Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/00104

 

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/00103

           Улаанбаатар хот

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, “Хас банк”-ны нэхэмжлэлтэй,

 

         Хариуцагч: Баянгол дүүргийн 3-р хороо, 2-р хороолол, 7-р байрны 26 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЧЗ69071500, Тайж нар овогтой  Дариймаагийн Бадамхандад холбогдох зээлийн гэрээ цуцалж 97 190 012 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

        Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, Б.Мөнхжаргал, Б.Золжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхзул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Бадамханд нь 2015 оны 02-р сарын 15-ны өдөр манай банктай 1470003919 дугаартай зээлийн гэрээ байгуулж 86 000 000 төгрөгийг жилийн 20 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай орон сууц худалдах худалдан авах зориулалттайгаар авсан. Үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Сүбаатар дүүргийн 7-р хороо, 11 дүгээр хороолол, Их тойруугийн гудамж, 13 дугаар байрны 57 тоот Улсын бүртгэлийн 2203008843 дугаар бүхий 83 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалан Баталгаат ипотекийн гэрээ байгуулсан. Зээлдэгч Бадамханд,  хамтран үүрэг гүйцэтгэгч Бат-Эрдэнэ нар нь зээлийг хугацаандаа төлөх үүргийг удаа дараа хэтрүүлсэн бөгөөд одоогоор 303 хоног хугацаа хэтэрсэн байна. Зээлийн гэрээний 6.1, 6.1.1-т заасан гэрээ цуцлах үндэслэл бүрдсэн тул гэрээг цуцалж 2016 оны 09-р сарын 23-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 85 487 010 төгрөг, хүү 11 703 002 төгрөг  нийт 97 190 012 төгрөгийг Д.Бадамхандаас нэхэмжилж байна. Хэрэв зээлдэгч зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөнөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь Хас банкнаас авсан зээл, гэрээ байгуулсан тал дээр маргах зүйлгүй. Тухайн үед иргэн Бадамханд нь орон сууцны

ипотекийн 8 хувийн хүүтэй зээлд хамрагдах хүсэлтэй байсан. Хас банк 8 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжгүй, манай банкнаас гаргаж байгаа зээлд хамрагдах боломжтой гээд жилийн 20 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлд хамруулсан. Одоо Засгийн газраас 0,5 хувийн хүүтэй зээлүүдийг олгож эхэлснийг бүгд мэдэж байгаа. Д.Бадамханд нь 16 сарын хугацаанд 31 удаагийн төлбөр төлөлтөөр нийтдээ 17 422 129 төгрөг төлсөн, үүнээс үндсэн зээлд 512 990 төгрөг хасагдаж, үлдэх 16 000 000  төгрөгийг банк хүүндээ тооцон авсан байгаа. Банк энэ төлсөн хүүгийн хэмжээгээр ашиг олсон гэсэн үг. Зээлээ төлөхгүй 303 хоног хугацаа хэтэрсэн  гэдгийг зөвшөөрөхгүй, хамгийн сүүлд 2016 оны 06-р сарын 30-нд төлөлт хийсэн байна. Д.Бадамхандын төлж байсан зээлийн төлбөрийг “Хас банк”-наас дансны хуулгаар 0.8 хувийн хүүгээр тооцоход хүүгийн өргүй, харин 4 852 127 төгрөгийн хүүгийн илүү төлөлттэй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэж заасныг үндэслэн зээлийн хүүг 0,8 хувь болгон багасгаж өгнө үү. Энэ тооцоогоор бол зээлдэгч нь 80 634 680 төгрөгийн төлбөрийг төлөхөөр зөвшөөрч байна. Харин үлдэгдэл 17 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй  гэв.

 

        Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч “Хас” нь Д.Бадамхандад холбогдох зээлийн гэрээг цуцалж, 97 190 012 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнэлээ.

 

Хас банк нь Д.Бадамхандтай 2015 оны 02-р сарын 17-ны өдөр 140003919 тоот зээлийн гэрээ, 140003919-01 тоот баталгаат ипотекийн гэрээ  байгуулж 86 000 000 төгрөгийг 240 сарын хугацаатай, жилийн 22 хувийн хүүтэйгээр, улсын бүртгэлийн  Ү-2203008843 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 7-р хороо, 11-р хороолол, 13-р байрны 57 тоот сууцыг барьцаалан зээлүүлэхээр тохирчээ.  Талуудын хооронд Иргэний хуулийн 451-р зүйлд заасан “Зээлийн гэрээ”, 140003919-01 тоот барьцааны гэрээ нь энэ хуулийн 156-р зүйлийн 156.1, 156.2, 166-р зүйлийн 166.1 дэхь хэсэгт  зааснаар бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан байна. /хх-10-16, 26/

 

Зээлдүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 86 000 000 төгрөгийг 2015 оны 2-р сарын 17-ны өдөр зээлдэгчид шилжүүлсэн, харин зээлдэгч нь 2015 оны 3-р сарын 8-наас 2016 оны 6-р сарын 30-ны хугацаанд зээл, зээлийн хүүд 17 422 199 төгрөг төлсөн боловч эргэн төлөлтийн хуваарийг 2015 оны 2-р сараас эхлэн зөрчиж зээл, зээлийн хүүг хугацаанд төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.

Зээлдэгч нь гэрээний 2-р зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар зээлдэгч нь зээл, зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй бол гэрээний 6-р зүйлийн 6.1.1-д зааснаар гэрээг зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцлахаар тохирчээ. 

Зээлдүүлэгч нь зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэх нэмэлт хугацааг 2015 оны 10-р сарын 29-ний өдрийн мэдэгдэх хуудсаар, 2016 оны 05-р сарын 31-ний өдрийн шаардах хуудсаар /хх 22, 23/ тус тус тогтоож өгсөн боловч үр дүнд хүрээгүйгээс гэрээгээ цуцалж, хохирлоо шаардсан байна.

 

Хариуцагч Д.Бадамханд нь зээл, зээлийн хүүд 17 422 199 төгрөг төлсөн, гэрээ цуцлах талаар маргаагүй, харин зээлийн хүү өндөр тогтоосон талаар маргаж хүүг 8 хувь болгон багасгахыг хүсчээ.

 

Харин банк тухайн үед 80 м.кв хүртэл талбай бүхий орон сууц худалдан авч байгаа тохиолдолд зээлийн хүүг жилийн 8 хувиар олгож байсан бөгөөд ийм хүүтэй зээл олгоход сууцны талбайн хэмжээ нь тогтоосон хэмжээнээс их байсан нь зохигчийн тайлбар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр тогтоогдсон, 8 хувийн зээлд хамрагдах боломжгүй байна. 

Хас банкны тогтоосон зээлийн жилийн хүү 20 хувь буюу сарын 1.6 хувийн хүү нь  Банкны тухай хуулийн 10-р зүйлийн 10.1 дэх хэсэгт “Банк иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгож болох бөгөөд зээлийн хүүг өөрөө тогтооно”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны  тухай хуулийн 21-р зүйлийн  1 дэх хэсэгт “Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлнэ”, 2 дахь хэсэгт  “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэснийг зөрчөөгүй, өөрөөр хэлбэл, талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн гэрээ байгуулж зээл, зээлийн хүүг тохирсон гэж үзнэ.

 

Нөгөө талаас, талуудын гэрээгээр тохирсон зээлийн хүү нь бусад  банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн тогтоосон зээлийн хүүгээс хэт өндөр, зээлдэгчид илтэд хохиролтой тогтоогдсон гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Хариуцагч Д.Бадамханд нь төлбөрийг сайн дураар биелүүлээгүй нь баталгаат ипотекийн гэрээгээр барьцаалуулсан хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэл болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд  заасныг удирдлага болгон

                                                                                               ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 225-р зүйлийн 225.2, 451-р зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дариймаагийн Бадамхандаас 97 190 012 /ерэн долоон сая нэг зуун ерэн мянга арван хоёр/ төгрөг гаргуулж “Хас” банкинд олгосугай.  

 

            2. Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Д.Бадамханд нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн  Ү-2203008843 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 7-р хороо,   11-р хороолол,  13-р байрны   57 тоот    сууцыг   дуудлага   худалдаагаар

 

худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хариуцуулсугай.

 

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 643 900  төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д.Бадамхандаас 643 900 /зургаан зуун дөчин гурван мянга есөн зуу/ төгрөг гаргуулж Хас банкинд олгосугай.

 

4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны давж заалдах гомдол гаргах  эрхтэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Р.АЛТАНТУЯА