| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07970/И |
| Дугаар | 102/ШШ2017/00106 |
| Огноо | 2017-01-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2017/00106
2017 оны 01 сарын 04 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00106
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 2-р хороо, 64-р байрны 26 тоотод оршин суух, Дэрсүү анд ХХК-ний захирал ажилтай, регистр ШБ65111917, Лха овогтой Ичинхорлоогийн Сэр-Одын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 4-р хороо, 2-р хороолол, 3А-р байрны 31 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ЖМ64052522, Шонхор овогтой Балсангийн Энхбаярт холбогдох худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 7 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч И.Сэр-Од, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан, хариуцагч Б.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.Сэр-Од шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би талийгаач Гангантогосын дүүтэй нь нэг ангийн найзууд байсан. Гангантогос нь сүлжмэлийн жижиг үйлдвэртэй байсан. Би Гангантогосоор дамжуулан Б.Энхбаяр гэдэг хүнтэй танилцсан бөгөөд оймс үйлдвэрлэдэг машин Хятад улсаас авчруулахаар тохирч 7 000 000 төгрөг урьдчилгаа болгон өгч үлдэх 1 000 000 төгрөгийг машинаа бүрэн ажиллуулж өгөхөөр нь өгнө гэж тохиролцсон. Ингээд 2011 оны 12-р сарын 29-ний өдөр Б.Энхбаярт 7 000 000 төгрөгийг өгсөн, 2012 оны 1-р сард машинаа авч, 2 хоногийн дараа ирж машиныг угсарч дөнгөж асааж өгөөд явсан. Би машиныг ажиллуулж заавар зөвлөгөө өгөхийг шаардсан боловч мөнгөө өгчих гэсэн. 2012 оны 1-р сарын 10-ны үед ирээд машиныг асаагаад охинд маань үйл ажиллагааг нь зааж өгсөн болоод надаас 1 000 000 төгрөгөө нэхсэн. Тэгэхэд би “та энэ машин ажиллуулахад 3 сар тусална гэсэн яасан бэ, бүтээгдэхүүнээ гаргая, дараа нь үлдэгдэлээ өгнө” гэсэн. Хамгийн сүүлд нэг эмэгтэй хүнтэй хамт ирээд 1 000 000 төгрөгөө энэ хүнд өг гэсэн. Энэ хугацаанд машиныг ажиллагаанд оруулж өгөөгүй тул бүтээгдэхүүн гаргах боломжгүй байсан. Иймд Б.Энхбаяраас 7 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Энхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрөө цахилгааны инженер хүн. Эхнэрийн хамт компьютержсэн машинаар малгай ороолт хийдэг. Би Хятадаас худалдаж авсан оймсны машин худалдаж авсан байсан, дуу чимээ ихтэй учраас орон сууцанд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Тэгээд би машинаа зарах зар тавьсан, үүний дагуу хүн авсан байсан. Тэр үед Н.Гангантогос нь И.Сэр-Одыг дагуулж ирээд үйлдвэрээс нь оймсны машин авчраад өгөх боломж байна уу хэмээн гуйсан. Би зардал ажлын хөлстэйгээ 8 000 000 төгрөг болно гэсэн. 2011 оны 12-р сарын 29-нд 7 000 000 төгрөгийг өгсөн, үлдэх 1 000 000 төгрөгийг дараа өгье гэсэн. 2012 оны 1-р сард машин ирсэн, Сэр-Од өөрөө хүлээж аваад подвалд оруулсан байсан. Би шинэ машиныг угсарч өгсөн, загварын оймс оёсон, хэвийн ажилласан. Машиныг ашиглах гэж байгаа хүн өөрөө сурах ёстой, дүү эмэгтэйд нь машиныг ажиллуулах талаар зааж өгсөн. Миний мэдлэг чадварыг үнэгүй ашиглах гэсэн учраас би уулзаагүй. Харин 1 000 000 төгрөгөө нэхэхээр одоохондоо мөнгө алга гээд удаа дараа өгөөгүй. Сэр-Од нь 5 жилийн дараа гэнэт ийм юм ярьж байгаад гайхаж байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.Сэр-Од нь Б.Энхбаярт холбогдох худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 7 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
И.Сэр-Од нь 2011 оны 12-р сарын 29-ний өдөр Б.Энхбаяраас оймс үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг 8 000 000 төгрөгөөр худалдаж авах, Б.Энхбаяр нь БНХАУ-аас тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр тохирчээ.
Б.Энхбаяр нь тоног төхөөрөмжийг 2012 оны 1-р сард нийлүүлсэн, И.Сэр-Од нь машиныг хүлээн авсан, машины үнийн урьдчилгаа 7 000 000 төгрөг төлсөн нь тооцооны хуудас /хх 4/, зохигчийн тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.
Харин нэхэмжлэгч нь Б.Энхбаяр машиныг ажиллуулж өгөөгүй гэж маргаж, гэрээнээс татгалзаж 7 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан, хариуцагч нь худалдан авагч И.Сэр-Од машины үнээс 1 000 000 төгрөгийг төлөөгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “машин нь биет байдлын доголдолтой, хуучин загварын машин байсан” талаар, шүүх хуралдааны шатанд “машиныг ажиллуулж өгөөгүй, заавар зөвлөгөө өгөөгүй” гэж тайлбарласан байна.
Талууд 2011 онд оймс оёх зориулалт бүхий машиныг нийлүүлэхдээ чанарын талаар заагаагүй бөгөөд зориулалтын дагуу ашиглах боломжтой биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдсан эд хөрөнгөд баталгаат хугацаа тогтоогоогүй, шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор гомдлын шаардлага гаргаагүй байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ба нэхэмжлэгч гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.
Хэргийн 13-18 дахь талд авагдсан тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгч компани, бараа тээвэрлэлтийн баримтын талаар нэхэмжлэгч маргаагүй, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.1, 256-р зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан Балсангийн Энхбаяраас 7 000 000 /долоон сая/ төгрөг гаргуулахыг хүссэн Ичинхорлоогийн Сэр-Одын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА