Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 794

 

 

М.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00297 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Еркебулан

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Амарсанаа, Ж.Болорчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Эрдэнэчимэг нь сүүлийн 16 жилийн хугацаанд арилжааны банкны салбарт ажилласан бөгөөд Хаан банкны тусгай актив хариуцсан захирлаар ажиллаж байхад нь Хадгаламж банкны тухайн үеийн удирдлагуудаас удаа дараа санал тавьсаны дагуу 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Хадгаламж банкны ерөнхий зохицуулалтын газрын захирлаар ажиллах болсон.

Энэ хугацаанд Хадгаламж банкны зарим актив, пассив хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлэх болсонтой холбогдуулан тус банкны бүх хөрөнгө, ажилчид Төрийн банкинд шилжиж, 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс М.Эрдэнэчимэг нь Төрийн банкинд ажиллах болсон.

М.Эрдэнэчимэг нь хэлтсийн захирлын ажлыг хариуцан ажиллаж байсан бөгөөд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, хөдөлмөрийн дотоод журам ажлын байрны тодорхойлолтоор заасан чиг үүргээ бүрэн биелүүлэн ажиллаж байсан.

Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Төрийн банкны тэргүүн орлогч захирал н.Ганбаатараар ахлуулсан баг М.Эрдэнэчимэгийн ажлыг ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр хүлээж авсан. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн зүгээс 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс хойш М.Эрдэнэчимэгээр тодорхой ажил үүрэг гүйцэтгүүлээгүй, цалин хөлсийг олгоогүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасны дагуу ажлаа хүлээлгэж өгсөн сүүлийн өдрөө ажлаас халагдсан өдөр гэж үзэж 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Уг нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүх хүлээж авч иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тушаал гаргаж, М.Эрдэнэчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, дахин ажлаас халсан.

Уг тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэл болгосон байдаг мөртлөө тушаалын 1 дэх хэсэгт газар хэлстийн чиг үүрэг, бүтцийн харьяалал, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн, ажил олгогчийн зүгээс санал болгсоон ажлын байрны саналыг хүлээн авахаас татгалзсан гэдэг.

Уг тушаал дээр баримталсан хуулийн зохицуулалт болон ажлаас халсан үндэслэл нь илт зөрүүтэй байдаг. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д ийм үндэслэл байдаггүй бөгөөд М.Эрдэнэчимэгийг хуулинд заагаагүй үндэслэлээр ажлаас халсан тушаалыг сүүлд нөхөж гаргасан.

Иймд ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт ажлын 57 хоногоор тооцож нийт 8 142 849 төгрөгийн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн банк нь Монгол Улсын Сангийн яам, Хадгаламж даатгалын корпораци ХХК нарын хувь нийлүүлсэн, төрийн өмчит хуулийн этгээд бөгөөд Төрийн банкны эрх барих байгууллагын бүрэн эрхийг Төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлж ажилладаг.

Хувь нийлүүлэгч Сангийн яамнаас Төрийн банкны хэвийн үйл ажиллагаа, зохистой засаглал, харилцагч, үйлчлүүлэгч, ажиллагсдын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 7-1/5765 тоот албан бичгийг манай банкинд ирүүлсэн. Уг албан бичигт "Банкинд бүтцийн өөрчлөлтийг хийж, боловсон хүчний зардлыг бууруулж, цалингийн шатлалыг оновчтой боловсруулан дээд түвшингээс хэтрүүлэхгүйгээр шинэчлэн тогтоож, 2017 оны эцэс гэхэд нийт зардалд эзлэх боловсон хүчний зардлыг 15 хувиас хэтрүүлэхгүй байх" тухай заасан.

2015-2016 онд арилжааны банкуудаас боловсон хүчний зардалд хамгийн их зардал гаргадаг банк нь 15 хувьтай байхад Төрийн банк 25 хувийг зарцуулж байгаад Сангийн яам шүүмжлэлтэй хандсан байдаг юм.

Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл дээрх байдлыг нарийвчлан судалж, удирдлагын зөв тогтолцоог бий болгох, ажиллагсдын цалингийн шатлалыг шинэчлэн тогтоон байгууллагын засаглалыг зохистой болгох зорилгоор 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 118 тоот тогтоолоор банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсан.

Төлөөлөн удирдах зөвлөлийн 118 тоот тогтоолоор банкны зохион байгуулалтын бүтцээс даатгалын хэлтэс гэх нэгж болон даатгалын хэлтсийн захирал гэх ажлын байр хасагдсан.

Банкны бүтэц, зохион байгуулалт шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор М.Эрдэнэчимэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэх хуудсыг нэг сарын өмнө буюу 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдсэн.

Мэдэгдэх хуудсанд заасан хугацаа дуусгавар болох үед банкны зүгээс М.Эрдэнэчимэгт “Ажлын байр санал болгох тухай хуудас”-аар ажлын байр санал болгож, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах боломжийг олгосон боловч тэрээр тухайн ажлын байрны саналыг хүлээн авахаас татгалзсан учраас гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1413 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцласан.

Нэгэнт М.Эрдэнэчимэгийн ажиллаж байсан даатгалын хэлтсийн захирлын орон тоо байхгүй болсон тул энэ орон тооны ажлын байр байхгүй гэсэн үг юм.

М.Эрдэнэчимэгийн ажиллаж байсан даатгалын хэлтсийн захирлын ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд түүний ажлын байрны үндсэн зорилго, гүйцэтгэх үндсэн үүрэг, ажилтанд тавигдах шаардлага нь одоогийн даатгалын албаны захирлын ажиллах ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилго, гүйцэтгэх үндсэн үүрэг, ажилтанд тавигдах шаардлагаас өөрчлөгдсөн нь тухайн ажилтны ажлын байрны тодорхойлолтоос харагдана.

Өмнөх бүтцийн хувьд даатгалын хэлтэс гэх нэгж нь Зээлийн бодлого, зохицуулалтын газрын шууд харьяанд, ажлаа тайлагнаж ажилладаг байсан бол одоогийн шинэ бүтцээр Даатгалын алба гэх нэгж нь Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газрын шууд харьяанд ажлаа тайлагнаж ажиллах байдлаар бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн болно. Түүнчлэн бүтцийн харьяалал нь бүрэн шинэчлэгдсэн болно.

М.Эрдэнэчимэгийн ажиллаж байсан тухайн үеийн ажлын байрны шатлал нь хэлтэс биш алба болж буурсан. Мөн ажил, албан тушаалын зэрэглэл нь өөрчлөгдсөн тул цалингийн шатлал нь өөрчлөгдөж, өмнө нь Даатгалын хэлтсийн захирлын цалин 3 000 000 төгрөг байсан бол Даатгалын албаны захирлын цалин 1 600 000 төгрөг болж, даруй нэг дахин буурсан.

Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 118 тоот тогтоолоор банкны бүтэц, зохион байгуулалт шинэчлэгдэн батлагдсанаар Даатгалын хэлтсийн захирал гэх албан тушаалын орон тоо хасагдсан учраас М.Эрдэнэчимэгийг үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болсон тул ажлын хэсгийг томилон ажил хүлээлцсэн.

Мөн Төрийн банкны зүгээс М.Эрдэнэчимэгийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх цалин болох 2 382 533 төгрөгийг олгосон учраас дахин ажлаас халсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг cap, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэсний дагуу гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1413 тоот тушаалын 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж буюу нийт 9 000 000 төгрөгийг олгосон.

Уг тэтгэмжийг нэхэмжлэгч хүлээн авсан нь түүнийг тухайн үед ажлаас халсан асуудлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байгааг шүүх анхааран үзнэ үү. Төрийн банкны зүгээс ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтуудыг мөрдлөг болгосны зэрэгцээ бүхий л үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Эрдэнэчимэгийг урьд эрхэлж байсан ажил буюу “Төрийн банк” ХХК-ийн даатгалын хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 10 326 182 төгрөгийг хариуцагч “Төрийн банк” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч М.Эрдэнэчимэгт олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Эрдэнэчимэгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Төрийн банк” ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Эрдэнэчимэг нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч “Төрийн банк” ХХК-иас 180 169 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 "... Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ..." гэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хуулийн дээрх зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэд хэдэн удаа дараах байдлаар тодорхой дурдагдсан байна.

 Нэхэмжлэгч нь хариуцагчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдэх хуудас өгөөгүй гэж маргасан боловч хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн "Мэдэгдэх хуудас"-ыг болон мэдэгдэх хуудас хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргийг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн хэдий ч нэхэмжлэгчээр гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй байна ..." гэж дүгнэсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу банкны зүгээс ажилтан М.Эрдэнэчимэгт мэдэгдсэн, мэдэгдснээ нотлох баримт болох Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн, Хүний нөөцийн газрын захирал Ц.Нацагдолгор, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн З.Одонтуяа нар байлцан хөтөлсөн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн "Мэдэгдэх хуудас хүлээлгэн өгсөн тэмдэглэл"-ийг шүүхэд гаргаж өгсөн боловч шүүх үнэлээгүй. М.Эрдэнэчимэг өөрөө мэдэгдэлд гарын үсэг зурахаас татгалзсан тул тэмдэглэл үйлдэж, баталгаажуулахаас өөр арга банкинд байгаагүй, мэдэгдэлд гарын үсэг зурах эсэх нь ажилтан М.Эрдэнэчимэгийн эрх тул ажил олгогчийн зүгээс өөр байдлаар албадан зуруулах боломжгүй гэдгийг шүүх дээрх нотлох баримтыг үнэлэх хүрээнд шийдвэр гаргахдаа анхааран үзэх байсан.

М.Эрдэнэчимэг нь "Мэдэгдэх хуудас мэдээгүй" гэж маргадаг хэдий ч 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажлаа хүлээлцэж, гарын үсгээ зурсан байдаг нь мэдэгдэл, түүнчлэн ажлаа хүлээлгэн өгөх болон хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлийг хүлээн зөвшөөрсөн болохоо давхар нотолсон байдаг.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "хуулийн зарим зохицуулалттай нийцэхгүй байна" гэсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн ямар зүйл, заалт зөрчигдөөд байгаа талаар тодорхойлоогүй, орхигдуулсан бөгөөд энэхүү тодорхойгүй үндэслэлээ шийдвэрлэх үндэслэл болж байна гэсэнд гомдолтой байгаа болно.

Өөрөөр хэлбэл, банк ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр түүнтэй байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ цуцлагдах болохыг 30 хоногийн өмнө мэдэгдсэн улмаар мөн хугацааны дараа хөдөлмөрийн гэрээг цуцласан нь хуулийг хэлбэрэлтгүй мөрдөж хэрэгжүүлсэн болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тогтоолын 15-д хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримталсан байвал зохино.

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргана.

Ажлаас халсан тухай шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй бол тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилтанд олгоно гэж заасан байх бөгөөд энэ нь ажил олгогчийн зүгээс ажлаас чөлөөлсөн тушаал гаргахаас өмнө хүлээлцэж болох ба энэ тохиолдолд ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговорыг олгох үүрэгтэй болохыг онцолсон зохицуулалт юм.

Энэ дагуу банк М.Эрдэнэчимэгт мэдэгдлийн хугацааны цалин хөлс болон хуулийн дагуу тэтгэмжийг 3 сараар нь тооцож олгосон, түүнийг М.Эрдэнэчимэг хүлээн авсан зэрэг нь ажлаас халсан асуудлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байгааг шүүх анхаарч үзнэ үү.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт М.Эрдэнэчимэгийг урьд эрхэлж байсан ажил буюу Төрийн банкны ХХК-ийн даатгалын хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай гэжээ. Энэ нь тогтоох хэсэг тодорхойгүй буюу шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй гарсан болохыг нотолж байна. /Төрийн банкинд "Даатгал хэлтсийн захирал" гэх ажил, албан тушаалын ажлын байр байхгүй болно/. Өмнөх бүтцийн хувьд "Даатгалын хэлтэс" гэх нэгж нь Зээлийн бодлого, зохицуулалтын газрын шууд харьяанд, ажлаа тайлагнаж ажилладаг байсан бол одоогийн шинэ бүтцээр "Даатгалын алба" гэх нэгж нь Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газрын шууд харьяанд, ажлаа тайлагнаж ажиллах байдлаар бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн болно. Түүнчлэн бүтцийн харьяалал нь бүрэн шинэчлэгдсэн болно.

Дээрх бүхий л нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг бүрэн дүүрэн үнэлж, хэрэг маргааныг хянан шийдвэрлээгүй бөгөөд М.Эрдэнэчимэгийн эрхэлж байсан ажил, албан тушаалын ажлын байрыг "Даатгалын албаны захирал" гэх ажил, албан тушаалын ажлын байртай шууд адилтган үзэж, шийдвэрлэсэн нь буруу бөгөөд банк ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

   Нэхэмжлэгч М.Эрдэнэчимэг нь хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдуулан ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 8 142 849 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“Төрийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/584 тоот тушаалаар М.Эрдэнэчимэгийг Даатгалын хэлтсийн захирлын албан тушаалд томилж, хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан үйл баримтын талаар маргаангүй байна.

 

“Төрийн банк” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 тоот тогтоолоор банкны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсан ба /хх 59-60/ энэ бүтцэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан Даатгалын хэлтэс ороогүй тул орон тоо хасагдсан гэж үзнэ.

 

Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 118 тоот тогтоолыг үндэслэн Төрийн банкны гүйцэтгэх захирал 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр А/331 тоот тушаалаар тус банкны газар, хэлтэс, алба, төвийн чиг үүрэг, орон тоог баталжээ. Энэ тушаалаар орон тоо батлагдсанаар ажил олгогчийн хувьд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд уг хугацааг дууссаны дараа ажилтныг ажлаас халах шийдвэр гарах юм.

 

Гэтэл ажилтанд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн нь орон тоо батлах шийдвэр гарахаас 4 хоногийн өмнө, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас халсан тушаал гаргасан нь мэдэгдэл өгснөөс хойш 1 сарын дараа ажлаас халах тухай хуульд заасан хугацааг баримтлаагүй зөрчил гаргажээ.

 

Иймд ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 40.1.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцсэн байна.

 

Харин анхан шатны шүүх хариуцагч байгууллагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгчээр гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсон боловч нотлох баримтыг үндэслэн давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх замаар алдааг залруулах боломжтой гэж үзлээ.

 

Хариуцагч байгууллага 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг ажил олгогч ажилтанд өгсөн талаар тэмдэглэл үйлдэж, Захиргаа хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн З.Одонтуяа, Хүний нөөцийн газрын захирал Ц.Нацагдорж, гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн нар гарын үсэг зурсан баримт болон нэхэмжлэгч М.Эрдэнэчимэг нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажлыг хүлээлгэн өгсөн байдлыг харьцуулан дүгнэвэл тэрээр мэдэгдлийг хүлээн авсан боловч гарын үсэг зурахаас татгалзсан гэж үзэх үндэслэлтэй. Харин ажил олгогч мэдэгдэл хүргүүлэх эрх зүйн үндэслэл бий болоогүй байхад мэдэгдэл үйлдсэн нь буруу болно.

 

Ажил олгогч нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр акт үйлдэж, ажилтнаас ажлыг хүлээн авсан, түүнийг ажлаар хангахгүй, ажиллуулахгүй байгаа тохиолдолд тэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж нэхэмжлэл гаргасныг буруутгах боломжгүй. Өөрөөр хэлбэл ажилтныг ажиллуулахгүй байх ажил олгогчийн шийдвэрийг бичгээр үйлдсний дараа зөрчигдсөн эрхээ сэргээлгэх дараалалтай гэсэн ажил олгогчийн тайлбар үндэслэлгүй юм.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтанд ажилгүй байсан хугацаа болох 74 хоног, цалин хөлстэй тэнцэх олговорт 10 326 182 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч байгууллагын захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1413 тоот “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулахаар нэмэгдүүлсэн боловч шүүх нэхэмжлэлийг бие даасан шаардлага гэж дүгнээгүй нь зөв байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00297 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Төрийн банк” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 180 169 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД                                                   Д.БАЙГАЛМАА

 

                                                                    Э.ЗОЛЗАЯА