| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2020/0064/Э |
| Дугаар | 59 |
| Огноо | 2020-06-19 |
| Зүйл хэсэг | 22.1.1., 22.8.1.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнтуяа |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа,
Иргэний нэхэмжлэгчээр Дорноговь аймгийн Боловсрол соёл урлагийн газрыг төлөөлж төсөв санхүүгийн мэргэжилтэн Б.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Б.Дагийнамжил
Шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овогт А.М-д холбогдох эрүүгийн 1919004240062 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, А.М,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч А.М нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, цэцэрлэгт нүүрс нийлүүлэх гэрээний дагуу 50 тонн нүүрсний төлбөр болох 3.375.000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нүүрс нийлүүлэгч Д.А-ийн Х банкны 537424**** дугаарын данс руу шилжүүлэн улмаар тухайн өдрөө буюу 2018 оны 02 дугаар сарын 13-ний өдөр өөрийн эзэмшлийн Х банкны 537101**** дугаарын данс руу 1.012.000 төгрөг, 675.000 төгрөг, мөн 2018 оны 12 дугаар сарын 07-ний өдөр 858.000 төгрөг, түүнчлэн өөрийн төрсөн хүү А.Б-ийн 537915**** дугаарын данс руу 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 100.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 500.000 төгрөгийг тус тус буцаан шилжүүлэн авч, дээрх мөнгөнөөс 1.725.000 төгрөгийг хувьдаа ашиглан өөртөө давуу байдал үүсгэсэн, мөн үлдэгдэл 1.650.000 төгрөгийг Сангийн сайдын 2014 оны 55 тоот тушаалыг зөрчин, цэцэрлэгийн урсгал засварын зардалд /цэцэрлэгт гал тогооны тусгаарлах хаалт, вакум цонх засахад 650.000 төгрөг, тээврийн хэрэгсэлд 1.000.000 төгрөг/ зарцуулан төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, нийт 3.145.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2014 онд Хатанбулаг суманд хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон. 2018 оны 02 дугаар сард нүүрс нийлүүлдэг А-д нүүрсний мөнгө шилжүүлсэн. Өмнө нь 2017 онд цэцэрлэгийн гал тогоонд хаалт хийлгэж, 2 давхар цонх шиллүүлсэн байсан. Тэдгээр зүйлсийн мөнгө нэхэгдээд байсан учраас 2018 оны 02 дугаар сард шилжүүлсэн нүүрсний мөнгөнөөс авч тэр өрийг барагдуулсан. Мөн 5801 улсын дугаартай фургон машинд 1 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэсэн. Өөрийн 537101**** тоот дансанд 850,000 төгрөг шилжүүлж авсан. 2018 оны 10 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж 2019 оын 03 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр цэцэрлэгт ажилд орсон. Энд ирж ажилд орсноос хойш нөхрийн минь бие өвдөж хэвтэрт орсон. Тиймээс би ганцаараа ажил хийж нөхөр, 3 хүүхдээ тэжээн тэтгэх болсон. Бид өөрсдийн гэсэн байргүй ба нөхөр минь хэвтэрт орсон учраас байр хөлсөлж амьдрах болсон. Манай том хүүхэд оюутан, 2 бага хүүхэд сурагч. Гэр бүлээсээ би ганцаараа ажил хийдэг,хохирлыг төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Б.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...А.М-тэй холбоотой 3,375,000 төгрөгөөс 3,145,000 төгрөгийн төлбөр барагдуулах талаар яригдаж байна. Үүнээс 1,650,000 төгрөгөөр тухайн байгууллагадаа шилэн хаалт, цонх хийлгэсэн, мөн 5801 улсын дугаартай фургон маркийн автомашинд засвар үйлчилгээ хийсэн нь үнэн болно гэсэн байгууллагын даргын албан бичиг ирсэн учраас дээрх мөнгийг хасч тооцоод 1,495,000 төгрөгийн хохирол барагдуулахаар нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг,
Гэрч С.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай байгууллагад хийсэн шалгалтаар хүүхдийн цэцэрлэгийн түлш, шатах тослох материалын зардал зэрэгт шалгалт хийсэн. Намайг ажилд томилогдох үед түлээ түлшний зөрүүтэй холбоотой асуудал яригдаж байсан. Учир юу вэ гэхээр 79.1 тонн нүүрсний үлдэгдэл байгаагаас шалгалт хийх үед 37.9 тонн нүүрс агуулахад байсан. Тонн нь 75000 төгрөгийн үнэтэй 41.2 тонн нүүрсний худалдан авсан гүйлгээ хийсэн боловч санхүүжилтийг өөр зүйлд зарцуулсан зөрчилтэй байсан. Мөн хүүхдийн цэцэрлэгт сантехникийн шугам солихтой холбоотой гэрээ байгуулж, 9.5 сая төгрөгийн ажил хийхээр тохиролцсон боловч ажлыг дутуу хийж, албан ёсоор засварын ажлыг хүлээж аваагүй байхад санхүүжилтийг бүрэн шилжүүлсэн. Мөн байгууллагын тоног төхөөрөмжийн данснаас 639100 төгрөгийн өртөг бүхий дээжийн хөргөгч дутсан зэрэг зөрчил гарсан.Энэ асуудлууд бол миний өмнө ажиллаж байсан цэцэрлэгийн эрхлэгч санхүүгийн тайлан балансыг баталгаажуулдаг байсан. ...” гэсэн мэдүүлэг
Гэрч Т.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цэцэрлэгийн бараа материалын тайланд 2019 оны 09 дүгээр сарын байдлаар 79.1 тн нүүрсний үлдэгдэл байгаа гэж бүртгэгдсэн боловч бодит байдал дээр нүүрсний агуулахад 30 тонн нүүрс байгаа. ...М 2019 оны 02 сард Сайншанд сум руу шилжин ажиллахаар болж, ажил хүлээлцэхэд М эрхлэгч нүүрсний борлуулагч А руу утсаар ярьж авах ёстой байсан нүүрсний тонн хэмжээг багасгаж, зөрүү мөнгийг бэлэн мөнгөөр авсан гэж Д.А утсаар тайлбар өгч байсан. ...” гэсэн мэдүүлэг
Гэрч Х.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ажил хүлээлцэхэд бусад хангамжийн материал гэсэн бараа материалын тайлангийн үлдэгдэлд хүүхдийн тоглоом 0168 гэсэн нэртэй нэг бүртгэлд 1.000.000 төгрөгийн тоглоом санхүүгийн тайланд бүртгэлтэй боловч тухайн тоглоомуудыг нэр төрлөөр бүртгээгүй байсан. 2019 оны 10 дугаар сард Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын санхүүгийн хянангаас цэцэрлэгийн 2017, 2018 оны санхүүгийн баримтын шалгалтаар 1.000.000 төгрөгийн тоглоомыг “Х ХХК-иас авсан талаар баримтад тусгасан боловчтоглоомны задаргааг хийгээгүй бөөн дүнгээр тусгасан байсан. ...” гэсэн мэдүүлэг
Гэрч Х.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хяналт шалгалтаар 41 тонн орчим нүүрс дутсан байх. Сайн санахгүй байна. Харин хөргөгч дутсан асуудалд нөхөн төлүүлэхээр акт тавьсан. ...” гэсэн мэдүүлэг
Гэрч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 50 тн нүүрс гэж хий орлогдсон нь санхүүгийн баримтаар нотлогдсон, тухайн асуудал нь манай байгууллагын хяналт шалгалтын стандартаас давсан асуудал байсан тул Дорноговь аймгийн Цагдаагийн газарт албан бичгээр хандаж шалгуулахаар хүсэлт тавьсан. Нүүрсний зардал нь түлш халаалтын зардалд хамаардаг. Цэцэрлэгийн засвар үйлчилгээ, автомашины сэлбэг хэрэгслийн зардал нь зөвхөн цэцэрлэгийн урсгал засварын зардлаас гарах ёстой. Зардлын асуудлыг Сангийн сайдын 2014 оны 55 тоот тушаалын хавсралтаар тодорхой зааж өгсөн байгаа. Хэрвээ түлш халаалтын зардлыг цэцэрлэгийн урсгал засварын зардалд зарцуулсан байвал төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан байна гэж үзнэ. ...” гэсэн мэдүүлэг
Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2018 оны 01 дүгээр сард шиг санаж байна. Яг өдрийг нь сайн санахгүй байна. Эрхлэгч М машины сэлбэгт зарцуулаарай гээд надад бэлнээр 1 сая төгрөг өгсөн. Тухайн мөнгийг машины сэлбэг болон татварт зарцуулсан. ... Би өөрийн Х банкны 538106**** дугаарын дансны хуулгыг харахад эрхлэгч А.М нь 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр авто машины засварын мөнгө гэж нийт 1.200.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Эрхлэгч А.М уг мөнгөнөөс 350.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн хийчих гэж хэлсэн учраас уг 1.200.000 төгрөгөөс 350.000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр эрхлэгч А.М-ийн Х банкны 537101**** дугаарын данс руу шилжүүлэн хийсэн. Үлдсэн 850.000 төгрөгийг автомашины засвар үйлчилгээнд хэрэглэсэн. Баримт байхгүй. ...” гэсэн мэдүүлэг
Гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би нүүрс нийлүүлээгүй. 50 тонн нүүрсний төлбөр болох 3.375.000 төгрөгийг миний Х банкны 537424**** дугаарын дансанд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлэн хийсэн. Би тухайн өдөр буюу 2018 оны 02 дугаар сарын 13-ний өдөр эрхлэгч М-ийн хэлсэн Х банкны 537101**** дугаарын данс руу 1,012,000 төгрөг, 675.000 төгрөг, мөн 2018 оны 12 дугаар сарын 07-ний өдөр 858.000 төгрөг, түүнчлэн түүний хэлсэн 537915**** дугаарын данс руу 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 100.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 500.000 төгрөг шилжүүлсэн. Миний хувьд 50 тонн нүүрснээс уг 3,4 тонн нүүрсийг хасаж тооцон, үлдсэн нүүрсний мөнгийг эрхлэгч М-ийн хэлсэн Х банкны данс болох 537101****, 537915**** дугаарын данс руу шилжүүлсэн. Одоо бидний хооронд ямар нэгэн өр авлага байхгүй. ...” гэсэн мэдүүлэг
Гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Надтай эрхлэгч А.М цэцэрлэгийн гал тогооны хэсэгт хаалт хийлгэх талаар ярих үед нь Н-г зааж өгсөн. Тэгээд Н хүүхдийн цэцэрлэгийн гал тогооны өрөөнд шилэн вакум хаалт, цэцэрлэгийн өрөөний цонхыг давхраар нь сольсон. 2018 онд эрхлэгч М надад 650.000 төгрөгийг бэлнээр өгсөн. ...” гэсэн мэдүүлэг
Хатанбулаг сумын төсөвт байгууллагууд, сангуудын 2017-2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тэмдэглэл
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл, баримт бичиг гаргуулах тухай мөрдөгчийн тогтоолын дагуу Хаан банкнаас гаргуулан авсан санхүүгийн баримтууд
Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэлүүд
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 250 дүгээр тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.М-д аймгийн прокурорын газраас Дорноговь аймгийн Хатанбулаг сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, цэцэрлэгт нүүрс нийлүүлэх гэрээний дагуу 50 тонн нүүрсний төлбөр болох 3.375.000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нүүрс нийлүүлэгч Д.А-ийн Х банкны 537424**** дугаарын данс руу шилжүүлэн улмаар тухайн өдрөө буюу 2018 оны 02 дугаар сарын 13-ний өдөр өөрийн эзэмшлийн Х банкны 537101**** дугаарын данс руу 1.012.000 төгрөг, 675.000 төгрөг, мөн 2018 оны 12 дугаар сарын 07-ний өдөр 858.000 төгрөг, түүнчлэн өөрийн төрсөн хүү А.Б-ийн 537915**** дугаарын данс руу 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 100.