Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 92

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Г.Цолмонгэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Гандулам,

Шүүгдэгч: Г.Х, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн Г.Х-д холбогдох 1726001070118 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                                                                                 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял шийтгүүлж байсан, ******* овгийн Г.Х,

 

Шүүгдэгч ******* овгийн Г.Х нь согтуурсан үедээ 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 9 дүгээр баг 26-17 тоотод оршин суух иргэн О.Ө-ын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч бага хэмжээнээс дээш буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Х шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

Хохирогч О.Ө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 20 цаг 10 минутын үед Өвөрхангай аймгийн ******* сумын 9 дүгээр баг 26-17 тоот хашааны гадна байсан улаан өнгийн мустанг-5 маркийн мотоциклио хулгайд алдсан. Дүүрэн шахуу бензинтэй байсан. Тэр өдөр 20 цагийн үед тэр хашааны Энхчимэг гэх эмэгтэй ажлаасаа тараад ирэхэд нь миний мотоцикль хашааны гадна байсан гэсэн.  Тэрнээс хойш удалгүй 10 минутын дараа гарч үзэхэд миний мотоцикль байхгүй байсан. 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мотоциклио бүрэн бүтэн хүлээж авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. /хх-ийн 21-22, 24-25 хуудас/,

Гэрч Г.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн орчим ******* сумын 9 дүгээр баг 26-17 тоотод байх гэртээ харьсан. Тэр үед манай хашааны гадаа 2 мотоцикль зогсож байсан. Намайг гэртээ ороход Ө ах хоол идэж байсан. Тэгээд дуусаад гэрээс гараад хашааны гадаа байсан мотоциклио үзэхэд байхгүй болсон байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Би сайн мэдэхгүй. Намайг машинаа унаад хашааны гадаа ирэхэд гадаа 2 мотоцикль зогсож байсан. Яг ямар мотоцикль байсныг мэдэхгүй. /хх-ийн 26 хуудас/,

Гэрч О.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2017 оны 10 дугаар сарын 03-ны 09 цагийн орчим ******* сумын 9 дүгээр баг 26-17 тоотод хашаа барих гээд Ө ахтай хамт очсон. Тэнд бид хашаа барьж байхдаа 2 мотоциклио хашааны гадаа тавьсан. Орой 20 цагийн орчим хашаа барьж дуусгаад хоол идэх гээд гэр рүү орсон хойгуур Ө ахын мотоцикль алга болсон байсан. Улаан өнгөтэй, Мустанг-5 маркийн мотоцикль байсан. /хх-ийн 27 хуудас/,

 Гэрч Ч.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2017 оны 10 дугаар сарын 03-ны 20 цагийн орчим ******* сумын 9 дүгээр баг 2-9 тоот гэртээ ганцаараа харьсан. Тэр үед манай гэрт хүн байхгүй байсан. Гэртээ ороод буцаад гарахад хашааны буланд Б, Х нар хамтдаа байж байсан. Тэр хоёртой хамт гэртээ ороод Б, Х 2 нэг шил, Нутгийн буян нэртэй архи авсан байсныг гэрт ороод  хамт уусан. Б, Х-г явъя гээд хоргоож байгаад аваад гарсан. Тэгээд би хашааныхаа зүүн талын хаалгаар гараад гудамжны хойд талын булан тойроход мотоциклийн стачер дуугараад байхаар нь хойд гудамжны үзүүр хэсэг рүү харахад Б, Х2 хамтдаа мотоцикль унаад явсан. /хх-ийн 28-29 хуудас/,

 

      Гэрч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2017 оны 10 дугаар 03-ны өдөр 18 цагийн үед цагдаа дээр бүртгүүлээд талбай дээр байж байгаад ******* сумын 9 дүгээр баг руу айлд очих гээд явсан. Тэгж явж байгаад Х-тэй Сод засварын арын ар талын гудамжинд улаан өнгийн, мустанг-5 маркийн мотоцикль уначихсан явж байхад нь таарсан. Тэр үед Х жаахан согтуу байсан. Би нэг шил архи хүнсний дэлгүүрээс аваад овоон дээр гарч уух гэж байгаад болиод Хгийн хадам гэх айлд очоод архиа хувааж уусан. Х-гийн хадмынд хүн байхгүй гэр нь онгорхой байхаар нь гэрт нь ороод архиа хувааж уусан. Тэндээс гараад Х нөгөө мотоциклио унаад явж байгаад цагдаатай таарсан. Хулгайн эд зүйл гэж би мэдээгүй. Х надад тэр талаар хэлээгүй. /хх-ийн 30-31 хуудас/,

