Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 74

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: А.Амарсанаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Гандулам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батсайхан,

Шүүгдэгч: Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Д.М-д холбогдох 1926002940013 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овгийн Д.М

Шүүгдэгч Д.М нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 06 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* 7-40 тоотод оршин суух иргэн Л.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль ёсоор нэвтэрсний дараа, түүний эзэмшлийн 11.5 кг ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.012.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Бэхээ ах хөдөө явахдаа гэрийнхээ түлхүүрийг надад үлдээгээд явсан. Би тэгээд ноолуурыг нь авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 1012000 төгрөг өгсөн гэв.

Хохирогч Л.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр манай гэр бүлийнхэн хөдөө байдаг гэрлүүгээ яваад 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ирэхэд манай гэрийн хөлдөөгчинд байсан 11.5 кг ямааны ноолуур хулгайд алдагдсан байсан. Би эхэндээ мэдээгүй. Сүүлд М авсан болохыг мэдсэн. Манайх 2019 оны 06 дугаар сарын 07-ноос 12-ны өдрийн хооронд эзгүй байсан. Би хөдөө явахдаа гэрийнхээ түлхүүрийг М-д үлдээгээд явсан. Өмнө нь ч гэсэн гэрийнхээ түлхүүрийг үлдээдэг байсан. М гэрээр орж гарч эргэж тойрч, гэр цэвэрлэдэг байсан. М нь надтай ах дүү хоёрын хүүхэд байгаа юм. Надад 1012000 төгрөгийн хохирол барагдуулж өгсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. /хх-ийн 20-24 хуудас/,

 

       Гэрч Ш.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… М нь манай нөхрийн хамаатан юм. 2018 оноос 2019 он хүртэл манай хашаанд амьдарч байгаа юм. Бид нар 2019 оны 06 дугаар сарын 07-нд хөдөө байдаг гэр лүүгээ явахдаа хөлдөөгчөө тогноос нь салгаж цэвэрлээд шуудаатай ноолуураа хадгалаад явсан. 2019 оны 06 дугаар сарын 12-нд ирэхэд гэрт байсан 11кг 500 гр ноолуур алга болсон байсан. /хх-ийн 28-29 хуудас/,

 

      Гэрч А.П мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Би Д.М-г  зүс танина. Би мотоциклийн сэлбэгийн дэлгүүртэй юм. Би ноолуур худалдаж авдаг ажлаа хийж байгаад 14 цагаас 16 цагийн хооронд ноолуураа аваад Баянхонгор явах гэж байхад М над ноолуур худалдсан. Би М-ээс 1кг ноолуурыг 85000 төгрөгөөр худалдаж авсан. Зкг 850гр ноолуур худалдаж авсан. Би М-д 2019 оны 06 дугаар сарын 08 нд 327000 төгрөг бэлнээр өгсөн.  М дараа нь надад 06 дугаар сарын 08-ны өдөр 2 кг ноолуур зарсан. Би 170000 төгрөг мөн адил бэлнээр өгсөн. /хх-ийн 29-30 хуудас/,

 

       Гэрч Д.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Д.М-г нэг суманд амьдардаг болохоор танина. 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр би дэлгүүртээ сууж байсан чинь Д.М гаднаас орж ирээд ноолуур авах уу гэсэн. Үнэ нь хэд вэ гэхэд 1 кг нь 85000 төгрөг гэсэн. М 5.3 кг ноолуур надад худалдсан. Би нийт 450000 төгрөгөөр ноолуурыг нь худалдан авсан. Бэлэн 200000 төгрөг өгөөд 55000 төгрөгөнд нь М нэг үнэртэй ус худалдаж авсан. Үлдсэн 195000 төгрөгийг би дансанд нь 06 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн. /хх-ийн 31-32 хуудас/,

 

Яллагдагч Д.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:…Б ах хөдөө  явахдаа гэрийнхээ түлхүүрийг надад үлдээгээд явсан юм. Би явсных нь дараа нь тоононых нь рам онгорхой байхаар нь хаах гээд түлхүүрээр нь цоожийг нь онгойлгож орсон. Тэгээд хөргөгчийг нь онгойлгож үзэхэд дотор нь шуудайтай ноолуур байхаар нь авч гарсан. Тэгээд “Нарлаг” хүнсний дэлгүүрийн эзэн Т-д 5.3 кг ноолуурыг 1 кг-г нь 85000 төгрөгөөр бодож 450000 төгрөгөөр зарахаар болсон. Үүнээс 200000 төгрөгийг нь бэлнээр авч үлдсэн 250000 төгрөгөөс нэг үнэртэй ус тус дэлгүүрээс авч үлдсэн 195000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5549078863 дугаартай дансанд шилжүүлж авсан. Би үлдсэн ноолуурынхаа хагасыг аваад түүхий эд авдаг П дээр очиж жинлүүлэхэд Зкг 850 гр болсон. Би 1 кг-г нь мөн 85000 төгрөгөөр бодож 327000 мянган төгрөг авсан. Би буцаж гэртээ ирээд үлдсэн ноолуурыг аваад буцаж П дээр дахин очиж жинлүүлэхэд 2 кг болсон. Тэгээд 170000 төгрөг бэлнээр авсан. Гэм буруугаа хүлээж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.  Хохиролд 1012000 төгрөг төлсөн. /хх-ийн 63-66 хуудас /,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лендс” ХХК-ий 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 06/50 дугаартай, үнэлгээний тайлан /хх-16-17, 35-36, 60, 114 /,

 

Шүүгдэгч Д.М-гийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №37 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүйн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 70, 71, 72, 73-74 хуудас/,

Шүүгдэгч Д.М-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 хуудас/ зэрэг болно зэрэг болно.                                                             

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 06 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* 7-40 тоотод оршин суух иргэн Л.Б-ын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль ёсоор нэвтэрч, түүний эзэмшлийн 11.5 кг ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.012.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Д.М нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 06 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* 7-40 тоотод оршин суух иргэн Л.Б-ын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль ёсоор нэвтэрч, түүний эзэмшлийн 11.5 кг ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.012.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М-гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Д.М-гийн үйлдлийн улмаас хохирогч Л.Б-ын өмчлөх эрх зөрчигдсөн, хохирогчийн өмчлөлийн эд хөрөнгө нь хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хохирлын хэмжээнд хүрсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.Б-ын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр манай гэр бүлийнхэн хөдөө байдаг гэрлүүгээ яваад 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ирэхэд манай гэрийн хөлдөөгчинд байсан 11.5 кг ямааны ноолуур хулгайд алдагдсан байсан,  гэрч Ш.Н-ийн М нь манай нөхрийн хамаатан юм. 2018 оноос 2019 он хүртэл манай хашаанд амьдарч байгаа юм. Бид нар 2019 оны 06 дугаар сарын 07-нд хөдөө байдаг гэр лүүгээ явахдаа хөлдөөгчөө тогноос нь салгаж цэвэрлээд шуудаатай ноолуураа хадгалаад явсан. 2019 оны 06 дугаар сарын 12-нд ирэхэд гэрт байсан 11кг 500 гр ноолуур алга болсон байсан, гэрч А.П-ын Баянхонгор явах гэж байхад М надад ноолуур худалдсан. Би М-гээс 1кг ноолуурыг 85000 төгрөгөөр худалдаж авсан. Зкг 850гр ноолуур худалдаж авсан, гэрч Д.Т-ын Д.М-г нэг суманд амьдардаг болохоор танина. 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Д.М ноолуур авах уу гэсэн. Үнэ нь хэд вэ гэхэд 1 кг нь 85000 төгрөг гэсэн. М 5.3 кг ноолуур надад худалдсан гэх мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лендс” ХХК-ий 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 06/50 дугаартай, үнэлгээний тайлан, хохирогч Л.Бын Өвөрхангай аймгийн прокурорын газарт гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч Д.М-гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Д.М-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.М-д зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,

Шүүгдэгч Д.М-ийг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн оосортой түлхүүр 1 ширхэг, төмөр цоож 1 ширхгийг устгаж,

Шүүгдэгч Д.М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хорих ял оногдуулах болохыг, шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 1012000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3, 3.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 37.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт Д.М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч Д.М-д зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Д.М-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хорих ял оногдуулах болохыг, мөн шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1012000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн оосортой түлхүүр 1 ширхэг, төмөр цоож 1 ширхгийг устгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.