Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 483

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй хийж, Л.Н, Н.Ч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-ийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан “2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын 10 дугаар хороонд холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох”, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан “2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралдааны анхдугаар хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох, 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Тооллогын комисс байгуулах тухай” 01 дүгээр тогтоол, “Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаар тогтоол, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 03 дугаар тогтоол, “Хорооны Засаг даргыг сонгох тухай” 04 дүгээр тогтоол, Тооллогын комиссын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Санал хураасан дүнгийн тухай” 01, 02, 03 дугаар тогтоолуудыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У, Ц.Э, хариуцагч Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 тоот тогтоолын тогтоох хэсгийн нэг дэх заалтаар хороодын иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаан хуралдах хуваарийг баталсан.

Хорооны иргэдийн Нийтийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт заасны дагуу нутгийн өөрөө удирдах байгууллага нь Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсгээс үзэхэд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “хорооны иргэдийн Нийтийн Хурал”-ын үйл ажиллагаанд оролцох, хяналт тавих, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг шийдвэрлэх ямар ч хууль зүйн үндэслэлгүй ба дээрх байгууллагууд нь бие биедээ хамааралгүй нутгийн өөрөө удирдах байгууллага юм.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт зааснаар Анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах эрх нь Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамрагдах асуудал.

Гэтэл Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолоор Анхдугаар хуралдааныг товлосон өдөр, товлосон цагт хуралдуулах хуваарийг баталсан нь нутгийн өөрөө удирдах байгууллага болох хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасан Анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах эрхэд бүдүүлгээр халдсан.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь хэсэгт зааснаар тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад гаргасан илт хууль бус захиргааны акт байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт заасны дагуу Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, уг илт хууль бус тогтоолын дагуу хуралдсан Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаан мөн тус хуралдаанаас гаргасан хурлын шийдвэрүүдийг бүхэлд нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.  

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын 10 дугаар хороонд холбогдох хэсэг нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг тус тус зөрчсөн, илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, уг хууль бус захиргааны актын дагуу 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан “Тогтоолын комисс байгуулах тухай” 01 дүгээр тогтоол, тогтоолын комиссын “Санал хураасан дүнгийн тухай” 01 дүгээр тогтоол, “Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаар тогтоол, тогтоолын комиссын “Санал хураасан дүнгийн тухай” 02 дугаар тогтоол, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 03 дугаар тогтоол, тогтоолын комиссын “Санал хураасан дүнгийн тухай” 03 дугаар тогтоол, “Хорооны Засаг даргыг сонгох тухай” 04 дүгээр тогтоолыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” гэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “ ... 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Зөвлөмж чиглэл хүргүүлэх тухай”, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 30 тоот “Зөвлөмж чиглэл хүргүүлэх тухай” албан бичгүүдийг тус дүүргийн 16 хороодод хүргүүлсэн. Энэхүү зөвлөмжид иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрхийн 4 жилийн хугацаа дуусгавар болоогүй хийгээд иргэдийн Нийтийн Хурлын дэг журамтай, аливаа маргаан будлиангүйгээр зохион байгуулахын тулд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэгдсэн хуваарь батлан мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллах тухай дурьдсан. Энэхүү зөвлөмжийг бүх хороод хүлээн зөвшөөрч ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй болно. Үүний дагуу 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Хуваарь батлах тухай” А/06 дугаар тогтоолыг баталсан болно.

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал 2017 оны 02 дугаар сарын 23-ны  өдөр хуралдаагүй болно.” гэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад бичгээр гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдид Анхдугаар хуралдааныг зарлаагүй тохиолдолд хүчингүй гэж тооцох заалт байхгүй бөгөөд хуралдааныг хүчин төгөлдөр талаар 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт 20-30 өрх тутмаас нэг хүн ирэлцэн ирсэн тохиолдолд Хурлыг хүчинтэйд тооцно гэж заасан заалт байдаг. Уг заалтын дагуу тус хорооны 3224 өрхөөс 107 иргэний төлөөлөл хүрэлцэн ирэхээс 390 иргэн ирсэн тул ирц хуулинд заасан шаардлага хангасан, мөн асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэсэн тул эдгээр анхдугаар хуралдаанаас гарсан шийдвэрүүд хүчин төгөлдөр юм.

Хуралдааны товыг мэдсээр байж оролцоогүй иргэдийн эрхийг зөрчсөн нэрийдлээр бусад хуралдаанд оролцон санал өгсөн иргэдийн 390 иргэний саналыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчид тус хорооны иргэдийн Нийтийн Хурал тогтоол гаргаж Анхдугаар хуралдааныг зарлах ёстой байтал дүүргийн хурал хуваарь баталсанд эргэлзээ үүсч хуралдаанд оролцоогүй сонгох сонгогдох эрх нь зөрчигдсөн гэж тайлбарласан байдаг. Гэвч тус хорооны иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулахаар тогтоол гаргасан байдаг нь дүүргийн Хурлын Тэргүүлэгчдийн А/06 дугаар тогтоолыг хүлээн зөвшөөрсөн хэрэг юм.

Үүнээс үзэхэд үүнд давхардсан хуралдаан зарлаж ямар нэг эргэлзээ үүсэх нөхцөл үүсээгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолоор батлагдсан хуваарийн дагуу хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон мэдээллийн самбаруудад хуралдааны товыг мэдэгдсэний дагуу тус хорооны иргэд хуралдаж өөрсдийн саналаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргаар Д.Д, хорооын Засаг  даргаар Ц.Ч нарыг тус тус сонгосон.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт 20-30 өрх тутмаас нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд Хурлыг хүчинтэйд тооцно гэж заасны дагуу тус хорооны 3224 өрхөөс 107 иргэн хүрэлцэн ирэхээс 390 иргэн хүрэлцэн ирсэн тул хүчин төгөлдөр хуралдаан юм.

Хуулийн дагуу ирц бүрэлдэж хүчин төгөлдөр болсон хуралдаанаас сонгогдсон Засаг даргыг дүүргийн Засаг дарга батламжлан бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн болно.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон мэдээллийн самбаруудад хурлын товыг мэдэгдсэний дагуу тус хорооны иргэд цуглаж хуралдсан. Нэхэмжлэл гаргасан иргэд нь хуралдааны товыг мэдсээр байтал хуралдаанд хүрэлцэн ирээгүй байдаг. Хуралдаандаа оролцон нэр дэвшүүлэхэд нь саад учруулсан, хуралдаанд оролцохолд нь саад учруулсан үйлдэл гараагүй тул нэхэмжлэгчдийн сонгох сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.” гэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд хийсэн нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч нар Т.Б төлөөлөгчид итгэмжлэл олгохдоо зөвхөн Хан-Уул иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох асуудалд нэхэмжлэл гаргах эрхийг олгосон. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй холбоотой нэхэмжлэл гаргах эрх нь Т.Б төлөөлөгчид байхгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал бүрдэж байна гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэн Л.Н, Н.Ч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нь Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд тус тус холбогдуулан гаргасан дараах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрээ гаргалаа.

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан:

-Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын 10 дугаар хороонд холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох.

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан.

-2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралдааны Анхдугаар хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох;

- 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Тооллогын комисс байгуулах тухай” 01 дүгээр тогтоол, “Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаар тогтоол, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 03 дугаар тогтоол, “Хорооны Засаг даргыг сонгох тухай” 04 дүгээр тогтоолуудыг илт хуулт бус захиргааны акт болохыг тогтоох,

 - Тооллогын комиссын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Санал хураасан дүнгийн тухай” 01,02,03 дугаар тогтоолуудыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох.

Нэг. Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын 10 дугаар хороонд холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлагын тухайд.

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолоор тус дүүргийн хороодын иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаан хуралдуулах хуваарийг баталсан байна. Энэхүү хуваарь ёсоор тус дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлыг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 14.00 цагт хуралдуулахаар болжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоо нь дараахь бүтэцтэй байна”, 7.1.2-т “баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал”, 8 дугаар зүйлийн 8.2-т “Нутгийн өөрөө удирдах ёс нь чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөлөгчтэй, түүнд тайлагнадаг гүйцэтгэх байгууллагатай, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар мөн” гэж заасны дагуу хороо нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгж болдог бөгөөд хорооны иргэдийн Нийтийн Хурал нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болохын хувьд хуулиар олгогдсон эрхийн хүрээнд тухайн нутаг дэвсгэрийн асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэхээр байна.

Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасны дагуу хорооны иргэдийн Нийтийн Хурлыг товлох эрх мэдэл тухайн хурлын бүрэн эрх нь дуусгавар болж буй Тэргүүлэгчдэд байна.

 Хорооны иргэдийн Нийтийн Хурал нь дээрх хуулийн зохицуулалт ёсоор хуулиар олгосон тусгайлсан чиг үүрэг, эрх хэмжээтэй, тухайн бүрэн эрхээ хэрэгжүүлэх бодит эрхийн чадамжийг хангахын тулд бусад шатны байгууллага тухайн нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг шийдвэрлэхгүй байх зарчмыг тусгасан байх тул нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь өөрийн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэх хийгээд, энэхүү эрх нь тухайн байгууллагаас өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлыг шийдвэрлэх онцгой эрх мэдэл юм.

 Гэтэл Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолоор тус дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулахаар товлосон, үүний дагуу дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албанаас томилогдсон албан тушаалтан Г.Э хурлыг зохион байгуулсан, оролцсон байгаа нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар шийдвэр гаргасан, хорооны иргэдийн Нийтийн Хурлын эрх мэдэлд халдсан гэж үзэхээр байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заажээ.

Хуулийн заалтыг тодруулбал, захиргааны байгууллага, албан тушаалтны хариуцах үүрэг, түүний эрх хэмжээг хууль тогтоомжоор нарийн зааглан тогтоосон байдаг бөгөөд тухайн байгууллага, албан тушаалтанд эрх мэдлийг нь хуулиар тусгайлан зөвшөөрч олгосон эрх хэмжээнээс хэтрүүлэн өөрт хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар захиргааны акт гаргавал “өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” байхыг хэлдэг байна. Харин захиргааны байгууллага, албан тушаалтан нь хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгжид сөрөг нөлөөлөл бүхий акт гаргахдаа хуулийн заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэж хуульд заасан үндэслэлгүйгээр халдсан тохиолдолд “халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж үзэн уг акт нь мөн илт хууль бус болдог.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын дагуу 10 дугаар хорооны анхдугаар хуралдааныг дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас зохион байгуулж хуралдуулсан, мэргэжил арга зүйгээр удирдан ажилласан болох нь тогтоогдож байна.

Иймд хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдааныг хуралдуулах хуваарийг баталсан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэгч  Л.Н, Н.Ч нар нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-д 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр олгосон итгэмжлэлээр Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх олгосон тул итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэн нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах ёстой гэж мэтгэлцсэн.

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхээс гадна дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлдэг тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэх боломжгүй гэж үзэн дээрх тайлбарыг шүүх хүлээн аваагүй болно.

Хоёр. Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тооллогын комиссын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргад Д.Д хамгийн олон санал авсан тухай, 02 дугаар тогтоолоор[1] хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд нэрээ дэвшүүлсэн иргэдийн санал хураасан дүнг баталгаажуулах,  03 дугаар тогтоолоор[2] хорооны Засаг даргад нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн Ц.Ч-ыг хамгийн олон санал авсныг тус тус баталгаажуулсан байна.

Харин Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор[3] иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдааны тооллогын комиссыг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр, 02 дугаар тогтоолоор[4] хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргаар Д.Д-ийг сонгосныг баталж, 03 дугаар тогтоолоор[5] хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгосныг баталж, 04 дүгээр тогтоолоор[6] хорооны Засаг даргаар Ц.Ч-ыг сонгосныг баталсан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т “...20-30 өрх тутмаас сонгуулийн насны нэг иргэн оролцсон бол ... хүчин төгөлдөр гэж үзнэ”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална.” гэж заажээ. 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн иргэдийн нийтийн анхдугаар хуралдаанд тус хорооны нийт 3224 өрхийг төлөөлж 390 иргэн оролцож хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчид, иргэдийн Нийтийн Хурлын дарга, хорооны Засаг дарга, тооллогын комиссын бүрэлдэхүүнийг баталсан байх тул тус хуралдаанд оролцвол зохих сонгуулийн насны иргэдийн тоо хуульд заасан хэмжээнд хүрсэн, хуралд оролцсон иргэдийн олонхийн саналаар зохих шийдвэр гаргасан байна.

Нөгөөтэйгүүр, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Баг, хорооны Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 17.1.1-д “Хурлын хуралдааны дарга, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх, 17.1.2-т “баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах”, 17.1.3-т “Хурлын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх” гэж хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэсэн байх тул тус шийдвэрүүдийг илт хууль бус захиргааны акт гэж үзэх боломжгүй болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргын үүргийг гүйцэтгэж байсан Ш.А нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хурлын Тэргүүлэгчид хуралдаагүй байтал хуралдсан мэтээр тэмдэглэл №4[7] үйлдэж хорооны иргэдийн Нийтийн Анхдугаар Хурлын товыг тогтоосон болох нь нотлогдож байгаа боловч энэхүү хууль бус үйлдэл нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Хан-Уул дүүргийн иргэдийн Нийтийн Анхдугаар Хуралдааныг хууль бус гэж үзэх боломжгүй юм. Учир нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны сонгуульд оролцох эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох зарчмын үндсэн дээр, бие даан, чөлөөтэй саналаа гаргаж сонгох эрхээ хэрэгжүүлж амьдарч буй хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгч, Хурлын дарга, Засаг даргаа сонгосон байна.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.3, 47.1.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2, 8 дугаар зүйлийн 8.2, 17 дугаар зүйлийн 17.1, 20 дугаар зүйлийн 20.1, 23 дугаар зүйлийн 23.4, 23.10, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгүүдийг тус тус баримтлан иргэн Л.Н, Н.Ч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын Хан-Уул дүүргийн иргэдийн Нийтийн Хурлын 10 дугаар хороонд холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

          

 

 

 

ШҮҮГЧ                                       С.ТӨМӨРБАТ

 


[1] Хавтаст хэргийн 26 –р тал

[2] Хавтаст хэргийн 27 –р тал /ар/

[3] Хавтаст хэргийн 24 –р тал /ар/

[4] Хавтаст хэргийн 25 –р тал /ар/

[5] Хавтаст хэргийн 26 –р тал /ар/

[6] Хавтаст хэргийн 27 –р тал

[7] Хавтаст хэргийн 113 –р тал