| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/08070/И |
| Дугаар | 102/ШШ2017/00192 |
| Огноо | 2017-01-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2017/00192
2017 оны 01 сарын 11 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00192
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Хилчний 48-17 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр НФ78081535, Еншөөбүү овогт Гүндэлийн Гүнбаярын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 5-р хороо, 10-р хороолол, 49/5-р байрны 14 тоотод оршин суух, Оргил супермаркетад кассчин ажилтай, регистр ЦД70101801, Боржигон овогт Цэгмэдийн Алтанцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1 447 875 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Гүнбаяр, хариуцагч Ц.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Гүнбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2016 оны 5-р сарын 7-ны өдөр Ц.Алтанцэцэгтэй “Зээлийн гэрээ” байгуулж 1 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлүүлэхээр тохирсон бөгөөд түүнээс хойш 385 000 төгрөг төлөөд бусдыг нь төлөөгүй байгаа. Үүнээс хойш Ц.Алтанцэцэг нь утсаа авахгүй, холбогдож чадахгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд төлөөгүй 715 000 төгрөгийг гэрээний 2.7-д заасан алдангийн хамт 1 447 875 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Гэвч 715 000 төгрөгийг алданги 375 000 төгрөг нийт 1 000 000 төгрөг гаргуулахаар багасгаж нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Ц.Алтанцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 05-р сарын 07-нд мөнгө хэрэг болоод зарын дагуу энэ хүнтэй холбогдож 1 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Би тухайн үед паб, ресторан ажиллуулдаг байсан бөгөөд орлого муудаад сүүлдээ түрээсээ өгч чадахгүй болсон. Би мөнгө зээлсэн, үүнээс 385 000 төгрөгийг төлсөн, бусдыг нь өгөөгүй байгаа нь үнэн. Би өнгөрсөн хугацаанд ажилгүй байж байгаад сая 2016 оны 12 сарын 03-нд ажилд орсон. Би ямар ч байсан төлж барагдуулна, гэхдээ алдангиа жаахан бууруулаад хугацаа өгвөл би хохиролыг бүрэн барагдуулах боломжтой гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Гүнбаяр нь Ц.Алтанцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1 447 875 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Г.Гүнбаяр нь 2016 оны 05-р сарын 07-ны өдөр Ц.Алтанцэцэгтэй 1 000 000 төгрөгийг 24 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр тохирч “зээлийн гэрээ” /хх 4/ байгуулжээ.
Зээлдүүлэгч тухайн өдрөө 1 000 000 баримтаар шилжүүлэн өгсөн, харин зээлдэгч нь гэрээний үүргээс 385 000 төгрөгийг төлж, бусад хэсгийг төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарсан байна.
Зээлдэгч нь гэрээний хугацаа дуусахад зээлдүүлэгчид үндсэн зээл 1 000 000 төгрөг, хүү 100 000 төгрөг нийт 1 100 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байжээ.
Харин зээлдэгч нь үүнээс 385 000 төгрөгийг төлсөн нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж гэрээний 2.7-д заасан алдангийн хамт 1 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан шаардлагыг хариуцагч төлөхөөр зөвшөөрсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6, 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Цэгмэдийн Алтанцэцэгээс 1 000 000 /нэг сая/ төгрөг гаргуулж Гүндэлийн Гүнбаярт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээж, хариуцагч Ц.Алтанцэцэгээс 10 450 /арван мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА