Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 38

 

 

 

 

  

 

                                                          

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Тэгшдүүрэн

Улсын яллагчаар хяналтын  прокурор Б.Мөнгөнтуяа

Хохирогч Ц.Байгальмаа

Шүүгдэгч Х.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.М-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х

овогт Х.С-д холбогдох эрүүгийн 2019000650045 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х.С,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Х.С нь  тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Тоёото инсайт маркийн 26-40 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож  яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн “...3 дугаар бүлэг. 3.7- /Жолоочид дараах зүйлийг хориглоно. /а/ тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/ жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12 дугаар бүлэг /Тээврийн хэрэгслийн хурд/ 12.3-Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Дорноговь аймгийн Алтанширээ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах босоо тэнхлэгийн А/0102 дугаартай, 35 дугаар зөрлөгөөс хойш 10 км зайд хатуу хучилттай асфальтан зам дээр онхолдож, зам тээврийн осол гарган уг авто машинд зорчиж явсан иргэн Ц.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.С-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 3 цагийн үед М ахыг хүргэж өгнө гээд явсан юм. Тэгээд манай ээж тэр үед холын замд ядарна, ганцаараа явж чадахгүй гээд намайг авч явсан. Тэгээд осол болохын өмнө М ах би тамхи татаж болох уу гэж асуухаар би болно гэхэд миний араас тамхи татах уу гээд өгөхөөр нь би эргэж зүүн гараараа тамхи аваад урагшаа хартал нүдний хараа шилжүүлэх хооронд машин баруун гар талруугаа замаас гарах гэж байхаар нь би сандраад зүүн гар талруугаа рүлээ дартал замын голоос давчихаар нь сандраад дахиад рүлээ баруун гар талруугаа дартал машин замын баруун гар тал руу замаас гараад доошоо жоохон яваад машины урд талын зүүн гар талын урд дугуйнд шороон бартаа таараад машин зүүн талруу хараад дугуйн дээрээ тогтоод зогссон...” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Ц.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Тухайн үеийн асуудлыг би сайн санахгүй байгаа. Манай 2 хүүхэд ухаантай, ээжийнхээ үгэнд сайн ордог хүүхдүүд юм. Би урьд нь тухайн автомашинтайгаа явж байгаад осолд орох шахсан юм. 80 км/цагийн хурдтай яваагүй байхад осолдохоо шахсан,  тэрийг нь мэдсээр байж хүүдээ автомашинаа жолоодуулсан нь маш их алдаа болсон. Би яг хэргийн газар дээр болсон нөхцөлийг санахгүй ч, болсон үйл явдал миний буруугаас болсон. Одоо миний бие дээрдэж байгаа, миний хүү ээжийгээ маш сайн асарч байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг болсон гэх газар нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын 1 дүгээр багийн нутагт байрлах босоо тэнхлэгийн асфальтан замын дагуу болсон гэх ба хэргийн газарт зам тээврийн осол болсон байлаа. ... АЗ дугаараас зүүн тийш 4 м 50 см зайтай, зүүн урагшаа харсан байдалтай цагаан өнгийн тоёото инсайт маркийн 26-40 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл 4 дугуйн дээрээ зогсож байлаа. ...” гэжээ. Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-13 дугаар хуудас/,

 

