| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2019/00044/э |
| Дугаар | 34 |
| Огноо | 2020-03-24 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | У.Анхжаргал |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 34
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч:У.Анхжаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Гандулам,
Шинжээч: Э.Батцэрэн,
Шүүгдэгч: Ш.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Ш.М-д холбогдох 1926004840022 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овгийн Ш.М,
Яллагдагч Ш.М нь 2019 оны 11 дүгээр сарый 18-ны өдрийн 09 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр цэцэрлэгийн урд талын шороон зам дээр улсын дугааргүй, улаан өнгийн Саня маркийн мотоцикльтой, автомашиныг жолоодож явсан Ш.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.10 дахь заалт “Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж, улмаар зам тээврийн осол гаргаж, хохирогч П.Ц-гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ш.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Миний бие 2019 оны 11 дүгээр сард цэцэрлэгт 2 хүүхдээ хүргэж өгөх гэж явж байгаад мотоцикльтой мөргөлдсөн. Миний машиныг мөргөсөн мотоцикль баруун гар талаас ирсэн болохоор энэ осол миний буруутай үйлдлээс болсон гэж тогтоогдсон. Үүнийг би хүлээн зөвшөөрч байна. Би эмнэлгийн тусламж дуудсан. Мөн цагдаа дуудсан. Санамсаргүй болгоомжгүй байдлаас үүссэн хэрэг болохоор хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогчид эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан гэв.
Шинжээч Э.Батцэрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Цагдаагийн дэслэгч Х.С-ын гаргасан ослын актанд Ш.М нь замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлийн 9 дэх заалт уулзвараар зүүн гар тийш буюу буцаж иргэхдээ өөдөөс чигээрээ явж байгаа болон баруун гар тийшээ эргэх гэж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн гэж гарсан. Энэ заалт нь уулзвараас бусад газарт гэж байна. Уулзвар гэдэг нь юуг хэлж байгаа юм бэ? гэхээр замууд нэг түвшинд огтлолцож байгааг хэлээд байгаа юм. Тухайн осол болсон газар уулзвар гэх зүйл байхгүй. Шороон зам дээр ямар нэгэн тэмдэглэгээ байхгүй газарт болсон. Уулзвараас бусад нь шулуун зам дээр явж байгаад туслах зам руу иргэх юм бол өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн ойлголт юм. Ийм учраас энэ ослын актыг үндэслэлгүй гэж үзсэн. гэв.
Хохирогч П.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нөхөр Б-ийн хамт цэцэрлэгийн үүднээс мотоцикльтойгоо хөдөлтөл эгнүүлсэн машины араас тойроод юу юугүй нэг жижиг цагаан тэрэг гараад ирсэн тэгээд мотоциклийн ар хэсгээр миний зүүн хөл рүү мөргөсөн. Би мотоциклийн ард сундалж явсан. Тэр машиныг ирж байхыг хараагүй юу юугүй гэнэт гараад ирсэн. Миний зүүн хөлийн нарийн шилбээр хугарсан. Одоо хоёр суга таягтай явдаг. Жаахан алхаад явах гэхээр хавдаад байгаа. Хөлнөөс өөр гэмтсэн зүйл байхгүй. Эмчилгээнд гарсан зардлыг М бүгдийг нь төлсөн. 6 сарын дараа хадаас авна гэсэн. Тэр үед гарсан зардлыг төлнө гэсэн болохоор одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 14-15 хуудас/,
Гэрч С.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:.... 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө 09 цагийн үед ******* сумын 9 дүгээр цэцэрлэгт хүүхдээ хүргэж өгчихөөд эхнэр Ц-ийн хамт цэцэрлэгийн гаднаас зам руу орох гээд явж байтал машины араас гэнэтхэн хөндлөн нэг цагаан машин гарч ирээд юу юугүй миний мотоциклийн зүүн талын ар хэсэг рүу мөргөсөн. Тухайн үед манай эхнэр Ц ард сундалж явсан болохоор машины буфер, мотоциклийн ачааны завсарт зүүн хөлөө хавчуулаад хөл нь хугарсан. Эмнэлэгт үзүүлэхэд зүүн хөлийн шилбэний яс 2 хугарсан байсан. Тухайн үед цэцэрлэгийн гадаа машинууд их байсан. Миний унаж явсан мотоцикль миний эзэмшлийнх байгаа юм. Миний мотоцикльд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй болохоор би үнэлгээ гаргуулахгүй. /хх-ийн 20-21 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ж.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би хэрэг болох үед Өмнөговь аймгийн ******* суманд ачааны машин барьж байсан болохоор мэдэхгүй байна. ******* улсын дугаартай автомашин миний нэр дээр байдаг. Миний эзэмшлийн автомашин байгаа юм. Эхнэр бид хоёр гэрлээд 4 жил болж байна. Гэрлэлтийн баталгаатай болохоор уг машин бид хоёрын дундын өмчлөлийн машин байгаа юм. Гэр бүлийн дундын өмчлөлийн машин учраас үнэлгээ хийлгэхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Би эхнэртэйгээ танилцаад 7 жил болж байна, 3 хүүхэдтэй том охин Б 15 настай, дунд хүү Ц 4 настай, бага охин С 3 настай. Эхнэр бид хоёр гэрлэлтийн баталгаатай. Манай эхнэр аймгийн Эрүүл мэндийн газарт олон нийттэй харилцах мэргэжилтний ажил хийдэг. Зан аашийн хувьд элдэв уур уцааргүй, тайван дөлгөөхөн хүн байгаа юм. Урьд нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. /хх-ийн 17, 22 хуудас/,
Шинжээч Э.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Х.С-ын гаргасан ослын акт нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 9 дэх заалтыг зөрчсөн үндэслэлгүй гэж үзсэн. Учир нь зам тээврийн осол болсон гэх газар нь шороон гадаргуу дээр, өөд өөдөөсөө мөргөлдсөн биш 90 градусын өнцөг үүсгэж мөргөлдсөн учир Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.10 дахь заалт буюу “Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн гэж дүгнэлт гаргасан. Зам тээврийн осол гарахад дээрх заалтыг зөрсөн жолооч Ш.М нь буруутай гэж дүгнэлт гаргасан. Харин жолооч С.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох А ангиллын эрхийн үнэмлэхгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй замын хөдөлгөөнд оролцсон нь зам тээврийн осол гаргахад нөлөөлөхгүй ба Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.1 а, б, в заалт, 3.7 а заалтыг зөрчсөн байгаа нь зөрчлийн шинжтэй гэж үзэж дүгнэлт гаргасан. /хх-ийн 37-38 хуудас/,
Яллагдагч Ш.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө 09 цагийн үед ******* сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* сумын 9 дүгээр цэцэрлэгт 2 хүүхдээ хүргэж өгөх гээд цэцэрлэгийн урд машинууд дүүрэн тавьчихсан байхаар нь машинуудын араар тойроод орох үед гэнэт мотоцикль гарч ирээд мөргөлдсөн. Тухайн үед миний машинд 3 настай охин С, 4 настай хүү Ц нар хамт явсан. Мотоциклийн жолооч нь эрэгтэй хүн байсан. Ард нь эмэгтэй хүн сундалж явсан. Тэгээд мөргөлдөх үед мотоциклийн ард сууж явсан эмэгтэйн хөл нь хугарсан гээд эмнэлэгт хүргэгдсэн. Би эхлээд түргэн дуудаад дараа нь цагдаад дуудлага өгсөн. автомашин нь манай нөхөр Ж.Т-ын нэр дээр байдаг. Надад болон хүүхдүүдэд ямар нэгэн гэмтэл учраагүй. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. /хх-ийн 18-19, 52 хуудас/,
Техникийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №1 дугаартай дүгнэлтэнд:...автомашины жолооч Ш.М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч Ш.М Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.10 дахь “Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”-г зөрчсөн гэх үндэслэлтэй байна гэжээ. /хх-24/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №580 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Үзүүлэгч П.Ц-гийн биед зүүн хөлийн шаант яс, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 43 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Хөрөнгийн үнэлгээ төслийн “ЛЭНДС” ХХК-ий 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02/29 дугаартай үнэлгээний тайлан, хохирогчийн өвчний түүх /хх-ийн 26-33, 47, 79-97 хуудас/,
Шүүгдэгч Ш.М-ийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн ******* сумын 10 дугаар багийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, жолооны үнэмлэхний хуулбар /хх-ийн 55, хуудас/,
Шүүгдэгч Ш.М-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ш.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.М нь 2019 оны 11 дүгээр сарый 18-ны өглөө 09 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр цэцэрлэгийн урд талын шороон зам дээр автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.10 дахь заалт “Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж, улсын дугааргүй, улаан өнгийн Саня маркийн мотоциклийг мөргөж хохирогч П.Ц-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Ш.М нь 2019 оны 11 дүгээр сарый 18-ны өглөө 09 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр цэцэрлэгийн урд талын шороон зам дээр автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.10 дахь заалт “Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж, улсын дугааргүй, улаан өнгийн Саня маркийн мотоциклийг мөргөж хохирогч П.Ц-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.М-ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч П.Ц-гийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нөхөр Б-ийн хамт цэцэрлэгийн үүднээс мотоцикльтойгоо хөдөлтөл эгнүүлсэн машины араас тойроод юу юугүй нэг жижиг цагаан тэрэг гараад ирсэн. Тэгээд мотоциклийн ар хэсгээр миний зүүн хөл рүү мөргөсөн. Миний зүүн хөлийн нарийн шилбээр хугарсан, гэрч С.Б-ийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө 09 цагийн үед ******* сумын 9 дүгээр цэцэрлэгт хүүхдээ хүргэж өгчихөөд эхнэр Ц-гийн хамт цэцэрлэгийн гаднаас зам руу орох гээд явж байтал машины араас гэнэтхэн хөндлөн нэг цагаан машин гарч ирээд юу юугүй миний мотоциклийн зүүн талын ар хэсэг рүу мөргөсөн. Тухайн үед манай эхнэр Ц ард сундалж явсан болохоор машины буфер, мотоциклийн ачааны завсарт зүүн хөлөө хавчуулаад хөл нь хугарсан, иргэний нэхэмжлэгч Ж.Т-ын автомашин миний нэр дээр байдаг. Миний эзэмшлийн автомашин байгаа юм. Эхнэр бид хоёр гэрлээд 4 жил болж байна. Гэрлэлтийн баталгаатай болохоор уг авто машин бид хоёрын дундын өмчлөлийнх юм. Гэр бүлийн дундын өмчлөлийн машин учраас гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шинжээч Э.Батцэрэнгийн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.10 дахь заалт буюу “Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсний зөрчсөн гэж дүгнэлт гаргасан. Зам тээврийн осол гарахад дээрх заалтыг зөрсөн жолооч Ш.М нь буруутай гэх мэдүүлгүүд, шүүгдэгч Ш.М-ийн үйлдлийн улмаас хохирогч П.Ц-гийн биед гэмтэл учирсан, хохирогч П.Ц-гийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №580 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Техникийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №1 дугаартай дүгнэлт, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02/29 дугаартай үнэлгээний тайлан, хохирогчийн өвчний түүх, шүүгдэгч Ш.М-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Ш.М-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Ш.М-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ш.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ш.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ш.М-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,
Мөн шүүгдэгч Ш.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид эмчилгээний зардалд 710000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, мөн иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Ш.М-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Ш.М-д долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг, мөн шүүгдэгч Ш.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.Ц-д эмчилгээний зардалд 710000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, мөн иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.