Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 96

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: А.Амарсанаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Гандулам,

Шүүгдэгч: П.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн П.Д холбогдох 2026000000103 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                                                                                 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овгийн П.Д,

 

            Холбогдсон хэргийн талаар

 

Яллагдагч П.Д нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Молор нэртэй хүнсний дэлгүүрийн гадна иргэн Ч.О-ыг зодсоны улмаас баруун чамархай, баруун хацрын төвгөр, баруун хөлийн шилбэ хэсэгт зулгаралт, баруун бугалга, цээж, баруун шуу хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч П.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

     Хохирогч Ч.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 16-17 цагийн орчимд Молор дэлгүүрийн гадаа С, Дамбаа нартай байж байсан чинь 2 дугаар багийн дарга Д мотоцикльтой ирээд намайг түлхэж унагаагаад толгой цээжний хэсэгт 2-3 удаа өшиглөсөн. Тухайн үед би архи уучихсан байсан болохоор бүгдийг нь сайн санахгүй байгаа. Тэгээд би өчигдөр Д руу залгаад яагаад намайг зодож байгаа юм гэж асуусан чинь би зодоогүй гээд байхаар нь манай эхнэр гомдол гаргасан байсан. Баруун талын шанаа чамархайн хэсгээс эрүү хүртэл зулгарч урагдсан цээжний хэсэгт хөхөрсөн, толгой их өвдөөд байгаа. Надтай хамт явсан С Д-ийг дуудсан чинь та нар яахаараа намайг дуудаж байдаг юм гээд намайг зодсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. /хх-ийн 10-11 хуудас/,

 

 Гэрч Д.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 21 цагийн үед гэртээ ирсэн чинь манай нөхөр хүнд зодуулсан байдалтай нүүр нь цус болчихсон хэвтэж байсан. Яасан юм гэж асуусан чинь Д-д зодуулчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгээд би ЭМТ-ийн эрхлэгч эмч Долгорсүрэнг дуудаж үзүүлтэл даралт нь хэвийн байна гээд, чичирээд байсан болохоор тариа хийгээд нүүрийн цэвэрлэж өгчихөөд явсан. Би Д руу утсаар ярьсан чинь  зодоогүй мотоциклиос намайг татаж унагаах гэж байгаад өөрөө харуулдаг уначихсан гэж хэлсэн. Манай нөхрийн баруун талын шанаа зулгарч урагдсан, цээжний хэсэгт хөхөрсөн байсан. Мөн толгой нь их өвдөөд байгаа. /хх-ийн 8-9 хуудас/,

 

Гэрч С.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...  Тухайн өдөр би О, С нарын хамт архи уусан. Тэгээд Молор дэлгүүрийн үүдэнд 1 шил архи уух санаатай байж байсан чинь Д мотоцикльтой явж байхаар нь С дуудсан чинь Д хүрээд ирсэн. О Д хоёр юунаас болж маргалдсаныг нь би мэдэхгүй. Нэг харсан чинь маргалдаж байсан. Салгах гэсэн боловч маргалдаад нэг рүүгээ дайраад байсан. Тухайн үед би их согтуу байсан болохоор юу болсныг нь сайн мэдэхгүй байна. Д О-ыг зодсон юм шиг байна лээ. /хх-ийн 12-13 хуудас/,

 

Гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нар жаргах гэж байхад дэлгүүр орох гээд явж байтал О ахтай таарсан. Тухайн үед О ах архи уусан нилээн согтуу байсан. Д ах бид гурав Молор хүнсний дэлгүүрийн үүдэнд зогсож байтал хойд талын замаар Д явж байсан. Тэгээд би Д-иос юм асуух гээд дуудтал хүрээд ирсэн. Тэгтэл О ах Д-той унаж байгаа харагдсан. Тэгээд Д-ийг салгаж явуулсан. /хх-ийн 16-17 хуудас/,

             

 Яллагдагч П.Д мөрдөн байцаалтын шатан мэдүүлэхдээ:... Би 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өглөө 10 цагийн орчимд уурын зуух орж төмөр улайсгаж цагираг хийх ажлаар явж байсан чинь О, С хоёр дуудаад байсан. Тэгэхээр нь би очоогүй. 12 цагийн орчимд Тамгын газар орж мэдээ өгчихөөд Б-ынд очиж тооны машин авах гээд явж байсан чинь Өлзийт дэлгүүрийн хажуу талд согтуу явган явж байгаад мөн л дуудаад байсан тэгэхээр нь очилгүй яваад өгсөн. Тэгээд би гэртээ байж байгаад 18 цагийн орчимд уурын зуух орох ажлаар явж байсан чинь Молор дэлгүүрийн үүдэнд Д, С, О гурав зогсож байгаад намайг дуудаад очсон. Тэгтэл О ирээд мотоциклиос барьж аваад хэрүүл гуйгаад явуулахгүй байсан. Мөн гараа далайгаад цохих гээд байсан. Тэгэхээр нь би мотоциклиосоо бууж ирээд баруун гараараа нэг удаа алгадсан чинь уначихсан. Тэгэхээр нь өшиглөөд тэгээд мотоцикль дээрээ мордох гэсэн чинь хойноос зуураад байсан. Тэгэхээр нь эргэж хараад түлхсэн чинь мотоциклийн хойд талд өнхөрөөд унасан. Тэгэхээр нь би зүүн талын мөрний хэсэгт 2 удаа өшиглөчихөөд мотоциклио аваад явсан тухайн үед миний мотоцикль О-ын дээрээс унасан байсан тэгээд би явсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчтой эвлэрсэн. /хх-ийн 37-39 хуудас/,

