Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/00204

 

2017 оны 01 сарын 12 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00204

Улаанбаатар хот

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                              

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 13-р хороо, 3-р хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө “БСБ Мегастор” их дэлгүүрийн байранд байрлах “БСБ финанс” банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн С.Отгонжаргал нь БСБ финанс банк бус санхүүгийн байгууллага ХХК-аас 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3452 тоот зээлийн гэрээгээр 929 900 төгрөгийг 3.6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Гэтэл зээлдэгч С.Отгонжаргал нь  зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрэээний хугацаа дуусгавар болсон боловч зээлээ төлөхгүй байгаа. Одоо оршин суугаа хаяг нь тодорхой бус байгаа тул эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

   ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч “БСБ финанс” банк бус санхүүгийн байгууллага ХХК нь С.Отгонжаргалыг  эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

   “БСБ финанс” банк бус санхүүгийн байгууллага ХХК нь С.Отгонжаргалтай 2014 оны 12-р сарын 30-ны өдөр “Барьцаат зээлийн гэрээ “ байгуулж 929 900 төгрөгийг жилийн хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлүүлжээ. 

 

   С.Отгонжаргал нь зээлийн гэрээний төлбөр гаргуулах маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд  Баянзүрх дүүрэг, 9-р хороо, Шархад 60-р гудамж 951 тоотод амьдарч байсан боловч тус хаягтаа амьдардаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хорооны тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

   Нэхэмжлэгч нь түүний оршин сууж байгаа газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.

 

 С.Отгонжаргал нь утас:8980-2266, регистр АЯ84070363, Баянзүрх дүүрэг, 9-р хороо, Шархад 60-р гудамж 951  тоотод амьдарч байсныг дурьдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                    ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогтой Сэдийн Отгонжаргалыг эрэн сурвалжилсугай.

 

            2. С.Отгонжаргалыг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэсээр гүйцэтгүүлсүгэй.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

   4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                                                                                         

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА