| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2020/0043/Э |
| Дугаар | 42 |
| Огноо | 2020-04-27 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнтуяа |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Тэгшдүүрэн
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа
Хохирогч Г.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Т.Урангоо
Шүүгдэгч Т.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.М-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т.П-д холбогдох эрүүгийн 1919004260009 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т.П,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т.П согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 3 дугаар баг Ацаатын бууц гэх газарт иргэн Т.Г-г зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 2020 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө иргэн Д.М-ын Тоёото аксио маркийн 24-19 *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон тээврийн хэрэгсэл дотор байсан эд зүйлсийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 13.992300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.П-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Мөрдөн шалгах ажилагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, ... би тухайн үед халамцуу байсан. ...юунаас болж Г-г зодсоноо мэдэхгүй байна, гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй, хохирогч Гомбожав нь намайг Я-ийн гэрлүү очоод ирэхэд ар талын хадан дээр гараад зогсчихсон байсан,тэгэхдээ унасан байх. Би нүүр лүү нь 2-3 удаа өшиглөсөн нь үнэн,гэхдээ тархинд нь хүнд гэмтэл учруулаагүй гэж бодож байна. Мөн машин хулгайлж явахдаа дотор нь байсан 2 булган малгайг би зарж үрээгүй. Машины эзэн нь цагдаа дээр ирсэн хойно өөрөө машинаасаа булган малгайгаа авсан ... тээврийн хэрэгслийг хулгайлсан нь үнэн. Дотор нь байсан эд зүйлийг авсан” гэсэн мэдүүлэг.
Хохирогч Т.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…зам асуух гээд П-ийн гэрт нь ороход гэрэл нь асаалттай байсан. Чи хутга гаргаж ирээд намайг алах гэлээ гээд намайг төмрөөр цохьсон, ...дахиад цохих нь гэж бодоод гараараа хамгаалахад гар руу дахиж цохьсон. Би хадан дээрээс унасан асуудал байхгүй. Одоо миний толгой тархи өвддөг.Би зарим зүйлээ мартаад байгаа,мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Эмчилгээний нийт зардалд 10 000 000 төгрөг нэхэмжлэнэ. 10 хоноод эмнэлэгт хэвтдэг” гэсэн мэдүүлэг.
Шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14200 дугаартай: “...Т.Г-ын биед тархины зүүн тал бөмбөлөгийн чамархайн, зулайн дэлбэнгийн эдийн цусан хураа, няцрал, тархины зүүн тал бөмбөлөгийн зулайн, чамархайн хэсгийн хатуу хальсан доорх голомтлог цусан хураа, баруун хөхдөг сэртэн яс, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хацар хоншоор яс, эрүү ясны хугарал, баруун богтос ясны далд хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шанааны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 5 дугаар хуудас/
Гэрч Р.Я-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өглөө худаг дээр нөхрийнхөө хамт ирэхэд манай туслах малчин Н нөхөр П-ийн хамт ирчихсэн байсан ба надад “Согтуу хүн шөнө ирээд унтуулсангүй, чи очоод явуулаад өгөөч гэхэд нь одоо тэр хүний архи нь гараа байлгүй дээ, удахгүй явчих байлгүй гэхэд Н “Тэр явахгүй” чи очоод явуулаад өгөөч гэхээр нь би хүргэн, охин нарынхаа хамт очиход манай урд байдаг туслах малчны гэрийн баруун орны наагуур газар манай хамаатны хүн болох Т.Г нь нүүр нь битүү хавдчихсан, цус болсон, хөл нүцгэн байдалтай унтаж байхаар нь дуудахад нэг нүдээ нээж сэрэхээр нь түүнийг босгож хувцаслаад гэр лүү нь авч яваад эхнэрт нь хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 8-9 дүгээр хуудас/
Гэрч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 13 цагийн орчимд Т.Г нь намайг гэртээ байхад манайд 1 шил архитай Д гэх хүний хамт ирсэн. Тэгээд Т.Г авч ирсэн архиа задлаад өөрөө нээх уугаагүй ба Д бид хоёр нэг шил архийг хувааж уусан. Тухайн үед Т.Г манай гэрт удаагүй ба хөдөө явна гээд ганцаараа мотоцикл унаад Дундговь аймаг явна гээд нилээн яаруухан гарсан...” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 14 дүгээр хуудас/
Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:” ...2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би ангийнхаа охин Я-ийн хамт сумын төв орж дэлгүүрээс 0.33 граммын архи авч ирээд орой нь П-ийн хамт хувааж уугаад унтсан. Тэгээд тэр шөнө 03 цагийн орчимд П бид 2 унтаж байхад 1 хүн хаалга угз татахад нь би сэрээд харахад эхлээд түүнийг таниагүй ба тэр “хөөе бос пизда гэрэл асаа” гэхэд П босоод зүүн талд байсан аккумляторыг залгаж гэрэл асаах хооронд тэр хүн намайг орноос угз татаад унагаад гэрийн зүүн талд суугаад гутлын түрийгээ ухаад алнаа гээд байхаар нь хутга гаргаж ирэх гээд байна гэж бодоод гэрээсээ гүйгээд гараад явсан. Тэгээд П гэр дотроос хутгыг нь булаагаад авчихлаа ороод ирээ гэхээр нь ороход П надад цэнхэр өнгийн бариултай хутга өгөөд энийг гаргаад хая гэхээр нь түүнийг аваад гадаа гаргаж хаяад тэр хүнийг хартал манай ангийн охин Я-ийн хамаатны дүү нь байсныг таньсан. Тэгээд байж байтал тэр 2 удахгүй гэрээс гараад явсан ба тэр 2 гэрээс гараад юу болсныг би мэдэхгүй байна. Удаагүй П ганцаараа орж ирсэн ба араас нь нөгөө залуу нь орж ирэхэд нь түүнийг харахад нүүр нь цус болчихсон байсан... Тэр шөнө манай гэрт Г орж ирэхдээ нэлээн согтуу байсан гэж бодож байна... Намайг харахад нүүр нь хөхөрч, хавдсан байдалтай харагдаагүй. Харин Г П-тэй гэрээс гараад орж ирэхэд түүний нүүр цус болсон байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 23-24 дүгээр хуудас/
Хохирогч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дундговь аймгаас Дорноговь аймгийн Алтанширээ суманд 2019 оны 11 дүгээр сараас ирж малаа оторлуулж нутаглаж байгаад сар шинийн бэлтгэл хангахаар өөрийн эзэмшлийн 24-19 *** улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Аксио маркийн тээврийн хэрэгсэлтэй эхнэр О-ын хамт ...2020 оны 02 дугаар сарын 13-ны шөнө Даланжаргалан сумын төвд ирж гудамжинд машинаа орхичихоод хүнсний дэлгүүр ороод иртэл машин алга болсон байсан учир цагдаад мэдэгдсэн... Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна... Миний машинд байсан хулгайд алдсан эд зүйлээс алга болсон цагаан сараар бэлгэнд өгөх “Аппен голд” шокалод 10 ширхэг, нэг ширхэгийг 2500 төгрөг нийт 25000, Белла нэртэй набор 7 ширхэг, нэг ширхэгийг 5000 төгрөг, нийт 35.000, хүүхдийн жинсэн өмд 2 ширхэг 1 ширхэг нь 20000 төгрөг, нийт 40000 төгрөг, эрэгтэй хүний фудволк 1 ширэг 24.000, хар өнгийн эмэгтэй хүний өмд 2 ширхэг, нэг нь 24000 төгрөг, нийт 48000 төгрөг, хүүхдийн бэлтгэлийн өмд 2 ширхэг, нэг нь 20000 төгрөг, нийт 40000 төгрөг, эрэгтэй хүний ягаан өнгийн цамц 1 ширхэг 25000 төгрөг, эрэгтэй фудволк 2 ширхэг, нэг нь 16000 төгрөг, нийт 32000 төгрөг, нийт 269000 төгрөгийн эд зүйл худалдаж авсан талаарх баримт надад байхгүй тул би нэхэмжлэхгүй... Би машинаа хулгайд алдсанаас хойш миний машины арын гупер хагарсан байсан засуулахад 190000, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр машиндаа 39 литр шатахуун 1 литрийг 1800 төгрөгөөр бодсон нийт 70000 төгрөг, машинд байсан эд зүйлээс олдоогүй 1983000 төгрөг байна, нийт 2243800 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 211-213 дугаар хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 146-157 дугаар хуудас/
Өгөөмөр барьцаат зээлийн гэрээ /1 дүгээр хх-ийн 168 дугаар хуудас/
Бумбум барьцаат зээлийн гэрээ /1 дүгээр хх-ийн 169 дүгээр хуудас/
Гэрч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 02 сарын 13-ны орой өөрийн нөхөр Мөнхбаярын эзэмшлийн 24-19 *** улсын дугаартай цагаан өнгийн Тоёото аксио маркийн авто машинаа Дорноговь аймгийн Даланжаргалан сумын төв дээр таньдаг айлынхаа хашааны гаднаас алдсан юм... Миний автомашин дотор 2 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй, эрэгтэй булган малгай, миний хурган дээл, идээний модон цар, хивсэн чүүл, цагаан сарын идээний боов, тавгын чихэр, ааруул, хурууд, суү тараг, цагаан сарын бэлэг, цүнхтэй хувцас зэрэг эд зүйлс байсан. Эдгээр хүнсний хэрэглээний зүйлс маань 900.000 гаран төгрөгийн цагаан сарын баярын ширээн дээр тавих зүйлс байсан. 2 мөнгөн аяганы нэг аяга нь нэлээн дээр үеийн аав ээжээс ирсэн дунд гарын мөнгөн аяга байсан. Нөгөө аяга нь орчин үеийн хийцтэй бас бэлгэнд авч байсан учраас үнийг нь мэдэхгүй байна. Бас нөхөр М-ын мөнгөн бүс байсан ба ааваас нь өвлөж авсан эд зүйл болохоор сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 171-172 дугаар хуудас/
Гэрч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд манайд сууж байгаад “ах нь орос явах гэж байгаа юм. Цаанаас хүмүүс тосно гэж байсан ба тухайн үед унаж ирсэн цагаан өнгийн суудлын машиныг Хан-Уул дүүргийн биокомбинатад байгаа найзындаа хүргэж өгнө, намайг тосож аваадах” гэхээр нь түүнийг очиж авсан. Тухайн үед манай гэрт байхдаа 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн бүс байгаа гэж ярьж байсан ба түүнийгээ хөдөө мал маллуулж байсан хүн ажлын хөлсний оронд тооцож өгсөн гэж хэлсэн ба ах нь бэлэн мөнгөгүй байна. Үүнийг мөнгө болгомоор байна. Сэлэнгэ явах гэсэн зардалгүй болчихлоо гээд мөнгөн аяга, мөнгөн бүсийг ломбарданд тавиад өгчих, өөрөө тавъя гэсэн чинь бичиг баримтгүй байна. Ахынх нь бичиг баримт Сэлэнгэ аймагт байгаа гэж хэлж байхаар нь ахдаа туслах гээд нөхрийгөө гуйж, түүнийг бичиг баримтаар мөнгөн аяга, мөнгөн бүсийг Сонгинохайрхан дүүргийн Хар хорин захын замын ард талд байрлах “Өгөөмөр” нэртэй ломбарданд мөнгөн аяга, бүсийг хамтад нь тавих гэхэд бүсийг авахгүй гэхээр нь 2 ширхэг мөнгөн аягыг 150000 төгрөгөөр тавиад, мөнгөн бүсийг нь мөн ойролцоох “Бумбум” нэртэй ломбарданд 160.000 төгрөгөнд барьцаанд тавиад ахад мөнгийг нь өгөхөд манай ах, миний хүүхдэд тус бүрд нь 5000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 176-177 дугаар хуудас/
Гэрч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.П ах намайг сэрэхэд манай хүүхдүүдэд чихэр, ааруул, гурил зэрэг зүйл авч ирж, өгсөн байсан. Намайг авах уу гээд хар цагаан өнгө нийлсэн алаг түрийтэй, үстэй гутал унаж явсан машинаасаа гаргаж ирээд ах нь ажил дээр өмсөж байсан юм гээд надад өгсөн. Тэгээд надад хандаж ахын дүү бичиг баримт чинь байгаа юу? Ах нь мал малласныхаа хөлсөнд хүнээс мөнгөн аяга, мөнгөн бүс зэрэг зүйл авсан юм. Ахад нь бичиг баримт байхгүй байна, үүнийг ломбарданд тавиад өгөөч гэхээр нь эхнэр хүүхдээ дагуулаад түүнийг мөнгөн бүс, мөнгөн аягыг Хар хорин захын хойно байдаг ломбарданд нийтэд нь 310000 төгрөгөнд тавьж өгсөн....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 178-179 дүгээр хуудас/
Иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Бумбум нэртэй барьцаалан зээлдүүлэх газар хувиараа ажиллуулдаг юм. Өнгөрсөн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр намайг ажил дээрээ байхад ...мөнгөн тоногтой эрэгтэй хүний бүс барьцаанд тавимаар байна гээд 30 гаран насны залуу надад мөнгөн тоноглолтой бүс үзүүлсэн. Тэгээд түүнээс аваад бүснийх нь толийг грамм хийж үзээд чиний бүсийг 160.000 төгрөг болох юм байна гэж хэлтэл бүсээ өгчихье гэж хэлээд би түүнд 160.000 төгрөгийг бэлнээр тоолоод өгсөн юм... 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр цагдаагаас надаас хураан авсан... Би түүнд өгсөн 160.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 243-244 дүгээр хуудас/
Гэрч Х.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо Өгөөмөр барьцаалан зээлдүүлэх газрыг ажиллуулдаг юм... 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр очиж зээлийн гэрээнүүдтэй танилцахад 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Д.Э гэх хүн 2 ширхэг жижиг гарын мөнгөн аяга тавьсан байсан ба хугацаа нь 03 дугаар сарын 15-ны өдөр дуусчихсан байсан болохоор нь Д.Э гэх хүний зээлдэгчийн утсан дээр мэдүүлсэн 88503084 гэсэн дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд сунгалт хийхгүй болохоор нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хугацаа дууссан бусад металуудтай хамт ченжид тушаасан юм. Тухайн 2 мөнгөн аягыг харахад хоёулаа ижил хэмжээтэй 1 аяга нь шинэ цагийн сүүлийн сэв ихтэй аяга байсан. Нөгөө аяга нь арай хуучин үеийн мөнгөний орц ихтэй аяга байсан. Д.Э гэх хүн нь 2 аягаа 150.000 төгрөгөнд тавьчихсан байсан. Би 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ченжид тушаахдаа граммлуулахад 173600 төгрөгөөр металлд тушаасан юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 245-246 дугаар хуудас/
Хас үнэлгээ ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 79 дугаартай: “...24-19 *** улсын дугаартай Тоуота Соrolla Ахio маркийн тээврийн хэрэгсэл 8.000.000 төгрөгийн үнэтэй... эвдрэл хохирлын үнэлгээ 190.000 төгрөг” гэсэн үнэлгээ /1 дүгээр хх-ийн 220-222 дугаар хуудас/
Хас үнэлгээ ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 382 дугаартай: “... дээл хар торгон / эрэгтэй хүүхдийн 1 ширхэг 70000 төгрөг, ... дуран 2 нүдний 1 ширхэг 180000 төгрөг, дүнсэн тамхи 1 ширхэг 11000 төгрөг, цүнх /эмэгтэй/ 1 ширхэг 25000 төгрөг, дээл /хурган дотортой эмэгтэй/ 1 ширхэг 1500000 төгрөг, дээл / хөвөн дотортой ногоон өнгийн эрэгтэй/ 1 ширхэг 150000 төгрөг, дээл /хөвөн дотортой хүрэн өнгийн эрэгтэй/ 1 ширхэг 150.000 төгрөг, дээл /хөвөн дотортой саарал өнгийн эрэгтэй/ 1 ширхэг 150.000 төгрөг, дээл /ягаан өнгийн торгон хүүхдийн/ 3 ширхэг 210.000 төгрөг, дугуй /тоёота аксио маркийн автомашины өвлийн/ 1 ширхэг 40000 төгрөг, гутал /хүрэн өнгийн түрийтэй/ 1 хос 50.000 төгрөг, хивсэн чүүл /6 м урттай шар өнгийн гэрийн/ 1 ширхэг 60.000 төгрөг, хүрэм / улаан хүрэн өнгийн эрэгтэй/1 ширхэг 50.000 төгрөг, тээврийн хэрэгслийн улсын дугаар 1 ширхэг 15000 төгрөг, нийт 2811000 төгрөг..” гэсэн үнэлгээ /1 дүгээр хх-ийн 230-231 дүгээр хуудас/
Хас үнэлгээ ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 383 дугаартай: “...хэвийн боов 20 ширхэг 44.000 төгрөг, Болор архи / 0.75 гр/ 1 ширхэг 19000 төгрөг, Эдэн /0.7 гр/ 2 ширхэг 46000 төгрөг, Экс / 0.5 гр/ 3 ширхэг 34950 төгрөг, Алтан түрүү 3 ширхэг 28350 төгрөг, Онги / 0.5 гр/ 3 ширхэг 25.500 төгрөг, Улаанбаатар дээд гурил 5 кг 1 ширхэг 8.500 төгрөг, Улаанбаатар дээд гурил 1 кг-тай 6 ширхэг 9000 төгрөг, суурь ёэвэн 3 хос 12000 төгрөг, чихэр /орос/ 5 кг 70.000 төгрөг, идээ ууцны модон цар 2 ширхэг 60.000 төгрөг, ааруул /хорхой, саран хэлбэртэй/ 5 кг 85000 төгрөг, ээзгийтэй цагаан тос 2 кг 20.000 төгрөг, гутал /үстэй түрийтэй/ 1 хос 120000 төгрөг, булган малгай /хар саравчтай 2 чихтэй/ 1 ширхэг 500000 төгрөг, булган малгай /хар өнгийн буудаг эрэгтэй/ 1 ширхэг 500000 төгрөг, мөнгөн аяга 1 ширхэг 250000 төгрөг, мөнгөн аяга 1 ширхэг 300000 төгрөг, мөнгөн бүс /мөнгөн тоноглолтой суран/ 1 ширхэг 800000 төгрөг, Алпен голд /шоколад/ 10 ширхэг 25000 төгрөг, белла /набор/ 7 ширхэг 35000 төгрөг, өмд /хүүхдийн жинсэн/ 2 ширхэг 20000 төгрөг, подволк /эрэгтэй хүний/ 1 ширхэг 24.000 төгрөг, өмд /хар өнгөтэй эмэгтэй/ 2 ширхэг 48.000 төгрөг, өмд /хүүхдийн бэлтгэлийн/ 2 ширхэг 40000 төгрөг, цамц /ягаан өнгийн эмэгтэй хүний/ 1 ширхэг 25000 төгрөг, подволк /эрэгтэй/ 2 ширхэг 32000 төгрөг, нийт 3181300 төгрөг...” гэсэн үнэлгээ /1 дүгээр хх-ийн 235- 236 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 81 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар:
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч Т.П нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 3 дугаар баг Ацаатын бууц гэх газарт хамтран амьдрагч Б.Н-ийн хамт Р.Я-ийн малыг маллаж байхдаа 2019 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Г-г гэрт нь очиход “энэ зэвүүн харагдаж байна чамайг бүлнээ гээд гутлын түрийгээ ухаад байхаар нь хөдөөнийхөн хутгатай явдаг юм чинь хутгатай байна гэж бодсон” гэсэн шалтгаанаар түүнийг гэрээсээ гарган гарах үед нь гэрийн хаалгаар савж унаган босох үед нь цээж рүү нь өшиглөн унагаж дахин босох үед нь нүүр лүү нь 2-3 удаа өшиглөж тархины зүүн тал бөмбөлөгийн чамархайн, зулайн дэлбэнгийн эдийн цусан хураа, няцрал, тархины зүүн тал бөмбөлөгийн зулайн, чамархайн хэсгийн хатуу хальсан доорх голомтлог цусан хураа, баруун хөхдөг сэртэн яс, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хацар хоншоор яс, эрүү ясны хугарал, баруун богтос ясны далд хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шанааны зулгаралт гэмтлүүд учруулан эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан
Мөн 2020 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Улаанбаатар хот явах зорилгоор Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг Жаргалантын 1 дүгээр гудамжинд байсан иргэн Д.М-ын Тоёото аксио маркийн 24-19 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг дотор байсан эд зүйлсийн хамт хулгайлан авч 13992300 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдов.
Энэ нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох хохирогч Т.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…чи хутга гаргаж ирээд намайг алах гэлээ гээд намайг төмрөөр цохьсон, ...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн.Миний хувьд хадан гарч ойчсон асуудал байхгүй. Одоо миний толгой тархи өвддөг. Эмчилгээнийхээ нийт зардалд 10 000 000 төгрөг нэхэмжлэнэ,” гэсэн мэдүүлэг, гэрч Р.Я-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...гэрийн баруун орны наагуур газар манай хамаатны хүн болох Т.Г нь нүүр нь битүү хавдчихсан, цус болсон, хөл нүцгэн байдалтай унтаж байхаар нь дуудахад нэг нүдээ нээж сэрэхээр нь түүнийг босгоод хувцаслаад ...гэр лүү нь авч яваад эхнэрт нь хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 13 цагийн орчимд Т.Г нь намайг гэртээ байхад манайд 1 шил архитай Д гэх хүний хамт ирсэн. Тэгээд Т.Г авч ирсэн архиа задлаад өөрөө нээх уугаагүй ба Д бид хоёр нэг шил архийг хувааж уусан. Тухайн үед Т.Г манай гэрт удаагүй ба хөдөө явна гээд ганцаараа мотоцикл унаад Дундговь аймаг явна гээд нэлээн яаруухан гарсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би ...дэлгүүрээс 0.33 граммын архи авч ирээд орой нь П-ийн хамт хувааж уугаад унтсан. Тэгээд тэр шөнө 03 цагийн орчимд П бид 2 унтаж байхад 1 хүн хаалга угз татахад нь би сэрээд харахад эхлээд түүнийг таниагүй ...гэрэл асаах хооронд тэр хүн намайг орноос угз татаад унагаад гэрийн зүүн талд суугаад гутлын түрийгээ ухаад алнаа гээд байхаар нь хутга гаргаж ирэх гээд байна гэж бодоод гэрээсээ гүйгээд гараад явсан. ...Тэгээд байж байтал тэр 2 удахгүй гэрээс гараад явсан ба тэр 2 гэрээс гараад юу болсныг би мэдэхгүй байна. Удаагүй П ганцаараа орж ирсэн ба араас нь нөгөө залуу нь орж ирэхэд нь түүнийг харахад нүүр нь цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг, хохирогч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дундговь аймгаас Дорноговь аймгийн Алтанширээ суманд 2019 оны 11 дүгээр сараас ирж малаа оторлуулж нутаглаж байгаад сар шинийн бэлтгэл хангахаар өөрийн эзэмшлийн 24-19 *** улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Аксио маркийн тээврийн хэрэгсэлтэй эхнэр О-ын хамт ...2020 оны 02 дугаар сарын 13-ны шөнө Даланжаргалан сумын төвд ирж гудамжинд машинаа орхичихоод хүнснии дэлгүүр ороод иртэл машин алга болсон байсан учир цагдаад мэдэгдсэн..., нийт 2.243.800 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг,гэрч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ах нь орос явах гэж байгаа юм. Цаанаас хүмүүс тосно гэж байсан ба тухайн үед унаж ирсэн цагаан өнгийн суудлын машиныг Хан-Уул дүүргийн биокомбинатад байгаа найзындаа хүргэж өгнө, намайг тосож аваадах” гэхээр нь түүнийг очиж авсан. Тухайн үед манай гэрт байхдаа 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн бүс байгаа гэж ярьж байсан ба түүнийгээ хөдөө мал маллуулж байсан хүн ажлын хөлсний оронд тооцож өгсөн гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.П ах намайг сэрэхэд манай хүүхдүүдэд чихэр, ааруул, гурил зэрэг зүйл авч ирж өгсөн байсан. Намайг авах уу гээд хар цагаан өнгө нийлсэн алаг түрийтэй, үстэй гутал унаж явсан машинаасаа гаргаж ирээд ах нь ажил дээр өмсөж байсан юм гээд надад өгсөн. Ах нь мал малласныхаа хөлсөнд хүнээс мөнгөн аяга, мөнгөн бүс зэрэг зүйл авсан юм. Ахад нь бичиг баримт байхгүй байна, үүнийг ломбарданд тавиад өгөөч гэхээр нь эхнэр хүүхдээ дагуулаад түүний мөнгөн бүс, мөнгөн аягыг Хар хорин захын хойно байдаг ломбарданд нийтэд нь 310000 төгрөгөнд тавьж өгсөн....” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Бумбум нэртэй барьцаалан зээлдүүлэх газар хувиараа ажиллуулдаг юм. Өнгөрсөн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр намайг ажил дээрээ байхад ...мөнгөн тоногтой эрэгтэй хүний бүс барьцаанд тавьмаар байна гээд 30 гаран насны залуу надад мөнгөн тоноглолтой бүс үзүүлсэн.... Би түүнд өгсөн 160.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг, гэрч Х.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо Өгөөмөр барьцаалан зээлдүүлэх газрыг ажиллуулдаг юм... 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Д.Э гэх хүн 2 ширхэг жижиг гарын мөнгөн аяга тавьсан байсан. Тухайн 2 мөнгөн аягыг харахад хоёулаа ижил хэмжээтэй 1 аяга нь шинэ цагийн сүүлийн сэв ихтэй аяга байсан. Нөгөө аяга нь арай хуучин үеийн мөнгөний орц ихтэй аяга байсан....” гэсэн мэдүүлэг, Хас үнэлгээ ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 79 , 03 дугаар сарын 09-ны өдрийн 382 дугаартай үнэлгээ ,Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Өгөөмөр барьцаат зээлийн гэрээ, Бумбум барьцаат зээлийн гэрээ,зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “хохирогч Г нь намайг Я-ийн гэрлүү очоод ирэхэд ар талын хадан дээр гараад зогсчихсон байсан,тэгэхдээ унасан байх. Би нүүр лүү нь 2-3 удаа өшиглөсөн нь үнэн,гэхдээ тархинд нь хүнд гэмтэл учруулаагүй гэж бодож байна. Мөн машин хулгайлж явахдаа дотор нь байсан 2 булган малгайг би зарж үрээгүй. Машины эзэн нь цагдаа дээр ирсэн хойно өөрөө машинаасаа булган малгайгаа авсан...”гэж мэдүүлж байгаа нь үндэслэлгүй байна.
Хохирогч Т.Г-д Шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14200 дугаартай дүгнэлтээр...тархины зүүн тал бөмбөлөгийн чамархайн, зулайн дэлбэнгийн эдийн цусан хураа, няцрал, тархины зүүн тал бөмбөлөгийн зулайн, чамархайн хэсгийн хатуу хальсан доорх голомтлог цусан хураа, баруун хөхдөг сэртэн яс, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хацар хоншоор яс, эрүү ясны хугарал, баруун богтос ясны далд хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шанааны зулгаралт гэмтлүүд болон энэ гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэхийг тогтоосон бөгөөд гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Харин Г П-тэй гэрээс гараад орж ирэхэд түүний нүүр цус болсон байсан” гэсэн мэдүүлэг, хохирогч Т.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би хадан дээр гарч ойчсон асуудал байхгүй...”гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Т.П-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би тухайн үед урдаа төмөртэй ажлын гуталтай байсан,нүүрэнд нь 2-3 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байх ба хавтаст хэрэгт хохирогч Д.М машинаасаа 2 ширхэг булган малгайгаа авсан талаарх нотлох баримт авагдаагүй болно.
Иймд шүүгдэгч Т.П-г гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлага хохирлын талаар:
Шүүх шүүгдэгчид ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал /урьд удаа дараа ял шийтгүүлж байсан/, хохирол нөхөн төлөгдөөгүй, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 3 жил 8 сар хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жил хорих ял оногдуулж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар нэмж нэгтгэн 4 жил 8 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Г-ын эрүүл мэндэд хүнд хохирол,хохирогч Д.М-д эд хөрөнгийн хохирол учирсан байна. Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах хохирлыг гаргуулан олгохоор шийдвэрлэв.
Хохирогч Г.Г-д: хэргийн 5 дугаар талд шинжээчийн дүгнэлтийн төлбөр 14200 төгрөг, 49-68 дугаар талд авагдсан эмчилгээ,хагалгаа, эм тариа, замын зардлын төлбөр 3442997 төгрөг нийт 3457197 төгрөгийг
Хохирогч Д.М-д: хэргийн 209дүгээр талд өгсөн “ хэвийн боов 20 ширхэг, болор архи, эдэн архи 2 ширхэг, экс архи 3 ширхэг, алтан түрүү архи 3 ширхэг, онги архи 3 ширхэг, Улаанбаатар дээд гурил 6 кг, суурь еэвэн 3 ширхэгтэй, орос чихэр 5 кг,идээ,ууцны модон цар, хорхой ааруул, цагаан тос,эмэгтэй,эрэгтэй булган малгай мөнгөн аяга 1 ширхэг, хуучны мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлийгХас үнэлгээ ХХК-ний /хх-ийн 236/ үнэлсэн үнэлгээгээр тооцож 2003800 төгрөгийгмашины арын гупер 190000 төгрөг, 39 л шатахууны үнэ 70000 төгрөг /хх-ийн 210/ нийт 2263800 төгрөгийг
Иргэний нэхэмжлэгчБ.Б-д 160000 төгрөгийг тус тус гаргуулан олгож, хохирогч Г.Г нь эмчилгээ хийлгэж байгаа,хохирол нэхэмжлэхээ мэдүүлсэн тул цаашид эмчлүүлэх эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж үзлээ. Хохирогч Г.Г-ын нэхэмжилсэн 10000000 төгрөгнөөс
Шүүгдэгч Т.П-ийн цагдан хоригдсон 60 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдав.
Шүүгдэгч Т.П нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 81 дүгээр хуудас/ тогтоогдож байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Т.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Т.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 8 /найм/ сарын хорих ялаар, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч Т.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 8 /найм/ сарын хорих ял дээр 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 8 /найм/ сараар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.П-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Т.П-ийн цагдан хоригдсон 60 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П-ээс хохирогч Т.Г-д 3457197 төгрөг, хохирогч Д.М-д 2263800 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Б-д 160000 төгрөг тус тус олгож, хохирогч Г.Г-ын нэхэмжлэлээс 6542803 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид эмчлүүлэх эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Пүрэвт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН