| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07972/И |
| Дугаар | 102/ШШ2017/00104 |
| Огноо | 2017-01-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2017/00104
2017 оны 01 сарын 04 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00104 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4-р хороолол, 11-р байрны 55 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЧЛ61022762, Мижгээ овогтой Самбуугийн Пагамаагийн хүсэлттэй хөдөлмөрийн дэвтэрийн эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Пагамаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Пагамаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1982 онд Дархан хотын Политехникумыг төгсөөд Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харъяа Цахилгаан эрчим хүчний барилга угсралтын трестийн даргын 1982 оны 4-р сарын 19-ний өдрийн тушаалаар слесариар хуваарилагдсан. Тушаал дээр миний нэрийг Палам гэж бичсэн байсан, тэтгэвэр тогтоолгох гэж байгаа учраас энэ ажилласан байдлыг тогтоож өгнө үү. Мөн хөдөлмөрийн дэвтэр дээр Пагамаа гэдэг нэрийг нэг “А” үсгийг орхин Пагама гэж бичсэн байсан тул хөдөлмөрийн дэвтэрийн эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Пагамаа нь хөдөлмөрийн дэвтэрийн эзэмшигч, ажилласан жил тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Самбуугийн Пагамаа нь Завхан аймгийн Цэцэн-Уул суманд 1961 оны 02-р сарын 27-ны өдөр төрж, түүнд 35 тоот төрсний гэрчилгээ, улмаар иргэний үнэмлэх олгогджээ. /хх-3/
Түүнд олгогдсон 105277 дугаартай хөдөлмөрийн дэвтэр нь “Самбуугийн Пагамаа” нэрээр бичигдсэн, түүний төрсөн он, сар, өдөр нь регистрийн дугаартай тохирсон байна.
С.Пагамаагийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхэнд бичигдсэн эцгийн болон өөрийн нэр нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн нэрээс өөрөөр бичигдээгүй, өөрөөр хэлбэл, овог, нэр зөрүүгүй, Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харъяа Цахилгаан эрчим хүчний барилга угсралтын трестийн даргын 1982 оны 4-р сарын 19-ний өдрийн “Ажилд томилох тухай” 57 тоот тушаалд “Самбуугийн Палам” гэж бичсэнийг хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоох шаардлагагүй гэж дүгнэлээ.
Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харъяа Цахилгаан эрчим хүчний барилга угсралтын трестийн даргын 1982 оны 4-р сарын 19-ний өдрийн “Ажилд томилох тухай” 57 тоот тушаалаар С.Паламыг цахилгааны 4-р зэргийн слесариаар ажиллуулж, 1983 оны 10-р сарын 05-ны өдрийн 178 тоот тушаалаар түүнийг ажлаас нь чөлөөлсөн, ТЭХҮЯ-ны харъяа Эрдэм шинжилгээ, зураг төслийн институтын мэдэлд шилжүүлсэн, 1983 оны 4-р сарын 20-ны өдрийн 63 тоот “Ажилчин албан хаагчдын ээлжийн амралтын тухай” тушаал гарсан байх ба эдгээр тушаалд нэрийг “Самбуугийн Палам”, “Самбуугийн Пагам” зэргээр зөрүүтэй бичсэн боловч эдгээр тушаал шийдвэрээр ажилласан байдлууд нь хөдөлмөрийн дэвтэрт тусгагдсан байна.
Түүнээс гадна С.Пагамаагийн ажилласан байдал нь 105277 тоот хөдөлмөрийн дэвтэр, гэрч Н.Дашзэвэг, Д.Пунцагдулам нарын мэдүүлгүүд, хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118, 133-р зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Самбуугийн Пагамааг 1982 оны 04-р сарын 07-ны өдрөөс 1983 оны 10-р сарын 01-нийг хүртэл Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харъяа Цахилгаан эрчим хүчний барилга угсралтын трестэд цахилгааны слесариар ажиллаж байсныг тогтоож, 135.2.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 6-р зүйлийн 2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА