Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2022/0322

 

 

 

 

 

 

 

 

 

 

                   “Л” ХХК-ийн гомдолтой

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Гомдол гаргагчийн төлөөлөгч Б.М,

Гомдол гаргагч: “Л” ХХК,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.Б, Д.Б нар,

Гомдлын шаардлага: “Чингэлтэй дүүргийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.Б, Д.Б нарын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0294914 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 170 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, гомдол гаргагчийн өмгөөлөгч В.Г-О, хариуцагч Ч.Б, Д.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нар,                         

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Гантогтох,

Хэргийн индекс: 128/2021/0782/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “Л” ХХК нь Чингэлтэй дүүргийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.Б, Д.Б нарт холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0294914 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 170 дугаар шийдвэрийн

          1 дэх заалтаар: “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гомдол гаргагчийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж,  Чингэлтэй дүүргийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.Б, Д.Б нарын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0294914 дүгээр шийтгэлийн хуудсаар ногдуулсан 745,554,505.60 төгрөгийн зөрчилд ногдох 66,915,030.20 төгрөгийн нөхөн татвар, 77,700,649.60 төгрөгийн торгууль, 25,455,963.80 төгрөгийн алданги, нийт 170,071,643.60 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоосныг 695,554,505.60 төгрөгийн зөрчилд 61,915,030.00 төгрөгийн нөхөн татвар, 76,200,649.60 төгрөгийн торгууль, 24,455,963.80 төгрөгийн алданги, нийт 162,571,643.60 төгрөгийн төлбөр төлүүлэхээр багасгаж”,

 2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн төлөөлөгч Б.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрээр баримтаар нотлогдоогүй бараа худалдан авалтад ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасаж тооцсон зөрчилд “Л” ХХК нь “Э А У” ХХК-тай 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, нийт 110 тонн арматурын 1 тонныг 1,280,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, “Э А У” ХХК-ийн Хаан банкны *** тоот дансанд тушаах буюу бэлнээр төлөхөөр тохиролцсон байна. Гомдол гаргагчаас арматурын төлбөрийг “Э А У” ХХК-ийн менежер Д.Эын Хаан банкны ** тоот дансанд тушаасан орлогын мэдүүлэг, тооцоо нийлсэн актыг шүүхэд баримтаар гаргаж өгсөн байх бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан борлуулалтын падааны задаргаанд тус компанийн нэр бичигдсэн байх боловч тус компанитай харилцах данс байсаар байхад менежер Д.Э гэсэн иргэний дансанд мөнгө шилжүүлснийг “Э А У” ХХК-руу төлбөр шилжүүлсэн гэж үзэхгүй бөгөөд татвар ногдуулсан татварын улсын байцаагчийн акт үндэслэлтэй гэж үзсэн. Ингэж шийдвэрлэхдээ “Э А У” ХХК-ийн бэлнээр мөнгө хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн бэлэн мөнгөний орлогын баримт, 2 байгууллагын хоорондын хүлээн зөвшөөрсөн тооцоо нийлсэн акт зэрэг нотлох баримтыг харгалзан үзэхгүйгээр анхан шатны шүүх шийдвэр гаргасан.

            3.2. Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хугацаандаа төлөөгүй зөрчилд ногдуулсан торгууль, алданги болох 44,317,405 төгрөг, хувь хүний орлогын албан татварын хугацаандаа төлөөгүй зөрчилд ногдуулсан торгууль, алданги болох 30,699,874 төгрөгөөс Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зохицуулалтад хамаарах харилцаа байгааг харгалзан үзэлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан.

            3.3. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үнэлэлгүйгээр шийдвэр гаргасан. Нэг талыг барьсан, хэрэглэх ёстой байсан хуулийг хэрэглээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж гарсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 170 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

4. Хариуцагч нараас давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад зохих өөрчлөлтийг оруулав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон бусад холбогдох хуулиудыг зөв тайлбарлан хэрэглэж, гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

3. Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул дараах үндэслэлээр гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:

3.1. “Л” ХХК нь “Чингэлтэй дүүргийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.Б, Д.Б нарын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0294914 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж гомдлын шаардлагаа тодорхойлжээ.

3.2. Чингэлтэй дүүргийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.Б, Д.Б нь “Л” ХХК-ийн 2013-2017 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, холбогдох баримтад хяналт шалгалт  хийж тус компани нь мөн онуудад татвараа үнэн зөв тодорхойлох, тайлагнах, төлөх үүргээ биелүүлээгүй нийт 783,515,338.10 төгрөгийн зөрчилд 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0294914 дүгээр шийтгэлийн хуудсаар 70,711,113.70 төгрөгийн нөхөн татвар, 82,030,383.70 төгрөгийн торгууль, 28,342,453.20 төгрөгийн алданги, нийт 181,083,950.60 төгрөгийн шийтгэл оногдуулсан, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 100 дугаар тогтоолоор “нийт 181,083,950.60 төгрөгийн төлбөр ногдуулснаас нийт 5,694,125.20 төгрөгийн төлбөрийг бууруулж, нийт 5,318,181.80 төгрөгийн төлбөрийг өршөөлийн хуулийн үйлчлэлд хамруулан чөлөөлж, үлдэх 170,071,643.60 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилсөн” байна.

