Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 58

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Гандулам,

Улсын яллагч: Ч.Энхжаргал,

Хохирогч: Д.С,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Батсайхан, Б.Энхтуяа,

Шүүгдэгч: Д.А, М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Д.А, ******* овгийн М.Э нарт холбогдох 1826004810287 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/44 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 350 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, ******* овогт Д.А,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг Арвайхээр дэх сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1/159 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 70000 төгрөгрөөр торгох ял шийтгүүлж байсан, ******* овогт М.Э.

 

Шүүгдэгч Д.А, М.Э нар бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн ******* ******* 6 дугаар багийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль орчинд 6826192.38 /зургаан сая найман зуун хорин зургаан мянга нэг зуун ерэн хоёр төгрөг гучин найм мөнгө/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дотор хохирол нөхөн төлөхөөр хохирогчтой тохиролцсон гэв.

 

Шүүгдэгч М.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дотор хохирол нөхөн төлөхөөр хохирогчтой тохиролцсон гэв.

 

Хохирогч Д.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Шүүгдэгч Д.А, М.Э нартай байгаль орчинд учирсан хохирол болон нөхөн сэргээлтийн төлбөр болох 24410383 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, тэмдэглэл үйлдэн нотариатаар батлуулсан. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

 

Хохирогч Д.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...2018 оны 07 дугаар сарын дундуур А нь ******* сумын ******* 6 дугаар багийн ******* суваг гэх газар гэр болон техникээ буулгачихсан байсан. Тухайн газар нь тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар ашигт малтмал олборлох гэж байна гэж удаа дараа албан мэдэгдэл өгч байсан. А тухайн үед өөрөө байсан. 2018 оны 09 дүгээр сарын дундуур албан ажлаар ******* гэх газар явж байхад гэр техник хэрэгслээ Д.А нь буулгаад нүүсэн байсан. Үүнээс хойш анх байсан газраасаа доош Жигжидсүрэн, Д.А, Ө.З нар нь нэг дор уурхайн кэмпээ буулгачихсан А нь тэр хоёроосоо арай зайтай буусан байсан байхаар нь ажиллаж болохгүй, газрыг чөлөөл гэж удаа дараа мэдэгдэл өгч нүүхийг шаардсан. Тухайн үед үйл ажиллагаагаа эхлээгүй, уурхайн гэр техникээ байрлуулсан байсан. Манай сумын байгаль хамгаалагч сүүлд нь шалгалтаар явж байгаад зөрчилийг нь илрүүлж албан бичгээр цагдаагийн газарт гомдол мэдээллийг нь шилжүүлсэн байсан. Би 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ажлаа хүлээлгэн өгсөн. Одоо БОУХБ-н ажлыг хийхгүй байгаа. Би үйл ажиллагаа явуулж байхад нь очоогүй. Байгаль хамгаалагч Л шалгалтаар очиж зөрчлийг илрүүлсэн. Хичнээн техник хэрэгсэлтэй байсныг нь мэдэхгүй байна. Э нь А-тай хамтарч ашигт малтмал олборлосон эсэхийг мэдэхгүй байна. 2018 оны 09 дүгээр сард шалгалтаар ******* гэх газар явж байхад А нь техник хэрэгслээ аваад нүүсэн байсан. Дараа нь байгаль хамгаалагч Х.Л  шалгалтаар явж байгаад А нь ажиллаж байсан гээд гэрэл зургаар баримтжуулан цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байсан. Байгаль орчинд учирсан хохирол, нөхөн сэргээлтийн зардал, усны хохирол зэргийг үнэлгээнд гарсан үнийн дүнгээр нэхэмжилнэ. /хх-ийн 26-27, 182-183 хуудас/,

 

Гэрч Х.Л мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Д.А нь үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл байхгүй. 2018 оны 08 дугаар сарын 21-нд ******* сумын ******* 6 дугаар багт гэрээ буулгачихсан, техникээ татчихсан байсан. Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй болохоор нь мэдэгдэх хуудас өгч нүүлгэсэн. 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс буцаж буугаад 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулсан. Д.А нь экстоватор 1 ширхэг, ковш 2 ширхэг, дизель мотор 1 ширхэг, усан буу 1 ширхэг зэрэг төхөөрөмжтэй байсныг нь зургаар баримтжуулж албан бичигт хавсаргасан. Үйл ажиллагаа явуулж байхад нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр очоод буухыг шаардаж ухсан газар дээр нь очиж гэрэл зургаар авч баримтжуулсан. Ухаж байсан газар нь ямар нэгэн тусгай зөвшөөрөлтэй талбайд орохгүй. Би тухайн үед хэмжилт хийж цэгийг нь авсан. Тэгээд хоёр хоногийн дараа уг газраасаа нүүцгээсэн. Тухайн үйл ажиллагаа явуулж байсан газар нь тусгай зөвшөөрөл байхгүй. Эрүүл газар байсан. Тусгай зөвшөөрөлд хамаарагдахгүй талбай болохоор ямар нэгэн нөхөн сэргээлтийн болон туслан гүйцэтгэх гэрээ байхгүй. /хх-ийн 42-43 хуудас/,

 

Гэрч Ч.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 6 дугаар багийн нутаг дэвсгэр ******* суваг, ******* гэх газрын дундах хиймэл нууртай талбайд Ө.З-тэй хамтран ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж 2018 оны 10 сарын 11-ний өдөр буусан. Намайг анх гарах үед уг газарт Д.А, Д.Д нар ажиллаж байсан. /хх-ийн 28 хуудас/,

 

Гэрч Д.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Д.А нь миний төрсөн ах байгаа юм. Д.А ах өөрийн гэсэн ажилчин байхгүй байсан болохоор харуул маягаар би ирэн очдог байсан. А ах 1 ковш, 1 эксковатор, дизель мотор, усан буу зэрэг техниктэй байсан. Манай ах Хүрэлбаатар нэг удаа өдрөөр очиж байсан. Өөрөөр очиж байгаагүй. Хүрэлбаатар ах одоо Дорнодод л ажиллаж байгаа байх гадуур ажил хийгээд явчихдаг. Цагаан сараар л нэг таардаг. Одоо хаана байгааг нь би мэдэхгүй байна. Өөр хүн байгаагүй. Д.А ах ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй эсэхийг нь мэдэхгүй байна. /хх-ийн 34-35, 184 хуудас/,

 

Гэрч Г.Ш мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 37-22 УН улсын дугаартай техник нь Шунхлай трейдинг ХХК-ний эзэмшлийн техник байгаа юм. 2018 оны 05 дугаар сард Сэлгэ ******* ХХК-аас шилжүүлж байсан. Техник нь манай компанид байгаа болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 36 хуудас/,

 

Гэрч П.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... М.Энь манай нөхөр байгаа юм. Д.А нь манай нөхөртэй хамаатны хүмүүс. Би хэргийн талаар сайн мэдэхгүй. 2018 онд хотод түр амьдарч байсан юм. Манай нөхөр ******* сумын *******өд уурхай ажиллуулдаг байсан юм. Одоо шалгагдаад байгаа асуудлыг би мэдэхгүй байна. Ковшны рам төмөр, усан буу, дизель мотор зэрэг нь манай нөхөр Э-ын эзэмшлийнх. Одоо  ******* сумын 8-р баг Жаргалант хорооллын 37-02 тоот хашаанд байгаа. Уг хашаа нь манай хүүгийн нэр дээр байдаг. Манай нөхөр Э нь архи уудаггүй, тамхи татдаг. Элдэв муу зуршилгүй. Төлөв даруу зантай, үг дуу цөөтэй хүн байгаа юм. Бид хоёр ханилаад 20 жил болж байна. Манай нөхөр урьд нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Цэрэгт яваагүй, дээд боловсролтой хүн байгаа юм. /хх-ийн 185 хуудас/,

 

Яллагдагч Д.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Би 2018 онд Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 6 дугаар багийн нутагт М.Эгэх хүнтэй хамтарч ажиллахаар тохиролцсон. Бид хоёр дундаа 1 эксковатор, 1 ковш, 1 усан буу, 1 дизель мотор зэрэг техниктэй байсан. Эксковатор нь тухайн үед миний эзэмшлийнх байсан. Нөгөө 3 техник нь тоног төхөөрөмж нь М.Э-ын өөрийнх нь эзэмшлийнх байсан. Тухайн газарт би алт олборлоогүй, ганц нэг хоног техникээ хөдөлгөж газар хөндсөн нь үнэн. Э надтай хамт ажиллана гээд тохиролцсон байсан. *******эд буугаад буцах үе хүртлээ 3-4 хоног л газрын хэвлий ухсан. Алт олборлоогүй. Э газрын хэвлий ухахад хамт ажилласан. Э бид хоёрт ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл байгаагүй. Бид хоёрын ажилласан газар хуучин ашиглагдсан хиймэл нууртай талбай байсан. /хх-ийн 97-98 хуудас/,

 

Яллагдагч М.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Би Д.А-тай Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 6 дугаар багийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын олборлолт чиглэлээр хамт ажиллах гэж оролдсон нь үнэн. Тухайн газраас алт олборлож чадаагүй байж байгаад нүүсэн. ******* гэх газарт хуучин үүссэн хиймэл нуурийн эргэн тойронд үүссэн хуучин овоолго шороог 2-3 хоног л ухаж оролдсон. Д.А бид хоёр ямар нэгэн ажилчин байгаагүй. Д.А-ын дүү О хааяа ирдэг байсан. Бид хоёр өөрсдөө техникээ хөдөлгөдөг байсан. Усан буу, дизель мотор, хуучин ковшны рам нь миний эзэмшлийнх. Тухайн үед байсан экскавотор нь А-ын эзэмшлийнх. Одоо байхгүй. Бусад техник нь ******* сумын хойд хороололд хашаанд байгаа. /хх-ийн 199-200 хуудас/,

 

“МОНСЛОВ” ХХК-ий 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18/111 дугаартай албан бичиг бүхий шинжээчийн дүгнэлтэнд:...“Иргэн Д.А нь нийт  4461.2 м2 талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан болох нь 2018.11.17-ны өдрийн хэмжилтээр тогтоогдсон. Уг талбай нь хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна. АМГТГ-ын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 7/7982 тоот албан бичгийг хавсаргав. Иргэн Д.А нь нийт  4461.2м2 талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан болох нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хэмжилтээр тогтоогдсон. Уг талбайн байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг БОАЖ-ын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар баталсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох” аргачлалын дагуу байгаль орчны бүрэлдэхүүн тус бүрээр нь тооцож үзлээ. /Хохирлын нийт хэмжээ 6826192.38 төгрөг/, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3, 5, 5 дахь хэсгийн 1, 2-т зааснаар нөхөн төлүүлэх хохирлын хэмжээг 16733969.79 төгрөгөөр тогтоосон. Өвөрхангай аймгийн ******* сумын нутагт ******* гэх газар иргэн Д.А нь хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх газар нь “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4.3, тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.1-д заасны дагуу Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эхтэй бүрэн давхцалтай байна. БОАЖЯ-ны 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 06б/8355 дугаар бүхий албан тоотыг хавсаргав. /хх-ийн 42-54 хуудас/,

 

“МОНСЛОВ” ХХК-ий 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19/071 дугаартай албан бичиг бүхий шинжээчийн дүгнэлтэнд:... Иргэн Д.А нь нийт  4461.2 м2 талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан болох нь 2018.11.17-ны өдрийн хэмжилтээр тогтоогдсон. Уг талбайд хийгдэх техникийн нөхөн сэргээлтийн зардал нь 7355820.97 төгрөг. Биологийн нөхөн сэргээлтийн ажлын зардал 320603.2 төгрөг. Нийт нөхөн сэргээлтийн зардал 7676414.17 төгрөг байна. /хх-ийн 60-66 хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ төслийн “ЛЭНДС” ХХК-ий 2019 12 дугаар сарын 23-ны өдрийн 12/36 дугаартай үнэлгээний тайлан, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дотор хохирол нөхөн төлөхөөр хохирогчтой тохиролцож нотариатаар батлуулсан тэмдэглэл /хх-ийн 17, 80-85, 91, 195 хуудас/,

 

Шүүгдэгч Д.А-ын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 06-105 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 138 хуудас/,

 

Шүүгдэгч М.Э-ын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн ******* сумын 8 дугаар багийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06/17 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 203, 207, 208 хуудас/,

 

Шүүгдэгч Д.А-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102 хуудас/,

 

