| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07501/И |
| Дугаар | 102/ШШ2017/00105 |
| Огноо | 2017-01-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2017/00105
2017 оны 01 сарын 04 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00105 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, Тэнгэр рашааны 79б-14 тоотод оршин суух, Улсын мал эмнэлэгийн ариун цэврийн төв лабораторит шинжлэгч эмч ажилтай, регистр НЫ83032075, Боржигон овогтой Сүхбаатарын Болдбаатарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 12-р хороо, 6-р бичил хороолол, 13-р байрны 55 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ИЭ61110572, Инхаа овогтой Дашнямын Баярмагнай, Л.Насантогтох нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4 364 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Болдбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 11 дүгээр сарын 19-нд Насантогтох нь “мөнгө зээлүүлээч, энэ жил өлөнгийн ханш унаад биснес хийхэд боломжтой байна” гэсэн. Мөнгийг чинь удаахгүй өгнө гээд хүүхдийнхээ хамт ирж 200 000 иенийг 7 хоногийн хугацаатай авсан. Би тухайн үед утсан дээрээ бичлэг хийж баримтжуулж авсан байгаа. Тэгээд 7 хоногийн хугацаа өнгөрч утсаар ярихад “удаахгүй өгнө” гэхээр итгэж маш их хүлээсэн. Сүүлд нь дүүгийнхээ машиныг зараад өгнө гэсэн боловч өгөөгүй, нөхөр Д.Баярмагнайтай очиж уулзахад “бид удахгүй төлнө, өлөнгөө урагшаа гаргаж чадахгүй байна” гэсэн. 2016 оны 04 сард гэрт нь очиход Д.Баярмагнай мөнгийг 4 сарын 20-ны дотор төлж барагдуулна гэж бичиж өгсөн. Тэгээд одоо болтол төлөөгүй байгаа тул 200 000 иенийг “Монгол банк”-ны ханш 21.82 төгрөгөөр тооцож 4 363 000 төгрөгийг Д.Баярмагнайгаас нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Д.Баярмагнай шүүхэд гаргасан тайлбартаа: ...Л.Насантогтох нь удаан хугацаанд хүнд өвчний улмаас нас барсан бөгөөд Баярмагнай миний бие нэхэмжилсэн 3 300 000 төгрөгийг эргүүлэн төлөх болсон. Энэ мөнгийг төлөх гэхээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн маань борлогдохгүй, зах зээлийн хямралд түр хугацаагаар өртсөн учраас өгч чадалгүй өдий хүрсэн. Иймд борлуулалт хийж мөнгө гарч иртэл түр хугацаа олгож асуудлыг шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Болдбаатар нь Д.Баярмагнай, Л.Насантогтох нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4 364 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх Л.Насантогтохт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Баярмагнайд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
С.Болдбаатар нь 2015 оны 11-р сарын 19-ний өдөр Л.Насантогтохт 200 000 иенийг 7 хоногийн хугацаатай зээлүүлж, баримтаар хүлээлгэн /хх 5/ өгчээ.
Харин зээлдэгч мөнгийг хугацаандаа төлөөгүй бөгөөд 2016 оны 3-р сарын 12-нд “200 000 иен буюу 3 300 000 төгрөгийг 2016 оны 4-р сарын 1-ний дотор төлөхөөр” хариуцагч Д.Баярмагнай тодорхойлолт /хх 4/ гаргасан байна.
Хариуцагч Л.Насантогтох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд буюу 2016 оны 11-р сарын 16-ны өдөр нас барсан нь 0000195185 тоот гэрчилгээгээр тогтоогдсон байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч Д.Баярмагнай нь нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй боловч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй байгаагаас зээлийг төлөхөд хугацаа шаардлагатай талаар тайлбарлажээ.
Зээлдүүлэгч нь Япон улсын мөнгөн тэмдэгт 200 000 иен шилжүүлсэн тул Монгол банкны 2016 оны 8-р сарын 31-ний өдрийн албан ёсны ханш 21.82 төгрөгөөр тооцож 4 364 000 төгрөгийг Д.Баярмагнайгаас гаргуулах нь зүйтэй.
Д.Баярмагнай нь шүүх хуралдааны мэдэгдлийг 2016 оны 12-р сарын 26-ны өдөр хүлээн авсан боловч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дашнямын Баярмагнайгаас 4 364 000 /дөрвөн сая гурван зуун жаран дөрвөн мянга/ төгрөг гаргуулж Сүхбаатарын Болдбаатарт олгож, Л.Насантогтохт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 100 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д.Баярмагнайгаас 88 100 /наян найман мянга нэг зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА