Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 197

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд нээлттэй хийж, “М К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Үндэсний аудитын газрын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09/85 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий Үндэсний аудитын газрын аудитор Ш.И-д холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.О, хариуцагч Ш.И, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, С.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компани нь “Э Ү” ХХК-тай 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 5/063-12 тоот “Э Ү” ХХК-ийн ажиллагсдад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж хоёр тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж байсан билээ. Манай компани нь “Э Ү” ХХК-тай гэрээ байгуулахдаа өдөрт нэхэмжлэх хоолны тоо 1760 байхаар харилцан тохиролцсон болно.

Гэтэл Үндэсний аудитын газраас “Э Ү” ХХК-ийн 2012 он, 2013 оны эхний 9 сарын санхүүгийн зарим үйл ажиллагаанд эрсдэлийн аудит хийхдээ “Э Ү” ХХК-тай бидний байгуулсан гэрээнд хөндлөнгөөс оролцож 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09/85 тоот актаар ... “М К” ХХК- тай хийсэн 09 дүгээр сарын 25-ны өдрийн нэмэлт гэрээнд

1. “Э Ү” ХХК-ийн хооронд байгуулсан 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 5/063-12 тоот гэрээний 2.3 дугаар заалтыг үндэслэн өдрийн хоолны нэгжийн үнэ 4950 төгрөгөөр тооцож байсныг 5250 төгрөг болгож 300 төгрөгөөр тооцож байсныг 4650 төгрөг болгон 50 төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гэрээний хугацааг дуусах хүртэл мөрдөн тооцож байхаар тогтов.

2. Үнийн өөрчлөлтөөс бусад гэрээний заалтуудад өөрчлөлт орохгүй.

3. Энэхүү нэмэлт 01 гэрээ нь 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 5/062-12 тоот гэрээний салшгүй хэсэг байна. Энэ нь үндсэн гэрээ буюу 01 гэрээний 2.2 дугаар заалтыг өөрчилсөн ба бусад заалтыг өөрчлөхгүй гэж зааж өгсөн байна.

Гэтэл “Э Ү” ХХК-ийн холбогдох албан тушаалтнууд дээрх нэмэлт гэрээг зөрчин, өөрчлөгдсөн гэрээний заалтын дагуу ажиллагсдын идээгүй хоолны үнийг НӨАТ-ын хамт “М К” ХХК-д төлж байгууллагад их хэмжээний хохирол учруулсан байна... хэмээн үзэж “Э Ү” ХХК-аас манай компанид 2,591.5 сая төгрөгийг илүү төлсөн гэж дүгнэн манай компаниас тус мөнгийг гаргуулан “Э Ү” ХХК-д буцаан төлүүлэхээр акт гаргасан нь үндэслэлгүй юм.

Учир нь манай компани болон “Э Ү” ХХК-тай үндсэн гэрээ буюу 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 5/063-12 тоот гэрээгээр талууд өдөрт нэхэмжлэх хоолны тоо 1760 байхаар тохиролцсон ба тус гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа гэрээний 2.3-р заалтыг үндэслэн зөвхөн нийлүүлж буй нэгж хоолны үнийн дүнд өөрчлөлт оруулсан байдаг. Харин маргаан бүхий 09/85 тоот актад дурдсан шиг өдөрт нэхэмжлэх хоолны тоог өөрчилсөн асуудал огт байдаггүй.

Гэтэл Үндэсний аудитын газрын аудитор Ш.И шалгалт хийхдээ “Э Ү” ХХК болон манай компани хоёрын харилцан тохиролцож байгуулсан гэрээнд хөндлөнгөөс оролцож, талуудын харилцан тохиролцоогүй зүйлийг тохиролцсон мэтээр тухайлбал Энэ нь үндсэн гэрээ буюу 01 гэрээний 2.2 дугаар заалтыг өөрчилсөн... хэмээн үндсэн гэрээ болон нэмэлт гэрээнд тусгагдсан асуудалд буруу дүгнэлт хийж манай байгууллагын эрх ашгийг ноцтой хохироож байна. Энэхүү акт нь Э Ү ХХК болон манай байгууллагын хамтын ажиллагаа, гэрээний гүйцэтгэлд сөргөөр нөлөөлж, улмаар Э Ү ХХК манай гүйцэтгэсэн ажлын хөлсийг өнөөг хүртэл төлөөгүй их хэмжээний хохирол учраад байна.” гэжээ.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Үндэсний аудитын газрын аудиторч Ш.И-ийн гаргасан 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09/85 тоот акт илт хууль бус акт болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” ... Үндэсний аудитын газар акт тавихдаа   хуульд заасан үндэслэлийг тавиагүй хууль зөрчсөн бөгөөд “М К" ХХК-ийн эрх, ашиг сонирхолд үндэслэлгүйгээр халдсан.

Иргэний эрх зүйн харилцаагаар хоёр тал харилцан тохиролцож байгуулсан гэрээний заалтад өөрөө дүгнэлт хийж, гэрээ нь хууль зөрчсөн байна. Бусад адил төрлийн үйлчилгээ үзүүлж буй компанитай байгуулсан гэрээнд байхгүй нэмэлт мэдээлэл оруулсан байгаа нь буруу гэсэн үндэслэл тавьж энэ гэрээг хууль бус гэрээ, хууль бус гэрээ хэрэгжих үр дагавар бий болгосон гэрээ гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл өөрт хуулиар олгогдоогүй чиг үүрэг буюу шүүхийн чиг үүргийг хэрэгжүүлэн гэрээг дүгнэж байна.

Мөн гэрээнд тоо оруулж, түүний дагуу захиалга буюу гэрээний үүргээ гүйцэтгэсэн нь ямар хуулийн зүйл, заалт зөрчсөн тухай акт дээрээ дурдаагүй Хариуцагчаас Төрийн аудитын тухай хууль, Төрийн болон орон нутгийн байгууллагын санхүү, зөрчилд акт тавих эрхтэй гэсэн хуулийн заалтыг акт дээр тавьсан. Акт дээр байгаа үндэслэл нь “М К" ХХК-ийн эрх ашигт халдах хууль зүйн үндэслэл байгаагүй гэдэг нь шууд нотлогдож байна.

Акт тавьсан аудитор энэ гэрээний төлбөр гүйцэтгэлээрэй байх ёстой, Нягтлан бодох бүртгэлийн дагуу явагдаж идсэн хоолны төлбөрийг төлөх ёстой гэж үзсэн. Түүнээс биш талуудын байгуулсан гэрээний агуулгыг ойлгохгүй байна. Гэрээ нь хууль зөрчсөн гэж үзсэн ч ямар хуулийн заалтыг зөрчсөнийг өөрөө ойлгож мэдэхгүйгээр  гэрээний төлбөр гүйцэтгэлээр биш гэсэн үндэслэлээр акт тавьсан нь энэ байгууллагын эрх, ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүйг харуулж байна.

“М К" ХХК, "Э Ү" ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг хууль ёсны эсэхийг шүүх шийдэх эрхтэй ч шүүхээс хууль бус гэж шийдсэн зүйл байхгүй байна.

“М К" ХХК гэрээнд заасан үүргийн дагуу  хоол нийлүүлэх үүргээ биелүүлж байсан. "Э Ү" ХХК  үүнд ямар нэг  хоолны чанар, тоо хэмжээнд асуудал  гаргаагүй бөгөөд идсэн хоолны мөнгийг гэрээнд заасан тоо хэмжээгээр төлж байсан.

Үндэсний аудитын газрын аудиторын гаргасан акт ямар ч хуульд заасан үндэслэлээр  гараагүй зөвхөн аудитор шалгах эрхтэй гэсэн хуулийн заалт тавьсан акт байгаа. 

Энэ хандлагаар үзвэл Үндэсний аудитын газрын аудитор  гэдэг хүн төрийн бүх байгууллагад очиж юу ч хамаагүй шийдвэрлэж болно гэж харагдаж байна. Өөрөөр хэлбэл шүүхийн хийх ажлыг аудитор өөр дээрээ авч зөвхөн шалгаж зөрчилд акт тавина гэдэг хуулийн заалтыг барьж  шийдэж багаа нь иргэний эрх ашигт халдах үндэслэл байгаагүй гэдгийг харуулж байна.

"Э Ү" ХХК гэрээний хэрэгжилтийн явцад, “М К" ХХК гэрээний үүргээ гүйцэтгэж байхад гэрээгээр гүйцэтгэсэн хоолны тоо хэмжээ болон устгалд оруулж буй хоолны тоонд хяналт, шаардлага тавих боломжтой байсан ч тавиагүй бөгөөд ямар ч хууль, гэрээний шаардлагагүй гэрээг хэрэгжүүлэн явж байсан. Бэлтгэсэн хоолыг нэгэнт хүн идээгүй бол дараагийн хүнд халааж өгч болохгүй учир устгалд оруулж байсан. Үүнийг аудитор хоолыг устгалд оруулж байсан баримт байхгүй тул “М К" ХХК хийгээгүй юм байна. Хийгээгүй учир бодит гүйцэтгэлээр төлбөрийг төлөх ёстой гэж хоёр талын хооронд байгуулсан гэрээ огт хамааралгүйгээр өөрийнхөө бодлоор акт тавьсан нь илт хууль бус акт болсон” гэв.

Хариуцагч Үндэсний аудитын газрын аудитор Ш.И шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газар нь Монгол-Оросын “Э Ү” ХХК-ийн 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг баталгаажуулах болон санхүүгийн зарим үйл ажиллагаанд эрсдэлийн аудитыг 2013 оны эхний 3 улирлын санхүүгийн тайланд 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 11 дүгээр сарын 20-ний өдрийн хооронд төлөвлөгөөнд дагуу гүйцэтгэсэн. Тус эрсдэлийн аудитаар Монгол-Оросын “Э Ү” ХХК-ийн 2013 оны санхүүгийн тайлангийн үнэн зөв байдал, зүй зохист байдал болон санхүүгийн хяналтаар илэрсэн эрсдэлтэй асуудлыг нарийвчлан шалгах зорилтыг тавьж, Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд 15 дугаар зүйлийн 15.1.2-т “төсвөөс санхүүжилт авсан, төсвийн орлого бүрдүүлдэг байгууллага, аж ахуйн нэгж төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаанд аудит хийх” гэж заасны дагуу гүйцэтгэсэн. 2013 оны 09/85 дугаартай төлбөрийн актыг төрийн албан хаагч хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж, тухай аудитын төлөвлөгөө, удирдамжийн дагуу ажиллаж тогтоосон.

Энэ нь нэхэмжлэлд “...Үндэсний аудитын газраас эрсдэлийн аудит хийхдээ “Э Ү” ХХК-тай бидний байгуулсан гэрээнд хөндлөнгөөс оролцож...” гэж тайлбарлаж байгаа шиг үйл ажиллагаа биш бөгөөд зохих журмын дагуу хийгдсэн Төрийн аудитын байгууллагын хуулиар олгогдсон чиг үүрэг юм.

Аудитаар 2013 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн 09/85 дугаартай төлбөрийн актыг “Э Ү” ХХК-ийн ерөнхий захирлын эдийн засаг хариуцсан орлогч Б.А, ерөнхий нягтлан бодогч Платонов М.В нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Гэтэл аудитаар илэрсэн асуудлыг шалгагдагч байгууллага зөвшөөрсөн байхад төрийн албан хаагчид холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авах боломжгүй байна. Гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой шаардлагыг төрийн тусгай албан хаагчид холбогдуулан гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд гэрээний гүйцэтгэлтэй холбоотой шаардлагыг төрийн тусгай албан хаагчид холбогдуулан гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн актыг 2013 онд тогтоосон байхад тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар иргэн, хуулийн этгээд нь захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхад ийнхүү нэхэмжлэл гаргаагүй 3 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хуулийг буцаан хэрэглэх, дээрх хуулиуд хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс өмнөх харилцааг зохицуулах талаар нарийвчлан зохицуулаагүй байхад нэхэмжлэлийг хүлээн авсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Үндэсний аудитын газар нь төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т тодорхой зохицуулалтын хүрээнд аудит хийх бүрэн эрхтэй. Энэ эрхийн хүрээнд аудитын дүгнэлт, зөвлөмж, аудитын тайлангаар зохион байгуулж зөвлөмж гарган хэрэгжүүлдэг. Энэ бол хууль тогтоомжийн хэрэгжилт, татварын хөрөнгийг үр ашиггүй, үр дүнгүй зарцуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хийгддэг.

Аудитын шалгалтын хүрээнд томоохон зөрчилтэй асуудал илэрсэн. Түүний нэг нь 2,5 тэрбум төгрөгийн “М К" ХХК-тай холбоотой зөрчил юм. Энэ зөрчил нь аудитын тайлангийн 5.11-д тусгагдсан бөгөөд зөрчлийг арилгуулахаар акт тавигдсан. “М К" ХХК болон "Э Ү" ХХК-ийн хооронд 2012 онд байгуулсан гэрээнд өдөрт 1760 ажилтанд хоол нийлүүлнэ гэсэн агуулгатай. Энэ нөхцөл нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан тодорхой зохицуулалтыг зөрчсөн. "Э Ү" ХХК анхан шатны баримтгүйгээр ажил үйлчилгээг гаргасан. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д тодорхой заасан зохицуулалттай.

Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд агуулгаараа байгаа. Үүний дагуу гүйлгээг анхан шатны баримтыг үндэслэж гаргах зохицуулалттай. Энэ нь Төсвийн тухай хууль болон Сангийн сайдын баталсан журамд ч энэ тухай гүйцэтгэлээр санхүүжүүлнэ гэсэн зохицуулалт байгаа.

Монгол Улсын ерөнхий аудитор өөрийн бүрэн эрхийн хүрээнд аудитын төлөвлөгөө баталсан. Үндэсний аудитын газрын 2013 оны төлөвлөгөөний дагуу "Э Ү" ХХК-ийн үйл ажиллагаанд эрсдэлийн аудит хийсэн бөгөөд эрсдэлтэй асуудал байсан. 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09/85 дугаартай акт хүчин төгөлдөр акт бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар маш тодорхой харагдана. Нэхэмжлэгч тооцоолол дээр өдөрт нийлүүлэх хоолны 1760 гэсэн тоондоо хүрэхгүй гэж маргахгүй байна.

Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12 дахь зохицуулалтын хүрээнд илэрсэн зөрчлийг арилгуулах акт тавих, албан шаардлага тавих бүрэн эрхтэй. Энэ асуудлын хүрээнд зөрчлийг таслан зогсоож, зөрчлийг арилгуулсан. Үүнээс хойш "Э Ү" ХХК-д санхүүгийн аудитын тайланг жил бүр аудитын тухай хуульд заасан хугацаанд хийдэг. "Э Ү" ХХК-д ийм зөрчил дахиж гараагүй бөгөөд үүнийг таслан зогсоосон нь чухал ач холбогдолтой байна.

Төрийн аудитын байгууллага Төрийн аудитын тухай хуульд заасан чиг үүргээ үнэнч шударгаар биелүүлж илрүүлсэн зөрчилтэй асуудлыг таслан зогсоосон нь хуульд нийцсэн өөрийн бүрэн эрхэд хамаарах чиг үүргээ хууль журмын дагуу хэрэгжүүлсэн акт гэж үзэж байна.

Тиймээс 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09/85 дугаартай актыг хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “Э Ү” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Захиалагч “Э Ү” ХХК болон гүйцэтгэгч “М К” ХХК-ийн хооронд 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажилтнуудад халуун хоолны үйлчилгээ үзүүлэх тухай 5/062-12 тоот гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хэрэгжих явцад Монгол Улсын Үндэсний Аудитын газраас Э Ү ХХК-ийн санхүүгийн зарим үйл ажиллагаанд эрсдлийн аудит хийх явцад дараах зөрчил илэрсэн болно. Үүнд:

“Үндэсний аудитын газрын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09/85 тоот 1 дэх актад “М К” ХХК-тай 2012 онд хийсэн ажиллагчдын цай хоол нийлүүлэх гэрээнд ижил төрлийн ажил үйлчилгээ үзүүлж байгаа 3 компанийн гэрээнд тусгагдаагүй “өдөрт нэхэмжлэх хоолны тоо 1760 байна” гэсэн нэмэлт мэдээллийг мэдээллийг оруулан өгч, уг гэрээний дагуу ажиллагсдын хоолны картаар гарсан гүйцэтгэл, гэрээнд тусгасан 1760 хоол хоёрын зөрүү буюу ажиллагсдын идээгүй хоолны үнийг НӨАТ-ын хамт компани төлсөөр ирсэн ба 2012 он, 2013 оны 11 сар нийт 2,259.5 сая төгрөгийг илүү төлсөн байна гэж дүгнэсэн болно.

Тус актыг тогтоох нь: хэсэгт “М К” ХХК-д илүү төлсөн хоолны үнэ 2,591.5 сая төгрөгийг тус компаниас гаргуулан авч, “Э Ү” ХХК-ийн дансанд гэрээ дуусах хугацаа буюу 2014 оны 02 дугаар сарын 28-ны дотор төвлөрүүлэх” гэж заасан.

Мөн “Үндэсний аудитын газрын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09/85 тоот 2 дахь актад “М К” ХХК-тай 2012 онд хийсэн ажиллагчдын цай хоол нийлүүлэх гэрээнд ижил төрлийн ажил үйлчилгээ үзүүлж байгаа 3 компанийн гэрээнд тусгагдаагүй “өдөрт нэхэмжлэх хоолны тоо 1760 байна” гэсэн нэмэлт мэдээллийг оруулан өгч, уг гэрээний дагуу ажиллагсдын хоолны картаар гарсан гүйцэтгэл, гэрээнд тусгасан 1760 хоол хоёрын зөрүү буюу ажиллагсдын идээгүй хоолны үнэнд 2013 оны 11 дүгээр сард 112.3 сая төгрөгийг илүү төлж, 12 сарын тооцооллоор 101.7 сая төгрөгийг төлөхөөр өглөг үүсгэсэн байна гэж дүгнэсэн болно.

Тус актыг тогтоох хэсэгт “М К” ХХК-д 2013 оны 11 сард илүү төлсөн хоолны үнэ 112.3 төгрөгийг тус компаниас гаргуулан Э Ү ХХК-ийн дансанд гэрээ дуусах хугацаа буюу 2014 оны 06 дугаар сарын 30-ны дотор төвлөрүүлж, 12 сард олгохоор тооцсон 101.7 сая төгрөгийн өглөгийг залруулах” гэж заасан байна.

Тухайн гэрээтэй холбогдуулан “М К” ХХК нь “Э Ү” ХХК-аас 318283350 төгрөг гаргуулахаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд тухайн нэхэмжлэлтэй холбогдуулан Э Ү ХХК нь М К ХХК-аас “Үндэсний аудитын газрын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09/85 тоот актуудад дурдсан мөнгөн дүнгээр буюу 2,591.5 сая төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаад байгаа билээ.

“М К” ХХК нь “Үндэсний аудитын газрын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09/85 тоот актыг илт хууль бус акт болохыг тогтоолгох шаардлага бүхий Захиргааны хэрэг анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл нь дараах хууль зөрчсөн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 заалтад Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана.

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтад шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтад Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана гэж заасан хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Иймд “М К” ХХК-ийн гаргасан Үндэсний аудитын газрыг аудитор Ш.И-д холбогдох “Үндэсний аудитын газрын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09/85 тоот актыг илт хууль бус акт болохыг тогтоолгох” тухайн нэхэмжлэл нь хууль зөрчиж, үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх “М К” ХХК–ийн Үндэсний аудитын газрын аудитор Ш.И-д холбогдуулан гаргасан “Үндэсний аудитын газрын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09/85 дугаар актыг илт хууль бус акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүх хуралдаанаараа хянан хэлэлцээд нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Үндэсний аудитын газрын аудитор Ш.И нь 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09/85 дугаар актаараа “Э Ү” ХХК-ийг 2012 он, 2013 оны 09 дүгээр сар хүртэл “М К” ХХК-д илүү төлсөн хоолны үнэ 2,591.5 сая төгрөг[1], 2013 оны 11 дүгээр сард илүү төлсөн хоолны үнэ 112.3 сая төгрөгийг  тус тус “М К” ХХК-иас гаргуулан гэрээ дуусах хугацаа буюу 2014 оны 2 дугаар сарын 30-ны өдрийн дотор[2] төвлөрүүлэхийг “Э Ү” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Д-д даалгажээ.

“Э Ү” ХХК болон “М К” ХХК нь 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Э Ү” ХХК-ийн ажиллагсдад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г[3] байгуулсан бөгөөд гэрээний 2.2-т “...өдөрт нэхэмжлэх хоолны тоо 1760 байна...” гэж тохиролцсон байна. Гэрээний энэхүү заалт нь акт гарах үндэслэл болж маргааны зүйл болсон болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нь “ аудитор нь 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09/85 дугаар актаар “М К” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, хариуцагч нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар акт гаргасан тул уг акт нь илт хууль бус захиргааны акт” гэж маргасан.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заажээ.

Хуулийн заалтыг тодруулбал, захиргааны байгууллага, албан тушаалтны хариуцах үүрэг, түүний эрх хэмжээг хууль тогтоомжоор нарийн зааглан тогтоосон байдаг бөгөөд тухайн байгууллага, албан тушаалтанд эрх мэдлийг нь хуулиар тусгайлан зөвшөөрч олгосон эрх хэмжээнээс хэтрүүлэн өөрт хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар захиргааны акт гаргавал “өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” байхыг хэлдэг байна. Харин захиргааны байгууллага, албан тушаалтан нь хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгжид сөрөг нөлөөлөл бүхий акт гаргахдаа хуулийн заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэж хуульд заасан үндэслэлгүйгээр халдсан тохиолдолд “халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж үзэн уг акт нь мөн илт хууль бус болдог.

Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т “төсвөөс санхүүжилт авсан, төсвийн орлого бүрдүүлдэг байгууллага, аж ахуйн нэгж төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаанд аудит хийх”, 15.1.12-т “аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх, хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээ тогтоосон бусад шийдвэрийг боловсронгуй болгох саналыг холбогдох байгууллагад тавих” гэж заасан эрх хэмжээний хүрээнд хариуцагч Үндэсний аудитын газрын аудитор Ш.И нь төрийн өмчийн оролцоотой “Э Ү ХХК-ийн 2012 он болон 2013 оны эхний 3 улирлын санхүүгийн зарим үйл ажиллагаанд эрсдэлийн аудит хийж акт гаргасан нь хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй болно.

Мөн Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийг төрийн аудитын байгууллагаас улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргахад дагаж мөрдөнө” гэж заасны дагуу Үндэсний аудитын газар нь өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар “Э Ү” ХХК-ийн үйл ажиллагаанд  санхүүгийн болон гүйцэтгэлийн аудит хийх бүрэн эрхтэй байна.

Иймд хариуцагч нь 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09/85 дугаар актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч тал “хоёр аж ахуйн нэгж иргэний гэрээгээр тохиролцсон зүйлд Үндэсний аудитын газрын аудитор нь хөндлөнгөөс оролцож уг гэрээний зүйл заалтад дүгнэлт өгөх эрхгүй” гэж мэтгэлцсэн.

“Э Ү” ХХК нь өөрийн компанийн ажилчдад хоолоор үйлчлэх гэрээг 2012 оноос эхлэн 2 жилийн хугацаатай “Х х э” ХХК[4], “В л” ХХК[5], “А” ХХК[6], “М К” ХХК-тай тус тус байгуулсан байна. “Х х э” ХХК, В л” ХХК, “А” ХХК-иуд “Э Ү” ХХК-ийн нь ажиллагсдын хоолыг картаар олгон, сар бүрийн картын дүнгээр гүйцэтгэл гаргаж үйлдвэрийн нягтлан бодох бүртгэлийн хэлтэст ирүүлснээр төлбөр тооцоог хийдэг байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Гэтэл “М К” ХХК нь хийсэн ажлын гүйцэтгэлээр биш “өдөрт нэхэмжлэх хоолны тоо 1760” гэх гэрээний заалтын дагуу төлбөрийг нэхэмжилдэг, харин “Э Ү” ХХК нэхэмжилсэн үнийн дүнгээр төлбөрийг барагдуулж байжээ.

“М К” ХХК “Э Ү” ХХК-тай 2012 оны 02 дугаар сарын 01-ны өдөр байгуулсан “ажиллагсдад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ээр нэр бүхий 12 цех, нэгжийн ажиллагсдыг хооллох үүргээ биелүүлэхдээ 2012 онд картаар буюу бодит байдалд 1,919.9 сая төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн атлаа гэрээний заалтын дагуу нийт 3,341.4 сая төгрөг, 2013 оны эхний 9 сард картаар буюу бодит байдалд 1,922.1 сая төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн атлаа гэрээний заалтын дагуу нийт 3,092.4 сая төгрөгийг тус тус  нэхэмжилж авсан байна.

Энэхүү үйл баримтууд нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 229 дүгээр шинжээчийн дүгнэлтээр[7] тогтоогдсон байна. Тодруулбал, “М К” ХХК нь 2012 онд 338,108 ширхэг хоолоор үйлчилсэн боловч нэхэмжлэхээр 589,600 ширхэг хоолны төлбөр, 2013 онд 400,779 ширхэг хоолоор үйлчилсэн боловч нэхэмжлэхээр 605,342 ширхэг хоолны төлбөрийг тус тус “Э Ү” ХХК-иас авчээ.

Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Санхүүгийн тайлангийн аудит нь аудит хийлгэсэн байгууллагын санхүүгийн тайлан санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүн болон мөнгөн гүйлгээг нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд, нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн үнэн зөв гаргасан эсэх талаар дүгнэлт гаргаж баталгаажуулна”, 5.3-т “Гүйцэтгэлийн аудит нь шалгагдаж буй байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн нөөцийг хэрхэн арвич хямгач, үр ашигтай бөгөөд үр нөлөөтэй ашиглаж байгааг шалгаж, дүгнэлт, зөвлөмж гаргана” гэж заасны дагуу Үндэсний аудитын газар төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид аудит хийх эрхийн хүрээнд “Э Ү” ХХК-ийн санхүүгийн байдал, мөнгөн гүйлгээний тайлан зэрэгт зохих дүгнэлт хийж ”Э Ү” ХХК-ийн “М К” ХХК-тай байгуулсан хоолоор үйлчлэх гэрээ нь хөрөнгийг арвилан хэмнэх, үр ашиг, үр нөлөөтэй байх шаардлагыг хангаагүй болохыг тогтоосныг буруутгах боломжгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд хийсэн “хоног тутам 1760 ширхэг хоол үйлдвэрлэсэн бөгөөд илүүдэл хоолыг тухай бүх устгаж байсан” гэх тайлбарыг шүүх дараах байдлаар хүлээн авах боломжгүй байна.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10-т “энэ хуулийн 8.2, 8.6, 8.7-д заасны дагуу хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 172 дугаар тогтоолоор “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журам”-г[8] баталсан байна. Энэхүү журам ёсоор устгалд орж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг батлагдсан маягтын дагуу баримтжуулж устгалд оруулах, хөндлөнгийн гэрч болон эрх бүхий этгээдүүдийг байлцуулахаар зохицуулжээ.

Гэтэл “М К” ХХК нь устгалд орж буй хүнсний бүтээгдэхүүний төлбөрийг нь төлж буй “Э Ү” ХХК-ийг төлөөлөлгүй, зохих актгүйгээр сар бүр 100 гаруй сая төгрөгийн хоол устгасан гэх ямарваа нэгэн баримт байхгүйгээс гадна Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог” гэж заасны дагуу “М К” ХХК нь гэрээний үүргээр хүлээсэн 1760 ширхэг хоолыг бүрэн хэмжээгээр өдөр бүр үйлдвэрлэж байсан гэх баримт, нотолгоог шүүхэд гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн “М К” ХХК нь “Э Ү” ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн дагуу 12 цех,  хэлтсийн ажилчид нь нэг цаг үед зэрэг хоолонд ордоггүй бөгөөд 24 цагийн турш ээлжээр хооллодог болох нь хэргийн оролцогч нарын төлөөлөгчдийн шүүх хуралдаанд тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь 1760 ширхэг хоолыг зэрэг хийдэггүй гэж үзэхээр байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т “үнэн зөв байх”, 13 дугаар зүйлийн 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасны дагуу “Э Ү” ХХК-ийн “М К” ХХК-тай 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “ажиллагсдад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх гэрээ” нь үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байх тул хянан шалгалт явуулж буй аудитор нь “Э Ү” ХХК-ийн дээрх хууль зөрчсөн үйлдэлд нь зохих дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй байна. Иймээс Үндэсний аудитын газрын аудитор Ш.И-ийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09/85 дугаар актуудыг илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл байхгүй гэж шүүх дүгнэлээ.

Харин захиргааны хэргийн шүүх нь аж ахуйн нэгж хооронд байгуулсан  иргэний гэрээнд аливаа дүгнэлт хийхгүй бөгөөд уг гэрээтэй холбоотой “М К” ХХК болон “Э Ү” ХХК нарын хооронд үүссэн маргаан нь харьяаллын дагуу Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгааг дурдах нь зүйтэй.

Шүүх нэхэмжлэгчийн “захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох” шаардлагын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийсэн бөгөөд Үндэсний аудитын газрын аудитор Ш.И-ийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09/85 дугаар акт гаргах процесс ажиллагаа, тооцоолол зэрэг маргааны үйл баримтуудад аливаа дүгнэлт хийх шаардлагагүй болно.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.3, 47.1.6, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 5 дугаар зүйлийн 5.1.4, 13 дугаар зүйлийн 13.7, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10, Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 15 дугаар зүйлийн 15.1.2. 15.1.12-т заасныг тус тус баримтлан “М К” ХХК-ийн Үндэсний аудитын газрын аудитор Ш.И-д холбогдуулан гаргасан “Үндэсний аудитын газрын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09/85 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

          

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ТӨМӨРБАТ

 


[1] Хавтаст хэрэг №1, 57-р тал

[2] Хавтаст хэрэг №1, 59-р тал

[3] Хавтаст хэрэг №1, 10-р тал

[4] Хавтаст хэрэг №2, 35-р тал

[5] Хавтаст хэрэг №2, 223-р тал

[6] Хавтаст хэрэг №2, 53-р тал

[7] Хавтаст хэрэг №4, 5-19-р талууд

[8] www.legalinfo.mn