| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2019/00202/э |
| Дугаар | 87 |
| Огноо | 2020-06-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 23.1.1, |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 87
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Г.Цолмонгэрэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Гандулам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: П.Адъяасүрэн,
Шүүгдэгч: Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Б.Ц-т холбогдох 1926002950268 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овгийн Б.Ц,
Шүүгдэгч Б.Ц нь согтуурсан үедээ 2019 оны 6 дугаар сарын 25-ны орой 23 цагийн минутын орчим Өвөрхангай аймгийн ******* сумын нутагт хууль сахиулагч болох цагдаа Г.Б-ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний хууль ёсны шаардлагыг үл биелүүлж баруун хөл рүү архины шилээр цохиж хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, эсэргүүцэх явцдаа хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг эрхэлж буй ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан баруун хөл рүү архины шилээр цохиж баруун хөлийн шилбэ хэсэгт шарх, баруун хөлийн шилбэ, шагай, тавхай хэсгийн зөөлөн эдийн гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би ******* сумаас орой 20 цагийн үед гарсан. Араас машинтай хүн ирээд урдуур орж ирээд зоссон. Би араас нь очоод мөргөсөн. Машинаасаа гараад ирэхэд цагдаа байсан. Өвөрт архи байсан гаргаж ирээд мотоциклийн ачаа дээр хагалсан. Би шууд цохьсон юм байхгүй. Шил үсрээд хөлийг нь зүссэн байсан. Бид 2 хөлийг нь дараа нь харсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 450000 төгрөг төлсөн гэв.
Хохирогч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 23 цаг 20 минутын үед өөрийн эзэмшлийн Тоёота кровн маркийн авто машинаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад ******* хорооны 11 дүгээр гудамжинд байх “*******” дэлгүүрийн гадна мотоцикпьтой хүн байхаар очсон. Тэгсэн мотоцикльтой хүн хөдлөөд явчихаар нь дохиураараа дохьтол зогсохгүй нилээн ширүүн яваад өгсөн. Тэгэхээр нь би амдаж очоод зогсооход миний машины жолооч талын дугуйны харалдаа мөргөөд зогссон. Би та чинь яагаад зогсохгүй байгаа юм, согтуу юмуу гэсэн чинь би нэгэнт өнгөрсөн, цагдаагийн машин мөргөсөн гээд өврөөсөө шилтэй архи гаргаж ирээд над руу далайгаад цохих гэхээр нь барьж хамгаалсан чинь шилтэй архиа мотоциклийн арын хэсэгт хагалаад миний баруун хөлний шилбэ хэсэгт 1 удаа цохьсон. Миний хөл гишгэж болохгүй мэдээ алдаад байхаар нь гэрэл тусгаж харсан чинь миний өмдний түрий хэсгээр цус нэвтэрсэн байсан. Өмдөө дээшлүүлж үзэхэд шилбэ хэсэгт 2 см орчим хэмжээтэй шил зоогдсон байсан. Миний баруун хөлөнд сумын эмч нар 3 оёдол тавьсан. Би хохирлын үнэлгээтэй танилцсан. Үнэлгээний үнийн дүнтэй санал нийлэхгүй байна. 280000 төгрөгөөр үнэлсэн байсан. Би автомашин засварын газруудтай уулзахад 580000-600000 төгрөгөөр засварлана гэсэн. Намайг албан үүргээ гүйцэтгэх явахад биед халдаж, хэл амаар доромжилж авто машин эвдсэн. Хохиролд 450000 төгрөг авсан. /хх-ийн 12-13, 14-15 хуудас/,
Яллагдагч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Би 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ******* сумын төвд хүнтэй архи уучихаад өөрийнхөө мотоциклийг согтуугаараа унаад хөдөө гэрлүүгээ харих гээд явж байхад араас сумын цагдаа Г.Б машинтай ирээд миний урдуур орж намайг зогс гэж хэлсэн. Би мотоцикльтойгоо зогсох гэж байгаад сумын цагдаагийн машиныг мотоцикльтойгоо мөргөчихсөн. Сумын цагдаа Г.Б согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй. Та согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна гэсэн. Тэгэхээр нь би согтуугаараа түүний өөдөөс маргалдсан. Дараа нь өвөртөө байсан архийг гаргаж ирээд мотоциклийн ачааруу цохиод хагалсан чинь хагархай шил нь Г.Б-ийн хөлийг оносон юм шиг байна лээ. Тухайн үед сумын цагдаа Г.Б бид хоёр л байсан. Би их согтуу байсан болохоор цагдаатай маргалдсан байна лээ. Миний буруу. Миний хагалсан архины шил Г.Б цагдаагийн хөлийг онож хөнгөн гэмтэл учруулсан. /хх-ийн 55-56 хуудас /,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 332 дугаартай дүгнэлтэнд: Үзүүлэгч Г.Б-ийн биед баруун хөлийн шилбэ хэсэгт шарх, баруун хөлийн шилбэ, шагай, тавхай хэсгийн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна./хх- ийн 30 хуудас/
Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Х.Сугаржавын осол дээр тогтоосон актанд:... Өвөрхангай аймаг Гучин сумын Аргуйт 4-р багийн нутаг дэвсгэрт Т.Кроун маркийн 41-09 ӨВА улсын дугаартай автомашины хажуу талаас Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль мөргөсөн гэх газарт 2019 оны 06-р сарын 25-ны өдөр иргэн Б.Ц нь: Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3 7а заалт “тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан гэж үзэж актыг тогтоов. /хх-42/,
Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Х.Түмэнбайлдагчийн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд:... Иргэн Б.Ц нь улсын дугааргүй саарал өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцож Г.Бийн ******* улсын дугаартай кровн маркийн автомашин мөргөсөн үйлдэл нь зам тээврийн осол мөн болно. Мустанг-5 маркийн, улсын дугааргүй, саарал өнгийн мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцсон Б.Ц нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.3. “Зохицуулагч, цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа, автотээврийн болон байгаль орчны хяналтын улсын байцаагч энэ дүрмийн 8.16-д заасны дагуу зогсох дохио өгвөл жолооч тээврийн хэрэгслээ зогсоож, энэ дүрмийн 3.1, 3.2- т заасан бичиг баримт болон шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгсэл, тээж яваа ачаа, бусад зүйлийг зохих журмын дагуу шалгуулна. /Дээр дурдсан эрх бүхий ажилтан тухайн жолоочийн хүсэлтийн дагуу түүнд албаны үнэмлэхээ үзүүлэх үүрэгтэй”-г зөрчсөн үндэслэлтэй байна./ “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэх буюу тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцэж байгаа эсэхийг, мөн шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвараа цагдаагийн эрх бүхий ажилтны шаардлагаар зохих журмын дагуу шалгуулах”,
3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: 3.7. а/ “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж санаатайгаар зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй байна. ******* улсын дугаартай кровн маркийн автомашины жолооч Г.Б нь тухайн тээврийн хэрэгсэлд тохирох ангиллын эрхийн үнэмлэхтэй байна. Харин улсын дугааргүй саарал өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцсон Б.Ц нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна:
а/ “Тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл”, (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй);
б/ “Тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ”,
в/ “Жолоочийн даатгалын баталгаа, тухайн тээврийн хэрэгсэл жолоодох тохирох ангилалтай” тээврийн хэрэгсэл жолоодохыг зөвшөөрсөн заалтыг зөрчсөн байна гэж дүгнэлтийг гаргалаа. /хх-46/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лендс” ХХК-ий 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 06/62 дугаартай үнэлгээний тайлан, хохирогч Г.Б-ийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-03-06, 34-35, 52, 116/,
Хохирогч Г.Б-ийн хувийн хувийн байдлыг тогтоосон Цагдаагийн Ерөнхий газрын дэд даргын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/02 дугаартай тушаал, иргэний үнэмлэхний хуулбар, цагдаагийн үнэмлэхний хуулбар, Монгол улсын Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын хуулбар, 1037309 дугаартай жолооны үнэмлэхний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 18-23 хуудас/
Шүүгдэгч Б.Ц-ын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн, 134 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, /хх-ийн 60-61 хуудас/,
Шүүгдэгч Б.Ц-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Ц-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ц нь согтуурсан үедээ 2019 оны 6 дугаар сарын 25-ны орой 23 цагийн минутын орчим Өвөрхангай аймгийн ******* сумын нутагт хууль сахиулагч болох цагдаа Г.Б-ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний хууль ёсны шаардлагыг үл биелүүлж баруун хөл рүү архины шилээр цохиж хүч хэрэглэж эсэргүүцсэн,
Мөн эсэргүүцэх явцдаа хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг эрхэлж буй ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан баруун хөл рүү архины шилээр цохиж баруун хөлийн шилбэ хэсэгт шарх, баруун хөлийн шилбэ, шагай, тавхай хэсгийн зөөлөн эдийн гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.Ц нь согтуурсан үедээ 2019 оны 6 дугаар сарын 25-ны орой 23 цагийн минутын орчим Өвөрхангай аймгийн ******* сумын нутагт хууль сахиулагч болох цагдаа Г.Б-ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний хууль ёсны шаардлагыг үл биелүүлж баруун хөл рүү архины шилээр цохиж хүч хэрэглэж эсэргүүцсэн, эсэргүүцэх явцдаа хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг эрхэлж буй ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан баруун хөл рүү архины шилээр цохиж баруун хөлийн шилбэ хэсэгт шарх, баруун хөлийн шилбэ, шагай, тавхай хэсгийн зөөлөн эдийн гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Бийн “*******” дэлгүүрийн гадна мотоцикпьтой хүн байхаар очсон. Тэгсэн мотоцикльтой хүн хөдлөөд явчихаар нь дохиураараа дохьтол зогсохгүй нилээн ширүүн яваад өгсөн. Тэгэхээр нь би амдаж очоод зогсооход миний машины жолооч талын дугуйны харалдаа мөргөөд зогссон. Би та чинь яагаад зогсохгүй байгаа юм, согтуу юмуу гэсэн чинь би нэгэнт өнгөрсөн, цагдаагийн машин мөргөсөн гээд өврөөсөө шилтэй архи гаргаж ирээд над руу далайгаад цохих гэхээр барьж хамгаалсан чинь шилтэй архиа мотоциклийн арын хэсэгт хагалаад миний баруун хөлний шилбэ хэсэгт 1 удаа цохьсон. Миний хөл гишгэж болохгүй мэдээ алдаад байхаар нь гэрэл тусгаж харсан чинь миний өмдний түрий хэсгээр цус нэвтэрсэн байсан. Өмдөө дээшлүүлж үзэхэд шилбэ хэсэгт 2 см орчим хэмжээтэй шил зоогдсон байсан. Миний баруун хөлөнд сумын эмч нар 3 оёдол тавьсан гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Ц-ын үйлдлийн улмаас хохирогч Г.Бийн биед гэмтэл учирсан, хохирогч Г.Б-ийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 332 дугаартай дүгнэлтэнд, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Х.Сугаржавын осол дээр тогтоосон акт, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Х.Түмэнбайлдагчийн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лендс” ХХК-ий 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 06/62 дугаартай үнэлгээний тайлан, хохирогч Г.Бийн шүүхэд гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч Б.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Б.Ц-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Б.Ц-ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эрхэлж буй ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрт нь буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Ц нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Ц-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3200 /гурван мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3200000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ын хөрөнгө, бусад орлого олох боломжийг нь харгалзан түүнд оногдуулсан 3200 /гурван мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3200000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Шүүгдэгч Б.Ц-т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн Б.Ц-ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эрхэлж буй ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрт нь буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн Б.Цыг хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хүнд ял болох хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг гурван сая хоёр зуун мянган төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-т оногдуулсан гурван сая хоёр зуун мянган төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.