3.3. Анхан шатны шүүх 745,554,505.60 төгрөгийн зөрчилд ногдох 66,915,030.20 төгрөгийн нөхөн татвар, 77,700,649.60 төгрөгийн торгууль, 25,455,963.80 төгрөгийн алданги, нийт 170,071,643.60 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоосныг 695,554,505.60 төгрөгийн зөрчилд 61,915,030.00 төгрөгийн нөхөн татвар, 76,200,649.60 төгрөгийн торгууль, 24,455,963.80 төгрөгийн алданги, нийт 162,571,643.60 төгрөгийн төлбөр төлүүлэхээр багасгаж шийдвэрлэсэн байх бөгөөд гомдол гаргагчаас “...“Э А У” ХХК-ийн бэлнээр мөнгө хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн бэлэн мөнгөний орлогын баримт, 2 байгууллагын хоорондын хүлээн зөвшөөрсөн тооцоо нийлсэн акт зэрэг нотлох баримтыг харгалзан үзэхгүйгээр анхан шатны шүүх шийдвэр гаргасан, ... аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хугацаандаа төлөөгүй зөрчилд ногдуулсан торгууль, алданги болох 44,317,405 төгрөг, хувь хүний орлогын албан татварын хугацаандаа төлөөгүй зөрчилд ногдуулсан торгууль, алданги болох 30,699,874 төгрөгөөс Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зохицуулалтад хамаарах харилцаа байгааг харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэн” гэх агуулгаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Харин шийтгэлийн хуудсаар оногдуулсан бусад зөрчлүүдийн тухайд хууль зүйн үндэслэлийг зааж тухайлан гомдол гаргаагүй.

            3.4. Баримтаар нотлогдоогүй бараа худалдан авалтад ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасч тооцсон зөрчлийн тухайд.

“Л” ХХК нь “Э А У” ХХК-тай 2014 оны 03 дугаар  сарын 31-ний өдөр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, нийт 110 тонн арматурыг 1 тонныг 1,280,000.00 төгрөгөөр худалдахаар, “Э А У” ХХК-ийн Хаан банкны *** тоот дансанд тушаах буюу бэлнээр төлөхөөр тохиролцсон, талууд үүнтэй маргаагүй.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж зааснаас үзэхэд худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь төлбөрийн нэхэмжлэл, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох мөнгөн хөрөнгийн тайлан болон бусад санхүүгийн баримтаар нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцох бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Л” ХХК нь “Э А У” ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн худалдан авалт хийсэн болох нь баттай баримтаар нотлогдохгүй байна.

Гомдол гаргагч нь “Э А У” ХХК-иас нийт 106,363,636.50 төгрөгийн бараа худалдан авсан, ажил гүйцэтгэсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичүүлж нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “Нэмэгдсэн өртгийн албан татвартай  үнээр  дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч, албан татвар ногдох орлогыг бууруулсан гэж үзэхээр байх тул 2014 оны 106,363,636.50 төгрөгийн зөрчилд 10,636,363.70 төгрөгийн нөхөн татвар, 3,190,909.10 төгрөгийн торгууль, 2,127,272.70 төгрөгийн алданги ногдуулсан нь үндэслэлтэй.

            Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Энэ хуулийн 3.1-д заасан "гэмт хэрэг үйлдсэн хүн" гэдэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна.” гэж заасан бөгөөд Татварын Маргаан таслах зөвлөл гомдол гаргагчийн дээрх 2014 оны 106,363,636.50 төгрөгийн зөрчилд ногдуулсан нийт 15,954,454.50 төгрөгийн төлбөрөөс 3,190,909.10 төгрөгийн торгууль, 2,127,272.70 төгрөгийн алданги, нийт 5,318,181.80 төгрөгийн төлбөрийг өршөөлийн хуулийн үйлчлэлд хамруулан чөлөөлж, 10,636,363.70 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Дээрх хуулиар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд маргаан бүхий актаар төлүүлэхээр тогтоосон 10,636,363.70 төгрөгийн нөхөн татвар нь татвар төлөгчийн улсад төлөх ёстой үндсэн татвар тул актаар ногдуулсан торгууль, алданги төлөх хариуцлагаас чөлөөлж, өршөөлд хамруулахаар байна. Иймд гомдол гаргагчаас “... 15,954,544.7 төгрөгийг бүхэлд нь хүчингүй болгох ёстой” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

Мөн гомдол гаргагчаас “... “Э А У” ХХК-ийн бэлнээр мөнгө хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн бэлэн мөнгөний орлогын баримтаар бодит худалдан авалт хийсэн болох нь нотлогдоно” гэх боловч бодит байдалд тус компаниас арматур худалдан авсан төлбөрийг гэрээ байгуулсан тус компанийн менежер Д.Эын данс руу шилжүүлснийг гэрээнд заасны дагуу “Э А У” ХХК-ийн дансанд шилжүүлсэн гэж үзэхээргүй байна.

            3.5. Хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчлүүдийн тухайд.

            “Л” ХХК нь 2017 оны жилийн эцсийн байдлаар нийт 39,609,754.40 төгрөгийн тайлангаар ногдуулсан хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй нь Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна”, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “Суутгагч нь албан татвар төлөгчийн орлогоос суутган авсан албан татварыг энэ хуулийн 26.1.6-д зааснаас бусад тохиолдолд дараа сарын 10-ны өдрийн дотор холбогдох төсөвт шилжүүлэх” гэж заасныг зөрчсөн гэж үзээд 23,694,570.00 төгрөгийн торгууль, 7,005,304.60 төгрөгийн алданги, нийт 30,699,874.60 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

            Мөн “Л” ХХК нь 2017 оны жилийн эцсийн байдлаар нийт 36,794,447.20 төгрөгийн тайлангаар ногдуулсан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй нь Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д “Албан татвар төлөг энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзээд 37,122,479.60 төгрөгийн торгууль, 7,194,925.90 төгрөгийн алданги, нийт 44,317,405.60 төгрөгийн төлбөр ногдуулжээ. 

Гомдол гаргагчийн “...аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хугацаандаа төлөөгүй зөрчилд ногдуулсан торгууль, алданги болох 44,317,405 төгрөг, хувь хүний орлогын албан татварын хугацаандаа төлөөгүй зөрчилд ногдуулсан торгууль, алданги болох 30,699,874 төгрөгөөс Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зохицуулалтад хамаарах харилцаа байгааг харгалзан үзэлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан” гэх гомдлын агуулгаас үзвэл гомдол гаргагч нь дээрх зөрчлүүдийг гаргаагүй гэж маргаагүй, харин уг зөрчлүүдэд хамаарах шийтгэлээс холбогдох хуульд заасны дагуу чөлөөлөгдөх байсан гэх агуулгаар маргаж байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байхаар заасан, мөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд зааснаар сайн дурын үндсэн дээр хөрөнгө, орлогоо ил болгож бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах хугацаа нь 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дуусахаар заасан тул дээрх 2017 онуудын зөрчлүүд нь цаг хугацааны хувьд уг хуулийн үйлчлэлд хамаарахгүй байх тул шийтгэлээс чөлөөлөх үндэслэлгүй.  

3.6. Мөн шүүх хуралдаанд гомдол гаргагчаас “... хариуцагч нар автозогсоол борлуулсан орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тайлагнаж, төсөвт төлөх татварыг бууруулсан гэж үзэхдээ бодит үнийг тооцохгүйгээр “жишиг үнийн арга”-аар тооцсон, алдагдлын хэмжээг шилжүүлэн тооцоогүй, ... нийт борлуулалтын дүнг тооцсон хирнээ автозогсоол бий болохтой холбоотой өртгийг тооцоогүй, нийт дүнгээс бодож тооцсон” гэх боловч анхан шатны шүүх энэ талаар хангалттай зөв дүгнэж, нийт зөрчил болох 282,500,000.00 төгрөгийн зөрчлөөс 2016 онд хамаарах 25,000,000.00 төгрөгийн зөрчилд холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд ногдох аж ахуйн нэгжийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар, торгууль, алданги нийт 5,000,000.00 төгрөгийн нөхөн татвар, 1,500,000.00 төгрөгийн торгууль, 1,000,000.00 төгрөгийн алданги, нийт 7,500,000.00 төгрөгийн төлбөрийг актын төлбөрөөс бууруулж шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар тодорхой үйл ажиллагаа эрхлэхдээ бодит бус үнэ хэрэглэсэн ... нотлогдсон тохиолдолд татварын албан  татвар төлөгчийн татварын ногдлыг ... бодит үнийн арга, жишиг үнийн аргаар тодорхойлохоор заасан бөгөөд гомдол гаргагч 12 ширхэг автозогсоолыг зээлийн төлбөрт тооцох, бартер хийх байдлаар борлуулахдаа зарим зогсоолуудын үнийг бууруулан тооцсоныг зөвтгөх боломжгүй.

4. Иймд “Л” ХХК нь татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд шийтгэлийн хуудсаар оногдуулсан зөрчил тус бүрт хууль зүйн дүгнэлт хийж хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

5. Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилсан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгохоор заасан тул гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгохоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 170 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулсугай.” гэж өөрчилж, шийдвэрийн Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Л” ХХК-ийн төлөөлөгч Б.Мын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ерөнхий ШҮҮГЧ                                                    д.батбаатар

                 ШҮҮГЧ                                                                  Н.ХОНИНХҮҮ

                 ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН