Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/01809

 

 “Х” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

         2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/01186 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1680 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: “Х” ХХК

         Хариуцагч: “П” ХХК-д холбогдох

        110,936,605 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбартаа: 1/.2017-03-15-ны өдөр болон 2017-04- 03-ны өдөр HD1000 гэх нэг загварын хоёр машиныг нийлүүлэхээр гэрээ хийсэн. Эхний 2017-03- 15-ны өдрийн гэрээ нь 103 сая төгрөг, хүү нь 4,939,085 төгрөг. Манай компани 2017-03-20-ны өдөр машиныг хүлээлгэж өгсөн. П ХХК төлбөрөө гэрээний 4.2.2-т заасны дагуу төлж барагдуулна гэж тохиролцсон. Гэвч тус компани нь төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй. 2017-03- 23, 2017-04- 14, 5-15, 10-26, 11-26 нийт 71,844,543 төгрөг төлж, үлдэгдэл төлбөр 36,094,542 төгрөгийг төлөөгүй. Мөн гэрээний 7.5 дахь хэсэгт алдангийн талаар заасан. Нийт алданги 18,047,271 төгрөг нийт үлдэгдэл 54,144,814 төгрөг болно. 2/. Н-013 тоот гэрээний дагуу 95,8сая төгрөгийн гэрээ байгуулж, хүүгийн төлбөрт 4,593,834 төгрөг төлөхөөр тохиролцсон. Автомашиныг 2017-04-04-ний өдөр хүлээлгэж өгсөн. Гэвч хариуцагч компани 2017-04-03, 8-11,12-18,01-15 -ны өдрүүдэд нийт 42,530,639 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөр 57,863,195 төгрөгийг төлөөгүй, алданги 28,931,597 төгрөг, нийт 86,794,792 төгрөг төлөөгүй. 20 сая төгрөг шүүхийн шатанд төлсөн тул уг мөнгийг 10 сая төгрөгийн хамт хасаж үлдэх 110,936,605 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч талаас гаргасан хариу тайлбартаа: Манай компанийн зүгээс 20 сая төгрөг өгсөн. Манайх нэхэмжлэгч талтай дараалсан 3 гэрээ байгуулсан. Эхний гэрээ төлөгдөж дууссан. Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлээс 20 сая төгрөг хасч 83 957 737 төгрөг үлдэж байгаа. Үүнийг төлөх боломжтой. Мөн манай зүгээс 10сая төгрөгийн алдангийг төлөх боломжтой гэжээ.

         Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/01186 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 262 дүгээр зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан П ХХК-с  92,447,171 төгрөг гаргуулж ХХХК-д олгож, нэхэмжлэлээс 18,489,434 төгрөгийн шаардлагы хэрэгсэхгүй болгож,  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 862,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  П ХХК-аас 620,186 төгрөг гаргуулж ХХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1680 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/01186 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсгийг баримтлан П ХХК-аас 110 936 605 төгрөгийг гаргуулж ХХХК-д олгож, нэхэмжлэлээс 10 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж найруулан, 2 дахь заалтын “620 186” гэснийг “712 633” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

      Хариуцагч хяналтын гомдолдоо: Нийт 92.447.171 төгрөг гаргуулсныг  хариуцагч талын зүгээс  анз буюу алдангийн хэмжээг багассан нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан үзэж байгаа болно. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагчийн эрх  ашиг сонирхлыг зөрчлөө. Давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу ойлгож тайлбарлан хэрэглэсэн хэмээн үзэж байна. Тухайлбал: Иргэний хуулийн 232.8 дахь хэсэгт заасан “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэх заалтыг хариуцагчаас нотлох ёстой байсан мэтээр магадлалд тусгажээ. Гэтэл хуулийн тухайн заалтын бичвэрээс харвал анзын хэмжээ хэт их байвал түүнийг шүүх багасгаж болохоор эрх олгосон хэм хэмжээ байна. Өөрөөр хэлбэл, шүүх хэргийн нөхцөлөөс шалтгаалж хуульд заасан үндэслэл журмын дагуу багасгаж байгаа эрхээ хэрэгжүүлэхийг нь хариуцагч нотлох ёстой мэтээр тайлбарлан хэрэглэж байгаа нь өөрөө хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон хэмээн үзэж байна. Үндсэн төлбөр, алдангийн хэмжээг давж заалдах шатны шүүхээс магадлал буруу тооцоолж бодож оруулсан байгаа нь хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэж байгаа нөхцөл байдлаар магадлалдаа тусгасан нь тухайн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагаа алдаж байна хэмээн үзэж гомдолтой байгаа болно. Магадлалын хянавал хэсэгт байгаа бас нэг асуудал бол “...Эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй байгаа гэдгээ нотлох...алдангийн хэмжээг ямар нотлох баримтад үндэслэн бууруулсан баримт авагдаагүй...” хэмээн нотлох баримттай холбоотойгоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянасан нь хуульд заасан үндэслэл журмыг ноцтой зөрчсөн хэмээн үзэж байна. Хэдийгээр ИХШХШТХ-ийн 25, 26, 38 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэгч, хариуцагч шаардлага, татгалзлаа нотлох үүрэгтэй байдаг. Харин дээр дурдсанчлан шүүхийн эрхийг бид нотлох үүрэг хуулиар ногдуулаагүй, эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй байгааг бид тайлбартаа тодорхой дурдсан учир тайлбар ч мөн нотлох баримт байхаар хуульд зааж өгсөн байна. Гэтэл огт нотлоогүй хэмээн үзэж анхан шатны шүүхийн шийдвэр болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь авч үзэлгүй хэт нэг талыг барьсан магадлал гаргаж бидний хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөнд гомдолтой байна. Иймд  магадлалыг  хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         ХХХК нь 2018-04-16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, П ХХК-с нийт 110,936,605 төгрөг шаардаж, үндэслэлээ “... автомашин худалдан авч үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул эхний машины үлдэгдэл 36,094,542 төгрөгийг  алданги 18,047,271 төгрөгийн хамт нийт 54,144,814 төгрөг, дараагийн машины үлдэгдэл үнэ 57,863,195 төгрөг, алданги 28,931,597 төгрөг нийт 86,794,792 төгрөг төлөөгүй тул бүх төлбөр нь 140,936,605 төгрөг болсон...хариуцагч 20 сая төгрөг шүүхийн шатанд төлсөн тул үндсэн төлбөрөөс 20 сая төгрөг, алданги 10 сая төгрөг нийт 30 сая төгрөг хасаж үлдэх  мөнгийг шаардаж байна...” гэжээ.

        Хариуцагч хариу тайлбартаа “...төлбөрөөс 83,957,737 төгрөг үлдэж байгаа... алдангийг багасгаж өгнө үү...” гэсэн байна. 

        Анхан шатны шүүх үндсэн төлбөрт 73,957,737 төгрөг, алдангид 18,489,434 төгрөг  нийт 92,447,171 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 18.489.434 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “...талууд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байна...үндсэн төлбөрөөс нийт 73,957,737 төгрөг үлдсэн талаар маргаагүй байна...алдангийн хэмжээ илт их байх тул 36,978,868 төгрөгийг 50 хувиар багасгаж алдангид 18,489,434 төгрөг гаргуулна...” гэсэн дүгнэлт хийжээ. 

       Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 110,936,605 төгрөг гаргуулахдаа “...алдангийн хэмжээг багасгасан нь үндэслэлгүй...” гэж үзэж, нэхэмжлэлийг бүрэн хангасан байна.

       Хариуцагч хяналтын гомдолдоо “...анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэж алданги хассан байхад давж заалдах шатны шүүх өөрчилсөн нь үндэслэлгүй...” гэжээ.

        Дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

        1. “Х” ХХК нь 2017-03-15-ны өдрийн гэрээгээр 2011 оны автомашиныг чиргүүлийн хамт 103,000,000 төгрөгөөр /хх 7-13/, мөн 2017-04-03-ны өдрийн гэрээгээр  2011 оны автомашиныг чиргүүлийн хамт 95,800,000 төгрөгөөр /хх 14-20/ тус тус худалдах, “П” ХХК нь гэрээний зүйлийг хүлээн авч, заасан хугацаанд үнийг төлөх үүрэг хүлээснээс үзвэл талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 262, 263 дугаар зүйлд нийцжээ. 

       Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээний үүргийг талуудын хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

       “Х” ХХК хоёр автомашиныг хариуцагчид хүлээлгэн өгсөн байх тул худалдагч гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

       “П” ХХК нь 2017-03-15-ны болон 2017-04-03-ны өдрийн гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүйгээс худалдагч шүүхэд хандсан байна.     

       а/. Хариуцагч нь 2017-03-15-ны өдрийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 103,000,000 төгрөг, хүү 4,939,088 төгрөг нийт 107,939,088 төгрөг төлөхөөс 71,844,543 төгрөг төлсөн  талаар маргаангүй байна.

       Нэхэмжлэгч энэ гэрээний үүрэгт хариуцагчаас үндсэн төлбөрийн үлдэгдэл 31,155,457 төгрөг /103,000,000-71,844,543/, хүү 4,939,088 төгрөг, алданги 18,047,272 төгрөг /31,155,457+4,939,088=36,094,545:2/ нийт 54,141,813 төгрөг /36,094,542+18,047,272/ шаарджээ.

       Худалдагч үндсэн төлбөрийн үлдэгдэлд 31,155,457 төгрөг, хүүд 4,939,088 төгрөг  шаардсан нь үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар хоёр шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.

        Харин нэхэмжлэгч алдангид 18,047,271 төгрөг шаардсан нь талуудын хооронд байгуулсан гэрээнд нийцээгүй байхад давж заалдах шатны шүүх энэ шаардлагыг бүрэн хангасан нь дутагдалтай болжээ. 

        2017-03-15-ны өдрийн гэрээний 4.1-д “...нийлүүлэх барааны үнэ 103,000,000 төгрөг байна...” гэж., 4.2.1-д “...гэрээний урьдчилгаа төлбөр болох гэрээний 4.1-д заасан үнийн дүнгийн 25 хувийг энэ гэрээ байгуулагдсан өдрөөс хойш хуанлийн 3 хоногийн дотор төлнө...” гэж, 4.2.2-т “...үлдэгдэл төлбөр болох энэ гэрээний 4.1-д заасан дүнгийн 75 хувийг худалдан авагч барааг хүлээн авснаас хойш энэ гэрээний хавсралт-д заасан төлбөрийн графикийн дагуу 6 сарын дотор төлж дуусгана...” гэж, 7.5-д “...худалдан авагч нь энэ гэрээний 4.1-д заасан барааны үнийг энэ гэрээний 4.2.1, 4.2.2-т заасан журмын дагуу тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон худалдагчид алданги төлнө...” гэж тус тус заажээ. 

       Талууд  үндсэн төлбөрийн төлөөгүй үлдсэн хэсгээс алданги тооцохоор тохиролцсон байхад хоёр шатны шүүх үндсэн төлбөр болон хүүгийн нийлбэр дүнгээс алданги тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсгийн агуулгад нийцээгүй байна. 

       Өөрөөр хэлбэл, алдангийг 103,000,000 төгрөгийн төлөөгүй үлдсэн 31,155,457 төгрөгөөс тооцохоор талууд тохирсон байхад шүүх үндсэн төлбөр болон хүүгийн нийлбэр 36,094,545 төгрөг /31,155,457+4,939,088/-с алданги тооцсон нь буруу болжээ.   

       Иймд хариуцагч 2017-03-15-ны гэрээний үүрэгт үндсэн төлбөрийн үлдэгдэл 31,155,457 төгрөг, хүү 4,939,088 төгрөг, алданги 15,577,729 /31,155,457:2/ нийт 51,672,274 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзнэ.

        б/. Хариуцагч нь 2017-04-03-ны өдрийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 95,800,000 төгрөг, хүү 4,593,831 төгрөг нийт 100,393,831 төгрөг төлөхөөс 42,530,639 төгрөг төлсөн  талаар маргаангүй байна.

        Нэхэмжлэгч энэ гэрээний үүрэгт хариуцагчаас үндсэн төлбөрийн үлдэгдэл 53,269,361 төгрөг /95,800,000-42,530,639/, хүү 4,593,831 төгрөг, алданги 28,931,596 төгрөг /53,269,361+4,593,831=57,863,192:2/ нийт 86,794,792 төгрөг шаарджээ.

