Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 47

 

 

 

 

      

 

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Батхуяг

Улсын яллагчаар хяналтын  прокурор Г.Энэрэл

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун

Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Г.М-д холбогдох эрүүгийн 2019000230038 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г.М,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.М нь шунахай сэдэлтээр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Гялс төгрөг” хадгаламж зээлийн хоршооны Дорноговь аймгийн Дэлгэрэх салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан 2019 оны 06 дугаар сарын 17, 2019 оны 07 дугаар сарын 23, 2019 оны 08 дугаар сарын 27, 2019 оны 09 дүгээр сарын 26, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрүүдэд иргэн Д.Т-ын нэр дээр барьцаат зээл авсан мэтээр барьцаат зээлийн гэрээг хуурамчаар үйлдэн 1 500 000 төгрөгийг хувьдаа авч завшсан, мөн эдийн болон эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн...” гэсэн мэдүүлэг

 

Гэрч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М гэх залуу ...албан тушаал дэвшиж 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Дэлгэрэх сумын зээлийн хорооны салбар зээлийн хорооны салбарын захирлаар томилогдон ажилласан... 2019 оны жилийн эцсийн тайлан гаргах явцад Дэлгэрэх сумын иргэн Д.Т-ын нэр дээр 1500000 төгрөгийн зээлийн хугацаа хэтрэлттэй харагдаж байсан. Үүний дагуу Дэлгэрэх сумын зээлийн хоршооны нягтлан бодогч Т-г харилцагч Д.Т-тэй холбогдож хугацаа хэтрэлттэй зээлийн жагсаалтад орох эрсдэлтэй байна гэдгийг сануулж зээлээ яаралтай төлөх тухай шаардлагыг тавь гэсэн чинь Т удалгүй буцаж холбогдоод иргэн Д.Т манай байгууллагаас зээл аваагүй гэж байна тухайн зээлийг захирал Г.М гаргасан байна гэсэн. Үүний дараа иргэн Д.Т нь миний 9990**** дугаарын утсаар надтай холбогдож “Би танай байгууллагаас зээл аваагүй байхад танай байгууллагаас над руу холбогдож таны нэр дээр зээл байна та энэ зээлээ төл гэж байна гэсэн тэгэхээр нь би таны гарын үсэгтэй барьцаат зээлийн гэрээ байгуулж 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1500000 төгрөгийг зээл авсан гэж баримт бичиг бурдсэн байна. Чи Дэлгэрэх сумын Гялс төгрөг салбарын дарга Г.М-тэй очиж уулзаад яагаад өөрийн чинь нэр дээр зээл гарсан талаар асууж ямар нэгэн хууль бус үйлдэл гаргаж таныг хохироосон бол энэ талаар зохих хуулийн байгууллагад хандах хэрэгтэй гэсэн... Г.М нь Д.Т-ын нэр дээр авсан 1500000 төгрөгийн зээлийг 2020 оны 01 дүгээр сард төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 21-23 дугаар хуудас/

 

Гэрч Х.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Байгууллагын дотоод санд Д.Т гэх хүн зээлийн эргэн төлөлтөө хийхгүй байна гэж аймгийн төв салбараас надад хэлэхэд Д.Т-тэй холбогдож асуухад “Би танай байгууллагаас 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээл аваагүй, би бөгж барьцаалаагүй” гэсэн тэгэхээр нь би та ирж уулзаад барьцаат зээлийн гэрээн дээр зурагдсан гарын үсгийг үз гэсэн. Тэгээд би сейфнээс Д.Т-ын барьцаалсан гэх 4 ширхэг бөгж байгаа эсэхийг шалгаж үзэхэд байхгүй байсан. Тэгээд Д.Т-тэй уулзаж гэрээг үзүүлэхэд энэ гэрээнд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байна гэсэн. Тэгээд энэ асуудлыг Г.М-ээс утсаар асуухад би наад мөнгийг чинь гаргасан юм би наад асуудлыг чинь шийднэ гэсэн би энэ байдлыг ч гэсэн аймгийн төвийн захирал Б.Ц-д мэдэгдэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/

 

Гэрч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн гарын үсгээ бичихдээ өөрийн нэрний эхний Т үсгийг дармалаар араас нь бичмэлээр “улга” гэж залгаж бичдэг. Тэр зээлийн гэрээн дээрх гарын үсэг миний гарын үсэг биш ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/

 

Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын сүүл, 6 сарын эхэн хавьцаа М надаас 300.000 төгрөг зээлж авсан. Тухайн үед надад мөнгөний хэрэг байна би удалгүй эргүүлээд өгнө гээд хэлээд гуйгаад байхаар нь би бэлнээр 300.000 төгрөг зээлүүлсэн юм. Тэгээд удалгүй хэд хоногийн дараа мөнгөө Д.Т гэдэг хүнээр өгүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/

 

Шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/014 дугаартай: “...шинжилгээнд ирүүлсэн меморалын баримт, 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн барьцаат хэрэглээний зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Д.Т-ын гарын үсэгтэй тохирохгүй байна...” гэсэн дүгнэлт /хх- ийн 51-56 дугаар хуудас/

 

Иргэн Д.Т-ын зээлийн дансны хуулга. Төрийн банкин дахь 280400018836 дугаартай дансны хуулга /хх-ийн 72-75 дугаар хуудас/

 

Г.М-ыг ажилд томилсон тушаал, холбогдох баримтууд /хх-ийн 78-109 дүгээр хуудас/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 130  дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт  хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий  дээрхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж  харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Г.М нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Гялс төгрөг” хадгаламж зээлийн хоршооны Дорноговь аймгийн Дэлгэрэх салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан 2019 оны 06 дугаар сарын 17,  07 дугаар сарын 23, 08 дугаар сарын 27,  09 дүгээр сарын 26, 10 дугаар сарын 28-ны өдрүүдэд иргэн Д.Т-ын нэр дээр барьцаат зээл авсан мэтээр барьцаат зээлийн гэрээг хуурамчаар үйлдэн 1 500 000 төгрөгийг хувьдаа авч завшсан, мөн иргэн Д.Т-ын нэр дээр барьцаат  хэрэглээний зээлийн гэрээг хуурамчаар үйлдэн 1500000 төгрөгийн зээл авахдаа ашигласан  гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…би өөрийнхөө ажилладаг Гялс төвөөс найз Т-ын нэрээр хуурамч баримт бичиг үйлдэж өөртөө 1000000 төгрөг 1 удаа, 500000 төгрөгөөр 1 удаа нийт 1500000 төгрөгийг гарган авч Т-ын төрийн банкин дахь дансанд шилжүүлсэн...”…гэсэн мэдүүлэг,  гэрч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Дэлгэрэх сумын зээлийн хорооны салбарын захирлаар томилогдон ажилласан... 2019 оны жилийн эцсийн тайлан гаргах явцад Дэлгэрэх сумын иргэн Д.Т-ын нэр дээр 1500000 төгрөгийн зээлийн хугацаа хэтрэлттэй харагдаж байсан. ... иргэн Д.Т нь миний 99903**** дугаарын утсаар надтай холбогдохоор нь “... таны гарын үсэгтэй барьцаат зээлийн гэрээ байгуулж 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1500000 төгрөгийн зээл авсан гэж баримт бичиг бүрдсэн байна. Чи Дэлгэрэх сумын Гялс төгрөг салбарын дарга Г.М-тэй очиж уулзаад яагаад өөрийн чинь нэр дээр зээл гарсан талаар асууж ямар нэгэн хууль бус үйлдэл гаргаж таныг хохироосон бол энэ талаар зохих хуулийн байгууллагад хандах хэрэгтэй гэсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Х.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Байгууллагын дотоод санд Д.Т гэх хүн зээлийн эргэн төлөлтөө хийхгүй байна гэж аймгийн төв салбараас надад хэлэхэд Д.Т-тэй холбогдож асуухад Д.Т “Би танай байгууллагаас 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээл аваагүй, би бөгж барьцаалаагүй” гэсэн тэгэхээр нь би та ирж уулзаад барьцаат зээлийн гэрээн дээр зурагдсан гарын үсгийг үз гэсэн. Тэгээд би сейфнээс Д.Т-ын барьцаалсан гэх 4 ширхэг бөгж байгаа эсэхийг шалгаж үзэхэд байхгүй байсан. Тэгээд Д.Т-тэй уулзаж гэрээг үзүүлэхэд энэ гэрээнд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байна гэсэн....” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн гарын үсгээ бичихдээ өөрийн нэрний эхний Т үсгийг дармалаар бичээд араас нь бичмэлээр “улга” гэж залгаж бичдэг. Тэр зээлийн гэрээн дээрх гарын үсэг миний гарын үсэг биш ...” гэсэн мэдүүлэг, Шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/014 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт завших гэмт хэргийн шинжийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан...” гэж тодорхойлсон байдаг. Үүнээс үзэхэд аж ахуйн нэгж, байгууллагад гүйцэтгэж буй ажил, албан тушаалын хувьд тухайн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэг хүлээсэн этгээд, эсхүл хууль буюу гэрээний үндсэн дээр бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэн хариуцсан этгээд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хариуцаж байсан эд хөрөнгө, түүний эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлсэн, захиран зарцуулсан бол завших гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Шүүгдэгч Г.М нь “Гялс төгрөг” Хадгаламж зээлийн хоршооны Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын захирлаар ажиллаж байсан нь түүнийг 2019 оны 05 сарын 01-ний Б/44, 2019 оны 09 сарын 13-ны өдрийн Б/82  тоот Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооны ажилд томилсон захирлын тушаал, ажлын байрны тодорхойлолт зэргээр тогтоогдсон бөгөөд уг албан тушаалыг хашихгүйгээр тухайн гэмт хэргийг үйлдэх боломжгүй  тул албан тушаалын байдлаа ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч Г.М нь иргэн Д.Т-ын нэр дээр зээл гарган авахын тулд бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж  барьцаат хэрэглээний зээлийн гэрээг хуурамчаар  үйлдсэн нь  баримт бичгийг хуурамчаар үйлдэж ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Д овогт Г.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг  албан тушаалын байдлаа ашиглаж завших” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан “хуурамч баримт бичиг үйлдэж,ашигласан” гэмт хэргийг тус тус үйлдсэн  гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.М-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

 Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Г.М-ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгуулийн ялыг 10.450.000 төгрөгөөр тогтоов.

 

Шүүгдэгч Г.М нь хохирлын 1.500.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Б гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.М-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

 Шүүгдэгч Ш.М-ийн цалин хөлс,бусад орлого олох боломжийг харгалзан  оногдуулсан  10.450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д овогт Г.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшсан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Г.М-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт торгуулийн хэмжээг 10.450.000 төгрөгөөр тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан 10.450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилйин хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.М-д сануулсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт  шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.АДЪЯАСҮРЭН