Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 847

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ө.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/00045 дугаар шийдвэртэй, Ө.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ө.Наранцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Хос өргөө хотхоны 29Б байрны 3 тоот 44,6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шинжээчээр үнэлүүлсэн боловч 81 510 800 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс хямд үнэлсэн. Үүнийг би  зөвшөөрөхгүй байна. Албадан дуудлага худалдааны санал болгох доод үнээс 70 хувь, 50 хувиар буурч тогтоогдож байгаа тул би 2 өрөө байраа 40 000 000 төгрөгөөр худалдахад хүрээд байна. Би байраа зарахгүй, өгөхгүй. Цагаан сараас өмнө төлбөрөө төлнө, хүмүүсээс авлагаа авч чадахгүй байгаа. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/00427 дугаар захирамжаар Ө.Наранцэцэгээс 48 679 418 төгрөг гаргуулж “Транс Трейд Би Би Эс Би ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр үүсгэн төлбөр төлөгч Ө.Наранцэцэгт шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулсан. Тогтоосон хугацаанд төлбөр барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн 29/Б байрны 3 тоот 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу өмчлөгч болон талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Ө.Наранцэцэг, хамтран өмчлөгч Б.Даваачулуун нар 250 000 000 төгрөгөөр үнэлсэн. Үүнийг төлбөр авагч зөвшөөрөөгүй тул хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасан.

Шинжээчээр үнэлүүлэхэд 81 510 800 төгрөгөөр үнэ тогтоосныг төлбөр төлөгч, хамтран өмчлөгч нарт 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 3/19119 тоот мэдэгдлээр /баталгаат шуудангаар/ мэдэгдсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд дээрх үнийн 70 хувь буюу 57 057 560 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт оруулахаар нийтэд мэдээллэсэн ч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй.

Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу зах зээлийн үнэ 81 510 800 төгрөгийн 50 хувь 40 755 400 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдэгдэхэд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШЗ2016/01147 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Ө.Наранцэцэгийн нэхэмжлэлийг тус шүүх 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 181/ШЗ2016/04304 дугаар захирамжаар буцааж байсан учраас үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнээс санал болгох доод үнийг тогтоон дахин 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагт хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан Итгэлт Эстимэйт ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Ө.Наранцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх үнэлгээ хүчингүй болгох тухай гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хоёр өрөө орон сууцыг шинжээчээр 81 510 800 төгрөгөөр үнэлүүлсэн нь зах зээлийн үнээс хямд болсон тул тухайн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Би өөрөө хүсэлт гаргаж шинжээчээр үнэ тогтоолгоход 85 000 000 төгрөгөөр үнэлсэн нь шийдвэр гүйцэтгэлийн материалд байгаа. Иймд 2 өөр шинжээчийн үнэлгээг харгалзан үзэхгүй дуудлага худалдаа явуулах нь хууль зөрчсөн бөгөөд шинжээчийн үнэлгээний талаарх гомдлыг шүүхэд ямар хугацаанд гаргах талаар шийдвэр гүйцэтгэгч надад тайлбар хийгээгүй учраас миний эрх ашиг хохирч, үнэлгээг дахин хийлгэх боломж алдагдуулсанд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Ө.Наранцэцэг нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хос өргөө хотхоны 29Б байрны 3 тоот 44.6 м.кв, хоёр өрөө орон сууцыг 81 510 800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ө.Наранцэцэг нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу “Транс трейд Би Би Эс Би ББСБ” ХХК-д төлөх 48 679 418 төгрөгийн төлбөрийг сайн дураар төлж биелүүлээгүйн улмаас хариуцагч байгууллага зээлийн төлбөрт барьцаалсан орон сууцыг битүүмжлэх, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоосон мэдэгдэл хүргүүлэх зэргээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.5 дахь хэсэгт заасан ажиллагааг зохих ёсоор явуулсан үйл баримт тогтоогдсон талаар шүүх зөв дүгнэсэн байна.

 

Улмаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах үнийн талаар төлбөр төлөгч Ө.Наранцэцэг, хамтран өмчлөгч Б.Даваачулуун нараас санал авахад 250 000 000 төгрөг гэж үнэлснийг төлбөр авагч “Транс трейд Би Би Эс Би ББСБ” ХХК эс зөвшөөрч, шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгэхээр “Итгэлт Эстимэйт” ХХК-ийг томилжээ. /хх 36-40/

 

Шинжээч дээрх хөрөнгийн үнэлгээг хийж, нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцны зах зээлийн үнэ 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 81 510 800 төгрөг болохыг тогтоож, тайланг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлснийг тус алба төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. /хх 41-50/

 

Үүнийг 2-3 хоногийн дараа шуудангаас авсан талаар нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдааны явцад тайлбарласныг, шүүх 2016 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаар тооцож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан үнэлгээний талаар гомдол гаргах хугацааг 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байхаар тооцож, шүүхэд анх нэхэмжлэл гаргасан хугацаатай харьцуулан хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Нөгөө талаар, дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг, үнэ тогтоох эрх бүхий үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар, хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг 50 хувиар тогтоохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсэгт зааснаар зохицуулсан бөгөөд энэ нь тухайн хөрөнгийг шууд худалдах үнэ бус, харин энэ үнээс дээшээ санал гаргах агуулгатай болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас томилсон шинжээчийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/00045 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ө.Наранцэцэгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Т.ТУЯА