Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 854

 

 

 

 

 

 

 

     2020         09            29                                    2020/ШЦТ/854

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Г.Мөнхбат,

хохирогч М.Т, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг,

шинжээч Г.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигин овогт Д овогтой А-д холбогдох эрүүгийн 2005006320408 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд  боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ..... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ..... дугаарын регистртэй, Б овогт Д-ийн А.


Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.А нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн байрны гадна тус хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч Д.А нь “ажлын цагаар дүрэмт хувцастай согтууруулах ундааны зүйл хэрэглэлээ” гэх шалтгаанаар хороо хариуцсан цагдаа М.Т-ын биед халдан зодож, эрүүл мэндэд нь хэвлийн битүү гэмтэл, давсагны урагдал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ:

“...Тухайн үед Ковид-19 өвчний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч эхэлсэн. Миний ажлын байрны тодорхойлолтын 4.3 дахь хэсэгт “хариуцсан нутаг дэвсгэрт гэмт хэрэгтэй тэмцэх, хүн, малыг гоц халдвараас урьдчилан сэргийлэх ажиллагааг зохион байгуулах” гэж заасан байдаг. Халдварт өвчний дэгдэлтээс яаж хамгаалах талаарх төлөвлөгөөг 4 хоног нойргүй сууж гаргасан. Тухайн хэрэг гардаг өдөр хэлтэс дээр ерөнхий үүрэг гүйцэтгэж байсан. Цагдаагийн ерөнхий газрын хяналт шалгалт, мөрдөнгийн хэлтсээс над руу залгаад “танай Цагдаагийн албан хаагч нар зам тээврийн осол гаргаад, архидан согтуураад байгаа юм биш үү” энэ алба хаагч нарыгаа олж тогтоож ир гэж үүрэг өгсөн. Үүргийн дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулахад тасгийн дарга олж тогтоосон байсан. Ахлах ахлагч А гээд хороон цагдаа байсан. А нилээд хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгэхээр нь драйгер үлээлгээд машинд хэн хэн байгаа талаар асууж тодруулсан. Манай Цагдаагийн ахлах ахлагч М.Т урд талын суудал дээр согтуу дээшээ хараад хэвтэж байсан. Тухайн үед уур хүрсэн. Яагаад гэхээр миний хариуцсан алба хаагч нар. Та нар ажлын цагаар архи ууж болохгүй. Яагаад цагдаа хувцастай архидан согтуурч байгаа юм бэ гэж хэлсэн. 4-5 хоног нойргүй ажилласан байсан. Хариуцсан алба хаагч нар ийм зөрчил гаргахаар уурласан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Т мэдүүлэхдээ:

“...Тухайн өдрийн урд өдөр нь би жижүүртэй байсан. 24 цагийн жижүүртэй байсан. 24 цаг гараад 48 цаг амардаг байсан. Маргааш нь амраад нөгөөдөр нь ажил дээрээ ирээд ажлынхаа 3 албан хаагчтай уулзсан. Тэнд их архи уугаагүй. Манай машин барьж явсан цагдаа машинтай шүргэлцсэн. Д.А ахлах дуудаж байна гэсэн. Тэгээд гарч ирээд миний биед халдсан. Тэгээд давсаг хагараад хагалгаанд орсон. Бид нэг газар хамт ажиллаж байсан. Тухайн үед шаардлагатай эмчилгээг хийлгээд хохирлын мөнгө төлсөн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэг шинжээч Г.Энхбаатар мэдүүлэхдээ:

“...Давсаг хэвийн үедээ 15-16 мм зузаан ханатай байдаг. Чинэрээд шээс дүүрсэн үедээ давсагны хана томроод 3 мм зузаантай болсон байдаг. Давсаганд шээс дүүрсэн үед гэмтэл авах магадлал нь тодорхой хүчний үйлчлэлээр их, бага байх гэдэг нөлөөлөл нь шууд хамааралтай. Хэвийн үедээ үйл ажиллагаа нь сааталгүй байдаг. Дүүрээд чинэрээд ирэхээрээ хагардаг. Нимгэрсэн байдал нь гэмтэх магадлалыг ихэсгэдэг. Давсганд байгаа шээс, давсагны хананы үйлчлэлийн хооронд шингэн цалигах үйлчлэл гэдэг ойлголт энэ эрхтэнд хамаарна. Гадны хүч үйлчлэхэд шээс шингэн байгаа учраас цалих үйлчлэл үзүүлэхдээ давсагны хананд даралтыг үүсгэдэг. Гадны хүч үйлчилснээс болж давсаг хагардаг. Хохирогчид учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонго алдалтанд нөлөөлөхгүй бүрэн эдгэрсэн гэж ойлгож болно.

Гэмтэл авсан даруйдаа илрэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Хэвлийн доод хэсгээр, өвдөгний орчмоор хүчтэй өвдөнө. Мөн шээсээ гадагшлуулж чадахгүй байх, цустай шээх шинж тэмдгүүд эхний ээлжид илрэх ёстой...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.А-ын өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр би Цагдаагийн хэлтсийнхээ ерөнхий эргүүлийн үүргийг гүйцэтгэсэн юм. Ерөнхий эргүүл нь Цагдаагийн хэлтсийн алба хаагчдыг тухайн өдөр хариуцаж ажиллах үүрэгтэй.

Тухайн өдрийн цагийг нь тодорхой санахгүй байна, 13 цаг өнгөрч байхад надтай Ёс журам сахиулах хэлтсийн ахлах байцаагч Х холбогдоод танай хэлтсийн алба хаагч нар чинь согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд тээврийн хэрэгсэл жолоодож байна гэсэн гомдол ирсэн талаар мэдэгдсэн, тэрээр надад тухайн асуудлыг нягталж үзээд эргээд хариу өгөөрэй гэсэн үүргийг өгсөн. Ингээд дээрх асуудлыг тодруулахаар жижүүрийн хэсэг рүү очих үед манай тасгийн дарга Д, ахлах байцаагч М болон ёс журмын эргүүл О нар гаднаас орж ирж байсан.

1 дүгээр хорооны хэсгийн байцаагч Э, 3 дугаар хорооны цагдаа Ү, 1 дүгээр хорооны цагдаа Т нар нь ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Д даргын тухайд надад наад 3 хүнийхээ үнэмлэх бичиг баримтыг нь хурааж аваад, эрүүлжүүл гэсэн үүргийг өгсөн. Би машины хаалгыг онгойлгоод М.Т-ыг машинаас буугаад ир гэж хэлсэн түүнийг буугаад ирэхэд нь түүнээс архи үнэртэж байсан, мөн зүүн талын хөлний гуяны хэсэг нь шавар болчихсон байсан.

Би түүнийг машинаас буухаар нь ямар баяр тохиолдсон юм бэ, ажлын цагаар албаны хувцастай архидан согтуурч байхдаа яадаг юм бэ гэж зэмлэсэн байдлаар хэлээд түүний толгойн хэсэг рүү нь гараараа 2 удаа алгадаж цохисон, тэгээд түүний толгойг нь доош нь дараад 1 удаа өвдөглөсөн, тэрээр газар суусан. Энэ үед М согтуу хүнтэй яах гэсэн юм гээд намайг салгасан. Би 2 цагдаа дуудаж, эрүүлжүүл гэж хэлсэн.

Гэтэл манай эрүүлжүүлэх байрны эмч Ундрах надтай утсаар холбогдоод М.Т ёолоод зовиуртай байна, яахав гэж асуухаар нь 103 дууд, би ар гэртэй нь холбогдож мэдэгдье гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 110-112/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч М.Т-ын өгсөн:

“...Миний хувьд БГД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хороо хариуцсан цагдаагаар ажилладаг юм. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр манай хорооны хэсгийн байцаагч Э, 3 дугаар хороо хариуцсан цагдаа А бид 3 Төв аймагт айлд очиж хоноод 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өглөө ажил цуглахаас өмнө буюу 8 цаг 30 минутаас өмнө хэлтэс дээрээ ирж цагаа бүртгүүлэх гэтэл манай хэв журмын тасгийн чатаар биднийг хэлтэс дээр ирэх шаардлагагүй тасаг дээрээ очоод бүртгүүл гэсэн мэдээллийг ирүүлсэн байсан. Үүний дагуу бид 3 тасаг дээрээ очоод групп чатаараа ажилдаа ирснээ бүртгүүлсэн.

Ингээд хэддүгээр сургуулийг нь мэдэхгүй байна, төмөр замд байрлах сургуулийн гадаа А-ийн машинд сууж байгаад 1 шил архи уусан, миний хувьд ямар хэмжээтэй, ямар нэртэй архи байсныг нь санахгүй байна, уг архинаас нь бага уусан. Тэгээд сэрэхэд би хэлтсийн хашаан дотор А-ийн машинд унтаж байсан бөгөөд яагаад хэлтсийн хашаанд унтаж байгаа юм бол гэж бодоод жолоочийн хажуу талын суудлын хаалгаар буухад манай тасгийн ахлах байцаагч Д.А, М нар зогсож байсан. Би тэднийг хараад яасан ахлахаа гэж хэлэхэд Д.А миний толгойг дараад толгой руу 3-4 удаа гараараа цохисон, намайг бөхийсөн байх үед тэрээр миний хэвлийн хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Өшиглүүлсний дараа амьсгаа авч чадахгүй хөл дээрээ босож чадахгүй болчихсон бөгөөд тухайн үед шээс хүрээд эхэлсэн боловч шээж чадахгүй байсан. Намайг газар хэвтэж байх үед бос гэцгээгээд байсан, би босоод машинд суусан бөгөөд машинаас гараад ир гээд байхаар нь машинаас буух гээд хөл дээрээ зогсож чадахгүй шууд газар унасан. Энэ үед Эрүүлжүүлэх байрны 2 цагдаа гарч ирээд намайг эрүүлжүүлэх байр луу оруулсан. Миний хувьд ухаан санаа балартаад эхэлсэн бөгөөд 103 дуудаад өгөөч гэж тэдэнд хэлсэн. Яаралтай тусламж 103-ын эмч ирж үзээд кататер тавьж намайг шээлгэхэд нилээд их хэмжээгээр шээсэн, цустай шээс гарч байсан. Эмчийн зөвлөсний дагуу гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн, ингээд тухайн өдрөө давсагны хагалгаанд орсон. Одоогоор 2 сая гаруй төгрөгийн эмчилгээний зардал гарсан.

Манай гэр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яг хажуу талын Нарлаг гээд хотхоны 104 байрны 84 тоот юм. Тухайн үед байрны гадна буугаад орцонд ороод лифтэнд сууж 10 давхарт гарч гэртээ орсон. Гэртээ орчихоод ариун цэврийн  өрөө орж шээх гээд 10-20 минут орчим суултуур дээр суусан. Тэгэхэд дүлээд дүлээд шээс гарахгүй цус дуслаад байсан. Тэгэхээр нь хувцсаа өмсөөд буцаж гэрээс гараад шууд гэмтлийн эмнэлэг орж яаралтай түргэн тусламж дээр үзүүлээд шээс гарахгүй байна гээд үзүүлсэн. Тэр үед эмч нь рентгенд харуулаад давсаг хагарсан байна яаралтай хагалгаанд орох шаардлагатай гээд хагалгаанд орсон юм. 2020 оны 5 дугаар сарын сүүлчээр Д.А нь 5 сая төгрөгийг шилжүүлж учирсан түүнээс нэхэмжилсэн 2,135,090 төгрөгийн зардлыг төлж хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 72-73, 182-183, 2-р хх-н 26-27/,   

 

Мөрдөн байцаалтад хойшлуулшгүйгээр гэрч Ц-ийн өгсөн:

“...Би 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө 10:00 цагийн үед Өмнөговь аймгаас Улаанбаатар хот руу орж ирээд М.Т-ын гар утас руу хэд хэдэн удаа залгасан чинь гар утас нь дуудаад байгаа мөртлөө гар утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би М.Т-ын эхнэр С руу залгаад М.Т яагаад утсаа авахгүй байгаа юм бэ гэхэд эхнэр нь ч бас миний ч гэсэн гар утсыг авахгүй байна ажилтай л байгаа байх гэж надад хэлсэн юм. Ингээд өдөр 13.00 цагийн үед М.Т-ын гар утас руу нь дахиад залгасан чинь мөн адил утсаа авахгүй байсан тэгэнгүүт нь би Толгойт руу айл руу очих гээд явж байх замд М.Т-ын эхнэр С над руу залгаад М.Т ажил дээрээ согтуу байна Өмнөговь аймгийн эрүүлжүүлэхээс ярьлаа, очиж ав гэж байна та хүрээд ирж чадах уу гэж надаас асуухад нь би хаана очих вэ гэж асуухад М.Т-ын ажил дээр хүрээд ир гэж хэлэхээр нь би эгч нь очиж амжихгүй нь ээ яагаад чам руу хаа байсан Өмнөговь аймгаас утасдаж хэлсэн юм бэ гэхэд дүү охин С ёстой мэдэх юм алга гэж хэлсэн юм. Манай дүү С надад утсаар хэлэхдээ М.Т-ын ажил дээр ирчихсэн байна тэгсэн чинь М.Т хүнд зодуулсан байна, босож чадахгүй, шээс нь гарахгүй шалан дээр хэвтэж байна, эмч ирж үзээд шээж чадахгүй байхаар нь катетараар шээсийг нь гаргаж авахад шээс нь цустай шээс гарлаа гэж хэлсэн юм.

Тэгэнгүүт С, М.Т хоёрыг такси бариад гэртээ хүрээд ир би гэр лүү чинь шууд очлоо гэж хэлсэн юм. Тэгээд М.Т-ын гэрийн гадаа хоёр талаасаа уулзахад Тэгжшаргал гараараа хэвлийгээ дараад явж чадахгүй арай хийж алхаж байсан юм. Тэгээд би М.Т-аас юу болов гэж асуухад манай Д.А гэж ахлах намайг зодсон гэж хэлсэн юм.

Гэмтлийн эмнэлэг рүү М.Т-ыг эхнэр С нь аваад орсон юм. Би удалгүй араас нь гэмтлийн эмнэлэг рүү ороод ЭХО-ны зураг авхуулахад эмч нар давсаг нь дотроо хагарсан байна, хэвлийн хөндий цустай байна, яаралтай хагалгаа хийхгүй бол болохгүй юм байна гэж эмч нар хэлээд шууд хагалгааны тасаг руу М.Т-ыг аваад орсон юм...” гэх мэдүүлэг /1-р хх-н 12-13/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т-ы өгсөн:

“...Би 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 14 цагийн орчимд нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга Б.Д-ийн хамт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатарын талбайн урд талд Киа рио маркын хар өнгийн 06-58 УУУ улсын дугаартай албаны автомашинтай явж байхад Д тасгийн даргын гар утас дугарсан юм. Тэгтэл Д дарга өөрийн гар утсаараа ярихад манай хэлтсийн Э, А, М.Т нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байна гэж хэлж байх шиг байсан тэгтэл Д дарга буцаад хэлтэс рүү яаралтай яв гэж хэлэхээр нь цуг Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирэхэд А Цагдаагийн хэлтсийн үүдэнд хүлээгээд зогсож байсан тэгээд Аг автомашиндаа суулгаад Д дарга чамтай цуг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 2 хүн чинь хаана байна гэж хэлээд заалгуулсан юм.

Тэгээд А-аар зам заалгуулаад Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын дээд сургуулийн ертөнцийн зүгээр баруун талд автомашин ордог хашааны хажуу талд Тоёота приус 30 маркын машин зогсож байсан. Тэгээд А, Д дарга нарын хамт А-ийн зааж өгсөн машин дээр очиход дотор нь Э, М.Т нар нь биеэ авч явах чадваргүй болчихсон байдалтай унтаж байсан тэгтэл ардаас Ахлах байцаагч Д.А, М нар ирээд байдлыг харчихаад М автомашиныг унаж явахаар болоод би ардаас нь дагаад явахад тухайн автомашиныг хэлтсийн хойд талд байрлах автомашины зогсоолд ертөнцийн зүгээр зүүн зүгт харуулж байрлуулсан. Би Д даргын хамт автомашинаас буухад тэнд Ёс журмын эргүүл 2 хүн, Ахлах байцаагч М, Д.А нар байсан ба Аг автомашинаас буух шаардлага тавиад буухаар нь тэнд байсан х

үмүүс бүгд дагуулаад Эрүүлжүүлэх саатуулах байр луу орсон юм. Харин тэр үед нь би гадаа автомашинаа хараад үлдсэн юм тэгээд автомашинд ороод дотор нь унтаж байсан 2 хүний хажууд байж байхад М.Т сэрээд надаас юу болоод байгаа юм бэ гэж асуухаар нь би та нар автомашин шүргэчихсэн байна, ёс журмын эргүүл ирчихсэн байна гэж хэлтэл М.Т албаны гадуур хувцсаа өмсөөд би явлаа гэж хэлээд машинаас буух гэтэл Ахлах байцаагч Д.А, М нар эрүүлжүүлэх саатуулах байрнаас гараад машин дээр ирж таарсан юм.

