Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 51

 

 

 

      

 

 

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул

Улсын яллагчаар хяналтын  прокурор Б.Мөнгөнтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ю.Нямсүрэн

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Г овогт Б.Д-д холбогдох эрүүгийн 2019000860041 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Д

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Д нь 2020 ны 02 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 4 дүгээр багт байрлах Цагдаагийн кабоны гадаа хашаанд албан үүргээ гүйцэтгэж байсан Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Дэлгэрэх сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Г-г “та хашаанаас гар” гэсэн хууль ёсны шаардлага тавихад хэл амаар доромжлон түлхэж унагаан тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Д-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Намайг хөдөөнөөс ирэхэд манай найзын эхнэр утсаар яриад “Нөгөө хэд чинь зодолдоод байна. Манайд очоод байж бай” гэж хэлсэн. Гэрт нь очтол хүүхэд нь ганцаараа байсан. Цагдаа дээр эхнэртэйгээ хамт яваад очтол Г намайг яв гэсэн. Тэгэхээр нь яваад өгсөн. Эхнэртэйгээ хамт найзынхаа гэрт байж байгаад хэсэг хугацааны дараа буцаад цагдаа дээр очсон. Ц гадаа гавлагдчихсан сууж байхаар дэргэд нь очоод тамхилаад байж байтал Г гарч ирээд  “Чи яах гээд энд байгаад байгаа юм бэ? Эндээс яв” гэхээр нь “Ганц тамхи өгчихөөд одоо явлаа” гэсэн. Гэтэл “Чи муу одоо яв л даа” гээд миний мөрнөөс татаад урагшаа аваад явсан. Тэгэхээр нь “Чи тавьчих л даа пизда минь, би одоо гарлаа” гэж хэлтэл “Чи намайг пизда гэлээ. Чи ямар том юм бэ, намайг зодчих” гээд өөдөөс ээрээд болохгүй байсан. Гантогтох хувцасныхаа цахилгааныг тайлж ирээд “Чи намайг зодчих” гээд байхаар нь би түлхсэн. Цээжин дээр нь тулчихсан чинь арагшаа уначихсан. Гэтэл Г “Чи намайг зодчихлоо” гэхээр нь “Чи намайг явуулахгүй байсан болохоор би чамайг зүгээр түлхсэн. Чи ямар сонин бацаан бэ?” гэж хэлсэн. Гантогтох “Чи намайг бацаан гэлээ” гээд хувцсаа тайлаад надруу шидсэн. Би хажууд байсан машин дээр хувцсыг нь тавьсан. Би явмаар байна гэж хэлтэл “Чи чаддаг юм бол дахиад намайг зодчих” гээд ээрээд явуулахгүй байхаар нь подволкноос нь заамдаад цааш нь түлхтэл нохойны үүрэн дээр дарж унаад босож ирсэн...” гэсэн мэдүүлэг.

          

           Хохирогч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ... Дэлгэрэх сумын 2 дугаар багийн иргэн Б.Д гэх хүн гаднаас орж ирээд Ц-тэй уулзаж байсан юм. Энэ үед би шаардлага тавьсан юм. Танд ямар нэгэн хамаарал байхгүй, та эндээс яв гэж хууль ёсны шаардлага тавьсан. энэ үед намайг зүй бус үг хэлж доромжилж байсан... Улмаар би Д-г албадан гаргахаар гараас нь татаж цагдаагийн хэсгийн хашааны хаалга руу явах гэхэд “Чи ямар онгироо бацаан бэ” гээд надтай маргаан үүсгэсэн. Би энэ үед Д-тэй цагдаагийн алба хаагчийн стандартын дагуу харьцсан ба энэ хүн намайг түлхэж унагаасан ба газар унахад миний хувцас шороо болсон байсан. Тэгээд би та миний хувцсыг муухай болгочихлоо гэж хэлэхэд хувцсаа тайлчих хоёулаа зодолдоё гэж хэлсэн. Харин би чамтай зодолдохгүй гээд шороо болсон хувцсаа тайлаад пудволктойгоо байж байсан чинь миний өмссөн пудволкны захаас хоёр гараараа заамдаж намайг хойш түлхэж хойно байсан нохойн блокон хашаан дээр түлхэж унагаасан. Д нь миний дээр унасан ба би толгойн дагз хэсгээрээ хүчтэй блок мөргөж унасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-9 дүгээр хуудас/,

 

           Гэрч Ц.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хэсгийн төлөөлөгч хувцас нь муухай болчихоор нь тайлаад пудволктойгоо үлдэхэд нь Д түүнийг пудволкны захаар нь боож заамдаад хойш түлхэж блокоор хийсэн нохойн үүрний дээрээс дараад унасан...Д нь төлөөлөгч Г-г хууль ёсны шаардлага буюу хашаанаас гар гэсэн шаардлага тавиад хашаанаас гарахгүй төлөөлөгчтэй маргалдан улмаар 2 удаа түлхэж унагаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-13 дугаар хуудас/,

 

           Гэрч Б.Е-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд би гэртээ байж байгаад юу болж байгаа юм бол гэж бодоод буцаад очиход цагдаагийн кубоны хашаан дотор төлөөлөгч Г дээгүүрээ цэнхэр цагдаа фудволктой, харин Д ирчихсэн тэр хоёр маргалдаад зууралдаад зогсож байсан юм. Тэгээд и чигээрээ хашаагаар нь ороод цагдаагийн үүдэнд байсан ах Цэнддоогийн хажууд очиход доор нь гавны түлхүүр байсан ба хажууд нь цагдаа Д М-тэй зууралдаад зогсож байсан. Мөн хажууд нь С хараад зогсож байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

           Гэрч Ш.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... гараад очтол Д хэсгийн төлөөлөгч Г-г цагдаагийн кубоны хашаан дотор байсан өрсөн блок руу түлхэж унагааж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,

          

           Гэрч С.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Д нь муу бацаан миний хувцсаа тайлчих эр хүн шиг сайхан үзье гэж хэлж байсан. Тэгээд хоорондоо барилцаж аваад төлөөлөгчийг заамдаад түлхэж явж байгаад блокоор өрсөн нохойн үүр хэсэгт түлхэж цааш даваад хоёулаа унасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

           Гэрч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ер нь манай дүү Д-ийн мөр нь амархан мултарчихдаг юм. Тэгээд төлөөлөгч нэг нэгээр нь оруулж мэдүүлэг авч байгаа бололтой ба Ө-с мэдүүлэг авна гээд төлөөлөгч өрөө лүүгээ орсон. Харин цагдаа Д нь бид нарыг хараад гадаа үлдсэн. Тэгээд орой гадаа харуй бүрий болж байхад манай найз Д болон манай эхнэрийн хамт цагдаа дээр ирээд Д надад тамхи авчирч өгсөн. Тэгээд тамхи татаад сууж байхад төлөөлөгч өрөөнөөс гарч ирээд Д-г яв, энд байх шаардлага байхгүй гэж байсан. Тэгээд л Д-г аваад урагшаа алхаж байсан ба тэр хоёр маргалдаад байгаа бололтой нэг нэгнээ түлхээд байх шиг байсан. Гэхдээ яг юунаас болж маргалдсаныг бол мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

           Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 02/067 дугаартай: “...Б.Г-ын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

          

           Яллагдагч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Анх бол төлөөлөгч Г намайг эндээс яв гэсэн шаардлага тавьсан. Харин би тухайн үед төлөөлөгчтэй маргалдаад ийм зүйл болсон. ... Миний хувьд хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/

 

           Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 34  дүгээр  хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Д  нь 2020 ны 02 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 4 дүгээр багт байрлах Цагдаагийн байрны гадаа дуудлагаар хүргэгдэн очсон Цэнддоо гэгчтэй уулзаж байх үед нь “танд ямар нэг хамаарал байхгүй учир эндээс яв” гэсэн шаардлагыг  Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Дэлгэрэх сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Г тавихад хэл амаар доромжлон түлхэж унагааж улмаар дахин өмссөн пудволкных нь захнаас хоёр гараараа заамдаж түлхэж  хойно нь байсан нохойн блокон хашаан дээр хамт унаснаас толгойн ар дагз хэсгээрээ  блок мөргөн унаж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Д-г  2020 ны 02 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 4 дүгээр багт байрлах Цагдаагийн байрны  хашаанд албан үүргээ гүйцэтгэж байсан Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Дэлгэрэх сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Г-г “та хашаанаас гар” гэсэн хууль ёсны шаардлага тавихад хэл амаар доромжлон түлхэж унагаан  албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүнд хүч хэрэглэж, хүч хэрэглэх явцдаа түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Г-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ... Дэлгэрэх сумын 2 дугаар багийн иргэн Б.Д гэх хүн гаднаас орж ирээд Ц-тэй уулзаж байсан . Энэ үед би танд ямар нэгэн хамаарал байхгүй, та эндээс яв гэж хууль ёсны шаардлага тавьсан. энэ үед намайг зүй бус үг хэлж доромжилж байсан... Улмаар би Д-г албадан гаргахаар гараас нь татаж цагдаагийн хэсгийн хашааны хаалга руу явах гэхэд “Чи ямар онгироо бацаан бэ” гээд надтай маргаан үүсгэсэн. Би энэ үед Д-тэй цагдаагийн алба хаагчийн стандартын дагуу харьцсан ба энэ хүн намайг түлхэж унагаасан, газар унахад миний хувцас шороо болсон байсан. Тэгээд би та миний хувцсыг муухай болгочихлоо гэж хэлэхэд хувцсаа тайлчих хоёулаа зодолдъё гэж хэлсэн. Харин би чамтай зодолдохгүй гээд шороо болсон хувцсаа тайлаад пудволктойгоо байж байсан чинь миний өмссөн пудволкны захаас хоёр гараараа заамдаж намайг хойш түлхэж хойно байсан нохойн блокон хашаан дээр түлхэж унагаасан. Д нь миний дээр унасан ба би толгойн ар дагз хэсгээрээ хүчтэй блок мөргөж унасан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хэсгийн төлөөлөгч хувцас нь муухай болчихоор нь тайлаад пудволктойгоо үлдэхэд нь Д түүнийг пудволкны захаар нь боож заамдаад хойш түлхэж блокоор хийсэн нохойны үүрний дээрээс дараад унасан... Д нь төлөөлөгч Г-г хууль ёсны шаардлага буюу хашаанаас гар гэсэн шаардлага тавиад хашаанаас гарахгүй төлөөлөгчтэй маргалдан улмаар 2 удаа түлхэж унагаасан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ш.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... гараад очтол Д хэсгийн төлөөлөгч Г-г цагдааг кубоны хашаан дотор байсан өрсөн блок руу түлхэж унагааж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг, гэрч С.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Д нь муу бацаан  хувцасаа тайлчих эр хүн шиг сайхан үзье гэж хэлж байсан. Тэгээд хоорондоо барилцаж аваад төлөөлөгчийг заамдаад түлхэж явж байгаад блокоор өрсөн нохойн үүр хэсэгт түлхэж цааш даваад хоёулаа унасан...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд орой гадаа харуй бүрий болж байхад манай найз Д  манай эхнэрийн хамт цагдаа дээр ирээд Д надад тамхи авчирч өгсөн. Тэгээд тамхи татаад сууж байхад төлөөлөгч өрөөнөөс гарч ирээд Д-г яв, энд байх шаардлага байхгүй гэж байсан. Тэгээд л Д-г аваад урагшаа алхаж байсан ба тэр хоёр маргалдаад байгаа бололтой нэг нэгнээ түлхээд байх шиг байсан. ...” гэсэн мэдүүлэг,  Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 02/067 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

           Шүүгдэгч Б.Д нь цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг  биелүүлээгүй, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, улмаар хохирогчийг 2 удаа түлхэж унагаасан зэргийг гэрч, хохирогч нар мэдүүлцгээсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

            Иймд шүүгдэгч Б.Д-г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

           

            Цагдаагийн алба хаагч, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Г нь хууль сахиулагч мөн болох нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “хууль сахиулах чиг үүрэг гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагчийн хуульд заасан чиг үүргийг хэлнэ” гэсэн тайлбар, түүнийг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Дэлгэрэх сум дахь хэсгийн төлөөлөгчөөр томилох тухай Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 06 сарын 12-ний өдрийн Б/434  дүгээр тушаалын хуулбар, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтуудаар батлагдсан болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Д-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгчийг “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн”, мөн “эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь, мөн улсын яллагч ,өмгөөлөгчийн  саналыг харгалзан үзэж, үйлдсэн гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.700.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэхээр шийдвэрлэв. Ингэж ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялын хэмжээг 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.

 

Шүүх шүүгдэгч Б.Д-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

 

Хохирогч Б.Г гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.Д-г эрүүгийн хариуцлага хүлээсэн  эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл судалгааны төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй  болох нь /хх-ийн 34-р тал/ тогтоогдож байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г овогт Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхэлж байгаа ажил,албан  тушаалтай нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700 000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт торгуулийн хэмжээг 3200 000 төгрөгөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 3200 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 08 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Д-д сануулсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт  шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АДЪЯАСҮРЭН