Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2017/00257

 

2017 оны 01 сарын 18 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00257

 

Улаанбаатар хот

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, Их нарангийн 13-5 тоотод оршин суух, Витафит үйлдвэрт оператор ажилтай, регистр ЙЕ89111912, Бадрах овогтой Очирсүхийн Жадамбын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 4-р хороо, Голден парк хотхоны 103-р байрны 86 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ХЙ81120663, Боржигон овогтой Нэргүйгийн Өлзийтулгат холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Жадамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.                             

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Жадамба шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Үнэгүй.мн сайтад тавьсан зарын дагуу шенгений орны виз гаргуулахаар 2016 оны 11-р сарын 16-ны өдөр Өлзийтулга гэдэг хүнтэй уулзсан. “Голден парк” хотхоны “Голден паб”-д уулзаж гадаад паспорт, 500 000 төгрөг өгсөн. Би мөнгө авсныг гараар нь бичүүлсэн бөгөөд нотариатаар батлуулах гэсэн боловч хууль бус гээд батлаагүй. Би ар гэрийн гачигдлын улмаас явж чадахгүй болж, 2016 оны 12-р сарын 29-ний орой “өгсөн мөнгө, паспортоо  авъя” гэхэд мөнгийг чинь бол өгөхгүй гээд паспортыг өгсөн. Өлзийтулга нь харьцхад хэцүү, хэл амаар доромжилсэн хэцүү хүн байсан. Өлзийтулга нь  хүмүүстэй хамтарч Бээжин явж виз гаргадаг гэж байсан. Иймд Н.Өлзийтулгаас 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

           Хариуцагч Н.Өлзийтулга шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Нэргүй овогтой Өлзийтулга БГД-н 4-р хороо, Голден парк 103-86 тоотод аав Д.Нэргүй болон 2 хүүхдийн хамт оршин сууудаг нь үнэн болно. Нэхэмжлэгч Очирсүх овогтой Жадамба миний нэр төрд халдан хүн гүтгэж, намайг гэмт хэрэгтэн аятай мэдүүлэг өгсөн байна. Би нэр төрөө сэргээлгэхийг хүсч байна. Би паспортыг нь авсан, буцааж өгсөн нь үнэн болно. Мөнгөний асуудлыг би мэдэхгүй, аваагүй. Энэ хэргийг шийдэж миний нэр төрийг сэргээж өгнө үү гэжээ. 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Жадамба нь Н.Өлзийтулгад холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 500 000 төгрөг гаргуулахыг  хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

О.Жадамба нь шенгений орнуудын виз гаргуулахаар Н.Өлзийтулгатай харилцан тохиролцож, 2016 оны 11-р сарын 16-ны өдөр гадаад паспорт, 500 000 төгрөгийн хамт хүлээлгэн өгсөн нь нэхэмжлэгчийн тайлбар, “Нэргүй овогтой Өлзийтулга би Очирсүх овогтой Жадамбын гадаад паспортыг авсан нь үнэн болно. Бас 500 000 ₮ авсан нь үнэн болно” гэсэн 2016.11.16-ны баримтаар /хх 4/ тогтоогдсон байна.

Хариуцагч нь О.Жадамбын “паспортыг буцааж өгсөн”-өө зөвшөөрдөг боловч харин мөнгийг аваагүй, нэр төр гутаасан гэж маргажээ.

 

 Харин “500 000 төгрөг авсан” талаарх баримтаа хариуцагч няцаагүй байх ба Н.Өлзийтулга нь аливаа гадаад улс оронд зорчих визний үйлчилгээ эрхлэх эрхгүй атлаа бусдаас 500 000 төгрөг авч үндэсгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэлээ.

 

Хариуцагч Н.Өлзийтулга нь шүүх хуралдааны мэдэгдлийг 2016 оны 01-р сарын 06-ны өдөр хүлээн авсан боловч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нэргүйн Өлзийтулгаас 500 000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулж  Очирсүхийн Жадамбад олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 600 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээж, хариуцагч Н.Өлзийтулгаас 15 600 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид  олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Р.АЛТАНТУЯА