Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 41

 

 

 

      

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Тэгшдүүрэн

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Жаргалсайхан

Шүүгдэгч С.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Х-д холбогдох эрүүгийн 2019000290018 дугаартай хэргийг 2020 оны 04  сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, С.Х,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

           Шүүгдэгч С.Х нь гэм буруугийн санаатай хэлбэрээр 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар баг, “Жирэм” гэх газраас хохирогч Д.Г-н 4 тооны адууг хулгайлж, 7000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүгдэгч С.Х-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө 4 тооны адууг хулгайлсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэв.

 

 Хохирогч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай адуучин Б адуутайгаа Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт отроор өвөлжиж байгаа. 2020 оны 01 сарын 11-ний өдөр Б надруу утсаар залгаад 4 тооны адуу алдчихлаа, энэ дотор хурдан удмын уядаг хоёр морь байна гэсэн. Би тэгээд Сайхандулаан сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн. ... Би 4 тооны адуугаа хулгайч нарын гарт алдаж нядлуулсанд гомдолтой байна. ... Х эхнээсээ хохирлын мөнгөнөөс төлж байгаа. Одоогийн байдлаар надад 3.000.000 төгрөгийг төлсөн байгаа. Үлдэгдэл 4.000.000 төгрөг төлөгдөөгүй байгаа. Миний хувьд тухайн 4 тооны адуугаа алдчихаад эрж хайхад мөн их зардал гарсан. Түүнд нийтдээ 1500000 орчим төгрөг зарцуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-12 дугаар хуудас, 62 дугаар хуудас/,

 

                Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд: “...хэрэг учрал болсон гэх газар нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, малын худгийн баруун талд 500 орчим метр орчим зайд байрлах урагш харсан цэнхэр төмөр хаалгатай,  хаалга нь онгорхой саарал блокон хашаа байв. Уг хашааны хаалгаар орон үзлэгийг үргэлжлүүлэхэд уг хашаан дотор баруун хойд буланд дутуу баригдсан улаан тоосгон байшин байв. ... Хулгайд алдагдсан гэх 4 тооны адууг уг байшингийн хана байшин хоёрын голоор оруулж уяад нядалсан гэх газрыг заалгахад байшингийн арын хэсэгт адууны хомоол бөөгнөрсөн байдалтай байв. Адуу нядалсан гэх газарт хэрэгт ач холбогдол бүхий ул мөр хайхад шороонд ямар нэгэн цус мэт бохирлогдсон зүйл байхгүй байв. ... байшингийн ханыг налуулсан байдалтай вакум цонхны рам байх ба уг цонхны рам болон эвдэрхий бүргэд хаалга, машины 15-195- 60-тай төмөр обудтай 1 ширхэг дугуйны хажууд 2 ширхэг хүрз байх ба уг хүрз нь толгой буюу төмөр хэсгээрээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, ... уг хашаанаас арагш гарахад 4 м зайд хойд зүгт хатсан өвсөн дунд малын сэвс байх ба уг сэвсийг адууны сэвс баасыг хаясан гэж зааж өгөв. Уг хашаанаас баруун тийш 12 м зайд хулгайд алдагдсан гэх хар өнгийн адууны толгой байх хэсгийг заалгаж, хохирогч болох Б-д харуулахад манай алдагдсан адуу мөн байна гэж хэлэв. ... уг хашаанаас 20 метр зайд цайвар шаргал өнгийн 1 ширхэг шийр, хар өнгийн 1 ширхэг шийр байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. ... гэжээ.

 

           Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8 дугаар хуудас/,

 

Гэрч Г.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний танил С овогтой Х гэдэг таньдаг залуу 91810819 дугаарын утсаар залгаад адууны махтай ирлээ, адууны мах авахуу гэсэн. Тэгээд би ойрхон хөдөө явж байна, орой ирээд авъя гэсэн. Тэгээд би хөдөөнөөс 19 цагийн орчимд Сайншандад ирсэн. ... удаагүй 20 цагийн орчимд манай гэрт эхнэр хүүхэдтэйгээ хамт 3-уулаа цэнхэр өнгийн тэвштэй машинтай ирсэн. Хоёр адууны мах манай амбаарт оруулж хиллээд нийлээд 240 кг болоод нийт 1200000 төгрөг болоод би 300000 төгрөг бэлнээр өгөөд үлдэгдэл 300000 төгрөгийг нь маргааш гарал үүслийн бичгээ авч ирсний дараа өгнө гэж тохироод явсан. ... 20 цагийн үед Х эхнэр хүүхдийн хамт манай гэрт ирэхдээ цэнхэр өнгийн ачааны машинтай ирсэн. Машины тэвшинд 7 хөл болгож салгасан 2 адууны мах байсан. Би уг нь 1 адууны мах авна гэж хэлж байсан. Х харин хамт ирсэн хүний адууны мах байгаа юм. Та авчих гээд гуйхаар нь би авахаар болоод манай хойд махны амбаарт том, жижиг 2 адууны мах оруулаад хиллээд 2 адууны мах нийлээд 240 орчим кг болоод 1200000 төгрөг болоод гарал үүслийн бичиггүй болохоор нь бэлэн 300000 төгрөг өгөөд үлдэгдэл 300000 төгрөгийг нь маргааш гарал үүслийн бичиг баримтаа авирахаар өгнө гэж тохирсон...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 13-14 дүгээр хуудас, 69 дүгээр хуудас/,

 

Гэрч С.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Манай дүү Х 2020 оны 01 дүгээр сарын 11-ний үдээс хойш утсаар залгаад та манайд хүрээд ир уулзах хэрэг байна гэхээр нь би чи ирээд авчих гэсэн. Тэгээд манай гэрт машинтайгаа ирээд намайг адуу янзлалцаад өг гэсэн. Эхлээд хэдэн адуу хаанаас ирсэн ямар учиртайгаа хэлээгүй. Тэгээд бид хоёр хамт адуу байсан хашаанд очсон. Тэр хашаанд хонгор халзан морь, сартай хонгор морь, хар ногоон морь, хул байдас зэрэг 4 тооны адуу байсан. Хул байдасны тамга нь нар саран тамгатай, байсан. Бусдыг нь анзаарч хараагүй. ... Х машинаа тэр хашаа руу ухрааж байгаад махаа ачаад байсан. Б нөгөө залуу хоёр гадуур юмнуудаа янзлаад байх шиг байсан. ... Тухайн үед унаж явсан цагаан цэнхэр өнгийн жижиг ачааны машин Х-н өөрийнх нь эзэмшлийнх нь мөн. Би тухайн 4 тооны адууг хулгайнх гэж мэдээгүй. ... Миний хувьд тухайн үед архи уудаг байсан юм. Тэгээд дүү Х 1 адууг нь хэрэглэвэл хэрэглэ гэхээр нь би архи ууж байгаад 1 морийг нь ченжид 350.000 төгрөгөөр зарсан. Харин үлдсэн 1 хар морийг нь би авах хүн байвал зарчихъя гэж бодож байсан юм. Тэгээд л тухайн үед нэг морио зарчихаад мөнгөөр нь архи уучихаад согтуу явж байхдаа л нөгөө үлдсэн адууг нь хүнд зарчихсан боловуу гэж бодож байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас, 46-47 дугаар хуудас, 71 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр адуугаа бөөгнүүлээд гэртээ харьж хоноод 09-нд манантай байхаар нь гэртээ өнжөөд 10-ны өдөр гарч ирээд адуугаа бөөгнүүлсэн чинь манай бор халзан азаргатай адуунаас сартай зэгэл хонгор морь 9 настай бүдүүн морь, хоёр гуяндаа нар саран тамгатай хар дэлтэй хар ногоон морь, 8 настай бүдүүн морь, хурдан удмын ширээтэй, гурван нүдэн чандмань тамгатай байсан, хонгор халзан 6 настай бүдүүрч байгаа хурдан удмын морь, хоёр гуяндаа нар саран тамгатай, хэлтгий ташаатай бор хул байдсан гүү, 4 настай хоёр гуяндаа нар саран тамгатай, 4 тооны адуу ижлээсээ салаад алга болсон байсан. ... Тухайн 4 тооны адууг Дорноговь аймгийн Сайхандулаан сумаас зүүн хойшоо Дулааны уулын ар тал “Цагаан товог” гэх газраас хулгайд алдсан юм. Миний хувьд тухайн газарт адуугаа өдөр болгон хумьдаг байсан. Тэгээд нэг өдөр хумилгүй их манантай байсан тул орхиод байсан юм. Тэгээд л маргааш нь адуугаа хумихад бор халзан азаргатай адуунаас тухайн 4 тооны алга болсон байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас, 63 дугаар хуудас/,

Гэрч С.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 2020 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-ны аль нэгэнд байх, өдрөө сайн санахгүй байна. Зах дээр машинтайгаа зогсож байтал нэг танихгүй залуу хүрч ирээд амьд адуу авах уу гэсэн. Би ямар үнэтэй юм гэсэн чинь 600 мянгаар ав гэхээр нь хамт очоод байгаа газар нь очиж үзэхэд 2 адуу байсан. ...би хонгор халзанг нь 350 мянгаас илүү авахгүй гэсэн чинь за за гээд наймаа хийсэн. Тэгээд малын гарал үүслийн бичгээ авч ирж өгөөрэй гэсэн чинь за гээд би адуугаа ачаад өөрийг нь хамт суулгаад гэрийнхээ гадаа хамт ирж зогсоод гэрийнхээ гаднаас мөнгийг нь өгсөн. ... Тухайн хонгор халзан адууг нь хулгайн адуу гэж мэдээгүй. Тухайн хүн миний адуу гэж байсан. Намайг очиход 2 тооны адуу байсан ба миний авсан хонгор халзан адуунаас цаана нь хар морь үлдсэн юм. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас, 70 дугаар хуудас/,

 

Гэрч Ж.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би С.Х-г танихгүй. 2020 оны 01 сарын 13-ны өдөр бол 150 кг адууны маханд гарал үүслийн бичиг хийж өгсөн. Бичиг хийж өгөхдөө Сайншандын хүн мөн эсэхийг нь бичиг баримтыг нь харж байж хийж өгдөг. Өөр газар орон нутгийн хүн бол гарал үүслийн бичиг хийж өгдөггүй. ... тухайн үед би дэлгүүрүүдээр мах зарж байгаа иргэдээ шалгаад явж байхад “Үлэмж” махны дэлгүүрийн худалдагч адууны мах зарж байхлаар нь гарал үүслийн бичгийг нь шалгахад бичиг байхгүй байсан ба үүнийхээ гарал үүслийн бичгийг нь авчирч өг гэхэд манайхны нэг хүүхэд хийсэн юмаа. Би гарал үүслийн бичгийг нь авахуулахаар тань руу явуулчихъя гэсэн, Түүнээс хойш нэг билүү 2 хоногийн дараа нэг залуу ирж, гарал үүслийн бичиг авах гэсэн юм. С эгчид адууны мах өгсөн юм. Тэгээд тань дээр очоод гарал үүслийн бичиг аваад ир гэсэн. Тухайн үед би лангуун дээр зарж байсан махыг үзсэн байсан болохоор гарал үүслийн бичгийг нь бичиж өгсөн юм. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас, 65 дугаар хуудас/,

 

Гэрч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... архи аваад адуу байгаа газар нь болох хашаанд очиход байшин хашаа хоёрын завсарт 4 тооны адуу байсан. Зүс нь хонгор халзан морь, хонгор морь, хар бараан өнгийн морь, хээр зүсмийн адуу, нийт 4 тооны адуу байсан. Тэгээд бид хамт хонгор морь, хээр зүсмийн адуу хоёрыг нь янзалсан. Хар бараан адуу хонгор халзан хоёр адуу үлдсэн. Хоёр адуугаа янзалж, дуусаад 2 адууны мах машинд нь ачилцаж, өгөөд Б бид хоёрыг гэрт хүргэж өгсөн. Жаахан жаахан гэдэс авсан. Адууны махаа зарчихаад эргээд ирнэ. Битгий алга болчихоорой гээд тэр хоёр явсан. ...Тэгээд машинд суухад Х хоёр адуу хийгээд өгөөч хөлс мөнгийг нь өгнө, хийсэн нэг адууныхаа гэдсийг нь ав гэхэд нь би эхнэртээ хэлье гээд гэртээ ороод эхнэртээ хэлээд хувцсаа солиод тэр хоёртой гэрээс хамт хөдлөхдөө дахиад нэг хүн авахуу гээд манайхаас баруун тийш байдаг Б-нд ирсэн. Б-нд ороход 2 хүүхэдтэйгээ байсан.  Б-с манай найз 2 адуу хийгээд өгөөч хөлс мөнгийг нь өгнө гэсэн хамт явах уу гэхэд хүүхэд харах хүнгүй байна хөдөө юмуу гэхэд нь би төв дээр ойрхон гэхэд Б гялс яваад ирье гээд хамт явсан. Тэндээсээ хөдлөөд “Буянт шанд” дэлгүүрийн гадаа ирж зогсоод Х бууж дэлгүүрээс хутга аваад ирье гээд яваад ирэхдээ шар иштэй 2 ижилхэн хутга авчирсан. ... Гадуур нь шавардсан цагаан өнгийн байшин байсан. Тэр байшингийн хойд талд хашаа байшингийн завсар хонгор морь, хонгор халзан морь, хар ногоон үрээ, зээрд зүсмийн бага адуу зэрэг 4 тооны адуу байсан. Х 2 адууг нь хийнэ, хүнтэй ярьсан байгаа гээд хонгор морийг нь би Б-тай янзалсан. Харин ногоон үрээг Х, ах Ч-тэй хамт янзалсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас, 24-25 дугаар хуудас/,

 

Гэрч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би Ч, Х хоёрт адуу өгөөгүй. 2020 оны 01 сарын 16-ны өдөр манай гэрт Ч дүү гэх Х-тай хамт ирээд манай дүү 2 адуу борлуулсан чинь намайг асуугаад байгаа юм. Хулгай хийсэн юм бол бишээ. Сайхандулаан сумын хэсгийн төлөөлөгч ирвэл 2 тооны адуу өгсөн гэж хэлээд тус болооч гээд байхаар нь би тухайн үедээ за гэж хэлсэн. ... 2020 оны 01 сарын 16-ны өдөр би хөдөө гэртээ байхад Ч дүү Х-нхаа хамт 17 цагийн орчимд машинтай ирсэн. Тэгээд манайд ирээд юм ярьж байгаад Ч нь манай дүү 2 адуу борлуулсан чинь Сайхандулаан сумын хэсгийн төлөөлөгчид манай дүү уг хоёр адууг намайг өгсөн гээд хэлчихсэн юм байна. Гэтэл 2019 оны мал тооллогоор би адуу мал огт тоолуулаагүй болохоор болохгүй байна. Тэгээд намайг асуугаад байна. Чи надад хоёр адуу өгсөн гэж хэлээд өгөөч гэж гуйсан юм. Тухайн үед би юун адуу юм гэхэд хулгайн адуу биш, зүгээр л чамаас асуувал надад 2 адуу өгөх ёстой байсан тэрийгээ өгсөн гээд хэлээд өгөөч гээд гуйгаад байхлаар нь тухайн үед дотроо хар төрөөд ер нь буруу гарын адуу мал борлуулсан юм байна даа гэж бодоод нүүрэн дээрээ болохоор за гэж хэлээд явуулсан юм. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудаб, 64 дүгээр хуудас/,

 

Гэрч Х.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Тэгээд би яах гэж байгаа юм бол гэж бодоод мотоциклтой гэрт нь 19 цагийн орчим очиход Х ахын гэрийн гадаа нь цэнхэр өнгийн бонго портер маркийн машин дээр 4 тооны адуу ачсан байсан. Тэгээд намайг очиход Х ах энэ 4 адууг аймаг оруулах гэсэн юм, хамт яваад ир гэсэн. ... Тухайн үед Х ах хэний юун адуу гэдгээ хэлээгүй, би ч асуугаагүй. ... Анх ачаад аймаг явж байхдаа бол мэдээгүй, харин аймаг дээр очоод уг 4 адууг буулгахад тамгыг нь харахад Х ахын адууны тамга биш байсан. ... Тэгээд л буцаад явж байхдаа Х ах өөрийнхөө адуунаас махлахаар авч яваагүй юм байна гэдгийг гадарласан. Гэхдээ яг хулгайн адуу гэдгийг мэдээгүй. ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

 

Гэрч А.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Тэгээд “Мөнхдүүрэн” дэлгүүрийн урд талын цэнхэр өнгийн 2 давхар дэлгүүрээс шар өнгийн модон иштэй байсан байхаа 2 жижиг хутга аваад, ...“Мөнгөн-Эрдэнэ” дэлгүүрээс 0.5 литрийн ерөөл архи аваад малын худгаас хойш өнгийг нь санахгүй байна, төмөр гүйдэг хаалгатай блокон хашаа байсан. Хашаанд машинаа оруулчаад жолооч хаалгыг нь хаасан. Хашаан дотор шавардаад орхисон саарал өнгийн байшин, түлээний амбаар байсан. Байшингийн хойд талд үргэлжилсэн модон хашаа байсан. Тэр зайд 4 тооны сартай хонгор морь, хонгор халзан морь, хар ногоон морь, хул байдас байснаас сартай хонгор морь, хул байдас хоёрыг нь эхэлж янзлахаар болоод би Б-тай нийлж сартай хонгор морийг нь янзалсан. Харин нөгөө хоёр хул байдсыг янзалсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,

 

Гэрч Х.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... аймаг дээр байхад манай нөхөр адууны мах аччихсан ирсэн ба ах Ч адуу хийсэн, намайг зараад өг гэсэн юм гэж байсан. Тэгээд уг малаа С гээд ченжид зарж байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

 

Гэрч А.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... манай гадаа байгаа ... улсын дугаартай бонго-2 маркийн цэнхэр өнгийн автомашиныг 2016 онд төрсөн дүү У-с авч  байсан. Тухайн машины бичиг баримт төрсөн дүү С. У-н нэр дээр байсан. Би шилжүүлгийг нь хийлгээгүй байсан юм. Тэгээд би уг машиныг унадаг байсан ба сүүлдээ эвдрээд явахаа байгаад удсан. Тэгээд надад засаж сэлбэж өгөх хүн байхгүй уг автомашиныг авто тээврийн газарт манай дүү У хасалт хийлгэсэн юм. 2019 оны 12 сарын үед байх манай хүргэн Х надаас уг ... дугаартай эвдэрхий машиныг авсан. ...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 66-67 дугаар хуудас/,

 

Гэрч Р.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 01 дүгээр сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. Эхнэр бид хоёр хөдөө явах гээд орой нь гэртээ юмаа бэлдээд байж байхад манай хашаанд машин орж ирээд гаднаас Х гэрт орж ирээд хөдөөнөөс ирлээ, хэдэн адуу хөдөөнөөс авчирсан. Тэжээлд оруулах гэж байгаа юм, танай хашаанд уяад оръё, би маргааш ирээд авна гэж хэлсэн юм. Би тухайн үед Х-д эхнэр бид хоёр маргааш өглөө хөдөө явна. Маргааш ирж аваарай, хашаанд хүн үлдэхгүй шүү гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68 дугаар хуудас/,

 

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ны 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 327 дугаартай үнэлгээний дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ны 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 009 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 86 дугаар хуудас/,

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх-ийн 31 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

          

           Шүүгдэгчийн  гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч С.Х нь  2020 оны 01 дүгээр сарын 08-ны шөнө Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар баг, “Жирэм” гэх газраас хохирогч Д.Г-н 4 тооны адууг хулгайлж, 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу олж авсан нотлох баримтууд болох хохирогч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2020 оны 01 сарын 11-ний өдөр Б надруу утсаар залгаад 4 тооны адуу алдчихлаа, энэ дотор хурдан удмын уядаг хоёр морь байна гэсэн. Би тэгээд Сайхандулаан сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн....” гэсэн мэдүүлэг , гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр адуугаа бөөгнүүлээд гэртээ харьж хоноод 09-нд манантай байхаар нь гэртээ өнжөөд 10-ны өдөр гарч ирээд адуугаа бөөгнүүлсэн чинь манай бор халзан азаргатай адуунаас ... 4 тооны адууг Дорноговь аймгийн Сайхандулаан сумаас зүүн хойшоо Дулааны уулын ар тал “Цагаан товог” гэх газраас хулгайд алдсан юм. Миний хувьд тухайн газарт адуугаа өдөр болгон хумьдаг байсан” гэсэн мэдүүлэг,гэрч Г.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х гэдэг таньдаг залуу 91810819 дугаарын утсаар залгаад адууны махтай ирлээ, адууны мах авахуу гэсэн, ...манай хойд махны амбаарт том, жижиг 2 адууны мах оруулаад хиллээд 2 адууны мах нийлээд 240 орчим кг болоод 1200000 төгрөг болоод гарал үүслийн бичиггүй болохоор нь бэлэн 300000 төгрөг өгөөд үлдэгдэл 300000 төгрөгийг нь маргааш гарал үүслийн бичиг баримтаа авчирахаар өгнө гэж тохирсон...” гэсэн мэдүүлэг, гэрч С.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Тэр хашаанд хонгор халзан морь, сартай хонгор морь, хар ногоон морь, хул байдас зэрэг 4 тооны адуу байсан. Хул байдасны тамга нь нар саран тамгатай, байсан. Бусдыг нь анзаарч хараагүй. ... Х машинаа тэр хашаа руу ухрааж байгаад махаа ачаад байсан. ...Тэгээд дүү Х 1 адууг нь хэрэглэвэл хэрэглэ гэхээр нь би архи ууж байгаад 1 морийг нь ченжид 350.000 төгрөгөөр зарсан. тухайн үед нэг морио зарчихаад мөнгөөр нь архи уучихаад согтуу явж байхдаа л нөгөө үлдсэн адууг нь хүнд зарчихсан боловуу гэж бодож байна. ...” гэсэн мэдүүлэг, гэрч С.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 2020 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-ны аль нэгэнд байх, өдрөө сайн санахгүй байна. Зах дээр машинтайгаа зогсож байтал нэг танихгүй залуу хүрч ирээд амьд адуу авах уу гэсэн. ...байгаа газар нь очиж үзэхэд 2 адуу байсан. ... ба миний авсан хонгор халзан адуунаас цаана нь хар морь үлдсэн юм. ...” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Тэр байшингийн хойд талд хашаа байшингийн завсар хонгор морь, хонгор халзан морь, хар ногоон үрээ, зээрд зүсмийн бага адуу зэрэг 4 тооны адуу байсан. Х 2 адууг нь хийнэ, хүнтэй ярьсан байгаа гээд хонгор морийг нь би Б-тай янзалсан. Харин ногоон үрээг Х, ах Ч-тэй хамт янзалсан. ...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Ч нь манай дүү 2 адуу борлуулсан чинь Сайхандулаан сумын хэсгийн төлөөлөгчид манай дүү уг хоёр адууг намайг өгсөн гээд хэлчихсэн юм байна. Гэтэл 2019 оны мал тооллогоор би адуу мал огт тоолуулаагүй болохоор болохгүй байна. Тэгээд намайг асуугаад байна. Чи надад хоёр адуу өгсөн гэж хэлээд өгөөч гэж гуйсан юм. Тухайн үед би юун адуу юм гэхэд хулгайн адуу биш, зүгээр л чамаас асуувал надад 2 адуу өгөх ёстой байсан тэрийгээ өгсөн гээд хэлээд өгөөч гээд гуйгаад байхлаар нь тухайн үед дотроо хар төрөөд ер нь буруу гарын адуу мал борлуулсан юм байна даа гэж бодоод нүүрэн дээрээ болохоор за гэж хэлээд явуулсан юм. ...” гэсэн мэдүүлэг, гэрч Х.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...аймаг дээр очоод уг 4 адууг буулгахад тамгыг нь харахад Х ахын адууны тамга биш байсан. ... Тэгээд л буцаад явж байхдаа Х ах өөрийнхөө адуунаас махлахаар авч яваагүй юм байна гэдгийг гадарласан. гэсэн мэдүүлэг, гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...4 тооны сартай хонгор морь, хонгор халзан морь, хар ногоон морь, хул байдас байснаас сартай хонгор морь, хул байдас хоёрыг нь эхэлж янзлахаар болоод би Б-тэй нийлж сартай хонгор морийг нь янзалсан. Харин нөгөө хоёр хул байдсыг янзалсан ...” гэсэн мэдүүлэг, гэрч Х.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... аймаг дээр байхад манай нөхөр адууны мах аччихсан ирсэн ба ах Ч адуу хийсэн, намайг зараад өг гэсэн юм гэж байсан. Тэгээд уг малаа С гээд ченжид зарж байсан ...” гэсэн мэдүүлэг, гэрч Р.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 01 дүгээр сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна Х гэрт орж ирээд хөдөөнөөс ирлээ, хэдэн адуу хөдөөнөөс авчирсан. Тэжээлд оруулах гэж байгаа юм, танай хашаанд уяад оръё, би маргааш ирээд авна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад  нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.

           

Шүүгдэгч нь бусдын  малыг хууль бусаар, үнэ төлбөргүйгээр авч эзэмшилдээ оруулж байгаагаа ухамсарлан ойлгож өөрийн шунахай сэдэлтээ зорилго болгожээ.

 

Иймд гэмт үйлдлийн талаарх  прокурорын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнээд шүүгдэгч С.Х-г  бусдын  малыг  хулгайлсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлага, хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч С.Х нь бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөрөө нөхөн төлсөн  болон улсын яллагч,өмгөөлөгчийн гаргасан ялын талаарх дүгнэлт зэргийг харгалзан 6 сарын хорих ял оногдуулав.

 

Шүүгдэгч С.Х нь гэмт хэргийн улмаас учирсан 7000000 төгрөгийг төлсөн болох нь хохирол төлбөрөө төлсөн банкны хуулгаас харагдаж байх тул хохирол нөхөн төлсөн гэж үзлээ. Хохирогч Д.Г 4 тооны адуугаа алдчихаад эрж хайхад мөн их зардал гарсан. Түүнд нийтдээ 1500000 орчим төгрөг зарцуулсан гэж мэдүүлсэн боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Шүүгдэгч С.Х нь киа-бонго жи 2 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг  4 тооны адуу хулгайлахдаа хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй уг тээврийн хэрэгслээр Сайхандулаан сумаас Сайншанд сум руу 4 тооны адууг ачиж ирсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг  ...албадан гаргуулахаар хуульчилжээ.

 

             “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т зааснаар ...гэмт хэрэг үйлдэж шууд,шууд бусаар олсон эдийн,эдийн бус хөрөнгө,түүний үнэ,түүнээс олсон ашиг, орлого  ...ойлгоно гэжээ.

 

            Шүүгдэгч  С.Х нь бусдын 4 тооны адууг хулгайлан бусдад зарж борлуулснаас 1200000 төгрөг олж, уг мөнгөөр өөрийнхөө өрийг дарах, ахуйн хэрэглээндээ хэрэглэх зэргээр ашигласан болох нь гэрч Ц.С болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

 Иймд шүүгдэгч С.Х-с гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 1200000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

     Шүүгдэгч С.Х нь урьд ял шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн  эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 31-р тал/ тогтоогдож  байна.

 

     Шүүгдэгч С.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг  дурдах нь  зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

        

1.Шүүгдэгч Т овогт С.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С. Х-д 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Х-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х-с 1200000 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х-н эзэмшлийн киа-бонго жи 2 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг  битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

6.Шүүгдэгч С.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар шүүхэд хураагдаж ирсэн зүйлгүй  болохыг  дурдсугай.

 

7. Шүүгдэгч С.Х нь бусдад төлөх төлбөргүй,хохирогч Д.Г нь  зардлын 1500000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АДЪЯАСҮРЭН