Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/01808

 

Б.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагааноож даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн          

         2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/01679 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1575 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: Б.С

         Хариуцагч: Б.Эд холбогдох        

         2,126,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагч Б.Эын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.Э, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие 2016-02-15-ны өдөр Алтжин бөмбөгөр худалдааны төвд хамт ажилладаг Б.Эд 1528 дугаартай лангуу, хөргөгч, тавиурыг нийт 3 сая төгрөгөөр үнэлж зарсан. Үүнээс хойш надад нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд 1,5 сая төгрөгийн хөргөгчөө буцаан авсан. Мөн Б.Э нь 506,000 төгрөгийн Мах импекс ХХК-ийн хиам, 126,000 төгрөг бэлнээр авсан тул нийт 2,126,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Би Б.Саас лангуу, тавиур, хөргөгчийг 3 сая төгрөгөөр үнэлж авсан боловч 1,5сая төгрөгийн үнэтэй хөргөгчөө буцаагаад авсан. Үлдэгдэл 1,5сая төгрөгийг өөрт нь бэлнээр цувуулж өгөөд, төлж дууссан. Одоо бид хоёрын хооронд тооцоо байхгүй. Хиам, бэлэн мөнгө аваагүй гэжээ.

 

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/01679 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1,500,000 төгрөгийг Б.Эаас гаргуулан  Б.Сд олгож, нэхэмжлэлээс 626,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1575 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/01679 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

 

      Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Б.С 1,500,000 төгрөгийг төлж дууссаныг мэдсээр байж дахин мөнгө нэхэмжилсэнд гомдолтой байна. Үүнийг нотлох н.Гүрсүрэн тухайн үед анхан шатны шүүх хуралдаан болоход хотод байгаагүй учраас нотолж чадаагүй болно. Б.С намайг дуудан уулзаад 500,000 төгрөг өгчих гэж байсан, маргаан болсны эцэст 2,126,000 төгрөг нэхэмжилсэнд гомдолтой байна. Иймд үнэн зөвийг хянан шалгаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Б.С, Б.Эд холбогдуулан 2018-04-16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, худалдсан эд зүйлийн үнэ 1,500,000 төгрөг, хиамны үнэ 506,000 төгрөг, бэлнээр өгсөн 126,000 төгрөг нийт 2,126,000 төгрөг шаарджээ. 

       Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...худалдан авсан эд зүйлийн үнийг  бүгдийг нь төлсөн...бэлэн мөнгө болон хиам аваагүй...төлөх төлбөргүй...” гэж маргасан байна.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 1,500,000 төгрөг хангасныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Б.Сын шаардлага болон хариуцагчийн татгалзлыг нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүх зохигчийн тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт   хийж, Б.Эаас 1,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ. 

       Зохигчийн тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх тохиолдолд шүүх талуудад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулах /хх 11/-с гадна, тайлбарлан өгөх ажиллагааг бүрэн хийх нь чухал юм.

        Шүүгч, зохигч нарт шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг тайлбарлан өгөх ажиллагааг хийсэн гэх баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн “...Б.С 800,000 төгрөг надад өгөх ёстой боловч  төлөөгүй тул уг мөнгөө гаргуулж авмаар байна... хүнээс мөнгө зээлж байж нэхэмжлэгчийн мөнгийг төлсөн...” /хх 13, 19/ гэх тайлбараа нотлох зорилгоор ямар нэг хүсэлт болон сөрөг нэхэмжлэл гаргах эсэхийг шүүх тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх хэсэгт нийцээгүй гэж үзлээ.     

        Түүнчлэн, хэрэгт нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 2017-12-25-ны өдрийн 102/ШЗ2018/00028 дугаар захирамж /хх 4/, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын 2017-07-08-ны өдрийн 503 дугаар тогтоол /хх 5/ -с өөр баримт байхгүй байхад  шүүх хариуцагчаас 1,500,000 төгрөг гаргуулахдаа “...хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтаар шийдвэр гаргасан...” гэж дүгнэлт /хх 20, 21/ хийсэн нь  үндэслэлгүйгээс гадна баримтгүй байгааг дурдах нь зүйтэй байна.     

        Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулаагүй байх тул шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн эсэх, хуулийг зөв тайлбарласан эсэх талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/01679 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1575 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 38.950 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай. 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЦАГААНЦООЖ

       ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