Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 20

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.О даргалж, 

Улсын яллагч: Г.Цолмонгэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Энхболд,

Иргэний нэхэмжлэгч: Г.А, 

Шүүгдэгч: П.Б, О.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн П.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн О.М нарт холбогдох 1926005030005 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овгийн П.Б

    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, шийтгэлгүй, ******* овогтой О.М, 

 

Шүүгдэгч П.Б нь “Хаан кредит” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 10 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар баг ******* гэх газраас Д.З-ын өмчлөлийн улаан халзан зүсмийн 1 тооны бяруу хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч ******* овгийн О.М нь Хаан кредит” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан бусадтай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 10 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар баг ******* гэх газраас Д.З-ын өмчлөлийн улаан халзан зүсмийн 1 тооны бяруу хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч П.Б, О.М нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Үхрийг нь хохирогчид буцаан өгсөн. Иргэний нэхэмжлэгчээс нэхэмжилж байгаа мөнгийг зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлнө гэв. 

 

Иргэний нэхэмжлэгч Г.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: П.Б нь манайд машинаа 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 700000 төгрөгийн барьцаанд тавьсан. Уг автомашины гэрчилгээ нь манай байгууллагын нэр дээр байгаа. Зээл авснаас хойш 3 сарын төлөлтөө хийчихсэн байгаа. Гэрээний үндсэн нөхцлийг зөрчөөгүй. Харин гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлт хийх хугацааг ганц хоёр хоногоор хэтрүүлж төлсөн тохиолдол гарсан. Тухайн үед Л гэдэг хүн захирлын зөвшөөрөлтэйгөөр гарын үсэг зуруулаад хуулбар үнэн даруулаад гэрээний хувийг аваад явсан. Хэдийгээр О.М, П.Б нарын зээл нь хэвийн төлөлттэй байгаа ч гэсэн үлдэгдэл зээлийг төлж барагдуулах. Эсхүл манай нэр дээр шилжүүлсэн машиныг авах хүсэлтэй байна. Өнөөдрийн байдлаар хүү нь нэмэгдээд 560000 төгрөгийн үлдэгдэл байгаа. Тийм учраас манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү. Хэрвээ манай байгууллагын барьцаанд байгаа манай байгууллагын эзэмшлийн машиныг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн тохиолдолд 560000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгуулах саналтай байна гэв.

 

Хохирогч Д.З мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн орчим манай дүү О залгаад үхэрнүүдээс нэгийг машин ачаад явчихлаа. Та наанаасаа цагдаад мэдэгд гэсэн. Би тэгээд эгч рүү ярьтал гэрийн ойролцоо ирж намайг авсан. Манай дүү Б цагдаад дуудлага өгчихлөө. Та 2 зүүн талын засмал дээр орж ирэх машинуудыг хараад зогсож бай. Раум маркийн мөнгөлөг саарал өнгийн машин ачиж явсан гэсэн. Тэгэхээр нь бид 2 аймгийн зүүн талын засмал дээр хараад зогсож байтал ороод ирсэн. Тус машин аймгийн хуучин цагаан хаалганаас шууд урагшаа салаад суваргатай уулын зүүн талаар уруудаад орчихсон. Тэгэхээр нь бид 2 амдаж тосох гээд суваргатай уулын баруун талаар давсан. Даваад уруудаад байж байтал тэр машин 11 дүгээр багийн зам ангийн араараа гараад өгсөөд ирсэн. Бид тэр машиныг зогсоотол эрэгтэй, эмэгтэй 2 хүн сууж явсан. Улаан халзан зүсмийн бяруу, баруун эвэр нь багахан ногоон будагтай байгаа. /хх-ийн 23-24,27-28-р хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Г.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэн П.Б нь өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Раум маркийн автомашиныг 700000 төгрөгөнд барьцаалан зээл авсан. Зээл одоогоор хэвийн төлөлттэй явж байгаа. 1 жилийн хугацаатай зээл авсан. Одоо үлдэгдэл нь 520261 төгрөг байгаа. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь манай байгууллагад шилжсэн байгаа. Үлдэгдэл зээлээ төлчихвөл гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох учраас автомашиныг П.Б-д шилжүүлнэ. /хх-ийн 26 хуудас/,

 

Гэрч Д.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2019 оны 12 дугаар сарын 04-ний өглөө манай нөхөр Т гэрээсээ гараад малдаа явсан. Би гэртээ байж байтал 11 цагийн үед манай нөхөр гэртээ хам хум давхиж ирээд утсаа барьж аваад үхэр ачаад явчихлаа, араас нь дагалаа аймаг руу хэлээрэй гээд буцаад гараад явсан. Би эгч А, З нар руу залгаад цагдаад хэлээрэй үхэр ачаад явчихлаа. Т араас нь дагах гээд мотоцикльтойгоо явчихлаа гэж хэлсэн. Манай хөдөө гэр ******* сумын ******* гэх газар байдаг. Алдагдсан үхэр нь манай эгч З-ын эзэмшлийн улаан халзан эр яруу байсан. Баруун эвэр дээрээ ногоон будагтай. Тарган, хүч сайтай, номхон үхэр байсан. /хх-ийн 32 хуудас/,

