Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 25

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: У.Анхжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Энхболд,

Шүүгдэгч: М.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн М.Д-д холбогдох 1926005160021 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.                                                                                               

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овгийн М.Д,                                        

Шүүгдэгч М.Д нь согтуурсан үедээ 2019 оны 12 дугаар сарын 11-ний шөнийн 03 цагийн орчимд иргэн Г.М-ыг тамхины үнсний саваар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч М.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч Г.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... ******* суманд ирээд Ц гэх танил ахындаа очсон. Тэгээд Ц ахын эхнэр, А.б, А.з, манай эхнэр бид нар караоке орж дуулсан. Дараа нь Ц ахын гэрт бид нар пиво ууцгаасан. Тэгтэл А гэх ах намайг шууд л заамдаж аваад пизда минь гэсэн. Би юу болсон талаар мэдэхгүй зууралцаад байж байтал Д гэх А-ын эхнэр хүрч ирээд газар байсан тамхины үнсний савыг аваад миний толгой хэсэгт 3 удаа цохьсон. Миний толгойноос цус гараад байхаар нь Б гэх эгчтэй хамт эмнэлэг дээр ирж үзүүлээд 4 оёдол тавиулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирол төлбөр нэхэмжлэхгүй. /хх-ийн 9-10 хуудас/,

Гэрч А.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2019 оны 12-р сарын 10-ны өдөр гэртээ эхнэр Д-тай байж байтал М ганцаараа халамцуу орж ирсэн. Эхнэр, бид хоёр М-тай танилцаад би жаахан пиво байснаа өгсөн. Тэгээд Д,Ц-ын эхнэр А.з, М, М-ын найз охин нарын хамт Альфа бааранд орсон. Бааран дотор М, бид хоёр хүний 2 пиво, нөгөө гурав хүний 1 пиво ууцгаасан. Тэндээсээ гараад Ц-ынд очоод М, Ц хоёр 1 шил 0,5 литрийн Нутгийн буян архи уугаад дуусаж байсан. Манай эхнэр Д 2 хүүхдээ унтуулах гээд гарсан. Ц-ын эхнэр А.З нь 2 хүүхдээ унтуулах гээд том өрөөндөө орчихсон байсан. Ц-ын унтлагын өрөөнд Ц, М, А бид дөрөв байсан чинь М нь А руу дайраад гараараа цохьсон. Зөрүүлээд М А-ыг алгадсан. Тэгээд М надтай барилцаж аваад миний цээж рүү гараараа 1 удаа цохьсон. М миний дээр гараад суучихсан байхад гаднаас манай эхнэр Д орж ирээд тамхины үнсний саваар Мыг цохьсон юм шиг байна лээ. Энэ талаар А надад сүүлд нь хэлсэн. /хх-ийн 14-15 хуудас/,

Гэрч Ш.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... М нь Төв аймгийн *******ын уурхайд ажиллаж байгаад 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр манайд ирсэн. Хоёр хоног М нь алга болчихсон. Гар утас нь холбогдохгүй болчихсон. Мын ээж надаас сурахаар нь мэдэхгүй гэж хэлсэн. 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 03 цаг өнгөрч  байхад М нь халамцуу хүнд зодуулсан байдалтай манай гэрт ирсэн. Манай гэрт нөхөр бид хоёр л байсан. Би М-ыг дагуулаад 04 цаг болж байхад БОЭТ-ийн яаралтай тусламж дээр очиж, гэмтлийн эмчид үзүүлээд М-ын толгойд оёдол тавиулсан. /хх-ийн 16-17 хуудас/,

Гэрч А.А.З мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр М, түүний найз хүүхэн А нар 17 цаг өнгөрч байхад манай гэрт хоёулаа ирсэн. А, М хоёр 1 ширхэг 2,5 литрийн пивотой ирэхээр нь Д эгчээс бусад нь уусан. М, А, А, Д эгч бид нар Альфа бааранд орж хүний 1 шил пиво уугаад, бүжиглэж байтал М нь найз хүүхэн Аыг тамхи татаж байхыг нь харчихаад уурлаад яваад өгсөн. Бид нар баар хаагаад дэлгүүрээс 5 ширхэг 2,5 литрийн пиво аваад манай гэрт очсон.Пивыг Ц, М, А, А, Д нар уусан. Би эхний пивоноос жаахан ууж байгаад хүүхдээ унтуулах гээд том өрөөнд хэвтэж унтаад өгсөн байсан. Нэг мэдсэн М унтлагын өрөөнд орилоод байхаар босоод хартал Мын ам, хамраас нь цус гарчихсан, А ахыг доороо оруулчихсан ноцолдоод байж байхад гаднаас Д эгч орж ирээд Мыг чи яагаад манай нөхрийг зодоод байгаа юм бэ гэж хэлээд Д эгч манай гэрт байсан тамхины үнсний шилэн саваар М-ын толгой хэсэг рүү 2-3 удаа цохьсон./хх-ийн 18-19 хуудас/,

Гэрч Ш.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Тухайн өдөр М, А.З, А, Д бид нар баар орсон. Хүний нэг нэг пиво уусан. Тэгтэл М намайг бааранд байсан хүмүүстэй хардаад маргалдсан. Тэндээсээ гараад Ц-ын гэрт очиж дахин пиво уусан. М согтоод намайг хараалын үгээр хараагаад байхаар нь гадаа гараад бие засчихаад ороод ирсэн чинь Мын хамраас цус гоожсон байсан. М-ын цээжин дээр А дарчихсан байсан. А-ын нүүр нь цус болчихсон байсан. Тэгтэл гаднаас Д орж ирээд М-ыг нөхөр А-ыг зодсон гэж бодоод тамхины үнсний саваар толгойн орой хэсэгт 2-3 удаа цохьсон. /хх-ийн 20-21 хуудас/,

Гэрч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр М манайд ирж хоносон. 2019 оны 12 дугаар сарын 10-ны орой А, А, Д, А.З, М нар караоке орж дуулчихаад ирье гээд явсан. 23 цаг өнгөрч байхад М ирээд түүний араас 15-20 минутын дараа нөгөө хэд нь орж ирсэн. Ирэх үедээ 2 ширхэг 2.5 литр пиво авч ирсэн. Түүнийг нь манай гэрт ууж байгаад би гарч бие засчихаад ороод ирсэн чинь А, М, Д нар зодоон хийчихсэн байсан. Юунаас болоод яагаад зодоон болсон талаар мэдээгүй. Сүүлд нь сонсоход Д гэх эмэгтэй М-ын толгой руу үнсний саваар цохьсон байсан. /хх-ийн 22-23 хуудас/,

Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Тухайн өдөр тэмдэглэгээ хийсэн талаараа санахгүй байна. Картнаас харахад толгой өвдөнө гэсэн зовиуртай, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үнсний шилэн саваар цохиулж цус гарсан тул бүсийн оношилгооны төвийн хүлээн авахаар үзүүлж оёдол тавиулсан байна. Эм ууж байгаа гэх. Оёдол тавиулах үедээ согтуу байсан гэх тайлбартай боолт хийлгээгүй. Бусдаар ямар нэгэн зовиургүй байсан байна. Толгойн зүүн талын чамархай хэсгийн шарх оёдол тавиулсны дараах байдал гэж онош тавиад рентген зургийн номер өгсөн ба нэмж уух эмийг бичиж өгч боолт тасралгүй хийхийг зөвлөсөн байна. Гавлын ясны рентген зурагт хуруу дардсын шинж дунд зэрэг илэрнэ гэснээс өөр өөрчлөлттэй зүйл байхгүй байсан. Давтан үзүүлсэн бичлэг байхгүй байна. /хх-ийн 26 хуудас/,

Яллагдагч М.Д мөрдөн байцаалтын шатан мэдүүлэхдээ:...Цын гэрт ороход М эхнэртээ уурласан уурандаа хүмүүс рүү үг хэлээр дайраад байхаар нь би яаж байгаа юм гэсэн чинь намайг зүүн хөмсөгний хэсэгт 2 удаа гараараа цохисон. Манай нөхөр намайг өмөөрөөд Мыг бариад авсан чинь М манай нөхрийг орон дээр унагаж байгаад дээрээс нь цохиод байхаар нь би газар байсан үнсний саваар Мын толгойн хэсэг рүү 2 удаа цохиж авсан. /хх-ийн 73-76 хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн №05 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:...Үзүүлэгч Г.М-ын биед тархи доргилт, толгойн орой, дагз хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохой хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-н 30 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, хохирогч Г.М-ын Өвөрхангай аймгийн Прокурорын газарт гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-ийн 73, 85, 95  хуудас/,

Шүүгдэгч М.Д-гийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн ******* сумын 06 дугаар багийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 332 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 42, 45, 46, 47, 59 хуудас/,

Шүүгдэгч М.Д-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч М.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Днь согтуурсан үедээ 2019 оны 12 дугаар сарын 11-ний шөнийн 03 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар баг 01-02 тоотод иргэн Г.М-ыг тамхины үнсний саваар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч М.Д нь согтуурсан үедээ 2019 оны 12 дугаар сарын 11-ний шөнийн 03 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар баг 01-02 тоотод иргэн Г.М-ыг тамхины үнсний саваар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Д-гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч М.Д-гийн үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.М-ын Д гэх А-ын эхнэр хүрч ирээд газар байсан тамхины үнсний савыг аваад миний толгой хэсэгт 3 удаа цохьсон, гэрч А.А-ын М миний дээр гараад суучихсан байхад гаднаас манай эхнэр Д орж ирээд тамхины үнсний саваар М-ыг цохьсон юм шиг байна лээ. Энэ талаар А надад сүүлд нь хэлсэн, гэрч Ш.Б-ын М нь халамцуу хүнд зодуулсан байдалтай манай гэрт ирсэн. Манай гэрт нөхөр бид хоёр л байсан. Би М-ыг дагуулаад 04 цаг болж байхад БОЭТ-ийн яаралтай тусламж дээр очиж, гэмтлийн эмчид үзүүлээд М-ын толгойд оёдол тавиулсан, гэрч А.А.З-гийн М унтлагын өрөөнд орилоод байхаар босоод хартал М-ын ам, хамраас нь цус гарчихсан, А ахыг доороо оруулчихсан ноцолдоод байж байхад гаднаас Д эгч орж ирээд М-ыг чи яагаад манай нөхрийг зодоод байгаан гэж хэлээд Д эгч манай гэрт байсан тамхины үнсний шилэн саваар М-ын толгой хэсэг рүү 2-3 удаа цохьсон, гэрч Ш.А-ын М-ын хамраас цус гоожсон байсан. М-ын цээжин дээр А дарчихсан байсан. А-ын нүүр нь цус болчихсон байсан. Тэгтэл гаднаас Д орж ирээд М-ыг нөхөр А-ыг зодсон гэж бодоод тамхины үнсний саваар толгойн орой хэсэгт 2-3 удаа цохьсон, гэрч Б.Ц-ын бие засчихаад ороод ирсэн чинь А, М, Д нар зодоон хийчихсэн байсан. Юунаас болоод яагаад зодоон болсон талаар мэдээгүй. Сүүлд нь сонсоход Д гэх эмэгтэй М-ын толгой руу үнсний саваар цохьсон байсан, гэрч Б.О-ийн картнаас харахад толгой өвдөнө гэсэн зовиуртай, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үнсний шилэн саваар цохиулж цус гарсан тул бүсийн оношилгооны төвийн хүлээн авахаар үзүүлж оёдол тавиулсан гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн №05 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, хохирогч Г.М-ын Өвөрхангай аймгийн Прокурорын газарт гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч М.Д-гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн.

Шүүгдэгч М.Д-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгч нь прокурортой ял тохиролцсон зэргийг тус тус харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч М.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Д-гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч М.Д нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг, мөн шүүгдэгч М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тамхины үнсний сав 1 ширхгийг устгаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овгийн М.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг, мөн шүүгдэгч М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тамхины үнсний сав 1 ширхгийг устгасугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.