Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/00207

 

2017 оны 01 сарын 12 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00207

        Улаанбаатар хот

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

           Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3-р хороо, Чингэсийн өргөн чөлөө, Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлстийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Баянгол дүүргийн 20-р хороо,  ТЭЦ-4-ийн баруун талд байрлах “Ногоон газар” ХХК-д холбогдох 75 028 627 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус хэлтэст харилцагч “Ногоон газар” ХХК нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийн 4-р зүйлийн 15.1, 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтыг зөрчиж 2016 оны 11-р сарын 20-ны өдрийн байдлаар ажиллагсдийнхаа Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 019 085 төгрөг түүнд ноогдох алданги 25 009 54,50 төгрөг нийт 75 028 627, 50 төгрөгийн төлөөгүй өр үүсгээд байна. Дээрхи зөрчлийн улмаас даатгуулагчдад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсний болон ажилгүйдлийн, жирэмсэн амарсний тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүргэнэ. Иймд нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 Монгол улсын засгийн газрын 2014 оны 354 тоот “Дүрэм, журам батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаас батлагдсан “Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм”-ийн 3 дах хэсгийн 3.3.1-ийг үндэслэн 75 028 627 төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэл, алдангийн төлбөрт нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

             Хариуцагч “Ногоон газар” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компани нь манай улсад нүүрлэсэн эдийн засгийн хямралын улмаас харилцагч байгууллагуудаас авах авлагаа авч чадахгүй байгаа ба одоогийн байдлаар санхүүгийн хүндрэлээс болж үйлдвэрлэлээ явуулж чадахгүй байна. Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлстийн нэхэмжилсэн 75 028 627 төгрөгийн өр төлбөртэйг ямар ч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч байна. Иймд хуулийн дагуу уг төлбөрийг төлбөрийн чадамжтай болмогц барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс” нь “Ногоон газар” ХХК-д холбогдуулан 75 028 627  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч “Ногоон газар” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжилсэн 75 028 627  төгрөгийг бүрэн төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч “Ногоон газар” ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч ”Ногоон газар” ХХК-иас 187 510 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.   

 

            3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА