүүдийг нь худаг дээр очиж хэд хоног усалж өгсөн ба тэр үхэрнүүд нилээн цангасан үхэрнүүд байсан. Би тухайн үед тэр үхэрнүүдийг цангасан байхыг бодоход манайхны отроор яваа нэгнийх нь үхэр байх гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/

 

              Гэрч Н.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 20-ны орчимд байх яг өдрийг нь санахгүй байна Ламт гэх газрын усан дээр эвэр нь цэнхэр өнгийн будагтай үхэрнүүд ус уугаад гарч яваа харагдсан. Миний харсанаар нилээд үхэр харагдсан ба тухайн үед би тоолоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-66 дугаар хуудас/

              Гэрч Д.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 10-ны орчимд байхаа явж байхад Ламт гэх хайрханы урд энгэрээр эвэр нь цэнхэр өнгийн будагтай 20 орчим тооны үхэр бэлчээд худаг дээр ирж яваа харагдаж байсан. Тухайн үед би худаг дээр яваад очиход Н.Н ирж байсан ба тухайн үед түүнээс энэ хаанахын хэний үхэр вэ гэж асуухад Н.Н отрын улсуудын үхэр байх эзнийг нь мэдэхгүй гэж байсан. Худаг дээр ирсэн үхэрнүүд нилээд цангасан байдалтай байхаар нь би нэг бол алдуул үхэр үгүй бол нутагруугаа гүйж яваа үхэрнүүд байх гэж тухайн үед бодсон. Тэгээд би худаг дээрээс яваад гэртээ харьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-69 дүгээр хуудас/

 

              Шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1291 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд 5,6 мм калибртай сангийн анги Ф32954 дугаартай, замаг 9816 дугаартай хуучнаас ЗХУ-д ан агнуур-спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн ТОЗ-8-01 загварын бага калибрын винтов буу ирүүлсэн байна... Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг буудлага үйлдэнэ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 61-86 дугаар хуудас/Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ТХҮ- 819/062 дугаартай дүгнэлт /хх-ийн 73-75 дугаар хуудас/

 

          Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 123 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч У.Н нь Дорноговь аймгийн Айраг сумын 2 дугаар баг Ламт гэх газар өвөлжиж  байхдаа өвөлжөөнийхөө урд байх худаг дээрээ ирсэн байсан 41 тооны үхрийг  бусдын өмчлөлийнх болохыг  мэдсээр байж үүнээс 2019 оны 12 сарын 27-ноос 28-нд, 28-наас 29-нд шилжих шөнө Д.Г-н 6 тооны үхрийг алж  6.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан  нотлох баримтууд болох хохирогч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр миний 19, Б-н 6, Б.Ц-н 16 нийт 41 тооны үхрийг Иххэт сумын Өлзийт булаг гэх газраас алдсан ба тухайн үед манай хүүхдүүд үхэр алга болсон өдрөөс хойш 27-ны өдрийг хүртэл хайж яваад олоогүй ...2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 2 дугаар баг, Ламт гэх газар өвөлжиж байсан Н.Н гэх айлын гадаа ирэхэд Н.Н ...“ах нь чиний 6 үхрийг хэрэглэчихсэн,битгий цагдаад хэлээрэй, би үхрийг чинь тоогоор нь төлье” гэсэн. ...манай үхэрнүүд Дорноговь аймгийн нутгийн үхэр биш болохоор нутаг руугаа гүйсэн байх гэж байна...” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Н.Н гэх хүн “би танай 6 үхрийг нядалчихсан та нарын хэлсэн амаар төлж өгнө, ийм тийшээ мэдэгдээд яахав, 8 хоногийн өмнө урдаас их цангасан үхэрнүүд орж ирэхээр нь би тэд нарыг услахад энүүгээр тогтоод байхаар нь би өөрөө өөртөө гай болчихлоо” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Ш.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ламтад 2019 оны 12 дугаар сарын 13-ны орчимд өөрийн тэмээгээ хайгаад явж байхад Ламтын худаг дээр эвэр дээрээ цэнхэр өнгийн будагтай 30 гаран тооны үхэр худаг руу хойд зүгээс ирж яваа харагдсан... “гэсэн мэдүүлэг ,гэрч Н.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 20-ны орчимд байх яг өдрийг нь санахгүй байна Ламт гэх газрын усан дээр эвэр нь цэнхэр өнгийн будагтай үхэрнүүд ус уугаад гарч яваа харагдсан...”гэсэн мэдүүлэг, гэрч  Х.Н, Д.Ө, Б.Ц нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ТХҮ- 819/062 дугаартай дүгнэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл,хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

 

Алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй,хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж захиран зарцуулдаг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт “ бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг,түүнээс доош хэмжээг ойлгохоор заасан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... алдуул малыг бусдын өмчлөл,эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол алдуул мал завших гэмт хэрэгт” тооцохоор хуульчилжээ. Шүүгдэгч У.Н нь 6 тооны нийт 6000000 төгрөгийн үнэ бүхий алдуул үхрийг өрөө төлж,бусдад зарж борлуулах зорилгоор алж нядалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл,эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг  хангасан байна.

 

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зйүлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Н.Н-т Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Н.Н-т холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хяан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар прокурорын саналыг харгалзан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

Хэрэгт авагдсан шүүгдэгчийн эд хөрөнгө,орлого олох боломж зэргийг шинжлэн судлаад оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

 

Хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн  тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг хутга, 1 хос гутлыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, ТОЗ-8-01 загварын бага калибрын  галт зэвсгийг /замаг 9816/  аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч  Н.Н нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 123 дугаар хуудас/ тогтоогдож байна.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Шүүгдэгч И овогт Н.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-т торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг  биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  21.5 дугаар зүйлийн  6, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5,6 мм калибртай сангийн анги Ф32954 дугаартай,замаг 9816 дугаартай ТОЗ-8-01 загварын бага калибрын  галт зэвсгийг аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж,  2 ширхэг хутга /мөнгөлөг өнгийн ажлын хэсэгтээ урт, бор өнгийн бариултай ,мөнгөлөг өнгийн ажлын хэсэгтээ жижиг/,бор өнгийн,үслэг хийцтэй,түрийтэй 1 хос гутлыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АДЪЯАСҮРЭН