        Худалдагч үндсэн төлбөрийн үлдэгдэлд 53,269,361 төгрөг, хүүд 4,593,831 төгрөг  шаардсан нь үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар хоёр шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.

        Харин нэхэмжлэгч алдангид 28,931,596 төгрөг шаардсан нь талуудын хооронд байгуулсан гэрээнд нийцээгүй байна.    

        2017-04-03-ны өдрийн гэрээний 4.1-д “...нийлүүлэх барааны үнэ 95,800,000 төгрөг байна...” гэж, 4.2.1-д “...гэрээний урьдчилгаа төлбөр болох гэрээний 4.1-д заасан үнийн дүнгийн 25 хувийг энэ гэрээ байгуулагдсан өдрөөс хойш хуанлийн 3 хоногийн дотор төлнө...” гэж, 4.2.2-т “...үлдэгдэл төлбөр болох энэ гэрээний 4.1-д заасан дүнгийн 75 хувийг худалдан авагч барааг хүлээн авснаас хойш энэ гэрээний хавсралт-д заасан төлбөрийн графикийн дагуу 6 сарын дотор төлж дуусгана...” гэж, 7.5-д “...худалдан авагч нь энэ гэрээний 4.1-д заасан барааны үнийг энэ гэрээний 4.2.1, 4.2.2-т заасан журмын дагуу тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон худалдагчид алданги төлнө...” гэж тус тус заажээ. 

        Өөрөөр хэлбэл, талууд алдангийг үндсэн төлбөрийн үлдэгдэл 53,269,361 төгрөгөөс тооцохоор тохирсон байхад хоёр шатны шүүх үндсэн төлбөр болон хүүгийн нийлбэрээс   тооцсон нь буруу байна.

        Иймд хариуцагч нь 2017-04-03-ны гэрээний үүрэгт үндсэн төлбөрийн үлдэгдэл  53,269,361 төгрөг, хүү 4,593,831 төгрөг, алданги  26,634,681 төгрөг  нийт 84,497,873  төгрөг төлөх үүрэг хүлээнэ. 

         Дээр дурдсаныг нэгтгэн тооцвол, ХХХК шүүхэд нэхэмжлэл гаргах үед П ХХК 2017-03-15-ны болон 2017-04-03-ны өдрийн гэрээний үндсэн төлбөрт 84,424,818 төгрөг, хүүд 9,532,919 төгрөг, алдангид 42,212,410 төгрөг нийт 136,170,147 төгрөг төлөх үүрэгтэй байсан нь тогтоогдож байна.

         2. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 20,000,000 төгрөг төлсөн  бөгөөд ХХХК уг мөнгийг үндсэн үүргээс хасахдаа алдангийн хэмжээг 10,000,000 төгрөгөөр багасгасан тул энэ хэмжээгээр тооцвол үндсэн төлбөрт 64,424,818 төгрөг, хүүд 9,532,919 төгрөг, алдангид 32,212,410 төгрөг нийт 106,170,147 төгрөгийг П ХХК төлөхөөр байна.    

         3. Анз нь хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөр бөгөөд анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно.

         Анз нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд анхан шатны шүүх алдангийн хэмжээг өөрийн эрх хэмжээний хүрээнд багасгасныг буруутгах үндэслэлгүй юм. Хариуцагчаас гаргуулбал зохих алдангийг 50 хувь багасган тооцвол 16,106,205 төгрөг /32,212,410:2/ болж буй хэдий ч анхан шатны шүүхийн шийдвэрт заасан хэмжээг “П” ХХК татгалзаагүй тул алдангийг 18,489,434 төгрөгөөр тогтоох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-г зөрчихгүй гэж үзлээ. 

         Иймд хариуцагчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, үндсэн төлбөрт 64,424,818 төгрөг, хүүд 9,532,919 төгрөг, алдангид 18,489,434 төгрөг нийт 92,447,171 төгрөгийг П ХХК-с гаргуулж, дээр дурдсан үндэслэлүүдээр шийдвэрийг хэвээр үлдээв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

         1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1680 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/01186 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 762.633 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.ЦАГААНЦООЖ

                                ШҮҮГЧ                                                       Б.УНДРАХ