Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/00187

 

2017 оны 01 сарын 11 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00187

Улаанбаатар хот

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

 Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4-р хороо, 2-р хороолол, 59-р байрны 28 тоотод оршин суух, ОСНААУГ-ын Хэрэглэгчид үйлчлэх төвийн 4-р хэсэгт борлуулалтын байцаагч ажилтай, регистр УС84070607, Буурал Жанцан овогтой Төмөрбаатарын Солонгын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 4-р хороо, 2-р хороолол, 59-р байрны 28 тоотод оршин суух, ОСНААУГ-ын Хэрэглэгчид үйлчлэх төвд машинист ажилтай, регистр ЧВ85051472, Цэрэндамба овогтой Лувсанбямбын Оюунбатад холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Солонго, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ургаа /үнэмлэх 0523/, хариуцагч Л.Оюунбат, хариуцачгийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа /үнэмлэх 0195/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Т.Солонго шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Л.Оюунбаттай 2009 онд гэрлэж, 2012 оны 10-р сарын 19-нд том хүү О.Ирээдүй, 2014 оны 08-р сарын 25-нд  бага хүү О.Итгэл нар төрсөн. Намайг бага хүүхдээ гаргаад гэртээ байхад Оюунбат нь өөрөөсөө 15 эгч Амгалан гэгчтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгээд гэртээ ирэхээ болисон. Ажил хийж байгаа нэрээр гэртээ ирэн очин амьдардаг болсон, одоо тэр хүнтэйгээ хамт амьдарч байгаа. Бид нар нэг байгууллагат ажилладаг учраас эртнээс холбоотой болсныг нь мэднэ. Нэгэнт өөр хүн дагаад яваад өгсөн хүнд 2 хүүхдээ өгөхгүй. Л.Оюунбат нь  хүүхдүүдээ өнгөрсөн  хугацаанд хүүхдийн баяраар авч явсан. Наадмаар би хүүхдүүдээ авах гээд очиход Оюунбатын согтуу найз нь хүүхэд харж байсан. Бага хүүгийн минь хөл гарыг нь түлсэн, өөрсдөө согтуу байсан. Оюунбат нь байнга архи уудаг, огцом ширүүн ууртай. Эцэг, эх, ах эгч нар нь мэддэг хэрнээ хэн ь юу ч хэлдэггүй, миний аавыг зодож байсан. Ийм хүн хүүхдүүдийн минь хүмүүжилд муугаар нөлөөлнө. Би цаашид хамт амьдрах боломжгүй учраас гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдийг миний асрамжинд үлдээж, тэтгэвэр тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Л.Оюунбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Бид 2009 онд гэр бүл болсон. Энэ хугацаанд 2012 онд хүү Ирээдүй, 2014 онд хүү Итгэл нар төрсөн. Бидэнд өөрийн гэсэн эд хөрөнгө, гэр орон байгаагүй учир дүүгийнх нь гэрт, дараа аавынх нь гэрт амьдарсан. Бид дан зээлнээс зээлний хооронд амьдарсан. Бид дандаа мөнгөнөөс болж хэрэлддэг, намайг мөнгөтэй байвал хэрүүлгүй, бусад үед  байнга хэрүүл хийнэ. Би ажлаа сайн хийдэг, архи дарс их хэмжээгээр уудаггүй, амьдралын төлөө явж байхад намайг ерөөсөө ойлгодогоггүй байсан. Би машины өр,  цалингийн  зээл зэрэг асуудлыг зохицуулах гэж маш их хичээсэн. Намайг ажлын газрын бүх хүнтэй хардсан. Би одоо Амгалан гэдэг эмэгтэйтэй хамт амьдраад 1 жил болж байна. Хүүхдийнхээ хөлийг санаатай түлээгүй, намайг ажлаас ирээд унтаж байхад индүү залгаад хөл дээрээ унагасан байсан. Энэ бол гэнэтийн асуудал. Тэр үед Солонгоо аав, дүүтэйгээ ирж хүүхдүүдээ авсан. Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна, Солонгод 2 хүүхдээ өгөхгүй. Хэрвээ хүүхдүүдийг ээжийнх нь  асрамжид үлдээвэл тэтгэлэг төлөхөд татгалзахгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Т.Солонго нь Л.Оюунбатад холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдээ асрамжиндаа авч, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

 

Т.Солонго, Л.Оюунбат нар нь 2009 онд гэр бүл болж, 2012 оны 10-р сарын 19-нд хүү О.Ирээдүй, 2014 оны 08-р сарын 25-нд хүү О.Итгэл нарыг төрүүлж өсгөжээ.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, үнэнч байх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй.

 

Харин талууд хамт амьдрах хугацаанд нөхөр Л.Оюунбат нь гэр бүлдээ үнэнч байх үүргээ биелүүлээгүй гэр бүлээс гадуур өөр хүнтэй харьцаа тогтоосноос байнгын хэрүүл маргаантай, хоорондоо таарамжгүй харьцаатай болсон, улмаар 2015 оноос тусдаа амьдарч байгаа  нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

Гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

 

Харин талууд хүүхдийн асрамжийн талаар маргасан байна.

 

Гэрлэгчид тусдаа амьдарсан хугацаанд бага насны хүү Ирээдүй, Итгэл нар нь эцэг, эхийн хэн хэнийх нь асрамжинд байсан боловч 2015 оны 7-р сараас эхийн  асрамжинд амьдарч байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

Хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ эцэг, эхийн хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэхэд оролцох оролцоо, хайр халамж, ёс зүйн байдал, насны онцлог,  хүүхдийн амьдрах орчин нөхцөл, сурч боловсрох, өсөж хүмүүжих нөхцөл, эрүүл, аюулгүй орчинд амьдрах зэрэг байдлуудыг харгалзан шийдвэрлэлээ.

 

Л.Оюунбат, Т.Солонго нар нь эрхэлсэн ажил, цалин орлоготой, хэн аль нь үр хүүхдээ тэжээн тэтгэх боломжтой боловч хүүхдүүд бага насны, Баянгол дүүргийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн төвийн шинжээчдийн “..эцэг эхийн хүүхдүүддээ хандах хандлага, эцэг, эх, хүүхдийн сэтгэл зүйн сорил, анхаарал халамж зэрэг нөхцөл байдлуудыг шинжлэн судалж “хүүхдүүдийг эх Т.Солонго асран хамгаалах нь зүйтэй ” гэсэн дүгнэлт,  хүүхдүүд төрж өссөн орон сууцандаа, эрүүл, аюулгүй орчинд амьдарч байгаа, сурч боловсрох, өсөж торних нөхцөл боломжоор хангасан байдлуудыг үндэслэн эх Т.Солонгын асрамжинд үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нөгөө талаас, эцэг Л.Оюунбат нь хүү Итгэлийн хөлийг түлж эрүүл мэндэд нь хохирол учруулсан, түүний ёс зүй, зан харьцааны байдлуудыг үндэслэн асрамжийн асуудлыг шийдвэрлэж, хуульд заасан журмаар тэтгэлэг гаргуулж хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Харин хүүхдийг эхийнх нь асрамжинд үлдээснээр эцгийг нь хүүхэдтэй уулзуулахгүй байх, хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг Т.Солонгод даалгах нь зүйтэй.

Талууд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчөөгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2016 оны 6-р сарын 14-ний өдөр дуусгавар болгожээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                                                                               ТОГТООХ нь:

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан Лувсанбямбын Оюунбат, Төмөрбаатарын Солонго нарын гэрлэлтийг цуцалж, 2012 оны 10-р сарын 19-ний өдөр төрсөн хүү О.Ирээдүй, 2014 оны 08-р сарын 25-ны өдөр төрсөн хүү О.Итгэл нарыг эх Т.Солонгын асрамжинд үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн  401.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү О.Ирээдүй, О.Итгэл нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, тус бүрт  тэтгэлэг гаргуулж эцэг Л.Оюунбатаар тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Талуудын хооронд эд хөрөнгийг маргаангүйг дурьдсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Л.Оюунбатаас  70 200 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид  олгосугай.  

 

5. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.                                     

    

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА