| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2020/0053/Э |
| Дугаар | 55 |
| Огноо | 2020-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Мөнгөнтуяа |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа
Шинжээч эмч Э.Анхбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ю.Нямсүрэн
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Б.Г-д холбогдох эрүүгийн 2019000000039 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Г,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 ны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 4 дүгээр багт байрлах Цагдаагийн байранд түүнийг гаргасан зөрчилтэй нь холбоотойгоор саатуулах явцад албан үүргээ гүйцэтгэж байсан Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Сайхандулаан сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.А-ын толгойг гантел төмрөөр цохин хүч хэрэглэн эсэргүүцэж, тархи доргилт, духны зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Б.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 2 хүүхдээ харж байгаад, найзаараа үсээ засуулах гээд 2 том пиво авсан. Тэгээд найзаараа үсээ засуулчихаад хоёулаа нэг, нэг пиво уучихъя гэтэл манай найз ажилтай гэсэн учраас ганцаараа пиво уусан. Орой эхнэр ажлаасаа ирээд “Чи хүүхэд харж байж яахаараа архи уудаг юм бэ?” гэж уурлаад, манай найз руу “Чи яахаараа хүн уруу татаж архи уулгадаг юм бэ?” гээд орилж хашгичаад байсан. Тэгэхээр нь би найзтайгаа уугаагүй гэж хэлтэл эхнэр “Чи яахаараа хүүхэд харж байж пиво уудаг юм бэ? Одоо би чамайг цагдаа дуудаж өгнө” гэж хэлсэн. Би цагдаагаа дуудаад өг гэж хэлсэн. Тэгээд удалгүй А цагдаа хүрээд ирсэн. Намайг аваад цагдаагийн байр луу явж байхдаа төлөөлөгч У-тай “Бензин тосоо авчихлаа” гэж ярьж байсан. Тэгэхээр нь намайг ямар хэрэг хийсэн гэж аймаг руу авч явдаг юм бэ гэж хэлсэн. Цагдаагийн байранд ороод А надаас “Чи яагаад хүний янз үзээд байгаа юм бэ? эр хүн шиг үзчихье” гээд хувцсаа тайлаад хаалгаа хаасан. Тэгэхээр нь би гар утсан дээрээ бичлэг хийж авсан. А миний хүзүүг цамцаар бооход нь би гараараа салгахад хүзүүнд байсан гинж тасарсан. Намайг гавлах гээд баруун гар өчингүүтээ араас толгой руу цохиод байсан. Тэгэхээр нь би тонгойнгуут нь жинсэн өмдтэй зүүн өвдгөөрөө өвдөглөчихсөн. Босч ирээд чи намайг төмөр гантелаар цохьчихлоо гээд байсан. Би төмөр гантелаар цохиогүй гэж хэлтэл араас тэвэрч аваад өчөөд гавласан. Тэгээд У төлөөлөгчтэй хамт намайг машиндаа аваачиж суулгасан...” гэсэн мэдүүлэг
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд
/хх-ийн 4-7 дугаар хуудас/
Хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Сайхандулаан сумын цагдаагаар ажилладаг юм. 2020 оны 03 дугаар сарын 11-ний орой 21 цаг 55 минутын орчимд манай сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ма.У над руу утсаар яриад “Гансүх гэртээ агсан тавиад байх шиг байна чи түрүүлээд очиж бай би постны хүндээ ажлаа хүлээлгэж өгөөд араас чинь хүрээд очьё” гэсэн юм. Тэгээд л би шууд Гансүхийн гэрт нь хүрээд очиход Г-ийн гэр нь дотроосоо цоожтой байсан гэтэл хажуу айлаас нь Г-ийн эхнэр Д нь гарч ирсэн юм. Тэгээд юу болсон яасан бэ гэхэд архи уучихаад Г агсан тавиад хэл амаар доромжлоод байлгаж суулгахгүй байна. 2 хүүхэд айлгаж ичээгээд гэсэн... Д нь хаалгаа тогшиж байгаад хаалгыг нь нээлгээд гэрлүүгээ дотогш орсон юм. Тэгээд гэрт нь ороод очиход Г нилээн согтуу байгаа бололтой байсан юм. Би Г-г хувцасаа өмсчих цагдаа дээр очьё гэхэд Г надад хандаж “А чи намайг битгий оролдоод байгаарай танай олон нийтийн цагдаа чинь намайг архи уугаагүй байхад архи уусан гээд мотоцикл журамлаад аваад явсан барьсан” гээд олон юм яриад байсан. Би тухайн үед юм хэлээгүй ба эхнэртэйгээ мөн хэрэлдээд янхан банзлаар нь дуудаад байсан юм. Тэгээд Г-г хувцсыг нь өмсөж дууссаны дараа нь дагуулаад цагдаа дээр өөрийнхөө машинд суулгаад ирсэн юм. Тэгээд цагдаагийн байрны өрөөнд ороод би ширээний ард сандал дээр суугаад Г ширээний эсрэг талд зогсож байсан юм. Би тухайн үед “Г чи яагаад гэр бүлдээ агсан тавиад амгалан тайван байдлыг нь алдагдуулаад байгаа юм бэ чи эр хүн шиг байгаач” гэхэд Г тэгүүл эр хүн шиг үзэх үү лалар минь гээд гадуураа өмсөж явсан ногоон цамцаа тайлаад доошоо тонгойсон юм. Би тухайн үед ширээний ард талд нь сандал дээр сууж байсан ба босоод ирэхэд ширээний доор байсан төмөр гантелийг авч байгаа харагдсан юм. Тэгээд л би цохих нь гэж байна гэж бодоод шууд л дээрээс нь тэврээд автал төмөр гантелаар гараараа хойш нь саваад миний баруун талын духыг цохичихсон. Тэгээд л би гантелыг нь тавиулаад гарыг нь гавлах гараас нь бариад зууралдаад авахад Гансүх гараа гавлуулахгүй гээд надтай зууралдаад барилцаад авсан ба бид 2 тухайн үед зууралдаж байхдаа өрөөний голд байсан ажлын ширээ налж хамт унасан. Тэгэхэд ширээн дээр байсан компьютер нурж унасан юм. Тэгээд бид 2 зууралдаж байгаад босоод ирэхэд төлөөлөгч Ууганбаяр гаднаас орж ирээд Гансүхийг салгаж аваад гарыг нь гавлаад гадаа машинд суулгасан юм... Тэр гантел нь манай өрөөнд ширээн доогуур байсан гантел байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 8-9, 60 дугаар хуудас/
Гэрч М.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би Цагдаагийн байрны гадаа очиж зогсоод өрөө лүүгээ ороход өрөөний голд цагдаа А зөрчил гаргасан гэх Г-г тэврээд зогсож байсан. Тэгээд л би юу болсон гэхэд цагдаа А надад хэлэхдээ Г орж ирээд ширээн доор байсан гантелийг аваад миний толгой руу цохьчихлоо гэсэн. Тухайн үед би Г гэгч нь цагдаа А-г элдвээр хэлээд /муу лаларын буриад чи энд юу хийж байгаа юм бэ, чамайг би ална чи миний хаана ч хүрээгүй гэх мэтээр элдвээр хэлээд агсраад А-тай зодолдох гээд дайраад давшлаад байсан. Би тухайн үед барьж аваад Г-г салгаж аваад гарыг нь гавлаад өрөөнөөс гаргаж машинд суулгасан юм. Тухайн үед өрөөнд ороод очиход ширээн дээр байсан компьютерын дэлгэц газар уначихсан мөн процессор газар уначихсан байдалтай ширээ цаашаа түлхэгдэн хөндлөн болчихсон байсан. Тухайн үед Г нь архи уучихсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/,
Гэрч Г.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд л намайг цагдаатай хамт ороод очиход Г уурлаад намайг хэл амаар доромжлоод байсан юм. Тэгээд л цагдаа Г-г хувцсаа өмсчих явъя гээд дагуулаад явсан юм. Тухайн үед Г-г цагдаа аваад явахад бол цагдаатай муудаж маргалдсан зүйл бол болоогүй. Зүгээр л дагаад машинд нь суугаад хамт явсан. Миний хувьд Г нь намайг хэл амаар доромжлоод агсраад байсан болохоор цагдаад дуудлага өгч жаахан хашраая гэж бодож дуудлага өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Анхбаярын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 02/068 дугаартай: “...Б.А-ын биед тархи доргилт, духны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/
Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэлийн хуулбар /хх-ийн 50-51 дүгээр хуудас/
Яллагдагч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:: “...Миний хувьд урьд нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө сандарсандаа болоод төмөр гантелиар цохьчихсон гээд мэдүүлчихсэн юм. Яг үнэндээ бол өвдгөөрөө өвдөглөөд толгойд нь гэмтэл учруулсан юм. Тухайн үед цагдаа А намайг өвдгөөрөө өвдөглөснийг төмөр гантелиар цохьсон гээд андуурч буруу зөрүү яриад байгаа байх гэж бодож байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/
Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 62-63 дугаар хуудас/
Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 6/60 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 87 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 65 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 ны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 4 дүгээр багт байрлах Цагдаагийн байранд түүнийг гаргасан зөрчилтэй нь холбоотойгоор саатуулах явцад албан үүргээ гүйцэтгэж байсан Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Сайхандулаан сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.А-ын толгойг гантел төмрөөр цохин хүч хэрэглэн эсэргүүцэж, тархи доргилт, духны зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Г нь 2020 ны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 4 дүгээр багт байрлах Цагдаагийн байранд албан үүргээ гүйцэтгэж байсан Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Сайхандулаан сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.А-ын хууль ёсны шаардлага тавихад хүч хэрэглэн эсэргүүцэж, тархи доргилт, духны зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “......би цохих гэж байна гэж бодоод шууд л дээрээс нь тэврээд автал төмөр гантелаар гараараа хойш нь саваад миний баруун талын духыг цохьчихсон. Тэгээд л би гантелыг нь тавиулаад гараас нь бариад зууралдаад авахад Г гараа гавлуулахгүй гээд надтай зууралдаад барилцаад авсан ба бид 2 тухайн үед зууралдаж байхдаа өрөөний голд байсан ажлын ширээ налж хамт унасан. Тэгэхэд ширээн дээр байсан компьютер нурж унасан юм. Тэгээд бид 2 зууралдаж байгаад босоод ирэхэд төлөөлөгч У гаднаас орж ирээд Г-г салгаж аваад гарыг нь гавлаад гадаа машинд суулгасан юм... Тэр гантел нь манай өрөөнд ширээн доогуур байсан гантел байгаа юм...” гэсэн мэдүүлэг, гэрч М.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би Цагдаагийн байрны гадаа очиж зогсоод өрөө лүүгээ ороход өрөөний голд цагдаа А зөрчил гаргасан гэх Г-г тэврээд зогсож байсан. Тэгээд л би юу болсон гэхэд цагдаа А надад хэлэхдээ Г орж ирээд ширээн доор байсан гантелыг аваад миний толгой руу цохьчихлоо гэсэн. Тухайн үед би Г гэгч нь цагдаа А-г элдвээр хэлээд /муу лаларын буриад чи энд юу хийж байгаа юм бэ, чамайг би ална чи миний хаана ч хүрээгүй гэх мэтээр элдвээр хэлээд/ агсраад А-тай зодолдох гээд дайраад давшлаад байсан....” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хувьд Г нь намайг хэл амаар доромжлоод агсраад байсан болохоор цагдаад дуудлага ...өгсөн. ...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Анхбаярын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 02/068 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэлийн хуулбар, зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Г нь цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлээгүй, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, улмаар тархи доргилт, духны зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Харин хохирогчид учирсан хөнгөн гэмтлийг шүүгдэгч Б.Г нь “Миний гарыг өчөөд толгойн араас цохиод байхаар нь би огцом эргэсэн. Тэр үед хохирогч 4 хөллөсөн. Тэгэхээр нь баруун өвдөгөөрөө өвдөглөсөн. Босч ирээд чи намайг төмөр гантелаар цохьчихлоо гээд байсан. Би төмөр гантелаар цохиогүй гэж хэлтэл араас тэвэрч аваад өчөөд гавласан,үнэндээ бол өвдгөөрөө өвдөглөөд толгойд нь гэмтэл учруулсан ...” гэж, хохирогч Б.А “... би цохих гэж байна гэж бодоод шууд л дээрээс нь тэврээд автал төмөр гантелаар гараараа хойш нь саваад миний баруун талын духыг цохьчихсон...” гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлжээ.
Шинжээч эмчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх болохыг тогтоосон ба хатуу мохоо хүчин зүйлд гантел//гийр/ болон хүн өвдөгөөрөө өвдөглөх зэрэг нь хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Э.Анхбаярын өгсөн “... Б.А-ын биед учирсан тархи доргилт, духны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь өвдгөөрөө өвдөглөхөд үүсэх боломжтой. Хэрэв Б.А-г 15 кг жинтэй төмөр гантелаар цохих үед тархинд гавлын ясны хугарал, цууралт үүсэх, тархины эдэд, хатуу хальсан дээрх болон доорх цусан хураа, саатал зэрэг үхэлд хүргэх аюултай гэмтлүүд учрах боломжтой. Савалт гэдэг бол гарны далайлтаас хамаарна. Хүчтэй савж цохьвол үхэлд хүргэх аюултай гэмтлүүд, харин шүргэх төдий цохиод өнгөрвөл тархи доргилт, цаашлаад цууралт үүсэх боломжтой Зулгаралт гэдэг нь ямар нэгэн хатуу мохоо зүйлийн нидрэх, үрэгдэх байдлаас үүсдэг...” гэсэн мэдүүлэг, гэмтлийн эмчийн :хэсэг газрын үзлэгт баруун талд зулгарсан шархтай..” гэсэн үзлэгийн тэмдэглэл,хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийн хүндийн жин 15 кг зэргийг шинжлэн судлаад хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгч хохирогчтой барилцаж ноцолдох үедээ өвдөгөөрөө өвдөглөж цохисноос хохирогчид тархи доргилт, духны зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч И овогт Б.Г-г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.
Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Сайхандулаан сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.А нь хууль сахиулагч мөн болох нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “хууль сахиулах чиг үүрэг гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагчийн хуульд заасан чиг үүргийг хэлнэ” гэсэн тайлбар, түүнийг Сайхандулаан сумын цагдаагаар томилсон Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2017 оны 05 сарын 31-ний өдрийн Б/60 дугаар тушаалын хуулбар, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтуудаар батлагдсан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгчийг “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн”, мөн “эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь, мөн улсын яллагч ,өмгөөлөгчийн саналыг харгалзан үзэж, үйлдсэн гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв. Ингэж ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялын хэмжээг 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.
Шүүх шүүгдэгч Б.Г-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 18 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Хохирогч Б.А гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Г-г эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл судалгааны төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй болох нь /хх-ийн 65-р тал/ тогтоогдож байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гантел/гийр/ нь хууль ёсны эзэмшигч М.У-г болох нь тогтоогдсон/хх-ийн 12/ тул буцаан олгож, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч И овогт Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхэлж байгаа ажил, албан тушаалтай нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700 000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт торгуулийн хэмжээг 3200 000 төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 3200 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 18 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Г-д сануулсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гантел/гийр/-ийг хууль ёсны эзэмшигч М.У-д буцаан олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН