Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/00188

 

2017 оны 01 сарын 11 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00188

Улаанбаатар хот

                                 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 10-р хороо, Зүүн нарангийн 7-12 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЙГ87060312, Гавал овогтой Пүрэвдумаагийн Моломбаярын хүсэлттэй эцэг тогтоолгох, төрсний гэрчилгээ хүчингүй болгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батбаатар, гэрч Ч.Товуужав, С.Цэрэнхүү, С.Пүрэвдумаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батбаатар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Пүрэвдумаагийн Моломбаяр нь 1987 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн. Тухай үед түүнийг төрүүлсэн ээж Цэрэнхүү нь аавтай нь албан ёсоор гэр бүлээ бүртгүүлээгүй, улаан паспортоо гээгдүүлсэн байсан учраас өөрийн төрсөн эгч Пүрэвдумаагаар овоглосон байна. Моломбаяр нь бичиг баримтаа цэгцэлж өөрийн төрсөн эцэг Товуужаваар овоглох хүсэлтэй байгаа тул эцэг тогтоолгож, төрсний гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд, гэрчүүдийн мэдүүлгийг шинжлэн судлаад                                                                                                                                                        

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч П.Моломбаяр нь эцэг тогтоолгох, төрсний гэрчилгээ хүчингүй болгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Пүрэвдумаагийн Моломбаяр нь 1987 оны 06-р сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн байх ба 2016 оны 11-р сарын 23-ны өдрийн төрсний бүртгэлийн 00/011370 дугаар лавлагаагаар түүний эх Майр овогт Сосорбурамын Пүрэвдумаа бүртгэгдсэн, харин эцэг бүртгэгдээгүй байна.

 

Чагдарын Товуужав, Сосорбурамын Цэрэнхүү нар нь 1987 онд гэрлэлтээ бүртгүүлээгүй байхдаа Моломбаярыг төрүүлж, С.Цэрэнхүүгийн төрсөн эгч С.Пүрэвдумаагаар овоглож төрснийг бүртгүүлсэн, П.Моломбаяр нь төрүүлсэн эцэг, эхийн асрамжинд өссөн, Ч.Товуужав, С.Цэрэнхүү нар нь 1995 онд гэрлэлтээ бүртгүүлсэн нь нэхэмжлэгч болон гэрч Ч.Товуужав, С.Цэрэнхүү, С.Пүрэвдумаа нарын мэдүүлгүүд, гэрлэлтийг бүртгүүлсэн гэрчилгээ зэрэг баримтуудаар Ч.Товуужав нь П.Моломбаярын эцэг болох нь тогтоогдсон байна.

 

Иймд эцэг тогтоолгохыг хүссэн П.Моломбаярын хүсэлтийг хангах үндэстэй гэж дүгнэлээ. 

 

Харин Пүрэвдумаагаар овоглосон  төрсний гэрчилгээг хүчингүй болгох хүсэлтийн үндэслэл нь эцгийн нэрийг өөрчлөх бүртгэлтэй холбоотой байх ба Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18-р зүйлд заасан журмаар шийдвэрлэгдэнэ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

                                                           

                                                                                        ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.7 дахь хэсэгт зааснаар 1987 оны 06-р сарын 03-ны өдөр төрсөн Пүрэвдумаагийн Моломбаярын эцэг Чагдаржавын Товуужав болохыг тогтоосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117-р зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар төрсний гэрчилгээ хүчингүй болгохыг хүссэн П.Моломбаярын хүсэлттэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг  улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Шийдвэрийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  заалдах гомдол гаргах  эрхтэй.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Р.АЛТАНТУЯА