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 500.000 төгрөгийг тус тус буцаан шилжүүлэн авч, дээрх мөнгөнөөс 1.725.000 төгрөгийг хувьдаа ашиглан өөртөө давуу байдал үүсгэсэн, мөн үлдэгдэл 1.650.000 төгрөгийг Сангийн сайдын 2014 оны 55 тоот тушаалыг зөрчин, цэцэрлэгийн урсгал засварын зардалд /цэцэрлэгт гал тогооны тусгаарлах хаалт, вакум цонх засахад 650.000 төгрөг, тээврийн хэрэгсэлд 1.000.000 төгрөг/ зарцуулан төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, нийт 3.145.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч А.М нь Дорноговь аймгийн Х сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж тус сумын цэцэрлэгт нүүрс нийлүүлэх гэрээний дагуу нүүрс нийлүүлж байсан Д.А-ийн дансанд түлш, халаалтын зардлаас 50 тонн нүүрсний төлбөр болох 3.375.000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Х банкны 537424**** дугаарын данс руу шилжүүлэн өгч үүнээс 46.6 тонн нүүрсний үнэ болох 3145000 төгрөгийг өөрийн болон хүү Б-ийн дансаар дамжуулан шилжүүлэн авсан болох нь гэрч С.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай байгууллагад хийсэн шалгалтаар хүүхдийн цэцэрлэгийн түлш, шатах тослох материалын зардал зэрэгт шалгалт хийсэн. ...Тонн нь 75000 төгрөгийн үнэтэй 41.2 тонн нүүрсний худалдан авсан гүйлгээ хийсэн боловч санхүүжилтийг өөр зүйлд зарцуулсан зөрчилтэй байсан....” гэсэн мэдүүлэг, гэрч Т.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “......М 2019 оны 02 сард Сайншанд сум руу шилжин ажиллахаар болж, ажил хүлээлцэхэд нүүрсний борлуулагч А руу утсаар ярьж авах ёстой байсан нүүрсний тонн хэмжээг багасгаж, зөрүү мөнгийг бэлэн мөнгөөр авсан гэж Д.А утсаар тайлбар өгч байсан. ...” гэсэн мэдүүлэг, гэрч Х.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хяналт шалгалтаар 41 тонн орчим нүүрс дутсан байх. Сайн санахгүй байна. ...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 50 тн нүүрс гэж хий орлогдсон нь санхүүгийн баримтаар нотлогдсон, тухайн асуудал нь манай байгууллагын хяналт шалгалтын стандартаас давсан асуудал байсан тул Дорноговь аймгийн Цагдаагийн газарт албан бичгээр хандаж шалгуулахаар хүсэлт тавьсан. Нүүрсний зардал нь түлш халаалтын зардалд хамаардаг...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...50 тонн нүүрсний төлбөр болох 3.375.000 төгрөгийг миний Х банкны 537424**** дугаарын дансанд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлэн хийсэн. Би тухайн өдөр буюу 2018 оны 02 дугаар сарын 13-ний өдөр эрхлэгч М-ийн хэлсэн Х банкны 537101**** дугаарын данс руу 1,012,000 төгрөг, 675.000 төгрөг, мөн 2018 оны 12 дугаар сарын 07-ний өдөр 858.000 төгрөг, түүнчлэн түүний хэлсэн 5379154067 дугаарын данс руу 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 100.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 500.000 төгрөг шилжүүлсэн. Миний хувьд 50 тонн нүүрснээс уг 3,4 тонн нүүрсийг хасаж тооцон, үлдсэн нүүрсний мөнгийг эрхлэгч М-ийн хэлсэн Х банкны данс болох 537101****, 537915**** дугаарын данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг, Хатанбулаг сумын төсөвт байгууллагууд, сангуудын 2017-2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тэмдэглэл, Х банкнаас гаргуулан авсан А.М, А.Б, Б.Э нарын дипозит дансны дэлгэрэнгүй хуулга болон бусад нотлох баримт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ шүүгдэгч А.М нь Хатанбулаг сумын цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан байх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-д зааснаар нийтийн албан тушаалтанд хамаарна.
Иймд шүүх шүүгдэгч А.М-ийн нийтийн албан тушаалтнаар ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2018 оны 01 дүгээр сард шиг санаж байна. Яг өдрийг нь сайн санахгүй байна. Эрхлэгч М машины сэлбэгт зарцуулаарай гээд надад бэлнээр 1 сая төгрөг өгсөн. Тухайн мөнгийг машины сэлбэг болон татварт зарцуулсан. ...” гэсэн мэдүүлэг, гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Надтай эрхлэгч А.М цэцэрлэгийн гал тогооны хэсэгт хаалт хийлгэх талаар ярих үед нь Н-г зааж өгсөн. Тэгээд Н хүүхдийн цэцэрлэгийн гал тогооны өрөөнд шилэн вакум хаалт, цэцэрлэгийн өрөөний цонхыг давхраар нь сольсон. 2018 онд эрхлэгч М надад 650.000 төгрөгийг бэлнээр өгсөн. ...” гэсэн мэдүүлэг, хавтаст хэргийн 155 дугаар талд авагдсан Хатанбулаг сумын хүүхдийн цэцэрлэгийн гал тогооны вакум хаалт хийсэн гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар тус цэцэрлэгт 1650000 төгрөгийн үйлчилгээ хийгдсэн нь тогтоогджээ.
Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-т Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ...батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах үүрэгтэй гэж заажээ. Харин шүүгдэгч нь түлш халаалтын зардлаас нүүрсний үнэнд 3375000 төгрөгийг тус сумын цэцэрлэгт гэрээний дагуу нүүрс нийлүүлж байсан Д.А-ийн дансанд шилжүүлснийг түлш халаалтын зардлыг цэцэрлэгийн урсгал засварын зардалд зарцуулсан гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би хүүхдийн цэцэрлэгт гэрээний дагуу нүүрс нийлүүлэх бүрэн боломжтой байсан. Миний 537424**** дугаарын данс руу 2018 оны 02 сарын 13-ны өдөр хүүхдийн цэцэрлэгт нийлүүлэх 50 тонн нүүрсний төлбөр болох 3375000 төгрөг шилжин орж ирсэн. Эрхлэгч М нь мөнгө хэрэгтэй байна гээд надаас нүүрсний мөнгийг увуулж цувуулж авсан“ гэсэн мэдүүлэг нь шүүгдэгч А.М-ийг албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж тухайн цэцэрлэгт нүүрс нийлүүлэгч Д.А-ийн дансанд шилжүүлсэн мөнгийг өөрийн дансандаа шилжүүлэн авсан болохыг нотолж байгаа бөгөөд Д.А-аас авсан мөнгөнөөсөө 2018 онд хийж гүйцэтгэсэн байсан ажлын гүйцэтгэлийн мөнгө нэхэгдэхэд 1650000 төгрөг /цэцэрлэгт гал тогооны тусгаарлах хаалт, вакум цонх засахад 650.000 төгрөг, тээврийн хэрэгслийн засварт 1.000.000 төгрөг/ төлснийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж үзэх үндэслэлгүй байх тул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын тухай
Шүүх шүүгдэгч А.М-ийг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал /гэмт үйлдэлдээ гэмшсэн байдал,нөхөр нь эрүүл мэндийн хувьд хүнд байгаа/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2-5 жил хүртэл хугацаагаар хасахаар заасан тул шүүгдэгч А.М-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн ...ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба ...хариуцан хөтөлнө гэж заасан тул шүүгдэгч нарын оршин суух Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулах нь зүйтэй гэж үзлээ.
Боловсрол соёл урлагийн газрыг төлөөлж иргэний нэхэмжлэгч Б.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “3,375,000 төгрөгөөс 3,145,000 төгрөгийн төлбөр барагдуулах талаар яригдаж байна. Үүнээс 1,650,000 төгрөгөөр тухайн байгууллагадаа шилэн хаалт, цонх хийлгэсэн, мөн 5801 улсын дугаартай фургон маркийн автомашинд засвар үйлчилгээ хийсэн нь үнэн болно гэсэн байгууллагын даргын албан бичиг ирсэн учраас дээрх мөнгийг хасч тооцоод 1,495,000 төгрөгийн хохирол барагдуулахаар нэхэмжилж байна” гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч А.М-ээс 1495000 төгрөгийг гаргуулан Дорноговь аймгийн Боловсрол соёл урлагийн газрын нэмэлт дансанд олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч А.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдав.
Шүүгдэгч А.М нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 63-64 дүгээр хуудас/ тогтоогдож байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.1, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А.М-д аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүгдэгч Э овогт А.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтнаар ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-д тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах болон оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-ээс 1495000 төгрөг гаргуулж Дорноговь аймгийн Боловсрол Соёл урлагийн газрын нэмэлт дансанд олгосугай.
8.Шүүгдэгч А.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН