Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/00203

 

2017 оны 01 сарын 12 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00203

 

 

Улаанбаатар хот

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

 Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 6-р хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, АОС-16 тоот, “Юу Эс Эй Эм Өү инвест ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй,

 

         Хариуцагч: Баянгол дүүргийн 2-р хороо, 9В-р байрны 199 тоотод оршин суух, Баянгол дүүргийн тойргийн нотариатч ажилтай, регистр ЖЮ59063061, Пахал овогтой  Даваагийн Дуламцоод холбогдох зээлийн гэрээ үүрэгт 58 261 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Мөнхтөр, Ч.Чинбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чинбат шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Дуламцоо нотариатчаар үйлчлүүлэн гэрээгээ батлуулдаг байсан. 2013 оны 08-р сарын 20-ны өдөр Д.Дуламцоотой зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.8 хувийн хүүтэйгээр, өөрийн найз С.Хандармаагийн орон сууцыг барьцаалан зээлсэн. Д.Дуламцоо нь 2013 оны 9-р сарын 20-нд эхний төлбөрөө төлөхөөс эхлээд графикаа зөрчиж эхэлсэн. Ингээд 2013 оны 10-р сараас холбоо барих боломжгүй алга болсон. Ингээд бид барьцааны байрны эзэнтэй холбогдож Дуламцоог олсон. Тэгэхэд байрны өмчлөгч нь Дуламцоог цагдаад өгч, эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан. Тэр үед Д.Дуламцоогийн төлбөр нь хүүтэйгээ 75 000 000 төгрөг болсон байсан бөгөөд зээлдэгч нь зээлээс 50 000 000 төгрөг төлж, Хандармаагийн байрыг чөлөөлж өгөхийг хүссэн.  Ингээд бид барьцааны байрыг чөлөөлж, харин 2014 оны 12-р сарын 14-ний өдөр 18-ны өдөр “Зээлийн төлбөр барагдуулах хэлцэл” хийж 25 000 000 төгрөгийг 18 сарын  хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй төлүүлэхээр тохирсон. Тухайн үед Дуламцоогийн нотариатчийн эрхийг түдгэлзүүлсэн байсан, орлогогүй байдлыг ойлгоод нэг хэсэгтээ зээлээ нэхээгүй. Харин Д.Дуламцоо нь үйл ажиллагааны орлогоос 1 089 000 төгрөгийг төлсөн тул одоо үндсэн зээл 25 000 000 төгрөг, 2014 оны 12-р сарын 18-наас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүү 28 833 333 төгрөг, нэмэгдүүлсэн  хүү 5 516 667 төгрөг нийт 58 261 000 төгрөгийг Д.Дуламцоогоос гаргуулж өгнө үү гэв.  

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Д.Дуламцоогоос 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээний төлбөрт 58 261 000 төгрөг нэхэмжилсэн байна. Энэ төлбөрөөс 2014 оны 12-р сарын 19-ний өдрийн хэлцлээр тохирсон 25 000 000 төгрөгөөс 23 913 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нэхэмжилсэн 34 350 000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь Д.Дуламцоотой 2014 оны 12-р сарын 19-ний өдөр 25 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн мэтээр гэрээ байгуулсан. Зээлдүүлэгч нь энэ мөнгийг шилжүүлж өгөөгүй, харин өмнөх 2013 оны 8-р сарын 20-ны өдөр байгуулсан 50 000 000 төгрөгийн  гэрээний хүү байгаа юм. Д.Дуламцоо нь урьд нь 50 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3,8 хувийн хүүтэй зээлсэн боловч эрхэлж байсан газар тариалангийн үйл ажиллагаа нь зогссоноос зээлээ төлж чадаагүй. Ингээд 2014 оны 12-р сарын 19-нд нэхэмжлэгчид 50 000 000 төгрөгийг төлж, Баянгол дүүргийн 6-р хороо, 63-р байрны 15 тоот 76,88 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлсэн. Харин хүүний 25 000 000 төгрөгийг зээлийн гэрээ хэлбэрээр төлөх хэлцэл хийсэн. Түүнээс биш 25 000 000 төгрөгийг шилжүүлж өгөөгүй бөгөөд хүүнээс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож байгаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Зээлийн гэрээ хэлбэрээр хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1, 56.1.4-т заасан хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч “Юу Эс Эй Эм Өү инвест ББСБ” ХХК нь Д.Дуламцоод холбогдох зээлийн гэрээ үүрэгт 58 261 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 23 913 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

“Юу Эс Эй Эм Өү инвест ББСБ” ХХК нь Д.Дуламцоотой 2013 оны 08-р арын 20-ны өдөр ЗГ2014/12/03 тоот зээлийн гэрээ, БД13/08/02 тоот батлан даалтын гэрээ  байгуулж 50 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.8 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр /14-16, 19, 20/ тохирчээ.

 

Харин зээлдэгч нь графикаар тохирсон хугацаанд зээлээ төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарч Д.Дуламцоо нь 2014 оны 12-р сарын 19-ний өдөр зээлдүүлэгчтэй “Зээлийн төлбөр барагдуулах хэлцэл” байгуулсан /хх 23/ байна.

 

2014 оны 12-р сарын 19-ний өдрийн байдлаар Д.Дуламцоо нь үндсэн зээл 50 000 000 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 75 000 000 төгрөгийг төлөхөөс 50 000 000 төгрөгийг тухайн өдөр төлж /хх 38/, улмаар барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205031268 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 63-р байрны 15 тоот сууцыг барьцаанаас чөлөөлүүлсэн /хх 39/, энэ талаар талууд маргаагүй байна.

 

Энэхүү хэлцлээр талууд “үлдэх төлбөр 25 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр төлүүлэх”-ээр тохирсон байх ба нэхэмжлэгч  зээлийн гэрээний үүрэгт хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 58 261 000 төгрөг гаргуулахаар шаардсан бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 23 913 000 төгрөг төлөхөөр зөвшөөрч, бусад хэсгийг татгалзаж байгаа үндэслэлээ “...25 000 000 төгрөгийг зээлүүлээгүй, хүүгээс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж маргажээ.

 

Шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэвэл, 25 000 000 төгрөг нь өмнөх зээлийн гэрээнээс үлдсэн, хариуцагчийн төлбөл зохих хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг бөгөөд харин 25 000 000 төгрөгийг зээлүүлэхээр зээлдэгчид шилжүүлээгүй нь тогтоогдсон байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24-р зүйлийн 1 дэх хэсэгт “Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно” гэж заасан байх ба 50 000 000 төгрөгийн зээлийн хүүд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж маргасан хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

 

Харин хариуцагч нь 2013 оны 08-р сарын 20-ны өдрийн зээлийн тооцооноос үлдсэн 25 000 000 төгрөгөөс үйл ажиллагааны орлогоос төлсөн 1 089 000 төгрөгийг хасч 23 913 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд  заасныг удирдлага болгон

                                                                                                     ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан Даваагийн Дуламцоогоос 23 913 000 /хорин гурван сая есөн зуун арван гурван мянга/ төгрөг гаргуулж “Юу Эс Эй Эм Өү инвест ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг болох 34 348 000 /гучин дөрвөн сая гурван зуун дөчин найман мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 449 255  төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д.Дуламцоогоос 277 515 /хоёр зуун далан долоон мянга таван зуун арван тав/ төгрөг гаргуулж “Юу Эс Эй Эм Өү инвест ББСБ” ХХК-д олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны давж заалдах гомдол гаргах  эрхтэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Р.АЛТАНТУЯА