Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 337

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийж, “Б Х Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Сонгон шалгаруулалтын холбогдох хууль журмаа зөрчиж гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр / “С Б Н” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн/-ийн 628 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах,

Сонгон шалгаруулалтад оролцон хамгийн өндөр үнэлгээ авсан дараагийн оролцогч болох “Б Х Х” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтстийн даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, гуравдагч этгээд “С Б Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, түүний өмгөөлөгч З.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б Х Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал И.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.“Ашигт малтмал, газрын тосны газар нь Ашигт малтмалын тухай хууль болон Засгийн газрын 2017 оны 37 дугаар тогтоол, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны А/129 дүгээр тушаалаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 1 дүгээр зүйлийн 1.6-т “Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсхүл хууль бус олборлолтонд өртсөн талбайтай сонгон шалгаруулалтын талбай нь давхцаж байвал тухайн орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион явуулж болно” гэж заасныг үндэслэн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт 3924,54 га бүхий “Чулуут” нэртэй СШ-21-1 кодтой талбайд явуулсан сонгон шалгаруулалт 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр болсон.

Энэхүү сонгон шалгаруулалтад манай компани оролцсон бөгөөд Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хууль, дүрэм, журмын дагуу геологи эрэл хайгуулын ажил гүйцэтгэхээр саналаа хүргүүлсэн.

Сонгон шалгаруулалтад “Ө б у” ХХК, “С р” ХХК, “Х х а” ХХК-иуд манай компанитай хамт сонгон шалгаруулалтын үнийн саналыг зарласан хугацаанд нь ирүүлсэн байдаг. Тодруулбал “Х х а” ХХК нь хамгийн сүүлд буюу 17:00 цагийн орчим бүртгүүлсэн. Сонгон шалгаруулалтын журмын дагуу тогтоосон хугацаа /17:00/ цаг дуусахад сонгон шалгаруулалтын комисс журналыг хааж Кадастрын хэлтсийн дарга Д.М, ахлах мэргэжилтэн О.Б нар гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.

Гэвч сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан ажлын хэсэг санал авах эцсийн хугацаа дууссанаас 4 хоногийн дараа 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хуралдан “С Б Н” ХХК-ийн саналыг хүлээн авч, сонгон шалгаруулалтад оруулахаар шийдвэрлэсэн байсан. Энэ үйлдэл нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дугаартай тушаалаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 5 дугаар зүйлийн 5.9, 5.13 дахь заалтуудыг илтэд зөрчсөн хууль бус үйл ажиллагаа болсон.

“С Б Н” ХХК нийтэд зарласан хугацааг хожимдуулан хууль, дүрэм, журмыг илтэд зөрчсөн байхад түүнд бусдаас илт давуу байдлыг олгон сонгон шалгаруулалтад оролцуулж, улмаар XV-020950 дугаартай тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн нь Үндсэн  хууль болон Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн үйл явдал бөгөөд Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журамд заасан шударга, ил тод, олон нийтийн хяналтын дор явуулна гэсэн зарчмыг илтэд зөрчсөн хууль бус үйл ажиллагаа болсон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгох бүрэн үндэслэлтэй байна.

2. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 628 дугаар шийдвэрийн / С Б Н ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн/-ийг шүүхээс хүчингүй болгох тохиолдолд Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 11 дүгээр зүйлийн 11.3-д “Сонгон шалгаруулалтад шалгарсан бөгөөд энэхүү журмын 10.4-д заасан мөнгөн дүнг байршуулсан оролцогч тусгай зөвшөөрөл авахаас татгалзаж буйгаа бичгээр мэдэгдсэн эсхүл тухайн сонгон шалгаруулалтад шалгарсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тухай шүүхийн шийдвэр гарсан бол төрийн захиргааны байгууллага хамгийн өндөр үнэлгээ авсан дараагийн оролцогчид тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу дараагийн оролцогчид тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг гаргах хууль зүйн үндэслэл бүрдэнэ.

Харин сонгон шалгаруулалтад оролцсон оролцогчийн үнэлгээний нэгдсэн дүнгээр манай компани 74.5 оноотойгоор удаах байранд шалгарсан байгаа нь гомдол, нэхэмжлэл, шаардлага гаргах хууль зүйн үндэслэлтэй байна.

3. Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 13 дугаар зүйлийн 13.1-д “Сонгон шалгаруулалтанд оролцогч нь сонгон шалгаруулалтын явцад өөрийнх нь эрх, ашиг нь хөндөгдсөн гэж үзвэл Төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргана” гэж заасны дагуу сонгон шалгаруулалтын хууль бус үйл ажиллагааны талаар 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1/14 дугаартай албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд албан ёсоор гаргасан. Манай компаний гаргасан гомдолд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд ямар ч хариу өгөөгүй. Хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй нь захиргааны акт гаргахаас татгалзсан, эсхүл хууль тогтоомжид заасан үйл ажиллагааг хийхгүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан шийдвэрийг гаргах үндэслэлийг бүрдүүлсэн эс үйлдэхүй гэж үзэж болохоор байна.

Иймд “Сонгон шалгаруулалтын холбогдох хууль журмаа зөрчиж гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр / “С Б Н” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн/-ийн 628 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах,

Сонгон шалгаруулалтад оролцон хамгийн өндөр үнэлгээ авсан дараагийн оролцогч болох “Б Х Х” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гаргасан нэмэлт тайлбартаа:

“... Ашигт малтмал, газрын газрын цахим хуудсанд СШ-21-1 кодтай талбайд зарласан сонгон шалгаруулалтын үнийн санал нээх хугацаа /урилга/-г олон нийтэд нээлттэй хэлбэрээр зарласан байдаг. .... Хэрэгт авагдсан хариуцагч талаас гарган өгсөн нотлох баримт болох Сонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн үнийн саналын нээлтийн тэмдэглэлд ““Б Х Х” ХХК-ийн үнийн саналыг 16 цаг 27 минутад, “Хараа хамтын ажиллагаа” ХХК-ийн саналыг 16 цаг 27 минутад, “С Б Н” ХХК-ийн үнийн саналыг 16 цаг 30 минутад тус тус нээснийг тэмдэглэсэн байна.

Тодруулбал “Б Х Х” ХХК болон “Х х а” ХХК-ийн төлөөлөгчид 16 цагт бэлэн ирсэн байсан бөгөөд гуравдагч этгээд болох “С Б Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч менежер Г.Г нь 20 минут хоцорсноос болоод үнийн саналыг 16 цаг 00 минутад нээх ёстой  ажиллагаа хойшлогдсон.

Энэ нөхцөл байдлаа үзвэл гуравдагч этгээд болох “С Б Н” ХХК-д илтэд давуу байлыг олгосон гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн үйл ажиллагаа байхыг үгүйсгэхгүй юм.

Мөн ... хүсэлтийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хадгалагдаж байгаа “С Б Н” ХХК-ийн саналын эх хувьд үзлэг хийсэн. 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 3 компанийн саналд тус тус үзлэг хийж баримтжуулсан байдаг.

Гуравдагч этгээд болох “С Б Н” ХХК-ийн сонгон шалгаруулалтын комисст ирүүлсэн битүүмжилсэн эх хувь саналын хавтасны гадна талын зүүн дээд буланд  хуулийн этгээдийн холбоо барих утас, саналын хуудасны нийт тоог бичээгүй байгаа нь тодорхой байна. Тодруулбал хавтасны зүүн дээд буланд нийт 7 мэдээлэл байхыг шаардсанаас “С Б Н” ХХК нь 2 мэдээллийг огт ирүүлээгүй байна.

Дээрх үйл баримтаас дүгнэн үзвэл Сонгон шалгаруулалтын журмын 5 дугаар зүйлийн 5.7, 5.8-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд 5 дугаар зүйлийн 5.11-д заасны дагуу нарийн бичгийн дарга тэмдэглэл үйлдэн, хүлээн авахаас татгалзан буцаан өгөхөөр журмалсан байгааг зөрчсөн үйл ажиллагаа болжээ.” гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1. ““С Б Н” ХХК-иас 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрийн захиргааны байгууллагад Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт байрлах “Чулуут” нэртэй талбайд зарласан сонгон шалгаруулалттай холбоотой гомдлыг ирүүлсэн.

Сонгон шалгаруулалтын комиссын дарга, гишүүд уг гомдлыг хэлэлцэн комиссын гишүүдийн олонхын санал болон агентлагийн даргын а/188 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт байрлах Чулуут нэртэй талбайд “С Б Н” ОНӨОХХК-ийн ирүүлсэн саналын баримт бичгийг хүлээн авахаар шийдвэрлэсэн.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн а/129 дүгээр тушаалаар байгуулагдсан сонгон шалгаруулалтын комиссын дарга, нарийн бичгийн дарга, гишүүд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагт ашигт малтмал, газрын тосны газрын 210 тоот өрөөнд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад санал ирүүлсэн 5 аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулан сонгон шалгаруулалтад ирүүлсэн саналыг нээсэн.

2. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн а/129 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 5 дугаар зүйлийн 5.9-т “Сонгон шалгаруулалтад оролцогч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сонгон шалгаруулалтын урилгад заасан хугацаанд, дурдсан хаягаар лацдаж, битүүмжилсэн сонгон шалгаруулалтын саналыг сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн даргад биечлэн хүлээлгэн өгнө” гэж заасны дагуу “С Б Н” ОНӨОХХК-ийн төлөөлөл нь сонгон шалгаруулах комиссын нарийн бичгийн даргад сонгон шалгаруулалтад оролцох саналын баримт бичгийг хүлээлгэн өгөхөөр Ашигт малтмал, газрын тосны газрын 309 тоот өрөөнд 16 цаг 47 минутад орж ирсэн байсан.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн а/129 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.6-д “Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсхүл хууль бус олборлолтод өртсөн талбайтай сонгон шалгаруулалтын талбай нь давхцаж байвал тухайн орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион явуулж болно” гэж заасныг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зарласан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хязгаарлагдмал сонгон шалгаруулалтад оролцохоор аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн саналыг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17:00 цаг хүртэл Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга тус байгууллагын 309 тоот өрөөнд хүлээн авч 5 аж ахуйн нэгжээс 9 санал ирүүлснийг мөн өдрийн 17 цаг 05 минутад актаар комиссын дарга, тус комиссын гишүүн О.Б нарт хүлээлгэн өгч дээр дурдсан журмын 5 дугаар зүйлийн 5.13-т “Сонгон шалгаруулалтын урилгад заасан хугацаа дуусмагц сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга сонгон шалгаруулалтын санал бүртгэх дэвтрийг хааж, ирүүлсэн нийт сонгон шалгаруулалтын саналыг сонгон шалгаруулах комиссын даргад акт үйлдэн хүлээлгэн өгнө" гэж заасныг хэрэгжүүлэн ажилласан байна.

3. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 628 дугаартай шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 / тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж    байсан/, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн а/129 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн а/129 дүгээр тушаалыг үндэслэн гарсан хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болжээ.

Иймд “Б Х Х” ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд “С Б Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчээс гаргасан “Сонгон шалгаруулалтын холбогдох хууль журмаа зөрчиж гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 сарын 23-ны өдрийн 628 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, Сонгон шалгаруулалтад оролцон хамгийн өндөр үнэлгээ авсан дараагийн оролцогч болох “Б Х Х” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтэст даалгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “С Б Н” ХХК нь сонгон шалгаруулалтын баримт хүлээн авах тогтоосон хугацаанд баримтаа өгөөгүй, хугацаа хэтрүүлсэн саналыг хүлээн авсан нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа, “Б Х Х” ХХК иь хамгийн өндөр оноо авсан гэж тайлбарлажээ.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт байрлах “Чулуут” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зарласан. Ийнхүү сонгон шалгаруулалтад оролцохоор баримт бичгээ бүрдүүлэн санал хүлээн авах өдөр болох 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16 цаг 47 минутад амжиж ирсэн боловч манай компанийн өмнө материалаа өгсөн компанийн баримт дутуу байсан ба уг компанийн материалыг хүлээн авсаны дараа дараагийн компанийн материалыг хүлээн авна гэсэн шалтгаанаар манай компанийн сонгон шалгаруулалтын саналыг хугацаанд нь хүлээн аваагүй ба энэ шалтгаанаас үүдэн манай компани хугацаандаа материалаа хүлээлгэн өгч чадаагүй болно.

Манай компани нь сонгон шалгаруулалтын зар дээр заасан хугацаанд материалаа өгч амжихаар хугацаанд ирсэн боловч өмнөх компанийн баримт дутуу байснаас энэхүү нөхцөл байдал үүсч бидний ямар нэгэн буруутай үйл ажиллагаанаас болоогүй тул Ашигт малтмал газрын тосны газарт гомдол гаргасан.

Гомдлын дагуу хянан шалгах ажлын хэсэг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хуралдан манай компанийн сонгон шалгаруулалтын баримтыг хүлээн авахаар шийдвэрлэсэн.

Энэхүү үйл ажиллагаа нь хууль болоод холбогдох журмыг зөрчсөн зүйлгүй бөгөөд манай компанийн гаргасан гомдлын дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны дугаар сарын 16-ны өдрийн А/188 дугаартай тушаалаар гомдлыг шалгах үүрэг бүхий ажын хэсгийг томилсон. Тус ажлын хэсэг нь манай гаргасан гомдлын дагуу шалгаж, шийдвэрлэх үүрэг бүхий бөгөөд ажлын хэсгээс тодорхой ажиллагааг хийсний үндсэн дээр 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай компанийн гомдлыг хүлээн аван шийдвэрлэж, сонгон шалгаруулалтын баримтыг хүлээн авч, сонгон шалгаруулалтад оролцуулахаар шийдвэрлэсэн.

Ийнхүү манай компани Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт байрлах “Чулуут” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцсон болно. Энэ талаар нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр сонгон шалгаруулалтын техникийн болон үнийн саналыг нээхэд мэдсэн бөгөөд тухайн үед энэ талаар гомдол гаргаагүй. Нэхэмжлэгчээс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/14 дугаартай албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд гомдол гаргасан байх ба тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах, “Б Х Х” ХХК-д тусгай зөвшөөрөл олгож өгнө үү гэсэн утга бүхий гомдол гаргасан байдаг.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Б Х Х” ХХК нь техникийн саналаар тус сонгон шалгаруулалтад оролцсон 3 компаниас хамгийн өндөр оноог буюу 40.7 оноо авсан, харин манай компани 37 оноо авсан.

Манай компанийн сонгон шалгаруулалтад ялалт байгуулах болсон гол үзүүлэлт нь үнийн санал бөгөөд бусад сонгон шалгаруулалтад оролцсон компаниудаас хамгийн өндөр үнийн санал өгсөн тул 45 оноог авч 82.0 оноотойгоор хамгийн өндөр үнэлэгдсэн компани болж, тусгай зөвшөөрөл авах нөхцлийг хангасан юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр А/129 дүгээр тушаалаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 8.7-д “Сонгон шалгаруулаллтын үнийн саналд үнэлгээ өгөхдөө хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчид 45 (дөчин тав) оноог шууд өгнө...” гэж заасан болно.

Ийнхүү манай компанид Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 628 дугаартай шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХV-020950 гай тусгай зөвшөөрлийг олгосон хууль зөрчсөн зүйлгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зүйлгүй болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр “Б Х Х” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Сонгон шалгаруулалтын холбогдох хууль журмаа зөрчиж гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр / “С Б Н” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн/-ийн 628 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, сонгон шалгаруулалтад оролцон хамгийн өндөр үнэлгээ авсан дараагийн оролцогч болох “Б Х Х” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт 3924.54 га бүхий “Чулуут” нэртэй талбайд тусгай зөвшөөрөл олгох СШ-21-1 кодтой сонгон шалгаруулалтыг зарласан[1] бөгөөд зараар дараах зүйлийг мэдээлсэн байна. Үүнд:

- Сонгон шалгаруулалтад оролцох саналыг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг хүртэлх хугацаанд Ашигт малтмал, газрын тосны  газрын 309 тоот өрөөнд Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн даргад оролцогч аж ахуй нэгж, байгууллагын захирал, дарга эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч биечлэн хүлээлгэн өгнө,

- Сонгон шалгаруулалтад оролцох саналыг сонгон шалгаруулалтанд оролцогч аж ахуйн нэгжийн захирал эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулан 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 30 минутад Ашигт малтмал, газрын тосны газрын хурлын танхимд нээнэ. Аж ахуйн нэгжийн захирал эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тогтоосон хугацаанд ирээгүй бол саналыг задлахгүйгээр хүчингүйд тооцож буцаан хүлээлгэн өгнө,

- Ирүүлсэн саналыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалаар батлагдсан комисс  Уул уурхай,  хүнд үйлдвэрийн  сайдын 2017 оны А/129 дүгээр тушаалаар  батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу үнэлнэ.

Сонгон шалгаруулалтын зарын дагуу “Ө Б У” ХХК, “С У” ХХК, “Б Х Х” ХХК,  “Х Х А” ХХК, “С Б Н” ХХК-иудын ирүүлсэн саналыг Сонгон шалгаруулалтын комиссын дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, дээрх 5 компанийн төлөөллийг оролцуулан 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагт нээж анхан шатны шүүлт хийжээ.

 “Ө б у” ХХК-ийн ирүүлсэн саналд Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 5.1.4-т “Мөнгөн дүнг бичсэн баримтыг битүүмжилсэн байна”, “С р” ХХК-ийн ирүүлсэн саналд журмын 5.1.1.9-т “хайгуул, ашиглалт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг явуулах дэвшилтэт арга, аргачлал, технологийн шийдэл” гэж заасан шаардлагатай баримтууд байхгүй байсан тул тус компаниудын саналыг хүлээн авалгүй, буцаасан байна.

Сонгон шалгаруулалтын комисс нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр техникийн саналыг үнэлж[2] “Б Х Х” ХХК-ийн саналд 40.7,  “Х х а” ХХК-ийн саналд 38.2, “С Б Н” ХХК-ийн 37 оноог тус тус ногдуулжээ. Комисс нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг байлцуулан үнийн саналыг нээж  “Б Х Х” ХХК 1,517,662,500 төгрөг,  “Х Х А” ХХК 350,000,000 төгрөг, “С Б Н” ХХК 2,017,662,500 төгрөгийн санал ирүүлснийг танилцуулсан байна.

Сонгон шалгаруулалтын комисс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 09 дүгээр[3] дүгнэлтийг гаргаж Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг 3924.54 га бүхий “Чулуут” нэртэй СШ-24-1 код бүхий талбайд ирүүлсэн саналуудаас 1 дүгээр байр эзэлсэн “С Б Н” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хүргүүлсэний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/192 дугаар[4] тушаалаар сонгон шалгаруулалт зохион байгуулах комиссын дүгнэлт, үнэлгээг баталгаажуулж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад үүрэг болгожээ.

Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 628 дугаар[5] шийдвэрээр “С Б Н” ХХК-д Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт орших “Чулуут” нэртэй 3924.5 га бүхий  талбайд ашигт малтмалын XV-020950 дугаар[6] хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна.

Нэхэмжлэгч “Б Х Х” ХХК нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар үндэслэж маргасан.

Үүнд:

- Сонгон шалгаруулалтын зар ёсоор 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг 00 минут хүртэл аж ахуйн нэгжүүдээс саналыг хүлээн авах ёстой байсан боловч тогтоосон хугацаанд саналаа өгөөгүй “С Б Н” ХХК-ийн  саналыг хүлээн авсан.

- Сонгон шалгаруулалтын журмын заалтыг зөрчиж үнийн санал нээхээр тогтоосон цаг хугацаанаас хоцорч ирсэн “С Б Н” ХХК-ийн үнийн саналыг нээсэн.

- “С Б Н” ХХК сонгон шалгаруулалтын саналын хавтасны гадна талд хуулийн этгээдийн холбоо барих утас, саналын хуудасны нийт тоог бичээгүй байхад уг компанийг саналыг хүлээн авсан.

- Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаатай холбогдуулан оролцогч нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл холбогдох гомдлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд гаргахаар журамласан боловч санал хүлээн аваагүй талаарх “С Б Н” ХХК-ийн гомдлоо Сонгон шалгаруулалтын комиссд гаргаж уг комисс нь саналыг хүлээн авахаар шийдвэрлэсэн нь хууль бус гэж тус тус.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг тодорхойлох онцгой эрхийн хүрээнд “Б Х Х” ХХК нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариуцагчаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргыг тодорхойлсон.

Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т “энэ хуулийн 20.1, 24.2, 26.9. 60.9-д заасан сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын эрх олгосноор батлах” гэж заасны дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/129 дүгээр[7] тушаалаар Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам /Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/28 дугаар тушаалар хүчингүй болсонд тооцсон/ батлагджээ. Журам ёсоор Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газраас эрхлэн явуулах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан байна.

Дээрх Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 1.2-т “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “Төрийн захиргааны байгууллага” гэх/ зохион байгуулна”, 6.1-д “Сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх асуудлыг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын шийдвэрээр томилогддог Сонгон шалгаруулах комисс нь аж ахуйн нэгжүүдийн саналыг хүлээн авах, саналыг нээх, үнэлгээ хийх,  дүгнэлт гаргах эрхтэй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн маргааны үйл баримтад хамаарах “шаардлага хангаагүй санал болон хоцорч ирсэн саналыг хүлээн авсан, Сонгон шалгаруулах комиссд гаргасан гомдлыг уг комисс өөрөө болон Ашигт малтмал, газрын тосны газрын даргын шийдвэрээр томилогдсон ажлын хэсэг дүгнэлт гаргасан, “С Б Н” ХХК-ийг ялагчаар тодруулсан комиссийн дүгнэлт, үнэлгээг баталгаажуулсан” зэрэг шийдвэрүүдийг “Б Х Х” ХХК-ийн  хариуцагчаар тодорхойлсон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга гаргаагүй бөгөөд бие дааж захиргааны акт гаргах эрх бүхий Сонгон шалгаруулах комисс, Ашигт малтмал газрын тосны газрын дарга нар тус тус гаргасан байна.

Дээрх үйл баримтууд нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар нотлогдож байна. Үүнд: “С Б Н” ХХК-иас 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 04/10 дугаар[8] албан бичгээр Сонгон шалгаруулах комиссд гаргасан гомдол, Сонгон шалгаруулах комиссын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “С Б Н” ХХК-ийн сонгон шалгаруулалтад оролцох саналыг хүлээн авахаар шийдвэрлэсэн хуралдааны тэмдэглэл[9], Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/188 дугаар[10] “Ажлын хэсэг байгуулах тухай“ тушаал, “С Б Н” ХХК-ийн гомдлыг хянан шалгах ажлын хэсгийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлт[11] зэрэг.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19-д “түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” гэж заасны дагуу хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 628 дугаар шийдвэрээр “С Б Н” ХХК-д XV-020950 дугаар[12] хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосныг дараах байдлаар буруутгах боломжгүй байна.

Тодруулбал, Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Агентлагийн дарга агентлагийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, түүний үр дүнг сайдын өмнө хариуцан тайлагнана”, 8.4-т “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана”, Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 1.2-т “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “Төрийн захиргааны байгууллага” гэх/ зохион байгуулна” гэж тус тус заасны дагуу  Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/192 дугаар[13] тушаалаар “сонгон шалгаруулалт зохион байгуулсан комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг хавсралтаар баталгаажуулсугай, ...шалгарсан оролцогчид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Кадастрын хэлтэст үүрэг болгосугай” гэж агентлагийн даргаас шийдвэр гаргасны дагуу хариуцагч Кадастрын хэлтсийн дарга нь маргаан бүхий захиргааны актыг гаргасан бөгөөд тэрбээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын шийдвэрээр томилогддог Сонгон шалгаруулах комиссын үйл ажиллагаа, уг комиссоос гаргасан шийдвэр, дүгнэлтийг баталгаажуулсан агентлагийн даргын тушаалыг үндэслэлтэй эсэх асуудалд дүгнэлт хийх, шийдвэрийг хянах эрх мэдэл бүхий албан тушаалтан биш болно.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 2.1-д “Төрийн захиргааны байгууллагын Кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ журмын 2.7-д заасан талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион явуулах бэлтгэлийг хангана” гэж заасны дагуу Кадастрын хэлтэс нь тусгай зөвшөөрөл олгохоор сонгосон талбайд сонгон шалгаруулалтыг зарлах үүргийг хүлээсэн болохыг дурдах нь зүйтэй.

Маргаан бүхий үйл баримтуудад шүүх дараах дүгнэлтүүдийг хийлээ.

Нэг. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 4.1-д “Сонгон шалгаруулалтын урилгад дараах мэдээллийг тусгасан байна”, 4.1.5-д “Сонгон шалгаруулалтын санал хүлээн авах эцсийн хугацаа”, 5.10-д “Энэ журмын 5.7 ба 5.8-д заасан шаардлагыг хангасан сонгон шалгаруулалтын саналыг сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга хүлээн авч бүртгэлийн дэвтэрт бүртгэх ба сонгон шалгаруулалтын саналын хавтас дээр бүртгэсэн он сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэж, энэ тухай тодорхойлолтыг оролцогчид өгнө”, 5.13-д “Сонгон шалгаруулалтын урилгад заасан хугацаа дуусмагц сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга сонгон шалгаруулалтын санал бүртгэх дэвтрийг хааж, ирүүлсэн нийт сонгон шалгаруулалтын саналыг сонгон шалгаруулах комиссын даргад акт үйлдэн хүлээлгэн өгнө” гэжээ.

Зар ёсоор Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг 3924.54 га бүхий “Чулуут” нэртэй СШ-21-1 код бүхий талбайд 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг 00 минут хүртэл аж ахуйн нэгжүүдээс саналыг хүлээн авах байжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбараар “С Б Н” ХХК-ийн төлөөлөл 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг 00 минутаас өмнө саналаа өгөхөөр Ашигт малтмал, газрын тосны газар ирсэн байсан нь тогтоогдож байна. Харин тодорхой бус “С Б Н” ХХК-иас үл хамаарах шалтгаанаар сонгон шалгаруулах комиссын нарийн бичгийн дарга 17 цаг 00 минутаас өмнө уг компанийн саналыг хүлээн авч амжаагүй тул саналыг нь хүлээн авалгүйгээр санал бүртгэх дэвтрийг хааж тэмдэглэл[14] үйлджээ.

Хоёр. Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 5.8-д “Битүүмжилсэн сонгон шалгаруулалтын саналын хавтасны гадна талын зүүн дээд буланд сонгон шалгаруулалтанд оролцохоор санал ирүүлж буй компанийн нэр, хаяг, холбоо барих утас, сонгон шалгаруулалт зарласан талбайн байршил, нэр, сонгон шалгаруулалтын  саналын хуудасны нийт тоо, эх эсхүл хуулбар хувийн аль болохыг тодорхой бичсэн байна” гэж заасныг зөрчиж “С Б Н” ХХК холбоо барих утас, саналын хуудасны нийт тоог тавилгүй санал ирүүлсэн болох нь шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газрын архивт хийсэн үзлэгээр[15] тогтоогдсон.

Журмын 5.11-д “Сонгон шалгаруулалтын санал нь энэ журмын 5.7 ба 5.8-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд сонгон шалгаруултын комиссын нарийн бичгийн дарга тэмдэглэл үйлдэн хүлээн авахаас татгалзсан үндэслэл, буцаасан он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэсэн  тодорхойлолтыг ирүүлсэн саналын хамт сонгон шалгаруулалтын саналыг хүлээлгэн өгсөн этгээдэд буцаан өгнө” гэж заасны дагуу “С Б Н” ХХК-ийн саналыг хүлээн авахаас татгалзаж буцаах ёстой байжээ.

Гурав. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Сонгон шалгаруулах комиссын үнийн санал нээсэн хуралдааны тэмдэглэлд[16] дурдсанаар үнийн саналыг нээхэд техникийн саналаар тэнцсэн 3 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “С Б Н” ХХК төлөөлөл 20 минут хоцорч ирэхэд үнийн санал нээсэн гэх мэтгэлцээн үндэслэлгүй болно.

Дөрөв. Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 13.1-д “Сонгон шалгаруулалтанд оролцогч нь сонгон шалгаруулалтын явцад өөрийнх нь эрх, ашиг нь хөндөгдсөн гэж үзвэл Төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргана” гэж заасны дагуу Сонгон шалгаруулах комиссын үйл ажиллагааг хууль бус гэж үзсэн оролцогч нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд гомдол гаргахаар зохицуулжээ. Гэтэл “С Б Н” ХХК-ийн санал хүлээн аваагүй талаарх гомдлыг Сонгон шалгаруулах комисс хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль бус, өөрийн эрх мэдлийн хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Журмын 6.5.2 дахь хэсэгт заасанчлан сонгон шалгаруулах үйл ажиллагааны явцад гарсан маргаантай асуудалд сонгон шалгаруулалт явуулах тухай холбогдох тушаал, шийдвэрийг танилцуулах, оролцогчдоос сонирхсон асуудлаар тавьсан асуултанд тайлбар өгөх хүрээнд комиссын эрх үүрэг хязгаарлагдаж байна.

Харин Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/188 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсгийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гаргасан дүгнэлт нь  2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 5 аж ахуйн нэгжүүдийн саналыг нээсний дараа гарсан тул уг дүгнэлтийг хууль ёсны дагуу үнэлэгдэх баримт гэж үзэхгүй.

 Дээрх үйл баримтуудын нэгтгэн дүгнэхэд, хэдийгээр Сонгон шалгаруулах комиссын хууль бус үйл ажиллагаа байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байгаа боловч энэ нь хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын буруутай үйлдэл биш тул “Б Х Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй болно.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.4, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 11 дүгээр зүйлийн 11.1.19 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Б Х Х” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Сонгон шалгаруулалтын холбогдох хууль журмаа зөрчиж гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр / “С Б Н” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн/-ийн 628 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, Сонгон шалгаруулалтад оролцон хамгийн өндөр үнэлгээ авсан дараагийн оролцогч болох “Б Х Х” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

         

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ТӨМӨРБАТ

 


[1] https://mrpam.gov.mn/search/

[2] Хавтаст хэрэг №1, 145-р тал.

[3] Хавтаст хэрэг №1, 33-р тал.

[4] Хавтаст хэрэг №1, 32-р тал.

[5] Хавтаст хэрэг №1, 38-р тал.

[6] Хавтаст хэрэг №1, 45-р тал.

[7] Хавтаст хэрэг №1, 86-р тал.

[8] Хавтаст хэрэг №1, 69-р тал.

[9] Хавтаст хэрэг №1, 61-р тал.

[10] Хавтаст хэрэг №1, 70-р тал.

[11] Хавтаст хэрэг №1, 68-р тал.

[12] Хавтаст хэрэг №1, 45-р тал.

[13] Хавтаст хэрэг №1, 32-р тал.

[14] Хавтаст хэрэг №1, 146-147-р талууд

[15] Хавтаст хэрэг №1, 183-185, №2, 137-р талууд.

[16] Хавтаст хэрэг №1, 143-р тал.