 

Шинжээч Э.Хүрэлсүх мөрдөн байцаалтын шатан мэдүүлэхдээ:...Ч.О-ын биед 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор үзлэг хийсэн. Үзлэгээр баруун чамархай баруун хацрын төвгөр, баруун шилбэ хэсэгт зулгаралт, баруун шуу хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдсон. Ч.О нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр бусдад зодуулсан гэх бөгөөд тухайн зулгаралт цус хуралтын өнгө, эдгэрэлтийн байдал, тав тогтсон, тав нь унасан байдлууд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь хүний биеийн 1 хувь буюу тухайн хүний гарын алганаас илүү хэмжээтэй үүссэн. Энэ нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 31-32 хуудас/,

           Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №179 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:...Үзүүлэгч Ч.О-ын биед баруун чамархай, баруун хацрын төвгөр, баруун хөлийн шилбэ хэсэгт зулгаралт, баруун бугалга, цээж, баруун шуу хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-н 31-32 хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, дуу бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ч.О-ын Өвөрхангай аймгийн Прокурорын газарт гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-ийн 34, 75, 45-46 хуудас/,

 

Шүүгдэгч П.Д-ийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1/45 дугаартай, 2020 оны 06 дугаарсарын 02-ны өдрийн 1/59 дугаартай тодорхойлолтууд, иргэний үнэмлэхийн хуулбар, дунд боловсролын үнэмлэхний хуулбар /хх-ийн 47, 50, 70 хуудас/,

 

Шүүгдэгч П.Д-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч П.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Д нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Молор нэртэй хүнсний дэлгүүрийн гадна иргэн Ч.О-ыг зодсоны улмаас баруун чамархай, баруун хацрын төвгөр, баруун хөлийн шилбэ хэсэгт зулгаралт, баруун бугалга, цээж, баруун шуу хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

            Шүүгдэгч П.Д нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Молор нэртэй хүнсний дэлгүүрийн гадна иргэн Ч.О-ыг зодсоны улмаас баруун чамархай, баруун хацрын төвгөр, баруун хөлийн шилбэ хэсэгт зулгаралт, баруун бугалга, цээж, баруун шуу хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Д-ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч П.Д-ийн үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ч.О-ын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 16-17 цагийн орчимд Молор дэлгүүрийн гадаа С, Д нартай байж байсан чинь 2 дугаар багийн дарга Д мотоцикльтой ирээд намайг түлхэж унагаагаад толгой цээжний хэсэгт 2-3 удаа өшиглөсөн, гэрч Д.Ж-гийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 21 цагийн үед гэртээ ирсэн чинь манай нөхөр хүнд зодуулсан байдалтай нүүр нь цус болчихсон хэвтэж байсан. Яасан юм гэж асуусан чинь Д-д зодуулчих шиг боллоо гэж хэлсэн, гэрч С.Д-ын О Д хоёр юунаас болж маргалдсаныг нь би мэдэхгүй. Нэг харсан чинь маргалдаж байсан. Салгах гэсэн боловч маргалдаад нэг рүүгээ дайраад байсан. Тухайн үед би их согтуу байсан болохоор юу болсныг нь сайн мэдэхгүй байна. Д О-ыг зодсон юм шиг байна лээ, гэрч Б.С-ын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр О, Д ах бид гурав Молор хүнсний дэлгүүрийн үүдэнд зогсож байтал хойд талын замаар Д явж байсан. Тэгээд би Д-иос юм асуух гээд дуудтал хүрээд ирсэн. Тэгтэл О ах Д-той унаж байгаа харагдсан гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №179 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч Э.Хүрэлсүхийн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, дуу бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ч.О-ын Өвөрхангай аймгийн Прокурорын газарт гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч П.Д-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн.

 

Шүүгдэгч П.Д-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч П.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгч нь прокурортой ял тохиролцсон зэргийг тус тус харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч П.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч П.Д-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүгдэгч П.Д нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч П.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхгийг хэргийн  хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овгийн П.Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч П.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхгийг хэргийн  хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.