 

Гэрч А.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...2019 оны 12 дугаар сарын 04-ний өглөө гэрээсээ гараад үхрээ усалчихаад бэлчээрт нь гаргаад эргээд гэртээ ирээд хонио бэлчээрт гаргачихаад хувцсаа өмсөөд гартал манайхаас доош засмал зам дээр саарал өнгийн Раум маркийн автомашин харагдсан. Тухайн үед 10 цаг өнгөрч байсан байх. Би хонио эргүүлчихээд уулан дээрээс дурандахад нөгөө Раум маркийн автомашин зогсож байсан газраасаа алга болчихсон. Удалгүй нөгөө машин засмалаас салаад ******* сум руу салдаг замаар манай үхэр дунд ороод зам дагуу бэлчиж байсан үхэр дунд шороон далангийн ард ороод зогсчихсон. Би үхрээ очиж бүртгэе гэж бодоод очтол нөгөө машин засмалын хойгуур шороон замаар хөндий уруудаад аймаг чиглэлтэй явчихсан. Би үхэр дээрээ очоод үхрээ тоолтол нэг үхэр дутсан. Зүсээр нь хайхад улаан халзан бяруу байхгүй байсан. Машины мөрийг хөөгөөд далангийн ард очтол гутлын мөр байсан. Машины мөрний дэргэд үхэртэй ноцолдсон болов уу гэмээр мөр үүсгэсэн байсан. Тэгээд нөгөө машины араас мотоцикльтой явсан. Шинэ цагаан хаалга өнгөрөөд дурандахад холоос нэг жижиг тэрэг зам руу орж байгаа харагдсан. Би аймгийн төвд  байдаг эгчид хэлээд, цагдаа нар тэр шөнөдөө барьсан гэж байсан. /хх-ийн 33-34 хуудас/,

 

  Яллагдагч П.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Би хүний бэлчээр дээрээс үхэр хулгайлж авсан үйлдэлд гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна. Би уг үхрийг машинтайгаа дэргэд нь зогсоод, машиныхаа хаалгыг онгойлгоод манай эхнэр эврээс нь татаад, би араас нь түлхсэн. Раум маркийн автомашин нь миний эзэмшлийнх. Одоогоор Хаан кредит ББСБ-д барьцаанд тавьсан байгаа. Үхрийг нь буцаан өгсөн. /хх-ийн 55-56 хуудас/,

 

Яллагдагч О.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би хүний бэлчээр дээрээс үхэр хулгайлж авсан үйлдэлд гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна. Манай нөхөр уг үхрийн дэргэд машинтайгаа зогсоод, машиныхаа хаалгыг онгойлгоод би эврээс нь татаад, манай нөхөр араас нь түлхээд машинд оруулсан. Үхрийг нь буцаан өгсөн. /хх-ийн 50-51 хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл,   Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №12/11, дугаартай, 2020 оны 01 дүгээр  сарын 13-ны өдрийн 01/18 дугаартай үнэлгээний тайлангууд, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хохирогч Д.З-ын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт /хх-ийн 03-05, 12-15, 36-39, 47, 52, 93, 96 хуудас/,

 

Шүүгдэгч П.Б-ийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 161 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар / хх-ийн 61-62, 67 хуудас/, 

 

Шүүгдэгч О.М-ийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 160 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар / хх-ийн 64-65, 67 хуудас/, 

 

Шүүгдэгч П.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 63 хуудас/,

 

Шүүгдэгч О.М-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 66 хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч П.Б, О.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар П.Б, О.М нар нь “Хаан кредит” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 10 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар баг ******* гэх газраас Д.З-ын өмчлөлийн улаан халзан зүсмийн 1 тооны бяруу хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч ******* овгийн П.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч ******* овгийн О.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж тус тус хуульчилжээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч П.Б, О.М, хохирогч Д.З, гэрч, Д.О, Д.Т нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч П.Б, О.М нар нь энэ гэмт хэрэгт гэмт хэргийн гүйцэтгэгч, гэмт хэргийн хамжигчаар оролцсон нөхцөл байдал тогтоогдохгүй, бүлэглэж үйлдсэн байна гэж шүүх дүгнэлээ. 

 

Шүүгдэгч П.Б, О.М нар нь “Хаан кредит” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 10 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар баг ******* гэх газраас Д.З-ын өмчлөлийн улаан халзан зүсмийн 1 тооны бяруу хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б, О.М нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.З-ын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн орчим манай дүү О залгаад үхэрнүүдээс нэгийг машин ачаад явчихлаа. Та наанаасаа цагдаад мэдэгд гэсэн. Би тэгээд эгч рүү ярьтал гэрийн ойролцоо ирж намайг авсан. Манай дүү Б цагдаад дуудлага өгчихлөө. Та 2 зүүн талын засмал дээр орж ирэх машинуудыг хараад зогсож бай. Раум маркийн мөнгөлөг саарал өнгийн машин ачиж явсан гэсэн, иргэний нэхэмжлэгч Г.Агийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэн П.Б нь өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Раум маркийн автомашиныг 700000 төгрөгөнд барьцаалан зээл авсан. Уг автомашины гэрчилгээ нь манай байгууллагын нэр дээр байдаг, гэрч Д.О-ын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өглөө манай нөхөр Товуудорж гэрээсээ гараад малдаа явсан. Би гэртээ байж байтал 11 цагийн үед манай нөхөр гэртээ хам хум давхиж ирээд утсаа барьж аваад үхэр ачаад явчихлаа, араас нь дагалаа аймаг руу хэлээрэй гээд буцаад гараад явсан. Би эгч Амаржаргал, Золжаргал нар руу залгаад цагдаад хэлээрэй үхэр ачаад явчихлаа гэж хэлсэн, гэрч А.Т-ийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өглөө гэрээсээ гараад үхрээ усалчихаад бэлчээрт нь гаргаад эргээд гэртээ ирээд хонио бэлчээрт гаргачихаад хувцсаа өмсөөд гартал манайхаас доош засмал зам дээр саарал өнгийн Раум маркийн автомашин харагдсан. Удалгүй нөгөө машин засмалаас салаад ******* сум руу салдаг замаар манай үхэр дунд ороод зам дагуу бэлчиж байсан үхэр дунд шороон далангийн ард ороод зогсчихсон. Би үхрээ очиж бүртгэе гэж бодоод очтол нөгөө машин засмалын хойгуур шороон замаар хөндий уруудаад аймаг чиглэлтэй явчихсан. Би үхэр дээрээ очоод үхрээ тоолтол нэг үхэр дутсан. Зүсээр нь хайхад улаан халзан бяруу байхгүй байсан. Машины мөрийг хөөгөөд далангийн ард очтол гутлын мөр байсан. Машины мөрний дэргэд үхэртэй ноцолдсон болов уу гэмээр мөр үүсгэсэн байсан гэх мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №12/11, дугаартай, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/18 дугаартай үнэлгээний тайлангууд, хохирогч Д.З-ын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч П.Б, О.М нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч П.Б, О.М нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдлыг тус тус харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус тус тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч П.Б, О.М нарт оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж,

 

Шүүгдэгч П.Б, О.М нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч П.Б, О.М нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ******* улсын дугаартай “Тоёота Раум” маркийн тээврийн хэрэгсэл нь “Хаан кредит” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийнх болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч О.М, П.Б нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн тайлбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2000000 төгрөгийн үнэлгээ бүхий ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Хаан кредит” банк бус санхүүгийн байгууллагад буцаан олгож,  иргэний нэхэмжлэгч “Хаан кредит” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн ******* улсын дугаартай “Тоёота Раум” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 2000000 төгрөгийг шүүгдэгч П.Бээс 1000000 төгрөг, шүүгдэгч О.М-ээс 1000000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулж,

 

Иргэний нэхэмжлэгч Г.А нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас зээлийн гэрээний үлдэгдэл болох нийт 560000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч “Хаан кредит” банк бус санхүүгийн байгууллагын шүүгдэгч П.Б-тэй байгуулсан зээлийн гэрээ нь хавтаст хэрэгт авагдаагүй байх тул иргэний нэхэмжлэгч “Хаан кредит” банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжилсэн 560000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурьдаж,

 

Шүүгдэгч П.Б, О.М нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хорих ял оногдуулах болохыг, 

 

Мөн шүүгдэгч П.Б, О.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөрт хохирогч Д.З-д 1 тооны үхрийг нь буцаан өгсөн, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийг зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөө илэрхийлсэн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг, 

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Б, О.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овгийн П.Б, ******* овгийн О.М нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч ******* овгийн П.Б, ******* овгийн О.М нарыг тус тус нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч П.Б, О.Мнарт оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч П.Б, О.М нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б, О.М нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хорих ял оногдуулах, шүүгдэгч П.Б, О.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.З-д 1 тооны үхрийг буцаан өгсөн, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийг зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөө илэрхийлсэн, хохирогч нь, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч “Хаан кредит” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн ******* улсын дугаартай “Тоёота Раум” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 2000000 төгрөгийг шүүгдэгч П.Б-ээс 1000000 төгрөг, О.Мээс 1000000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Хаан кредит” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн 2000000 төгрөгийн үнэлгээ бүхий ******* улсын дугаартай “Тоёота Раум” маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч “Хаан кредит” банк бус санхүүгийн байгууллагад буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч “Хаан кредит” банк бус санхүүгийн байгууллагын 560000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б, О.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Б, О.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.