 

Яллагдагч Г.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хэрэгт шалгагдаж байх хугацаандаа цагдаа дээр орой бүртгүүлчихээд ******* сумын 09 дүгээр баг руу хадмынх руугаа явж байгаад 09 дүгээр баг 27 дугаар гудамжинд айлын гадаа улаан өнгийн, улбар шар өнгийн 2 мотоцикль байхаар нь 08-02 ӨВЗ улсын дугаартай улаан өнгийн мустанг-5 маркийн мотоциклийг хянах самбарын утсыг нь таслаад унаад явсан. Шууд найз охин Д-ийнд очсон. Тэндээс гараад хулгайлсан мотоциклио унаад гудамжинд явж байгаад цагдаад баригдсан. /хх-ийн 64-65 хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээ төслийн Лендс ХХК-ий 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №10-08 дугаартай үнэлгээний тайлан, хохирогч О.Өын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн прокурорын газарт гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-ийн 15-18, 19, 59, 216   хуудас/,

 

Шүүгдэгч Г.Х-гийн хувийн байдлыг тогтоосон оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69-70 хуудас/,

 

Шүүгдэгч Г.Х-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84 хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* овгийн Г.Х нь согтуурсан үедээ 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 9 дүгээр баг 26-17 тоотод оршин суух иргэн О.Ө-ын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 500000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч ******* овгийн Г.Х нь согтуурсан үедээ 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 20 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 9 дүгээр баг 26-17 тоотод оршин суух иргэн О.Ө-ын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 500000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Хгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Ө-ын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 20 цаг 10 минутын үед Өвөрхангай аймгийн ******* сумын 9 дүгээр баг 26-17 тоот хашааны гадна байсан улаан өнгийн мустанг-5 маркийн мотоциклио хулгайд алдсан. Одоо мотоциклио буцаан авсан. Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, гэрч Г.Э-ийн Би 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн орчим ******* сумын 9 дүгээр баг 26-17 тоотод байх гэртээ харьсан. Тэр үед манай хашааны гадаа 2 мотоцикль зогсож байсан. Намайг гэртээ ороход Ө ах хоол идэж байсан. Тэгээд дуусаад гэрээс гараад хашааны гадаа байсан мотоциклио үзэхэд байхгүй болсон байсан,  гэрч О.А-ийн би 2017 оны 10 дугаар сарын 03-ны 09 цагийн орчим ******* сумын 9 дүгээр баг 26-17 тоотод хашаа барих гээд Ө ахтай хамт очсон. Тэнд бид хашаа барьж байхдаа 2 мотоциклио хашааны гадаа тавьсан. Орой 20 цагийн орчим хашаа барьж дуусгаад хоол идэх гээд гэр рүү орсон хойгуур Ө ахын мотоцикль алга болсон байсан, Б, Х-г явъя гээд хоргоож байгаад аваад гарсан. Тэгээд би хашааныхаа зүүн талын хаалгаар гартал мотоцикль дуугараад байхаар нь хойд гудамжны үзүүр хэсэг рүү харахад Б, Х 2 хамтдаа мотоцикль унаад явсан, гэрч Ц.Б-ын Х-тэй Сод засварын арын ар талын гудамжинд улаан өнгийн, мустанг-5 маркийн мотоцикль уначихсан явж байхад нь таарсан. Тэгээд Х-гийн хадмынд хүн байхгүй гэр нь онгорхой байхаар нь гэрт нь ороод архиа хувааж уусан. Тэндээс гараад Х нөгөө мотоциклио унаад явж байгаад цагдаатай таарсан гэх мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээ төслийн Лендс ХХК-ий 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №10-08 дугаартай үнэлгээний тайлан, хохирогч О.Ө-ын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн прокурорын газарт гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, мотоциклио буцаан авсан гэсэн хүсэлт, шүүгдэгч Г.Х-гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч Г.Х-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг, мөн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон прокурортой ял тохиролцсон зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Г.Х-д тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,

 

Шүүгдэгч Г.Х-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч Г.Х нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хорих ял оногдуулах болохыг мэдэгдэж,  

 

Мөн шүүгдэгч Г.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь мотоциклио буцаан авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овгийн Г.Х-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Г.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Х-д тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Г.Х-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Г.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид мотоциклийг нь буцаан өгсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.