| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2020/0072/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/77 |
| Огноо | 2020-09-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/77
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Б.Азжаргал,
улсын яллагч Ш.Батсүх,
шүүгдэгч П.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ж овогт П-ийн Ээд холбогдох эрүүгийн 2017001330079 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1962 оны 12 дугаар сарын 18-нд Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 58 настай, бүрэн бус дунд боловсролтой, нефтийн сав тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, UB транс ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ............ дугаар баг, Уулзварын......... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт П-гийн Э /РД: ........../
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч П.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Уулзварын 1-113 тоотод байх гэртээ 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр А.Жы баруун гарын шууг шалтаг шалтгаангүйгээр заазуураар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Уулзварын 1-113 тоотод байх гэртээ 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр А.Жы баруун гарын шууг шалтаг шалтгаангүйгээр заазуураар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч П.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өмнө нь Жтай хамт нэг газар ажилладаг байсан. Тэр өдөр тамхи авах гэж яваад дэлгүүр дотор Жтай таарсан. Тэгээд нэг шил архи аваад манайд очиж уусан. Тэгээд би их согтсон байсан нэг мэдсэн чинь заазуур бариад зогсож байсан. Жд боолтны 49 000 төгрөг, эм тарианы 40 000 төгрөг өгсөн, одоо бид хоёрын харьцаа хэвийн байгаа. Ийм зүйл хийсэндээ их гэмшиж байна гэв.
Хохирогч А.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 20 цаг арай болоогүй байхад дэнжийн Андууд дэлгүүрийн өөдөөс харсан дэлгүүр дотор Э ахтай тааралдсан. Би Э ахтай ойрд уулзаагүй гээд дэлгүүрээс Экс нэртэй 0,75 литрийн архи аваад Э ахын гэрт очсон. Э ахын гэрт эхнэр нь мөн танихгүй эмэгтэй байсан. 20 цагаас өмнө дахин дэлгүүр ороод дахиад 1 шил архи авсан. Тэгээд тэр архийг уусан. Сүүлийн архинаас 2 эмэгтэй уугаагүй. Э ахын эхнэр нөгөө эмэгтэйн хамт жижиг өрөөнд ороод хэвтээд өгсөн. Э ах бид 2 үлдсэн архийг уугаад юм яриад сууж байсан. Э ах нилээн согтсон байсан. Би гэртээ харих гэтэл Э ах хоноод явахгүй юм уу гэхээр нь би тэгье гээд сууж байтал Э ах заазуур бариад хүрээд ирэхээр нь яах гээд байна гээд заазуурыг нь авах гэтэл баруун гарын шуу хэсэгт зүсчихсэн. Миний баруун гарын шуу хэсгээс цус гараад эхэлсэн. Би Э ахын эхнэр Эцэцэгийг дуудсан. Эцэцэг эгч гарч ирээд миний гарын шууг марлиар боосон. Тэгээд эмнэлэг дуудсан... Э ах эм тариа аваарай гээд 40 000 төгрөг өгсөн өмнө нь аймгийн эмнэлэгт оёдол хийлгэсэн 49 000 төгрөгийг төлсөн. Одоо надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-17-18-р тал/,
Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 19 цаг өнгөрч байхад манай нөхөр тамхи авахаар дэлгүүр явсан. Буцаж ирэхдээ Ж гэдэг урьд нь хамт ажилдаг байсан залуутай хамт ирсэн. Тэр 2 Улаанбаатар нэртэй 1 шил архитай ирсэн. Тухайн үед манай гэрт О гэх эмэгтэй ирсэн байсан юм. Жы авчирсан архийг бид нар хувааж уусан. Оюунцэцэг их уугаагүй ганц нэг хундага л уусан байх. Тэр архийг дуусаад дахиад дэлгүүрээс 0,75 литрийн архи авчирсан. Тэр архийг уугаад юм ярьж суусаар байгаад цаг нилээн орой болсон. Ожижиг өрөөнд унтаад өгсөн. Би том өрөөндөө унтах гээд хэвтсэн. Э Ж нар юм яриад гал тогоонд сууж байсан. Э нилээн согтсон Ж арай гайгүй харагдсан. Би зүйрмэглэж байтал Ж эгч болохоо байлаа эмнэлэг дууд гэсэн. Би учрыг нь ололгүй босоод очтол Жы баруун гарын бугуй хэсэгт зүсэгдсэн тэрнээс цус гарч байсан. Би марлиар шархыг боогоод эмнэлэг дуудсан. Эмнэлэг цагдаа 2 хамт ирээд Ээг цагдаа аваад явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,
Гэрч З.О мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ... Би энэ архийг ууж дуусгаад Э ахын жижиг өрөөнд ороод унтаад өгсөн. Шөнө дунд хүмүүс шуугилдаад байхаар нь босоод очсон чинь цагдаа эмнэлэг ирсэн байсан. Жы нэг гарынх нь шуу хэсгээс цус гарч байсан. Аль талын гар гэдгийг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...П.Э ахын хувьд үг дуу цөөтэй, төлөв даруу зантай. Хүнтэй эвсэг харьцаатай. Янз бүрийн муухай ааш зан байхгүй. Найз нөхдийн дунд нэр хүнд сайтай. Хүнтэй маргалдаж байхыг нь хараагүй. Хаая нэг архи уухаараа чимээгүй унтаад өгдөг...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,
Шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 223 дугаартай дүгнэлтэд:
- А.Жы биед баруун гарын шуунд шарх гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн нэг удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Б.С гэх дүгнэлт /хх-ийн 25-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч П.Ээг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч П.Ээ нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн 2017001330079 дугаартай хэрэгт битүүмжилсэн, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн шаргал өнгийн иштэй ажлын хэсэгт нь 15,1 см урт, өргөн нь 7 см өргөн, бариул хэсгийн урт 12,2 см урттай заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт П-ийн Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч П.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч П.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч П.Э нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн иштэй ажлын хэсэгт нь 15,1 см урт, өргөн нь 7 см өргөн, бариул хэсгийн урт 12,2 см урттай заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