Шүүгдэгч М.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 204 хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.А, М.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.А, М.Э нар нь бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн ******* ******* 6 дугаар багийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль орчинд бодит 6826192.38 /зургаан сая найман зуун хорин зургаан мянга нэг зуун ерэн хоёр төгрөг гучин найм мөнгө/ төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Д.А, М.Э нар нь бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн ******* ******* 6 дугаар багийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль орчинд 6826192.38 төгрөгийн бодит хохирол /уг талбайд хийгдэх техникийн нөхөн сэргээлтийн зардал нь 7676414.17 төгрөг, нөхөн төлөх 16733969.79 төгрөг, нийт 24410383.96 төгрөгийн хохирол/ учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А, М.Э нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Д.А, М.Э нар нь зохих журмын дагуу ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл аваагүй, шүүгдэгчийн явуулсан үйл ажиллагааны улмаас байгаль орчинд бодит 6826192.38 төгрөгийн хохирол учирсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.С-гийн 2018 оны 07 дугаар сарын дундуур А нь ******* сумын ******* 6 дугаар багийн ******* суваг гэх газар гэр болон техникээ буулгачихсан байсан. Тухайн газар нь тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар ашигт малтмал олборлох гэж байна гэж удаа дараа албан мэдэгдэл өгч байсан. А тухайн үед өөрөө байсан. 2018 оны 09 дүгээр сарын дундуур албан ажлаар ******* гэх газар явж байхад гэр техник хэрэгслээ Д.А нь буулгаад нүүсэн байсан, гэрч Х.Л-гийн Д.А нь үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл байхгүй. 2018 оны 08 дугаар сарын 21-нд ******* сумын ******* 6 дугаар багт гэрээ буулгачихсан, техникээ татчихсан байсан. Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй болохоор нь мэдэгдэх хуудас өгч нүүлгэсэн, гэрч Ч.Ж-гийн би 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 6 дугаар багийн нутаг дэвсгэр ******* суваг, ******* гэх газрын дундах хиймэл нууртай талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж 2018 оны 10 сарын 11-ний өдөр буусан. Намайг анх гарах үед уг газарт Д.А, Д.Д нар ажиллаж байсан, гэрч Д.О-ын Д.А нь миний төрсөн ах байгаа юм. Д.А ах өөрийн гэсэн ажилчин байхгүй байсан болохоор харуул маягаар би ирэн очдог байсан. А ах 1 ковш, 1 эксковатор, дизель мотор, усан буу зэрэг техниктэй байсан, гэрч Г.Ш-ын 37-22 УН улсын дугаартай техник нь Шунхлай трейдинг ХХК-ний эзэмшлийн техник байгаа юм. 2018 оны 05 дугаар сард Сэлгэ ******* ХХК-аас шилжүүлж байсан. Техник нь манай компанид байгаа болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, гэрч П.О-ын М.Энь манай нөхөр байгаа юм. Д.А нь манай нөхөртэй хамаатны хүмүүс. Би хэргийн талаар сайн мэдэхгүй. 2018 онд хотод түр амьдарч байсан юм. Манай нөхөр ******* сумын *******өд уурхай ажиллуулдаг байсан юм. Одоо шалгагдаад байгаа асуудлыг би мэдэхгүй байна. Ковшны рам төмөр, усан буу, дизель мотор зэрэг нь манай нөхөр Э-ын эзэмшлийнх. Одоо  ******* сумын 8-р баг Жаргалант хорооллын 37-02 тоот хашаанд байгаа гэх мэдүүлгүүд, “МОНСЛОВ” ХХК-ий 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18/111 дугаартай, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19/071 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ төслийн “ЛЭНДС” ХХК-ий 2019 12 дугаар сарын 23-ны өдрийн 12/36 дугаартай үнэлгээний тайлан, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хохирогчтой хохирол төлбөр төлөхөөр тохирсон тухай тэмдэглэл, шүүгдэгч Д.А, М.Э нарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч Д.А, М.Э нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс тэднийг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.А, М.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.А, М.Э нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдлыг тус тус харгалзан үзэж тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Д.А, М.Э нарт тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулах, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажил хийхийг хориглох хязгаарлалт тогтоож,

 

Шүүгдэгч Д.А, М.Э нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч Д.А, М.Э нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хорих ял оногдуулах болохыг, шүүгдэгч Д.А, М.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн, бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, шүүгдэгч нар нь хохирогчид хохирол төлбөр нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурьдаж,

 

Шүүгдэгч Д.А, М.Э нар нь бүлэглэн Өвөрхангай аймгийн ******* ******* 6 дугаар багийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль орчинд 6826192.38 төгрөгийн бодит хохирол учруулсан,

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3, 5, 5 дахь хэсгийн 1, 2-т зааснаар нөхөн төлүүлэх хохирлын хэмжээг 16733969.79 төгрөгөөр тогтоосон, Уг талбайд хийгдэх техникийн нөхөн сэргээлтийн зардал нь 7676414.17 төгрөг, нийт 24410383.96 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан “МОНСЛОВ” ХХК-ий 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18/111 дугаартай, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19/071 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байх тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.А, М.Энараас уг хохирлыг хувь тэнцүүлэн шүүгдэгч Д.Ааас 12205191.5 төгрөг, шүүгдэгч М.Э-аас 12205191.5 төгрөг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж,

 

Шүүгдэгч Д.А, М.Э нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 20.000.000 төгрөгийн үнэ бүхий 37-22 УН улсын дугаартай Daewoo solar 290LC маркийн хуучин экскаватор нь Шунхлай трейдинг ХХК-ий өмчлөлийн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан гэрч Г.Ш, шүүгдэгч Д.А, М.Э нарын мэдүүлгүүд, 01991514 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Хөрөнгийн үнэлгээ төслийн “ЛЭНДС” ХХК-ий 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 12/36 дугаартай үнэлгээний тайлан,

 

Мөн шүүгдэгч Д.А, М.Э нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шороо угаах зориулалттай гар аргаар хийгдсэн усан буу 1 ширхэг, цахилгаан үүсгүүрийн хуучин дизель мотор 1 ширхэг, улсын дугааргүй World маркийн ковш 1 ширхэг зэрэг техник хэрэгслүүд нь М.Э-ын өмчлөлийнх болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан гэрч П.О, шүүгдэгч М.Э-ын мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж хуульчилсан байх тул Шунхлай трейдинг ХХК-ий өмчлөлийн 37-22 УН улсын дугаартай Daewoo solar 290LC маркийн хуучин экскаваторын үнэ 20.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Д.Ааас 10.000.000 төгрөг, шүүгдэгч М.Эаас 10.000.000 төгрөг гаргуулж улсын орлого болгож,

 

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч М.Эын өмчлөлийн шороо угаах зориулалттай гар аргаар хийгдсэн усан буу 1 ширхэг, цахилгаан үүсгүүрийн хуучин дизель мотор 1 ширхэг, улсын дугааргүй World маркийн ковш 1 ширхгийг шүүгдэгч М.Э-аас гарах хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж,

 

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.А, М.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч ******* овгийн Д.А, ******* овгийн М.Э нарыг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч ******* овгийн Д.А, ******* овгийн М.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар шүүгдэгч Д.А, М.Э нарт тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулах, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажил хийхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

 4.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Д.А, М.Э-ыг бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

                                                                                                   

 5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А, М.Э нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг, мөн шүүгдэгч Д.А, М.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн, бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, шүүгдэгч нар нь хохирогчид хохирол төлбөр нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурьдсугай.

 

         6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.А-аас 12205191.5 төгрөг, шүүгдэгч М.Э-аас 12205191.5 төгрөг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

 

         7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Шунхлай трейдинг ХХК-ий өмчлөлийн 37-22 УН улсын дугаартай Daewoo solar 290LC маркийн хуучин экскаваторын үнэ 20.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Д.Ааас 10.000.000 төгрөг, шүүгдэгч М.Эаас 10.000.000 төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

 

        8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч М.Э-ын өмчлөлийн шороо угаах зориулалттай гар аргаар хийгдсэн усан буу 1 ширхэг, цахилгаан үүсгүүрийн хуучин дизель мотор 1 ширхэг, улсын дугааргүй World маркийн ковш 1 ширхгийг хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

         9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А, М.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

         11. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.А, М.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.