Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2018/ДШМ/22

 

 

 

 

 

 

 

 

П.Э-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                                  Г.Энхмаа,

Хохирогчийн өмгөөлөгч                                    М.Түмэннаст 

Нарийн бичгийн дарга                                        Э.Уртнасан нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 01 дугаар сарын 17-ны өдрийн 54 дүгээр шүүгчийн захирамжтай шүүгдэгч П.Э-д холбогдох 1734002960218 дугаартай 136 хуудас, 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, трактор комбайны мэргэшсэн жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Төв аймгийн Борнуур сумын Мандал баг 4-49 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, П.Э , /Регистрийн дугаар: НЙ9115/.

 

Яллагдагч П.Э нь согтуугаар Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Цагаанбулаг хорооллын "Суварга хайрхан" дэлгүүрийн гадна талд 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр С.Мөнхбатыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дугаар сарын 17-ны өдрийн 54  дугаар шүүгчийн захирамжаар: 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Э д холбогдох эрүүгийн 1734002960218 дугаартай хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж, захирамжийг  эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш прокурор ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Улсын яллагч бичсэн эсэргүүцэлдээ: “Яллагдагч П.Э нь согтуугаар Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Цагаанбулаг хорооллын "Суварга хайрхан" дэлгүүрийн гадна талд 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр С.Мөнхбатыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв Аймгийн прокурорын газраас П.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн ба тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцээд, хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Учир нь:

1. Шүүхийн шатанд хохирогчийн өмгөөлөгч М.Түмэннастын гаргаж өгсөн хохирогч С.Мөнхбатыг хөдөлмөр чадвар алдалтын 50 хувиар тогтоосон тухай Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, энэ журамд заасны дагуу бэхжигдэж, тусгагдаагүй.

2. Шүүгч захирамж гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэл болгож, хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй байгаа мэтээр ойлгож. бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулахаар заасан нь ойлгомжгүй байна.

3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /гэрчүүдийн мэдүүлэг. шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт гаргахад үндэслэл болгосон рентген зураг, өвчний түүх, мэс заслын тэмдэглэл зэрэг/ яллагдагч П.Энхдэмбэрэлийн үйлдлийн улмаас хохирогч С.Мөнхбатын биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл үүссэн болох нь тогтоогдож байхад шүүх хохирогчийн өмгөөлөгчийн шүүхэд шинээр гаргаж өгсөн актад дурьдагдсан шагайнаас бусад тавхай ясны хугарал нь хэзээ, ямар нөхцөл байдалд үүссэн болох нь нотлогдоогүй байхад гэмтлийн ямар зэрэгт хамаарах эсэхийг тогтоох, акт тогтоосон комиссын дарга Б.Жаргалсайханыг гэрчээр асуух, үндэслэлгүй акт тогтоосон тохиолдолд хариуцлага тооцох зэрэг ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд хуульчилж өгсөн байна.

Иймд П.Э-д холбогдох Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 54 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах саналтай байна. П.Энхдэмбэрэлийн үйлдэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгчөөс: Шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Гэмтэлтэй холбоотой асуудлыг мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоохгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

            

Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүй хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч П.Э нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Цагаанбулаг хорооллын “Суварга хайрхан” дэлгүүрийн гадна талд 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр С.Мөнхбатыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Э-д  холбогдох эрүүгийн 1734002960218 тоот эрүүгийн хэргийг аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокуророос “ П.Э-д холбогдох хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч П.Э-д холбогдох Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 54 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар” эсэргүүцэл гаргажээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлтэй гарсан байна гэж Давж заалдах шатны шүүх үзлээ. Хохирогчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн баримтаар С.Мөнхбатыг хөдөлмөр чадвар алдалтын 50 хувиар тогтоосон тухай Сонгино-Хайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэртэй холбогдуулан шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал үүсчээ. Энэ нөхцөл байдалтай холбогдуулан Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19, 21 дүгээр зүйлүүдэд зааснаар нэмэлт шинжилгээг бүрэлдэхүүнтэй гаргуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүгчийн захирамжийг буруутгах үндэслэлгүй байна.

Мөн дээр дурдсан болон шүүгчийн захирамжид дурдагдсан бусад асуудлуудыг шалган тодруулж, шийдвэрлэхгүйгээр яллагдагч, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй байна гэж үзсэн болно.

Иймд прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр Давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 39.10 дугаар зүйлийн 1, 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дугаар сарын 17-ны өдрийн 54 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.БОЛОРМАА

        ШҮҮГЧИД                                 Г.ТЭГШСУУРЬ

                                                              Р.МӨНХ-ЭРДЭНЭ