Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 60

 

 

 

      

 

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа

Шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С.О-д холбогдох эрүүгийн 2019000570061 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

             Монгол Улсын иргэн, С.О,

 

             Шүүгдэгч С.О нь  2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд тус аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-ны үйлчилгээний төвд худалдагчаар ажиллаж байхдаа хохирогч С.Б-г хуурч, Х банкны Пос машинаас гарсан баримтан дээрх 3-ын тоог 8 болгон өөрчилж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр дэлгүүрийн орлогын мөнгөнөөс 11.855.000 төгрөг залилан мэхэлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: А ХХК-ийн дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа залилах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч байгуллагыг төлөөлж иргэний нэхэмжлэгч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай “А” нэрийн бөөний төвд худалдагчаар ажиллаж байсан С.О нь ажиллаж байх хугацаандаа Хаан банкны пос машины баримтын 3-ын тоог 8 болгон өөрчилж, хувьдаа мөнгө авдаг байсан. Одоогийн мэдэгдэж байгаагаар манай компанид 11,855,000 төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс гадна энэ С.О гэх хүнд 200,000 төгрөгийг хувиасаа зээлж байсан. Мөн байрны түрээсийн төгрөг гэж надад өгөх ёстой байгаа. Би байгууллагад учирсан хохирлоо барагдуулах, өөрөө ажилтай үлдэх, нэр төрөө авч үлдэхийн тулд Х банкны жилийн 2.1 %-ийн хүүтэйгээр үл хөдлөх хөрөнгөө барьцаалж зээл авч энэ хүний учруулсан хохирлыг өөрөөсөө барагдуулсан болно. Манай байгууллагад 11,855,000 төгрөгийн хохирлоос гадна өөр хохирол учраагүй. ... Х банкны пос машины нийт 54 ширхэг баримтаас 28 ширхэг баримтыг А4-ийн 4 ширхэг бичгийн цаас дээр гаргаж танд өглөө. ... Би энэ хүний байгууллагад учирсан хохирлыг барагдуулахын тулд өөрийнхөө үл хөдлөхийг барьцаалсан. Сар болгон хүү төлж явж байгаа болохоор яаралтай хурдан төлүүлмээр байна. ...Надад учруулсан 11.855.000 төгрөгийн хохирлоосоо яг одоогийн байдлаар 8.500.000 төгрөгийг төлчихөөд байгаа. Үүнээс үлдэгдэл 3.355.000 төгрөгийг авах ёстой. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-15 дугаар хуудас, 173-174 дүгээр хуудас/,

 

Гэрч С.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А худалдааны төвд 2019 оны 06 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллахдаа нийт 11,850,000 төгрөгийг тухайн дэлгүүрийн орлогоос авч хэрэглэсэн. ... Энэ дэлгүүр 2 ээлжийн худалдагчтай, нэг худалдагч нь 15 хоногт гарч ээлжилдэг байсан. Тэгээд би өөрийн орон тооны ээлж дээрээ тухайн өдөр орсон орлогоос авдаг байсан. Тухайн өдрийн орсон орлогоос бэлнээр өөртөө 500.000 төгрөгийг аваад дэлгүүрийн мэдэлд байдаг Х банкны Пос машинаас гарч ирдэг тухайн өдрийн орлогын баримтын 3-ын тоог 8 тоо болгож гараараа өөрчлөх аргаар авдаг байсан. Нийт 23 орчим удаа 3-ын тоог 8-ын тоо болгон өөрчилж, дарга Б-д хүлээлгэн өгч байсан болохоор яг хэзээ, хэзээ хэдэн төгрөг авснаа сайн санахгүй байна. Ямар ч л байсан 11,850,000 төгрөгийг дэлгүүрийн орлогоос гарган авсан. Манай нөхөр Ж.Э энэ талаар мэднэ. Өөр хүн бол мэдэхгүй. Манай нөхөр хөдөө мал дээрээ байгаа холбоо барих утасны дугаар байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

            Гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай “Т” ХХК нь Сайншанд сумын 8 дугаар багын нутаг дэвсгэрт “А” бөөний төв нэртэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Манай дэлгүүр нь 2 ээлжийн худалдагчтай. 15, 15 хоногоор 2 худалдагчаа ээлжлүүлэн ажиллуулдаг. Манай дэлгүүр 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс С.О гэх эмэгтэйг худалдагчаар ажиллах гэрээ хийсэн. Тэгээд тухайн өдрөөс 2-3 сар ажиллаж байгаад “хөдөө ямаа самнах цаг болчихлоо” гэж хэлээд хавар хөдөө гэрлүүгээ яваад, буцаад 06 дугаар сараас эхлэн ажилдаа орсон. Би дэлгүүрт орсон ба мөнгөний орлогоо бэлнээр, Х банкны Пос машины өдрийн орлого нь миний өөрийн 507907**** гэсэн дансанд маргааш өглөө нь ордог байсан. Тэгээд би 2 худалдагчтайгаа 2019 оны 06 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд өөрийн дансанд орсон дэлгүүрийн орлого, бэлнээр авсан мөнгөнийхөө дүнг 2 худалдагч хоорондоо хүлээлцсэн дүнтэй тулгаж үзээд нийлдэг, ямар нэгэн өр төлбөрийн асуудал үүсдэггүй байсан. Тэгээд 10 дугаар сараас манай нөхрийн бие өвдөөд эмнэлгээр явах их ажилтай, манай гэр хотод байдаг учраас тэр болгон өмнө нь тулгаж байсан шигээ тулгаж чадахгүй байсан. Зөвхөн худалдагч нарын гаргаж өгсөн Х банкны Пос машины баримтыг үндэслээд тооцоогоо бүртгэдэг байсан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Х банкны Пос машины хуулгыг аваад үзтэл маш их хэмжээний мөнгөний зөрүү гарсан. Тэгээд би худалдагч С.О-ын ажиллаж байсан хугацааны Пос машины хуулгатай тулгаж үзтэл баримтаа засварласан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Тэгэхлээр нь Х банкны Пос машин хариуцсан ажилтантай нь уулзтал миний дансны хуулгыг гаргаж өгөн тулгаж үзтэл дахиад л нөгөө их хэмжээний мөнгөний зөрүү гарсан. Тэгээд би худалдагчийн надтай тооцоо хийдэг байсан Пос машины баримтыг тэр Хаан банкны ажилтанд үзүүлтэл эдгээр баримтыг хуурамчаар буюу 3-ын тоог 8-ын тоо болгож өөрчилсөн байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон. 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 10 дугаар 28-ны өдрийг хүртэлх өөрийн ээлжийн 15 хоногтоо 2,600,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 2 дахь ээлжиндээ 4,150,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 3 дахь ээлжээрээ 5,105,000 төгрөгийг авсан. Ингээд нийтдээ 11,855.000 төгрөгийг ажиллаж байх хугацаандаа залилаж авсан. ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

              Гэрч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нэг харилцагч өөрийн дансанд орсон гүйлгээний хуулгаа авах гэж 01 дүгээр сарын 28-ны орчим ирсэн. Тэгээд Пос машинд хийгдсэн гүйлгээнийх нь хуулга, өөрийнх нь кредит дансны хуулгыг тус тус хэвлэж өгсөн. Манай харилцагч 2019 оны 10, 11, 12 дугаар саруудын өөрийн дансны орлогын баримтыг авчирсан байсан. Тэгээд манай харилцагч надад хэлэхдээ Пос машинаар хэвлэгддэг баримтын 3-ын тоог 8 болгож, манай худалдагч өөрчилсөн байна гэж хэлсэн. Тэгээд би сайн анзаараад хартал баримтын тоог засварласан байсан. Тэгээд би тэр харилцагчаас “Та яагаад өдөр өдөрт нь өөрийнхөө дансанд орсон орлогыг худалдагчийнхаа өгсөн баримттай тулгаж үзээгүй юм бэ" гэж асуутал “худалдагчдаа итгээд сүүлийн үед тулгаагүй байсан юм тэгээд ийм асуудал гарчихлаа” гэж хэлсэн. Дорноговь аймагт лав ийм асуудал гарч байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

 

            Яллагдагч С.О-ын Х банкин дахь 536036**** тоот дансны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 25-52 дугаар хуудас/,

           

            Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэлд: “...хохирогч С.Б-с гаргаж өгсөн Хаан банкны  54 ширхэг баримт, бэлэн мөнгөний орлогын 36 ширхэг баримт, кассын орлогын ордер 17 ширхэг баримтыг хүлээн авч, тэмдэглэл үйлдэн хэрэгт тусгав. ...” гэжээ. /хх-ийн 65-136 дугаар хуудас/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Т-ын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 009 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 161-162 дугаар хуудас/,

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 250/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх  талаар:

Шүүгдэгч С.О нь  2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд тус аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-ны үйлчилгээний төвд худалдагчаар ажиллаж байхдаа Х банкны Пос машинаас гарсан баримтан дээрх 3-ын тоог 8 болгон өөрчилж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр дэлгүүрийн орлогын мөнгөнөөс 11.855.000 төгрөг залилан мэхэлж авчээ.

           

            Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан  нотлох баримтууд болох хохирогч байгууллагыг төлөөлж иргэний нэхэмжлэгч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай “А” нэрийн бөөнийн төвд худалдагчаар ажиллаж байсан С.О нь ажиллаж байх хугацаандаа Х банкны пос машины баримтын 3-ын тоог 8 болгон өөрчилж, хувьдаа мөнгө авдаг байсан. Одоогийн мэдэгдэж байгаагаар манай компанид 11,855,000 төгрөгийн хохирол учирсан байна. ...Надад учруулсан 11.855.000 төгрөгийн хохирлоосоо яг одоогийн байдлаар 8.500.000 төгрөгийг төлчихөөд байгаа. Үүнээс үлдэгдэл 3.355.000 төгрөгийг авах ёстой. ...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нэг харилцагч өөрийн дансанд орсон гүйлгээний хуулгаа авах гэж 01 дүгээр сарын 28-ны орчим ирсэн. Тэгээд Пос машинд хийгдсэн гүйлгээнийх нь хуулга, өөрийнх нь кредит дансны хуулгыг тус тус хэвлэж өгсөн. Манай харилцагч 2019 оны 10, 11, 12 дугаар саруудын өөрийн дансны орлогын баримтыг авчирсан байсан. Тэгээд манай харилцагч надад хэлэхдээ Пос машинаар хэвлэгддэг баримтын 3-ын тоог 8 болгож, манай худалдагч өөрчилсөн байна гэж хэлсэн. Тэгээд би сайн анзаараад хартал баримтын тоог засварласан байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч С.О-ын Х банкин дахь 536036**** тоот дансны “Депозит” дансны дэлгэрэнгүй хуулга, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Т-ын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 009 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

            Шүүгдэгч С.О нь гэм буруугийн талаар болон хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

             Шүүгдэгч С.О нь өдөр өдөрт нь өөрийнхөө дансанд орсон орлогыг худалдагчийнхаа өгсөн баримттай тулгаж үзэж, хянаж шалгадаггүй байсан тухайн компаний ажилтны хайхрамжгүй ажиллагааг далимдуулан Пос машинаар хэвлэгддэг баримтын тоог засварлан мөнгө ашиглах боломжтой болохыг судалж 3-ын тоог 8 тоо болгон засварлаж үргэлжилсэн үйлдлээр 11855000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн байна.

 

            Шүүгдэгч С.О-ын  дээрх үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хор уршиг учруулсан нь залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх болно.

           

            Иймд прокуророос шүүгдэгч С.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөр барагдуулахаа илэрхийлсэн,зарим хэсгийг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн болон хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

 

            Шүүгдэгч С.О-с иргэний нэхэмжлэгч С.Б-ийн 11 855 000 төгрөг нэхэмжилснээс төлөгдөөгүй байгаа 1355 000 төгрөгийг  гаргуулан олгож, банкнаас зээлсэн мөнгөний хүүнд төлсөн 650000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

           

Шүүгдэгч С.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

 Шүүгдэгч  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д  заасантай нийцэж байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1.Шүүгдэгч Б овогт С.О-г  бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.О-г 240  цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.О-д мэдэгдсүгэй.

 

        4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.О-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар С.О-оос 1355000 төгрөгийг гаргуулж хохирогч байгууллагын төлөөлж оролцсон иргэний нэхэмжлэгч С.Б-д олгож,банкны хүүд төлсөн 650000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч С.О-оос гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү,иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АДЪЯАСҮРЭН