Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 67

 

     

 

 

      

 

 

 

                                                                      

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул

Улсын яллагчаар хяналтын  прокурор Г.Энэрэл

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Чимэг

Шүүгдэгч Г.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.Ж-д холбогдох эрүүгийн 201900000**** дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г.Ж,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Ж нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг “Т” шатахуун түгээх станцын орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Д.А-ын зүүн мөрөнд 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Ж-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр А-тай муудалцаж гэмтээсэн нь миний буруу” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 11 цагт ажил дээрээ хуваарьт ажлаа хийгээд байж байхад миний танил болох Ж гэх залуу утсаар залгаад уулзах ажил байна, гараад ир гэж хэлэхээр нь ажлаасаа гараад хартал ажлын зогсоол дээр саарал өнгийн Ист маркийн тээврийн хэрэгсэл, 24-70 *** улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл, нийт 2 машинтай ирсэн зогсож байсан. ...Би Ж-ын машинд нь орж суугаад юм ярьтал намайг Х гэдэг хүнийг дуудаж өг гэж шаардсан. Тэгэхээр нь би яах гэж байгаа юм гэж асуутал би гаргаж ирж байгаад ална гэж хэлээд бага зэрэг маргалдсан. Тэгсэн Ж, чи дуудаж өгнө, чамайг дуудуулдаг болно, чамайг ална гэж хэлээд шууд Тэс шатахуун түгээх станцын цаашаа 1 км хэртэй намайг аваад машинтайгаа давхисан. Машин дотор ч гэсэн Х-г дуудаж өг, чамайг ална гэх мэт үгнүүдийг хэлсээр байсан. Би ч гэсэн чадахгүй өөрөө дууд гэж хэлж байсан. Хэсэг явж байгаад машинаа очиж зогсоосон. Удалгүй араас Э өөрийнхөө машинтай ирээд зогссон. Тэгсэн Ж хутгаа аваад ална гээд машинаас буусан. Би ч гэсэн дагаад буутал машиныхаа хойгуур тойрч ирээд хутга далайгаад ирэхээр нь би хутгатай гарыг нь хаахад хальтраад миний зүүн мөррүү 2 удаа хутгалсан. ...Гаргаж өгсөн баримт болон хувцасны мөнгө зэргээ нэмэхэд 1.600.000 орчим төгрөг болж байгаа юм” /хх-ийн 63-64 дүгээр хуудас/

 

Гэрч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А-тай уулзах болсон шалтгаан нь А өөрөө Босоо хөх Монголын Дорноговь аймаг дахь салбарын тэргүүнээр ажилладаг байтал тэргүүнийхээ эрх мэдлийг өөр хүн болох Х гэдэг хүнд өгөөд манай төрийн бус байгууллагын үйл ажиллагааг доголдуулаад байсан юм. Ж өөрийнхөө машинтай, би өөрийнхөө машинтай А-ын ажил руу явсан. Гадаа нь очтол А ч гараад ирсэн ба шууд Ж-ын машинд суучихсан. Ж шууд аваад хөдлөөд явчихсан ба араас нь дагаад явж байхдаа Э, Б нар руу залгаад Ж А-г суулгаад шууд хөдлөөд явчихлаа, урд засмал зам дээр гараад ирээрэй гэж хэлсэн. Ж явсаар байгаад найрамдлын наахан талд очоод зогсож байгаа харагдсан. ...Машинаа байрлуулаад эргэж байх хугацаанд Ж, А 2 барьцалдаж байгаа харагдсан. Би буух гэсээр байтал Б, Э, нөгөө үл таних залуу нар тэр хоёрыг салгаж байсан. А-ын баруун мөрнөөс цус гарч байгаа харагдсан” /хх-ийн 7-8 дугаар хуудас/

 

Гэрч Ж.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Очтол Ж Ист маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн суудал дээр, харин А хажууд нь суучихсан хоорондоо маргалдаж байсан. Тэгэхээр нь би А-д хандан яагаад хэрэлдээд байгаа юм бэ? Наашаа миний машинруу суу гэж хэлтэл А машины хаалга нээгээд бууж байх тэр мөчид Ж машинаасаа буугаад хойгуур нь тойрч А дээр хүрч ирээд зүүн мөррүү нь далайгаад хутгалах шиг болсон. Б миний машины ард сууж байгаад Ж хутгатай байна шүү дээ гэж хэлээд гарч гүйгээд Ж-г салгасан. А-ын зүүн мөр цус нөж болчихсон байсан” /хх-ийн 10 дугаар хуудас/

 

Гэрч Ш.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А Ж-ын машинаас буусан, Ж ч гэсэн машинаасаа буусан. Шууд А дээр очоод хутгалж байгаа харагдсан. Ж-ын гарт хутга байгааг би олж хараад Э-ийн ахын машинаас буугаад гүйж очоод тэр хоёрыг салгатал А-ын зүүн мөрнөөс цус гарч байгаа харагдсан” /хх-ийн 13 дугаар хуудас/

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 04/45 дугаартай шинжээчийн “...Д А-ын биед зүүн гарны бугалганы гадна дээд талд зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдож, уг гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 26 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Ж нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 11 цагийн үед “Ист” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон Сайншанд Татах хэсэгт ажилладаг Д.А-тай уулзахаар очин түүнийг машиндаа суулган Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг “Т” шатахуун түгээх станцын орчим очиж “Хэрлэн гэдэг хүнийг дуудаж өг” гэх шаардлагыг тавин маргалдаж улмаар  түүний зүүн мөрөнд 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох  хохирогч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 11 цагт ажил дээрээ хуваарьт ажпаа хийгээд байж байхад миний танил болох Ж гэх залуу утсаар залгаад уулзах ажил байна, гараад ир гэж хэлэхээр нь ажлаасаа гараад хартал ажпын зогсоол дээр саарал өнгийн Ист маркийн тээврийн хэрэгсэл, 24-70 *** улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл, нийт 2 машинтай ирсэн зогсож байсан. ...Би Ж-ын машинд нь орж суугаад юм ярьтал намайг Х гэдэг хүнийг дуудаж өг гэж шаардсан. Тэгэхээр нь би яах гэж байгаа юм гэж асуутал би гаргаж ирж байгаад ална гэж хэлээд бага зэрэг маргалдсан. Тэгсэн Ж, чи дуудаж өгнө, чамайг дуудуулдаг болно, чамайг ална гэж хэлээд шууд Т шатахуун түгээх станцын цаашаа 1 км хэртэй намайг аваад машинтайгаа давхисан. Машин дотор ч гэсэн Х-г дуудаж өг, чамайг ална гэх мэт үгнүүдийг хэлсээр байсан. ...Тэгсэн Ж хутгаа аваад ална гээд машинаас буусан. Би ч гэсэн дагаад буутал машиныхаа хойгуур тойрч ирээд хутга далайгаад ирэхээр нь би хутгатай гарыг нь хаахад халтираад миний зүүн мөр рүү 2 удаа хутгалсан. ...” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “......Машинаа байрлуулаад эргэж байх хугацаанд Ж, А 2 барьцалдаж байгаа харагдсан. Би буух гэсээр байтал Б, Э, нөгөө үл таних залуу нар тэр хоёрыг салгаж байсан. А-ын баруун мөрнөөс цус гарч байгаа харагдсан” гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Очтол Ж Ист маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн суудал дээр, харин А хажууд нь суучихсан хоорондоо маргалдаж байсан. Тэгэхээр нь би А-д хандан яагаад хэрэлдээд байгаа юм бэ? Наашаа миний машин руу суу гэж хэлтэл А машины хаалга нээгээд бууж байх тэр мөчид Ж машинаасаа буугаад хойгуур нь тойрч А дээр хүрч ирээд зүүн мөррүү нь далайгаад хутгалах шиг болсон. А-ын зүүн мөр цус нөж болчихсон байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Ш.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А Ж-ын машинаас буусан, Ж ч гэсэн машинаасаа буусан. Шууд А дээр очоод хутгалж байгаа харагдсан. Ж-ын гарт хутга байгааг би олж хараад Э-ийн ахын машинаас буугаад гүйж очоод тэр хоёрыг салгатал А-ын зүүн мөрнөөс цус гарч байгаа харагдсан” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 04/45 дугаартай шинжээчийн “...Д А-ын биед зүүн гарны бугалганы гадна дээд талд зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдож, уг гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Ж нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болох нь гэрч Ч.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020  оны 05 дугаар сарын 04-ний өглөө 09 цагийн үед Ж-тэй архи хувааж уусан...”гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Хохирогч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд “хутгалуулсандаа гомдолтой байна,намайг хэний захиалгаар хутгалсан гэдгийг мэдэхийг хүсч байна” гэж мэдүүлжээ. Гэрч Ц.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А-тай уулзах болсон шалтгаан нь А өөрөө Босоо хөх Монголын Дорноговь аймаг дахь салбарын тэргүүнээр ажилладаг байтал тэргүүнийхээ эрх мэдлийг өөр хүн болох Х гэдэг хүнд өгөөд манай төрийн бус байгууллагын үйл ажиллагааг доголдуулаад байсан юм.Тэгээд Э, Б, Ж бид хэд А-тай уулзаад юу болоод байшаа талаар ярилцаж шийдэлд хүрэх гэж байсан юм. Гэтэл ийм үйлдэл гаргачихлаа “гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Э-ийн “...уг нь бол Босоо хөх Монгол төрийн бус байгууллагын албан ёсны тэргүүнээр А нь ажиллаж байх ёстой байтал Х гэх хүн бас давхар ажиллаад байх шиг санагдаад байсан .Тэгэхээр нь А-тай уулзаж юу болоод байгаа талаар лавлах гэж байсан юм. Өөр санаа оноо бол байгаагүй” гэсэн мэдүүлэг,шүүгдэгч Г.Ж-ын гэрчээр өгсөн “Би А-аас Х хаана байгаа талаар асуухад “би мэдэхгүй,чи өөрөө ол” гээд байхаар нь маргалдаж эхэлсэн. Тэгээд уурандаа ийм үйлдэл гаргасан юм. Түүнээс биш ямар нэгэн өс хонзонгийн сэдэл,санаа зорилго байгаагүй.Тухайн үед архи уучихсан байсан,жоохон омголон болчихсон байсан” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдлыг шүүх шинжлэн судлаад хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаас шүүгдэгч нь хохирогчийг хэн нэгний захиалгаар хутгалж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй  үзлээ.

 

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т “гэмтэл,түүнээс үүссэн эд эрхтний бүтэц,үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” тохиолдолд  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шүүгдэгч Г.Ж-ын үйлдэл нь  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч Г.Ж-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б овогт Г.Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.Ж нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал/ эрүүл мэнд /хөдөлмөрийн чадвар алдалтын 69 хувиар группд байдаг/,улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзэж шүүгдэгч Г.Ж-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

 Хохирогч Д.А нэхэмжилсэн 1658060 төгрөг төлөгдсөн талаар шүүхэд мэдэгдсэн тул /шүүгчийн туслахын тэмдэглэл/ шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Ж нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 26/ тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Шүүгдэгч Б овогт Г.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-д оногдуулсан 800 000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Шүүгдэгч Г.Ж нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АДЪЯАСҮРЭН