| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2020/0073/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/78 |
| Огноо | 2020-09-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2020/ШЦТ/78
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,
улсын яллагч Ш.Батсүх,
шүүгдэгч Ө.С,
шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Өын С, Ш овогт Бын Х нарт холбогдох 2017001400080 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1985 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 2, хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянхошууны ..........тоотод оршин суух, Баяннексус ХХК-д нарийн бичиг ажилтай, урьд ял шийтгэлгүй гэх, Х овогт Ө-ын С/РД:............./,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд 1995 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засаг, менежмент мэргэжилтэй, ам бүл 9, аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянхошууны ........... тоотод оршин суух, Баяннексус ХХК-д нярав ажилтай, урьд ял шийтгэлгүй гэх, Ш овогт Б-ын Х /РД:........./,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Ө.С нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баяннексус ХХК-ний байранд Б.Хтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний үснээс зулгаах, хэвлий хэсэг рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч Б.Х нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагааявуулдаг Баяннексус ХХК-ны байранд Ө.Стай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний үснээс зулгаах, нүүрийг нь маажих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.С нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баяннексус ХХК-ний байранд Б.Хтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний үснээс зулгаах, хэвлий хэсэг рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Х нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагааявуулдаг Баяннексус ХХК-ны байранд Ө.Стай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний үснээс зулгаах, нүүрийг нь маажих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1. Шүүгдэгч Ө.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед бибуруу шаардлага тавьсан байж магадгүй, дахин ийм асуудал гаргахгүй. Одоо бидний харилцаа хэвийн болсон. Х надад соривны тос авч өгсөн. Би хохирол төлбөр нэхэмжлээгүй гэв.
2. Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид 2018 оноос хойш хамтран ажиллаж эхэлсэн хүмүүс. Ө.Сгийн тавьсан шаардлагыг би биелүүлээгүйгээс үүдэж маргаан болсон. Миний буруутай үйлдлээс болж Сгийн биед гэмтэл учирсан. Хохирол төлбөр дээр бид харилцан тохиролцсон гэв.
3. Хохирогч Ө.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн орчим нярав Х, тогооч Б, үйлчлэгч Б нарт Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн шаардлагыг танилцуулахдаа нярав Хтай холбоотой нилээд хэдэн заалт байсан болохоор Хд хандаад чи бал цаас гаргаад тэмдэглэж авахгүй юм уу гэж хэлсэн чинь Х миний компьютер дээр тэгнэж зогсчихоод би өөрөө мэдэж байна чи надад заадаг хэн юм бэ гэж хэлээд ширээн дээр байсан шаардлагыг надаас булаагаад авсан. Тэгэхээр нь би чи наад шаардлагаа өг би энэ хүмүүст танилцуулмаар байна гэж хэлсэн чинь Х тэр шаардлагыг базаад над руу шидсэн. Тэгэхээр нь би Хг өөрийнхөө ширээнээс холдуулах гээд чи цаашаа яв гээд гар луу нь түлхсэн чинь Х над руу дайраад намайг үсдэж аваад чирсэн. Тэгэхээр нь би өөрөөсөө салгах гээд үснээс нь бариад Хтай зууралцсан тэр үед хажууд байсан Б, Б нар надаас Хг салгасан. Х миний үснээс зулгаасан байхдаа нэг гараараа миний зүүн чих болон зүүн хацар, баруун чамархай орчимд маажсан. Би Хг жирэмсэн гэдгийг нь мэдэж байсан болохоор өөр илүү үйлдэл гаргаагүй. Х над руу дайрахаас өмнө миний биед учирсан гэмтэл шарх байгаагүй. Миний биед учирсан гэмтлийг Х надад учруулсан. Хд маажуулсаны улмаас нүүрэн дээр үүссэн соривоо арилгуулж авмаар байна. Үүнээс гарах зардлын мөнгийг нэхэмжилнэ. Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-23, 24-р хуудас/
4. Хохирогч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн орчим ажил дээр нарийн бичиг Сгийн өрөөнд яваад орсон чинь тогооч Б, үйлчлэгч Б, С нар байж байсан. С аймгийн Мэргэжлийн хяналтын газраас манай компанид ирүүлсэн албан шаардлагыг бид гуравт танилцуулсан. Тухайн шаардлагад миний ажилтай холбоотой тодорхой зөрчлүүд заагдсан байсан. С надад хандаад чи бичиг цаас авч ирээд миний хэлж ярьж байгааг тэмдэглэж авдаггүй юм уу гээд хашгичиж эхэлхээр нь би өөдөөс нь чи надтай жоохон зөөлөн харьцаач яасан мууухай чанга харьцдаг юм бэ гэж хэлсэн. Тэгсэн чинь С суудлаасаа босч ирээд над руу хандаад би чамд энэ шаардлагыг танилцуулах албагүй чи энэ өрөөнөөс гар гээд гараараа миний цээж рүү түлхсэн. Би тэгэхээр нь өөдөөс нь тэгвэл наад шаардлагыг чинь канондож авна гэж хэлсэн чинь С над руу би чамд энэ шаардлагыг өгөхгүй гэж хэлэхээр нь би Сгийн ширээн дээр байсан цаасыг авсан чинь С надаас тэр цаасыг булааж аваад ширээн дээрээ тавьчихаад миний дэргэд ирээд миний гэдэс рүү нэг удаа өшиглөсөн. Би тэгэхээр нь зөрүүлээд Сг өшиглөх гэсэн чинь Б Сг хориод цааш нь түлхэхэд миний хөл өшиглөж хүрээгүй. Тэгтэл С миний хажууд ирээд миний үснээс зуураад зулгаасан. Би тэгэхээр нь өөдөөс нь мөн Сгийн үснээс зулгаагаад бид хоёр биенийхээ үснээс зулгаацалдаад байж байхад Б, Б хоёр С бид хоёрыг салгасан. Миний хувьд Сгийн нүүрэнд хүрээгүй үснээс нь л зулгаасан.Энэ үед С Баатар захиралтай Ви чатаар холбогдоод болсон асуудлыг хэлж дуусаад өөрийнхөө ширээн дээр нөгөө бичгээ тавихаар нь би тэр бичгийг авсан чинь миний дэргэд ирээд гараараа миний толгой руу хоёр удаа цохисон тэр үед Б, Б нар бид хоёрыг салгасан чинь Сантуяа би чамайг цагдаад хэлнэ гээд цагдаа руу залгаж ярьчихаад гараад явсан. Миний толгой хавдсан, гарын шуунд зулгарсан шарх үүссэн. Толгой байнга өвдөж байгаа. Тийм учраас годолтой байна.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 26-27, 28-р хуудас/
5. Гэрч Р.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нарийн бичиг С нярав Х, тогооч Ууганцэцэг, үйлчлэгч Б бид хэдийг өрөөндөө дуудсан. Бид нарт аймгийн Мэргэжлийн хяналтын газраас манай байгууллагад шалгалт хийгээд ирүүлсэн шаардлагыг танилцуулаад бичиж тэмдэглэж аваарай гэсэн. С Хд хандаад миний хэлж байгааг бал цаас гаргаад тэмдэглэж авахгүй юм уу гэж хэлсэн чинь Х өөдөөс нь яахав яахав гээд зогсоод байсан. Компани дээр хүнсний гэрээ байх ёстой хаана байна гэхэд би байхгүй юмыг яах юм бэ гээд үл тоосон шинжтэй Сгийн ширээн дээр тохойлдсон байдалтай байсан. Тэгтэл С чи тэгвэл гар би энэ хүмүүст шаардлагыг танилцуулья гэж хэлээд ширээн дээр тохойлдсон гар луу нь түлхсэн чинь Х би гарахгүй наад шаардлагаа надад өг гээд нөгөө танилцуулж байсан цаасыг нь базаад авсан. Тэгтэл С чи яахаараа миний танилцуулж байгаа албан бичгийг авдаг юм бэ өг гээд Хгийн базсан цаасыг хоорондоо булаацалдаж байгаад үсдэлцээд авсан. Б тэр хоёрын дундуур ороод салгасан чинь Сгийн нүүрийг нь маажсан цус гарч байсан. Тэгсэн чинь С чи миний нүүрийн ийм болтол нь маажсан би цагдаа дуудаж шалгуулна гээд цагдаа дуудсан. Би тэгээд Хд хандаад чи хүний нүүр юу ч үгүй маажаад хаясан байна. Гоо сайхан гээд баларна шүү дээ гэж хэлсэн чинь Х харин тиймээ гээд өөр зүйл хэлээгүй. Хгийн биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Сгийн нүүрийг нь гурван газар маажсан байсан. Сгийн зүүн чихнийх нь орчмоос цус гараад намдахгүй байсан. С Хг өшиглөөгүй.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 29-30-р хуудас/
6.Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Х, Б бид гурав Сгийн өрөөнд ороход С бид нарт аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн албан бичгийг танилцуулж эхэлсэн. Нярав Хд холбоотой асуудлыг танилцуулж байгаад чи энэ оны гэрээгээ яасан юм бэ миний хэлж байгааг тэмдэглэж авахгүй юм уу гэж хэлэхэд Х би наад бичгийг чинь хуулбарлаж авна гээд энэ хоёр маргалдаж байхдаа хоёр биенийгээ үсдэлцээд авсан. Би тэр хоёрын дундуур нь ороод болиоч гээд салгасан. Намайг С, Х нарыг салгахад Сгийн нүүрэнд гурван газар маажуулсан байсан. Харин Хгийн биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Би энэ хоёрыг салгаснаас хойш С, Х нар дахин хоорондоо маргалдсан муудалцсан асуудал байхгүй. С цагдаад хэлнэ гээд утсаар ярьж байсан. С Х нар үсдэлцээд зууралцаад салснаас өөрөөр бие биенийгээ цохисон, зууралцсан, өшиглөсөн асуудал гараагүй.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 31-32-р хуудас/
7. Гэрч С.У мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гадуур ажилтай ажил дээрээ байгаагүй. Тэгтэл манай нөгөө тогооч Б над руу утсаар залгаад ажил дээр хүрээд ир гэж дуудахаар нь би нилээн байж байгаад ажил дээр ирсэн чинь Б өрөөндөө байгаагүй. Тэгэхээр нь би дээшээ хоёр давхар луу гарсан чинь Сгийн өрөөнд Х, Б, Б нар байсан. Намайг ороход С, Х нар хоорондоо муудалцсан гээд Сгийн цамцны ханцуйнаас Х зуурсан түүнийг нь Б тавиулах гээд зогсож байсан. Би тэгэхээр нь ороод та нар боль гээд тэр хоёрт хандаад хэлэхэд Х Сгийн ханцуйнаас нь тавьсан. С цагдаа дуудсан. Хгийн биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Х, С нарын үс нь арзайж сэгсийсэн байдалтай байсан.”гэсэн мэдүүлэг /х.х-ийн 33 хуудас/
8. Гэрч Д.У мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр би хувийн ажлаар Улаанбаатар хотод байсан. Энэ хугацаанд манай ажлын С, Х нар ажлын байран дээр хоорондоо маргалдсан асуудал гаргасан гэж сонссон. Өнөөдрийн байдлаар тухайн компанийн оффисын асуудлыг хариуцаж байгаа. Би ар гэрийн асуудлаар Улаанбаатар хотод нэг хэсэг байх явцдаа бичиг хэргийн ажилтан Сд ажилчдын цагийн бүртгэл болон бусад бичиг хэргийн ажлыг эмх цэгцтэй тухай бүр нь хүмүүст танилцуулж хариуг холбогдох байгууллагуудад хүргүүл гэдэг үүргийг амаар өгсөн байсан. Энэ үүргийн дагуу С аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн шаардлагыг танилцуулсан байсан.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 34-35-р хуудас/
9. Шинжээч Б.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Мөрдөгч д/ч А.Баясгалангийн шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу Х, С нарын биед үзлэг хийж дүгнэлтүүдийг гаргасан. Магадлуулагч Ө.Сгийн биед учирсан гэмтлүүдээс зүүн чихний дэлбээнд учирсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дангаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дангаараа болон хавсарсан ч гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь бүгд нийлсэн ч гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. Магадлуулагч Б.Хгийн биед учирсан тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй, эдгээр гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт өөрчлөлт орохгүй. Аливаа хүний биед үүсч буй тархи доргилт гэмтэл нь тархийг доргих хэмжээний ямарч хүч үйлчилсэн тархи доргих боломжтой. Үүнд үснээс зулгаах, дугтрах зэрэг нь орж байгаа юм. Гэмтлийн зэргийг тогтоохдоо аль хүнд гэсэн гэмтлийнхээ зэргээр нь тогтоодог. ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20-р хуудас/
10. Шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 242 дугаар дүгнэлтэнд:
- Б.Хгийн биед тархи доргилт баруунх шуунд зулгаралт, баруун гуянд цус хуралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байна.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашинд ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч, Б.Сэргэлэн гэжээ. /х.х-ийн 13-14 хуудас/
11. Шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 240 дугаар дүгнэлтэнд:
- Ө.Сгийн биед зүүн чихний дэлбээнд шарх, зүүн хацар, баруун шанаанд зулгаралт, толгойн хуйхны дагз хэсэгт зөөлөн эдийн няцрал гэх шинэ гэмтлүүд тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч, Б.С гэжээ. /х.х-ийн 17-18 хуудас/
12. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсууд /х.х-ийн 51-52-р хуудас/
13. “Баяннексус” ХХК-ынн Ө.С, Б.Х нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар, Монгол улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлагын хуулбар /хх-ийн 67-70, 75-83-р хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Ө.С, Б.Х нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ө.С, Б.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгонТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ө-н Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Ш овогт Б-ын Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Сг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг тус бүр 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.С, Б.Х нарт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