Тэгтэл Ахлах байцаагч М, Д.А нар автомашинаас М.Т-ыг буухыг шаардахад би одоо орохгүй, чадахгүй гээд амандаа үглээд автомашинаас буухгүй байсан юм тэгээд М намайг тухайн автомашины түлхүүрийг олоод автомашиныг унтраа гэж хэлэхээр нь би тухайн автомашины баруун урд хэсэгт очоод хаалгыг онгойлгоод автомашины түлхүүрийг хайж байсан тэгтэл нэг мэдэхэд М.Т автомашинаас буучихсан ёолох чимээ гарахаар нь тойрж очоод харахад М, Д.А нар урд нь зогсчихсон харин М.Т-ын хувцасны баруун хэсэг шороо болчихсон байдалтай байсан юм. Тэгтэл Эрүүлжүүлэх байрнаас Д дарга гарч иртэл М, Д.А нар М.Т босохгүй байна гэж хэлээд сугадаад босгох гэтэл М.Т босохгүй байсан тэгтэл Д дарга хэрэггүй гэж хэлээд буцаад Эрүүлжүүлэх байр луу орчихсон. Тэгтэл М.Т өөрөө босож ирээд машин дотор ороод хөлөө жийгээд хэвтчихсэн. Тэгтэл эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа нар гарч ирээд аваад орсон юм.

...М.Т-ыг машинаас буугаад зогсож байх үед нь Д.А зүүн гараараа М.Т-ыг 2 удаа цохисон, дараа нь түүний гэдэс хэсэгт нь цохисон уу эсхүл өшиглөсөн үү ямар ч байсан энэ үед нь М.Т эвхрээд тонгойсон...” гэх мэдүүлэг /1-р хх-н 15-16, 126-127/,

 

Мөрдөн байцаалтад гэрч У-ын өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр жижүүртэй байсан учир 13 цагийн үед ажил дээрээ ирсэн. Ингээд ээлжээ авчихаад 14 цагийн үед өдрийн хоолоо идэх гээд төв байрныхаа цайны газарт орж, өдрийн цайгаа ууж байтал Хэв журмын тасгийн дарга, Цагдаагийн ахмад Д нь ёс журмын байцаагч нарын хамт эрүүлжүүлэх байр луу орж байхаар нь хоолоо идчихээд эрүүлжүүлэх байр луу ороход дотор Д, ахлах байцаагч Д.А, М болон ёс журмын байцаагч гээд хоёр дэд хурандаа цолтой хүн зогсож байсан. Тэд нар манай 3-р хорооны цагдаа А-г дагуулж орж ирээд согтолтын хэмжээг нь багажаар шалгаад эрүүлжүүлэхээр карт бөглөж байсан. Тэгээд А-г эрүүлжүүлэх байрны камерт саатуулсан. Тэгтэл Д нь гадаа машинд байгаа М.Т-ыг аваад ороод ир гээд Быг гаргасан.

...М.Т-ыг Б, Ц 2 хоёр талаас нь сугадаж өргөөд эрүүлжүүлэх байранд оруулаад эрүүлжүүлэх байрны сандал дээр суулгатал М.Т нь сандал дээр сууж чадахгүй газар унасан. Тэгээд дээшээ харж хэвтэж, хоёр талруугаа хөлбөрөөд “би үхэх гээд байна. Шээж чадахгүй байна. Намайг битгий зовоогоод байлдаа” гээд орилоод байсан. Энэ үед би М.Т-ын артерын даралт, пульсийг нь үзэхэд 120, 80-тай байсан. Тэгэхээр нь би хэвлийг нь дараад үзтэл хэвлий нь булчингууд чангарсан, эмзэглэлтэй байхаар нь Д даргад хандаж 103-т дуудлага өгөхгүй бол болохгүй, давсаг нь хагарсан байж магадгүй гэж хэлээд 103-т дуудлага өгсөн.

Түргэний 103-н эмч ирж М.Т-ын биеийг нь үзээд катетр буюу гуурсаар давсгийг нь суллахад цээсний өнгө нь улаан, цустай гарч ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 54-56/,

Мөрдөн байцаалтад гэрч Ц-ийн өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр миний бие нь Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх саатуулах байранд жижүүрийн үүрэг гүйцэтгэн ажилласан. Тухайн өдөр би ажил дээрээ өдрийн 13 цагийн үед ирж ээлжээ хүлээн аваад ажлаа хийсэн. Тэгээд би 14 цагийн орчим эрүүлжүүлэх байрнаас гарч төв байр луу орж жижүүрийн хоолоо идчихээд буцаад 20 минутын дараа эрүүлжүүлэх байранд ороход Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, Цагдаагийн ахмад Д, ахлах байцаагч Д.А, М, хороон цагдаа А, Нийслэлийн ёс журмын хэлтсийн байцаагч нар болох дэд хурандаа О, өөр нэг дэд хурандаа цолтой хүний хамт орж ирсэн байсан. Тэдгээр хүмүүс нь 3-р хорооны цагдаа, Цагдаагийн ахлах ахлагч А-ийн согтолтын хэмжээг багажаар шалгаж байсан.

Тэгтэл Д дарга, эрүүлжүүлэх байрны цагдаа, ахлах ахлагч Бт хандаж “чи А-ийн нэр дээр үзлэгийн тэмдэглэл бичээд эрүүлжүүл” гэж хэлсэн. Тэгтэл ёс журмын байцаагч О нь надад хандаж “чи А-ийн картыг надад нэг хувь канондаад аваад ир” гэхээр нь би эрүүлжүүлэх байрны картыг авч гараад төв байр луу ороод канондчихаад буцаад эрүүлжүүлэх байр луу орох гээд явж байтал эрүүлжүүлэх байрны гадаа Д жолооч Т-ы хамт зогсож байснаа, намайг дуудахаар нь би эрүүлжүүлэх байр луу буцаж орж канондсан картаа оруулж өгчихөөд буцаад гараад иртэл Д дарга “чи Бтай нийлээд машинд сууж байгаа М.Т-ыг оруулаад ир” гэхээр нь Б бид хоёр А-ийн машин дээр иртэл дотор нь М.Т нь жолоочийн эсрэг талын сандал дээр хойшоо налаад суучихсан, өмднийхөө товчийг тайлаад бага зэрэг доош нь болгоод гэдэс рүүгээ гараа хийчихсэн “үхлээ, би шээж чадахгүй, шээс гарахгүй байна” гээд сууж байхаар нь дарга чамайг оруулаад ир гээд байна. Хамт оръё гэж хэлээд М.Т машинаас буулгахад өөрөө хөлөөрөө явж чадахгүй байхаар нь хоёр талаас нь сугадаж өргөөд эрүүлжүүлэх байр луу өргөөд оруулсан. Тэгээд эрүүлжүүлэх байрны хүлээлгийн өрөөний сандал дээр суулгахад сандал дээр сууж чадахгүй шалан дээр унаад босч чадахгүй хэвтээд “би үхэх гээд байна шүү дээ, эмч дуудаачээ гэж орилж байхад ёс журмын хэлтсээс ирсэн О нь “наад цагдаагаа дээш нь босгож байгаарай юм асууя” гэхээр нь Б бид хоёр М.Т-ын хоёр талаас нь дээш нь өргөөд босгох гэсэн боловч бие нь өвдөөд байгаа бололтой, босч чадахгүй ёолоод тэр байцаагчийн асуултанд нь хариулж чадахгүй байсан.

Ингээд манай эрүүлжүүлэх байрны эмч Ундрах цаад өрөөнөөс гарч ирээд М.Т-ын биеийг нь үзээд үзлэгийн тэмдэглэл дээр биеийнх талаар нь бичүүлэхдээ “бие нь үзээд даралт болон бусад зүйл нь зүгээр байна. Ямар ч гэсэн 103 эмч дуудаж үзүүлье, давсаг нь өвдөөд байх шиг байна” гэж хэлээд 103-т дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 58-60/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Бын өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 13 цаг 00 минутаас 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 13 цаг 00 минутын хооронд би Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх, саатуулах байрны жижүүрийн цагдаагаар ажилласан. Хоногийн хугацаанд эрүүлжүүлэхийн эмч Цагдаагийн ахлах дэслэгч Ундрах, жижүүрийн цагдаа Цагдаагийн ахлах ахлагч Ц, дэд ахлагч Э, жолооч ахлагч Б нарын хамт үүрэг гүйцэтгэсэн.

... Тасгийн дарга Д намайг гадаа М.Т байгаа оруулаад ир гэхээр нь би гараад гадаа машинд сууж байсан Цагдаагийн ахлах ахлагч М.Т дээр очих гээд явж байхад ахлах ахлагч Ц араас гарч ирсэн. М.Т хурлын заалны хажууд цагаан өнгийн Приус-30 маркийн машины жолоочийн эсрэг талын суудал дээр суугаад зүүн талын хөлөөрөө хаалга руу жийчихсэн хоёр гараараа хэвлий хэсгээ дарчихсан ярвайчихсан хөлс нь гарчихсан би шээх гэсэн чинь шээж чадахгүй байна ёо ёо гээд ёолоод байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 62/,  

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.О-ий өгсөн:

“...Би 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр албан үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд тухайн өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх саатуулах байранд 1 хүний шээс нь хаагдсан байна гэсэн дуудлагын дагуу би очиход цагийг нь одоо санахгүй байна, М.Т гэгч нь саатуулах байранд байрлах өрөөнд байсан бөгөөд тэрээр хэвлий орчмоор өвдөж байна гэсэн зовиурыг хэлж байсан, мөн хүнд зодуулсан гэж хэлж байсан бөгөөд түүнд эмчийн үзлэг хийхэд амин үзүүлэлтүүд нь хэвийн буюу миний санаж байгаагаар даралт нь 100/70-тай байсан, давсаг орчимд нь тэмтэрэхэд давсаг чинэрсэн байсан тул ктатер тавьж шээсийг нь гадагшлуулсан. Ойролцоогоор 300-400 мл шээс хуримтлагдсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 128-129/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.А-ийн өгсөн:

“...Намайг архиа гарга гээд өрөөнд оруулж суулгасан. Ямар хугацаа өнгөрсний дараа гэдгийг нь мэдэхгүй байна, би байсан өрөөнөөсөө гарахад эрүүлжүүлэх байрны үүдний хэсэгт М.Т дээшээ харчихсан нүүр нь чинэрээд улайчихсан байдалтай хэвтэж байсан, яасан бэ хөгшөөн гэж түүнээс асуухад Д.А ахлах цохьчихлоо гэсэн, би наад хүн чинь зүгээр байсан шүү дээ гэж хэлэхэд манай тасгийн дарга өрөө рүү нь оруул гээд намайг 7 дугаартай камерт оруулсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-н 198-199/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч Энхбаатарын өгсөн:

“...БГД-н Цагдаагийн газрын мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолын дагуу М.Т-ын биед үзлэг хийсэн. Түүний биед хэвлийн битүү гэмтэл, давсагны урагдал гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.12-д зааснаар хүнд зэрэгт хамаарна. Уг гэмтлийг авсан даруйд хэвлийн доод хэсгээр өвдөнө, шээс гарахад бэрхшээлтэй болно, хэрэв шээж гарвал цустай гардаг гэх мэт шинж тэмдэг зовиур илэрдэг. Согтууруулах ундааны зүйл нь ерөнхийдөө өвчнийг бууруулдаг, гэхдээ огт зовиургүй болгоно гэсэн үг биш. Тухайн хүнд өвдөлт зовиур нь эрүүл хүнийхээс арай бага мэдрэгдэнэ гэсэн үг юм. Мохоо зүйлийн 1 удаА-ийн үйлчлэлээр буюу өшиглөх, цохих үед үүсгэгдэнэ. Өөрөөр хэлэх юм бол 1 удаа түүний хэвлий доод хэсэгт өшиглөх болон цохих үед үүснэ. М.Т-ын биед учирсан уг гэмтэл нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой.

ГССҮТөвийн мэс заслын үеийн тэмдэглэлд түүний хэвлийн хөндийд 900 мл орчим цусны хольц бүхий шингэн байсан гэж тэмдэглэгдсэн байсан. Тухайн хэмжээний шингэн ямар цаг хугацаанд бүрэлдэж бий болохыг нарийн тодорхойлох боломжгүй. Давсагны орчимд хүч үйлчилснээр М.Т-ын биед учирсан гэмтлүүд үүссэн байх боломжтой. Хэрвээ 11 цаг 50 минутын орчимд дээрх гэмтлийг авсан бол авсан дуруйд нь түүний хэвлийн доод хэсгээр хүчтэй өвдөж, өвдөлтөөсөө болж албадмал байдалд орох буюу доошоо тонгойх бөхийх байдалд шилждэг юм. Мөн шээж чадахгүй болох зовиур илэрч эхэлдэг.

Бичлэгийг үзлээ. Уг бичлэг дээр тухайн гэмтлийг авсан гэх М.Т нь СD дээрх бичлэг дээр автомашинаас өөрөө бууж ямар нэгэн зовиургүйгээр зогсож байгаа харагдаж байна. Хэрвээ энэ гэмтлийг 11 цаг 50 минутын орчимд авсан бол тухайн цаг хугацаанаас эхлээд түүний биед зовиур илэрсэн байх ёстой учраас 14 цаг 05 минутын үед дээрх байдалтайгаар зогсож чадахгүй. Харин бичлэгээс үзэхэд Цагдаагийн алба хаагч түүнийг цохиж зодсоноос хойш тэрээр албадмал байдалд орсон байна гэж үзэхээр байна. Хэвлийн битүү гэмтэл, давсагны урагдал гэмтэл учирсан үед шээс цустай гардаг тохиолдол түгээмэл байдаг юм. Түүнээс 100% шээс цустай гарна гэсэн ойлголт байхгүй. Катетар тавьж шээсийг гадагшлуулах үед шээс цусгүй гарч болно.

Тухайн гэмтлийг аваад шээх тохиолдолд ихэнхдээ нүдээр харахад цусны хольцтой гардаг, бага зэргийн цус холилдсон тохиолдолд зөвхөн шээсийг микроскоп аппаратаар харах үед л цусны хольцтой нь мэдэгддэг. Мөн тухайн давсагны урагдал нь судас багатай газраар задарч урагдсан бол тэр хэмжээгээрээ цус алдалт багатай байдаг учраас шээс цусгүй гарч болно...” гэх мэдүүлэг /1-р хх-н 74-76, 200-201, 2-р хх-н 33-34/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ... тоот:

1. М.Т-ын биед хэвлийн битүү гэмтэл, давсагны урагдал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаА-ийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн  чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэх дүгнэлт /1-р хх-н 67-68/,

 

- Сиди-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-н 51-52/,

- хохирлын баримтууд /1-р хх-н 120-125/,

- хохирогчийн өвчний түүхийн хуулбар /1-р хх-н 205-213, 2-р хх-н 43-50/,

- эмнэлгийн магадлагааны хуулбар /2-р хх-н 55/,  

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 151/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-н 152/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 154/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.А нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн байрны гадна тус хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч Д.А нь “ажлын цагаар дүрэмт хувцастай согтууруулах ундааны зүйл хэрэглэлээ” гэх шалтгаанаар хороо хариуцсан цагдаа М.Т-ын биед халдан зодож, эрүүл мэндэд нь хэвлийн битүү гэмтэл, давсагны урагдал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Д.А-ын “...Би түүнийг машинаас буухаар нь ямар баяр тохиолдсон юм бэ, ажпын цагаар албаны хувцастай архидан согтуурч байхдаа яадаг юм бэ гэж зэмлэсэн байдлаар хэлээд түүний толгойн хэсэг рүү нь гараараа 2 удаа алгадаж цохисон, тэгээд түүний толгойг нь доош нь дараад 1 удаа өвдөглөсөн, тэрээр газар суусан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч М.Т-ын “...Д.А миний толгойг дараад толгой руу 3-4 удаа гараараа цохисон, намайг бөхийсөн байх үед тэрээр миний хэвлийн хэсэг рүү 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг,  

 

гэрч Ж.Цэрэндэжидийн “...С, М.Т хоёрыг такси бариад гэртээ хүрээд ир би гэр лүү чинь шууд очлоо гэж хэлсэн юм. Тэгээд М.Т-ын гэрийн гадаа хоёр талаасаа уулзахад М.Т гараараа хэвлийгээ дараад явж чадахгүй арай хийж алхаж байсан юм би тэгээд М.Т-аас юу болов гэж асуухад манай Д.А гэж ахлах намайг зодсон гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ү.Т-ы “...М.Т-ыг машинаас буугаад зогсож байх үед нь Д.А зүүн гараараа М.Т-ыг 2 удаа цохисон, дараа нь түүний гэдэс хэсэгт нь цохисон уу эсхүл өшиглөсөн үү ямар ч басан энэ үед нь М.Т эвхрээд тонгойсон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Т.Ундрахын “...М.Т-ыг Б, Ц хоёр талаас нь сугадаж өргөөд эрүүлжүүлэх байранд оруулаад эрүүлжүүлэх байрны сандал дээр суулгатал М.Т нь сандал дээр сууж чадахгүй газар унасан. Тэгээд дээшээ харж хэвтэж, хоёр талруугаа хөлбөрөөд “би үхэх гээд байна. Шээж чадахгүй байна. Намайг битгий зовоогоод байлдаа” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би хэвлийг нь дараад үзтэл хэвлий нь булчингууд чангарсан, эмзэглэлтэй байхаар нь Д даргад хандаж 103-т дуудлага өгөхгүй бол болохгүй, давсаг нь хагарсан байж магадгүй гэж хэлээд 103-т дуудлага өгсөн.

Түргэний 103-н эмч ирж М.Т-ын биеийг нь үзээд катетр буюу гуурсаар давсгийг нь суллахад цээсний өнгө нь улаан, цустай гарч ирсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ц.Цгийн “...А-ийн машин дээр иртэл дотор нь М.Т нь жолоочийн эсрэг талын сандал дээр хойшоо налаад суучихсан, өмднийхөө товчийг тайлаад бага зэрэг доош нь болгоод гэдэс рүүгээ гараа хийчихсэн “үхлээ, би шээж чадахгүй, шээс гарахгүй байна” гээд сууж байхаар нь дарга чамайг оруулаад ир гээд байна. Хамт оръё гэж хэлээд М.Т машинаас буулгахад өөрөө хөлөөрөө явж чадахгүй байхаар нь хоёр талаас нь сугадаж өргөөд эрүүлжүүлэх байр луу өргөөд оруулсан. Тэгээд эрүүлжүүлэх байрны хүлээлгийн өрөөний сандал дээр суулгахад сандал дээр сууж чадахгүй шалан дээр унаад босч чадахгүй хэвтээд “би үхэх гээд байна шүү дээ, эмч дуудаачээ гэж орилж байхад ёс журмын хэлтсээс ирсэн О нь “наад цагдаагаа дээш нь босгож байгаарай юм асууя” гэхээр нь Б бид хоёр М.Т-ын хоёр талаас нь дээш нь өргөөд босгох гэсэн боловч бие нь өвдөөд байгаа бололтой, босч чадахгүй ёолоод тэр байцаагчийн асуултанд нь хариулж чадахгүй байсан.

Ингээд манай эрүүлжүүлэх байрны эмч Ундрах цаад өрөөнөөс гарч ирээд М.Т-ын биеийг нь үзээд үзлэгийн тэмдэглэл дээр биеийнх талаар нь бичүүлэхдээ “бие нь үзээд даралт болон бусад зүйл нь зүгээр байна. Ямар ч гэсэн 103 эмч дуудаж үзүүлье, давсаг нь өвдөөд байх шиг байна” гэж хэлээд 103-т дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.Бын “...М.Т хурлын заалны хажууд цагаан өнгийн Приус-30 маркийн машины жолоочийн эсрэг талын суудал дээр суугаад зүүн талын хөлөөрөө хаалга руу жиичихсэн хоёр гараараа хэвлий хэсгээ дарчихсан ярвайчихсан хөлс нь гарчихсан би шээх гэсэн чинь шээж чадахгүй байна ёо ёо гээд ёолоод байсан...” гэх мэдүүлэг, 

 

гэрч Ч.О-ий “...Би 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр албан үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд тухайн өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх саатуулах байранд 1 хүний шээс нь хаагдсан байна гэсэн дуудлагын дагуу би очиход цагийг нь одоо санахгүй байна, М.Т гэгч нь саатуулах байранд байрлах өрөөнд байсан бөгөөд тэрээр хэвлий орчмоор өвдөж байна гэсэн зовиурыг хэлж байсан, мөн хүнд зодуулсан гэж хэлж байсан бөгөөд түүнд эмчийн үзлэг хийхэд амин үзүүлэлтүүд нь хэвийн буюу миний санаж байгаагаар даралт нь 100/70-тай байсан, давсаг орчимд нь тэмтэрэхэд давсаг чинэрсэн байсан тул ктатер тавьж шээсийг нь гадагшлуулсан. Ойролцоогоор 300-400 мл шээс хуримтлагдсан байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ц.А-ийн “...би байсан өрөөнөөсөө гарахад эрүүлжүүлэх байрны үүдний хэсэгт М.Т дээшээ харчихсан нүүр нь чинэрээд улайчихсан байдалтай хэвтэж байсан, яасан бэ хөгшөөн гэж түүнээс асуухад Д.А ахлах цохьчихлоо гэсэн...” гэх мэдүүлэг,

 

шинжээч Г.Энхбаатарын “...БГД-н Цагдаагийн газрын мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолын дагуу М.Т-ын биед үзлэг хийсэн. Түүний биед хэвлийн битүү гэмтэл, давсагны урагдал гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.12-д зааснаар хүнд зэрэгт хамаарна. Уг гэмтлийг авсан даруйд хэвлийн доод хэсгээр өвдөнө, шээс гарахад бэрхшээлтэй болно, хэрэв шээж гарвал цустай гардаг гэх мэт шинж тэмдэг зовиур илэрдэг. Согтууруулах ундааны зүйл нь ерөнхийдөө өвчнийг бууруулдаг, гэхдээ огт зовиургүй болгоно гэсэн үг биш. Тухайн хүнд өвдөлт зовиур нь эрүүл хүнийхээс арай бага мэдрэгдэнэ гэсэн үг юм. Мохоо зүйлийн 1 удаА-ийн үйлчлэлээр буюу өшиглөх, цохих үед үүсгэгдэнэ. Өөрөөр хэлэх юм бол 1 удаа түүний хэвлий доод хэсэгт өшиглөх болон цохих үед үүснэ. М.Т-ын биед учирсан уг гэмтэл нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой.

ГССҮТөвийн мэс заслын үеийн тэмдэглэлд түүний хэвийн хөндийд 900 мл орчим цусны хольц бүхий шингэн байсан гэж тэмдэглэгдсэн байсан. Тухайн хэмжээний шингэн ямар цаг хугацаанд бүрэлдэж бий болохыг нарийн тодорхойлох боломжгүй. Давсагны орчимд хүч үйлчилснээр М.Т-ын биед учирсан гэмтлүүд үүссэх байх боломжтой. Хэрвээ 11 цаг 50 минутын орчимд дээрх гэмтлийг авсан бол авсан дуруйд нь түүний хэвлийн доод хэсгээр хүчтэй өвдөж, өвдөлтөөсөө болж албадмал байдалд орох буюу доошоо тонгойх бөхийх байдалд шилждэг юм. Мөн шээж чадахгүй болох зовиур илэрч эхэлдэг.

Бичлэгийг үзлээ. Уг бичлэг дээр тухайн гэмтлийг авсан гэх М.Т нь СD дээрх бичлэг дээр автомашинаас өөрөө бууж ямар нэгэн зовиургүйгээр зогсож байгаа харагдаж байна. Хэрвээ энэ гэмтлийг 11 цаг 50 минутын орчимд авсан бол тухайн цаг хугацаанаас эхлээд түүний биед зовиур илэрсэн  байх ёстой учраас 14 цаг 05 минутын үед дээрх байдалтайгаар зогсож чадахгүй. Харин бичлэгээс үзэхэд Цагдаагийн алба хаагч түүнийг цохиж зодсоноос хойш тэрээр албадмал байдалд орсон байна гэж үзэхээр байна. Хэвлийн битүү гэмтэл, давсагны урагдал гэмтэл учирсан үед шээс цустай гардаг тохиолдол түгээмэл байдаг юм. Түүнээс 100% шээс цустай гарна гэсэн ойлголт байхгүй. Катетар тавьж шээсийг гадагшлуулах үед шээс цусгүй гарч болно.

Тухайн гэмтлийг аваад шээх тохиолдолд ихэнхдээ нүдээр харахад цусны хольцтой гардаг, бага зэргийн цус холилдсон тохиолдолд зөвхөн шээсийг микроскоп аппаратаар харах үед л цусны хольцтой нь мэдэгддэг. Мөн тухайн давсагны урагдал нь судас багатай газраар задарч урагдсан бол тэр хэмжээгээрээ цус алдалт багатай байдаг учраас шээс цусгүй гарч болно...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2189 тоот дүгнэлт, Сиди-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хохирлын баримтууд, хохирогчийн өвчний түүхийн хуулбар, эмнэлгийн магадлагааны хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон шинжээч “...Давсаг хэвийн үедээ 15-16 мм зузаан ханатай байдаг. Чинэрээд шээс дүүрсэн үедээ давсагны хана томроод 3 мм зузаантай болсон байдаг. Нимгэрсэн байдал нь гэмтэх магадлалыг ихэсгэдэг. Давсганд байгаа шээс, давсагны хананы үйлчлэлийн хооронд шингэн цалигах үйлчлэл гэдэг ойлголт энэ эрхтэнд хамаарна. Гадны хүч үйлчлэхэд шээс шингэн байгаа учраас цалих үйлчлэл үзүүлэхдээ давсагны хананд даралтыг үүсгэдэг. Гадны хүч үйлчилснээс болж давсаг хагардаг. Давсаг хагарснаар хэвлийн доод хэсгээр, өвдөгний орчмоор хүчтэй өвдөнө. Мөн шээсээ гадагшлуулж чадахгүй байх, цустай шээх шинж тэмдгүүд эхний ээлжид илрэх ёстой...” гэсэн мэдүүлгийг өгч байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан “...хохирогч тухайн үед их согтолттой байсан учир тухайн гэмтлийг хаана авсан эсэхээ мэдэхгүй байх боломжтой гэж үзэж байна. Давсагны гэмтлийн талаар шинжээч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ шээс их хэмжээгээр хуримтлагдахаар давсагны хана нимгэрдэг гэх зүйлийг хэлж байсан. Энэ гэмтэл нь цохиж зодох үйлдлийн улмаас давсаг гэмтэнэ гэсэн үг биш. Хөндлөнгийн өөр хүчин зүйлийн үйлчлэл байгаа эсэхийг дутуу шалгасан гэж үзэж байна. Давсаг гэмтэж болох бусад нөхцөл байдал болон осол гэмтлийн үед авсан байж болзошгүй эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдож байна...” гэх санал гаргасныг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас Д.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.А-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч М.Т-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Шүүх хуралдаанд хохирогч М.Т нь “...2,500,000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгчийн зүгээс 7,000,000 төгрөг өгсөн...” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3 жил хорих ял оногдуулах,  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах тухай саналыг тус тус гаргасан. Шүүхээс шүүгдэгч Д.А-д ял оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 6 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Д овогтой А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Аыг 10,000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Аын торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 6 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.МӨНХ-ЭРДЭНЭ