Гэрч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 сарын 06-нд би амраад Сайншанд суманд гэртээ байж байтал надтай хамт ажилладаг М бид хоёрыг ажилдаа ир гээд захирал дуудахаар нь 2020 оны 02 сарын 08-ны өдөр би М ах руу утсаар яриад 2-уулаа таксигаар явах уу гэхэд “манай машинаар явъя манай эхнэр хүргэж өгье гэж байна” гээд 14 цагийн орчим эхнэртэйгээ намайг ирж авсан. М ах намайг машин бариад яв гэхээр нь би машиныг нь бариад М ах эхнэртэйгээ ард, хүүхэд нь урд суугаад бид Даланжаргалан сумруу явсан. Цагаан хаалган дээр очтол М ах эхнэртэйгээ хоёулаа наанаа зогсчих, манай хүүд машинаа бариулчих гээд би урд нь суугаад хүү нь машин бариад цааш явсан. 35 дугаар зөрлөг өнгөрөөд явж байгаад би үүрэглэсэн байсан. Тэгтэл гэнэт М ах хүүе гэхээр нь өндийгөөд хартал машин талаараа явж байгаад замын баруун гар талруу унасан. Хүүхэд бид хоёр эхэлж машины хаалгыг нээж гарч ирсэн. Дараа нь М ах машинаас гарч ирсэн байсан. Яаж гарч ирснийг хараагүй. Машин зүүн тийшээ хараад зогссон байсан. Машины ертөнцийн зүгээр хойд талд ээж нь дээшээ хараад хэвтэж байсан. Хүү бид 2 очоод хүү нь ээжээ гээд дуудахад дуугарахгүй, хөдлөхгүй байсан. Би битгий хөдөлгөөрэй түргэн дуудъя гээд эмнэлэг, цагдаа дуудсан. ...Хондо инсиат маркийн 26-40 *** улсын дугаартай цагаан өнгийн машинтай явсан. Би үүрэглэж явсан болохоор хэдэн км цагийн хурдтай явсныг мэдэхгүй байна. ... Миний толгой өвдөж байна. Өөрөөр гайгүй эмчид үзүүлээгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б-тэй утсаар яриад хоёулаа манай машинтай хамт явъя гэж тохирсон. Тэгээд манай эхнэр Б би та хоёрыг хүргэж өгье хүү С-тэй хамт явъя, буцаж ирэхдээ ханьтай гээд бид хамт явахаар болоод 2020 оны 02 сарын 08-ны өдөр 13 цагийн орчимд манай 26-40 *** улсын дугаартай Хондо инсиат маркийн цагаан өнгийн машинтай Б машиныг жолоодож, Сайншанд сумаас гарч цагаан хаалганы дэргэд очоод зогссон. Тэгсэн эхнэр хүүдээ машнаа бариулъя жолоо төгсөх гэж байгаа юм чинь машин барьж сураг гэхээр нь би С-ээр машинаа бариулаад Б урд талд, эхнэр бид 2 машины арын суудалд би зүүн гар талд, эхнэр баруун гар талд суугаад 35 дугаар зөрлөг өнгөрч явтал 15 цагийн орчимд гэнэт машины рүлийн хуваарь алдагдаж, машин хоёр тийшээ савлаж байгаад замын баруун гар талруу хөрвөсөн. Нэг мэдэхэд засмал замаас зүүн тийш гарч газарт дөрвөн дугуйн дээр зүүн зүг рүү харж зогссон байсан. Би машинаас буух гэтэл хаалга нээгдэхгүй байтал манай хүү С түрүүлж машинаас буухаар нь би арын суудлаас урагшаа сандал дээгүүр давж, жолоочийн арын хаалгаар гараад хартал манай эхнэр Б машинаас шидэгдсэн байдалтай машины зүүн хойд талд газарт дээшээ харсан хэвтэж байхаар нь хүү бид хоёр очтол духны орчмоос нь цус гарсан, харахад амьсгаатай ярагласан байдалтай хэвтэж байсан. ...Манай хүү С нь жолоонд сурч байгаа, төгсөөгүй байгаа. ...” гэсэн мэдүүлэг хх-ийн 22-24, 189-190 дүгээр хуудас/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 02/074 дугаартай “...Ц.Б-ийн биед нурууны 9 дүгээр нугаламын их бие, бүсэлхийн 1, 2, 3, 4 дүгээр нугаламын сэртэнгийн хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун 5, 6 дугаар хавирганы цууралт, хамрын таславчийн муруйлт, духны шарх гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой байна. Учирсан нурууны 9 дүгээр нугаламын их бие, бүсэлхийн 1, 2, 3, 4 дүгээр нугаламын сэртэнгийн хугарал гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун 5, 6 дугаар хавирганы цууралт, хамрын таславчийн муруйлт, духны шарх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээ мэс заслын тасгаас гаргуулан авсан хохирогч Ц.Б-ийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 111-173 дугаар хуудас/,

 

Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын Төвөөс гаргуулан авсан хохирогч Ц.Б-ийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 175-186 дугаар хуудас/,

 

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Айраг сум дахь сум дундын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.У-ын гаргасан: “...Жолооч Х.С нь ...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг. 3.7- /Жолоочид дараах зүйлийг хориглоно./ а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/ жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох:, мөн дүрмийн 12 дугаар бүлэг. /Тээврийн хэрэгслийн хурд/ 12.3-Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон. ...” гэсэн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3 дугаартай дүгнэлт /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 95  дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт  хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий  дээрхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж  харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Х.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Тоёото инсайт маркийн 26-40 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож  яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн “...3 дугаар бүлэг. 3.7- /Жолоочид дараах зүйлийг хориглоно. /а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/ жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12 дугаар бүлэг 12.3-Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Дорноговь аймгийн Алтанширээ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах босоо тэнхлэгийн А/0102 дугаартай, 35 дугаар зөрлөгөөс хойш 10 км зайд хатуу хучилттай асфальтан зам дээр онхолдож, зам тээврийн осол гарган уг авто машинд зорчиж явсан иргэн Ц.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…хэргийн газар дээр болсон нөхцөлийг санахгүй ч, болсон үйл явдал миний буруугаас болсон. Одоо миний бие дээрдэж байгаа, миний хүү ээжийгээ маш сайн асарч байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй…гэсэн мэдүүлэг,  гэрч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... гэнэт М ах хүүе гэхээр нь өндийгөөд хартал машин талаараа явж байгаад замын баруун гар талруу унасан. Хүүхэд бид хоёр эхэлж машины хаалгыг нээж гарч ирсэн. Дараа нь М ах машинаас гарч ирсэн байсан. Яаж гарч ирснийг хараагүй. Машин зүүн тийшээ хараад зогссон байсан. Машины ертөнцийн зүгээр хойд талд ээж нь дээшээ хараад хэвтэж байсан. ...Хондо инсиат маркийн 26-40 *** улсын дугаартай цагаан өнгийн машинтай явсан. Би үүрэглэж явсан болохоор хэдэн км цагийн хурдтай явсныг мэдэхгүй байна....” гэсэн мэдүүлэг, гэрч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 сарын 08-ны өдөр 13 цагийн орчимд манай 26-40 *** улсын дугаартай Хондо инсиат маркийн цагаан өнгийн машинтай Б машиныг жолоодож, Сайншанд сумаас гарч цагаан хаалганы дэргэд очоод зогссон. Тэгсэн эхнэр хүүдээ машнаа бариулъя жолоо төгсөх гэж байгаа юм чинь машин барьж сураг гэхээр нь би С-ээр машинаа бариулаад Б урд талд, эхнэр бид 2 машины арын суудалд би зүүн гар талд, эхнэр баруун гар талд суугаад 35 дугаар зөрлөг өнгөрч явтал 15 цагийн орчимд гэнэт машины рүлийн хуваарь алдагдаж, машин хоёр тийшээ савлаж байгаад замын баруун гар талруу хөрвөсөн. Нэг мэдэхэд засмал замаа зүүн тийш гарч газарт дөрвөн дугуйн дээр зүүн зүг рүү харж зогссон байсан....” гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 02/074 дугаартай шинжээчийн дүгнэлт, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээ мэс заслын тасаг болон Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын Төвд эмчлүүлсэн хохирогч Ц.Б-ийн өвчний түүхийн хуулбар, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

 

Жолооч хөдөлгөөний аюулгүй  байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан    сэргийлэх, түүнээс гарах хохирлыг багасгахад тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож явах, аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос сэргийлэх, ослоос гарч болох хохирлыг багасгах  ач холбогдолтой юм.

 

Шүүгдэгч  Х.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь гэрч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай хүү С нь жолоонд сурч байгаа, төгсөөгүй байгаа ...”гэсэн  мэдүүлэг, хохирогч Ц.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...манай хүү жолооны курсээ төгсөөгүй,сурч байгаа” гэсэн  мэдүүлгээр  тогтоогджээ.

 

Иймд шүүгдэгч Х.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, Ц.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан,прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Х.С-г дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчид  хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:           

Шүүгдэгч Х.С-д Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.М-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.4 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэж,хязгаарлалт тогтоох саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүгдэгч Х.С-д холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар прокурорын саналыг харгалзан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгч Х.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэн,  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,энэ гэмт хэргийн хохирогч нь түүний ээж С.Б гомдол саналгүй болохоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, шүүгдэгч нь ээжийгээ асарч халамжилж байгаа зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж,хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Х.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй. 

 

Шүүгдэгч Х.С-г эрүүгийн хариуцлага хүлээсэн  эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл судалгааны төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй  болох нь /хх-ийн 84-р тал/ тогтоогдож байна.

 

Шүүгдэгч  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д  заасантай нийцэж байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овогт Х.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 / нэг / жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 / нэг / жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х.С-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, энэ хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх хязгаарлалт тогтоосугай.

 

5. Шүүгдэгч Х.С нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Х.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт  шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.АДЪЯАСҮРЭН